Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01222

 

  

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01222

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2023/00496 дугаар шийдвэртэй, М ХХК-ийн нэхэмжлэлтэй Э ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 391,658,344.34 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 442,887,862 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Х.Л, хариуцагчийн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр А ХХК буюу Э ХХК-тай МХ2-15/01 дугаартай барилгын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 7,000 м.кв газар дээр 2,932 м.кв талбай бүхий "М худалдааны төвийн барилга угсралт, гадна, дотор инженерийн шугам сүлжээ, автозам, гадна талбайн тохижилтын хамт 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй, захиалагч талаас гэрээний үнэ нийт 1,350,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэрээ байгуулагдаад барилгын ажил явагдаж байхад гүйцэтгэгчээс ирсэн хүсэлтийг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөгөөр, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 100,000,000 төгрөгийн санхүүжилтийг, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 100 хувийн санхүүжилтээ олгосон байсан. Үүнийг манай талаас протоколоор нэмж тохиролцоод энэ барилгын нийт санхүүжилтийн төсөв 1,460,000,000 төгрөг болсон. Бид дээрх санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг үндэслэн 58,610,768 төгрөгийн материалыг авч хариуцагчид өгч, тухайн мөнгө манай үндсэн санхүүжилт 1,460,000,000 төгрөгт орсон гэж бодсон боловч хариуцагч 1,511,200,000 төгрөгийн санхүүжилт М ХХК-иас авсан байна.

2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түлхүүр хүлээн авах нөхцөлтэй, улсын комисст хүлээлгэж өгөх байдалтай, үйл ажиллагаа явуулах зорилготой гэрээ хийсэн боловч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар хариуцагч талтай гэрээ дүгнэсэн протокол үйлдэхэд барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй, 15 хувьд гүйцэтгээгүй үлдсэн ажлуудыг гүйцэтгүүлэхээр 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тохиролцсоноос хойш хариуцагч ямар ч ажил хийхгүй 2016 оны 10 дугаар сар хүрсэн. Энэ хугацаанд манай зүгээс дутуу ажлуудаа гүйцэтгэх талаар, 2016 оны 12 дугаар сард багтааж улсын комисст хүлээлгэж өг, тог цахилгаан, ус, дулааны асуудлаа төвөөс ав гэх шаардлагуудыг тавьсаар байтал 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчаас тухайн ажлыг хаяж байгаа талаар мэдэгдэл ирсэнээр гэрээг цуцалсан гэж үзэж байна. Манайх энэ хугацаанд хариуцагчид бүх санхүүжилтийг олгосон ч дахин цахилгааны ажлын материал, лоткины таг гэх мэт санхүүжилтүүдийг нэмэлтээр гаргасан. Тухайн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд ерөнхий гүйцэтгэгчтэй зайлшгүй холбогдох шаардлага гарсан. 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр талууд хэлцэл хийж, манайхаас 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Хариуцагчид гэрээнд зааснаас илүү төлсөн 153,665,330.50 төгрөг, барилгын ажлыг хаяж явсанаас захиалагчид учирсан хохиролд 34,147,300 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, материалын зардалд 83,720,713.67 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн актын дагуу алдангийг Иргэний хуульд заасны дагуу 112,125,000 төгрөг, мөн хэлцлийн дагуу шилжүүлсэн 16,000,000 төгрөг, түүнд ногдох алданги 8,000,000 төгрөг, нийт нийт алданги 120,125,000 төгрөг, бүгд 391,658,344 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 380,070,437 төгрөг болгож байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр М ХХК-ийн Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний Хайпермаркет-2 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэхээр 1,395,000,000 төгрөгийн үнийн дүнтэй МХ2-15/01 дугаар түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 380,070,437 төгрөг шаардсанаас 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Барилга архитектурын ажлын зураг, барилга бүтээцийн зураг, цэвэр, бохир усны ажлын зурагт төлөвлөгдөөгүй 4 нэр төрлийн ажил гэрээний үнийн дүнд ороогүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын 30,282,125 төгрөгийн баримт байвч зарлагын падаан, нэхэмжлэх, төлбөрийн баримт нь байхгүй байна. Барилга угсралтын ажилд хамааралгүй хөргөгч угсралтын ажлын цахилгааны кабелын зардал, дулааны шугамын огтолгоо залгалтын зардал, никель нугас гэх мэт 8,843,000 төгрөг, санхүүгийн баримтад давхардаж нэхэмжилсэн 1,234,300 төгрөг, бусдаар ажил гүйцэтгүүлсэн зардал, материалын зардал нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн үед гэрээ байгуулахад барилгын ажлын зураг бүрэн дуусаагүй байсан тул манай талаас эхний ээлжид бэлэн болсон Барилга архитектур БА, Барилга бүтээц ББ зургаараа 675,000,000 төгрөгөөр барилга угсралтын ажил гүйцэтгэх санал тавьсан боловч М ХХК-ийн захирал Т.Ц, Л.З нар гэрээний ерөнхий үнийн дүнгээ 1,395,000,000.0 төгрөгөөр тохироё, гадна, дотор инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай, гадна хашааны ажлын зураг гараагүй төсөвт өртөг тооцох боломжгүйг ойлгож байна гэрээндээ ойролцоогоор урьдчилсан байдлаар үнэ тавья, ажлын зураг, төсөвт өртгийн тооцоо гарсны дараа гэрээний үнийн дүнд зөрүү гарвал тухайн үед нь ярилцая гэж тохиролцоод гэрээ байгуулсан. Гэвч 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн протоколоор гэрээний анхны дүн 100,000,000 төгрөгөөр нэмж 1,495,000,000 төгрөг болсон нь М ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 215 тоот шаардлага хүргүүлсэн албан бичгээр нотлогдож байна. Иймд нэхэмжилсэн 45,000,000 хүлээн зөвшөөрөхгүй.

М ХХК-тай эцсийн байдлаар 2016 оны 11 дүгээр сард тооцоо нийлсэн боловч М ХХК-ийн нягтлан бодогч М.У одоо болтол гарын үсэг, тамга дарж өгөөгүй тул 10,917,700.0 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

Нэхэмжлэлд 2 давхрын баригдсан байсан оффисын 36 м.кв талбайг зургийн автор М ХХК-ийн захиалагчийн техник хяналтын инженер Т.С-ын шийдвэрээр манай компани буцааж нураасан. Барилгыг буцааж буулгаж нураахад харин ч манай компанид цаг хугацаа алдах, ажилчдын цалин хөлс, кран, машин тоног төхөөрөмж, буулгасан материалыг, хогийн цэг рүү зөөж хаях гэх мэт илүү зардал гаргасан. Иймд манай компани баригдсан байсан оффисын 36 м.кв талбайг захиалагч талын шийдвэрээр буулгаж нураасан тул учирсан хохирол 18,000,000 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй. 50 кВт чадалтай дизель генераторыг дотор цахилгааны зургийн автор н.Н М ХХК-ийн захиалагчийн техник хяналтын инженер Т.С нартай зөвшилцсөний үндсэн дээр 38кВт болгож бууруулсан үнийн зөрүү 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Өдөр бүр хяналт тавьж байсан зургийн автор зохиогч М ХХК-ийн техник хяналтын инженер Т.С шалны доор буталсан чулуу асгаж хийх шаардлагатай гэж шаардлага зөвлөмж өгөөгүй, тул манай компани сууриас гарсан цэвэр дайргаар дэвсэж, нягтруулсан. Тухайн үед шалны доор сууриас гарсан цэвэр дайргаар дэвсэж, нягтруулсан ажлыг норм стандарт хангаагүй гэж үзсэн бол 2008 оны Барилгын хуулиар зургийн автор зохиогч М ХХК-ийн техник хяналтын инженер Т.С тухай бүр барилгын ажлыг зогсоож, дүгнэлт гарган шаардлага хангаагүй ажлыг засуулах ёстой. Гэтэл үүнийг зогсоож засуулаагүй зөвшөөрч цааш үргэлжүүлсэн зохиогчийн хяналтын дүгнэлтээр нотлогдож байгаа учраас 5,500,000 төгрөгийн ажлыг хийсэн гэж үзэж нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Зургийн дагуу 19ш панелан радиатор угсрахаас 14 радиатор авч өгсөн нь үнэн, гэхдээ 5ш радиатор өгөөгүй шалтгаан нь манай компаниас илүү гаргасан 80,550,000 төгрөгөөр дээрх барилгын гадна дулааны шугамын ажлыг гүйцэтгэсэн. Энэ ажлын хөлсийг М ХХК нь гаргаж өгөөгүй тул 5ш радиаторын мөнгө 740,200 төгрөгийг манайд өгөх санхүүжилтээс суутгахаар орхисон тул нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй.

Анх гэрээ байгуулахад ажлын зураг гараагүй МХ2-15/01 тоот гэрээний 4.2.3-т заасан цахилгаан холбоо дохиололд ойролцоогоор 60,750,000 төгрөгөөр төсөвлөсөн нь, ажлын зураг төсөв 2017 оны 05 дугаар сард бэлэн болоход 380,000,000 төгрөгийн өртөгтэй болж өссөн. Энэ төсвийг М ХХК-ийн захирал Т.Ц, Л.З нарт өгөхөд Энэ төсвөөр ажлыг санхүүжүүлэхэд Чингис хаан банкнаас дахин мөнгө хүсэх боломж байхгүй танай тал анх гэрээнд төсөвлөсөн 60,750,000 төгрөгийн ажлын хөлс, танай урьд авсан цахилгааны материалд тооцъё нэмж дотор цахилгааны ажлын бүх материалыг гэрээнээс гадна авч өгье. Мөн дотор холбоо дохиоллын ажлыг өөрсдийн зардлаар хийнэ гэж амаар тохиролцсоны үндсэн дээр М ХХК-ийн захирал Т.Ц өөрийн биеэр манай туслан гүйцэтгэгч Болор эрчим гэгээ ХХК-ийн ажилтан н.Н-тэй хамт явж материалаа авч өгсөн. Манай компани өгсөн материалаар нь дотор цахилгааны ажлыг н.Нэхийтээр гүйцэтгүүлсэн дотор холбоо дохиоллын ажлыг хийгээгүй, нэхэмжилсэн 4,860,000 төгрөгийн энэ ажлыг хийх байсан боловч цахилгаан калорифирыг авч өгөөгүй тул хийх боломжгүй байсан, сүүлд Л гэх ХХК-иар хийлгэсэн гэх ажлын хөлсны баримтыг үндэслэн өгөхөд татгалзахгүй, цахилгаан калорифирын үнийг төлөхгүй. Харин н.Н-ээр гүйцэтгүүлсэн ажлын цахилгааны материалын үнэ 42,808,322.0 төгрөгийг дээрх тохиролцсон үндэслэлээр төлөхгүй. Улсын магадлан экспертээр батлагдсан зураг төсөлд 20ш цонх байхгүй тул нэхэмжилсэн 11,000,000 төгрөгийг төлөхгүй, зураг төсөлд ариун цэврийн кабин 14ш байхгүй 6ш байснаар хийж гүйцэтгэсэн одоо ч 6ш кабин байгаа, барилгын урд 48 м зайд угаагуур зураг төсөлд байгаагүй тул 2,648,000 төгрөгийг төлөхгүй.

Нэхэмжлэгч М ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлага 120,125,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 017/1007 дугаар хэлцлээр барилга угсралтын ажлын барилга хүлээлцэх ажлыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс алданги тооцсон нь үндэслэлгүй. Улсын комисс уг барилга угсралтын ажлыг зураг төслийн дагуу чанартай сайн, стандартын дагуу зохих шаардлага хангасан гэж үзэж, барилга байгууламжийг хүлээлгэн өгсөн нь акт, 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 0203207 дугаартай ажил үйлчилгээний тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт, Миний Хайпермаркет-2 дэлгүүрээс худалдан авалт хийсэн и-баримтуудаар тогтоогдоно.

Мөн хог тээвэрлэлтийн баримтуудаар тус дэлгүүрийн үйл ажиллагаа 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Миний Хайпермаркет-2 дэлгүүр албан ёсоор нээлтээ хийснийг нотолсон тул алдангид 120,125,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М ХХК-ийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд байрлах 232 м.кв талбайд М-2 худалдааны төвийн барилга угсралтын ажил, гадна дотно цахилгаан, инженерийн шугам сүлжээ, асфальтан талбай тохижилтын ажил гүйцэтгэхээр 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрээг байгуулахад барилгын ажлын зураг болон төсөв гараагүй байсан. Ажлын хөлсийг 1,395,000,000 төгрөгөөр тохирч ажлаа эхлүүлсэн. Ийнхүү ажлыг гүйцэтгэх явцад санхүүжилт хүрэлцэхгүй байсан. Барилгын ажлын явцад бүтцийн зургууд цуварч гарч байсан. Барилгын ажлын явцад санхүүжилт хүрэлцэхээ больж манай зүгээс нэхэмжлэгчид амаар болон бичгээр санхүүжилт хүрэлцэхгүй байна гэдгээ мэдэгдлээр хүргүүлсэн. 2016-2017 оны барилгын ажлын явцад 3 удаагийн протоколоор гэрээний нийт үнийг нэмж санхүүжүүлэхээр тохиролцоод 116,200,000 төгрөгөөр нэмсэн.

Ажлын явцад 2 талаас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тооцоо нийлэхэд 1,511,200,000 төгрөгийн барилга угсралтын ажил хийгдсэн, нэхэмжлэгчээс 1,450,750,000 төгрөгийн санхүүжилт хийсэн, 60,000,000 төгрөгийн үлдэгдэл гэж тооцоо нийлсэн байдаг.

Барилгын ажлыг гүйцэтгэхэд мөнгө хүрэхгүй байсан учраас Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны 1-8 тоот үйлчилгээний зориулалттай 8 үл хөдлөх эд хөрөнгө мөн 2 машинаа зарж, 252,455,261 төгрөгийг барилга угсрах ажлын санхүүжилтэд оруулсан. Үүнээс гадна туслан гүйцэтгэгчээр ажилласан 6 хувь хүн, байгууллагад 82,455,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй бөгөөд шүүхийн шийдвэр гарсан байдаг. Одоогийн байдлаар "Хөх байгаль" ХХК-д 38,000,000 төгрөгийн төлбөрийг төлж чадаагүй нэхэмжлэл нь ирсэн байгаа.

Барилгын гадна дотнын инженерийн шугам сүлжээ, авто зам, асфальтан талбай, тохижилтын ажлын зардал 1,894,969,424 төгрөг болсон. "М" ХХК-ийн өгсөн санхүүжилт нь 1,450,750,000 төгрөг дээр хэлцлээр тохиролцож нэмсэн 16,000,000 төгрөгийн санхүүжилт 1,466,752,000 төгрөг болсон. Нэмэлтээр хийсэн барилгын ажил гүйцэтгэлийн дүнгээс 428,217,424 төгрөг аваагүй. "М" ХХК-ийн өмнөөс Нийслэлийн Авто замын газарт төлсөн барьцааны 12,784,695 төгрөгийг аваагүй. Иймд нийт 441,002,119 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагын задаргааг танилцуулахад 1,894,926,069.424 төгрөгийн маргаангүй ажлын товчоо 1,281,450,000 төгрөг болох бөгөөд энэ дүнд талууд маргадаггүй. Гэрээний дүнгээрээ газар шороо, барилгын суурь, цемент, гадна, дотор засал, шал, халаалт, салхивч, цэвэр бохир ус, гадна цахилгаан нийлээд 816,750,000 төгрөг нь яг гэрээнд заасан үнийн дүнгээрээ явж байгаа. Газар шорооны ажил 33,750,000 төгрөг, суурийн ажил 101,250,000 төгрөг, седвичэн хана, дээвэр 236,250,000 төгрөг, гадна дотор засал 236,250,000 төгрөг, шалны ажил 67,500,000 төгрөг, халаалт, салхивч 101,250,000 төгрөг, цэвэр бохир ус 40,500,000 төгрөг, гадна цахилгаан 150,000,000 төгрөг бөгөөд цахилгааны төлбөрийг талууд хоорондоо тохиролцож маргаангүйгээр шийдвэрлэсэн. Дизель генератын үнэ 40,500,000 төгрөг байсныг гэрээний дүнгээр оруулсан байгаа. Бид маргаангүй ажлын тооцоонд 40,500,000 төгрөг авсан учраас 12,000,000 төгрөгийг зөвшөөрсөн. Төв замаас хаалга хүртэл зам сэтэлсэн ажлын зардлыг 32,500,000 төгрөгөөр гэрээндээ тохиролцсон. Хэргийн 28 дахь талд авагдсан протоколоор санхүүжилт хүрэлцэхгүй байгаа учраас 37,000,000 төгрөг болгоё гэж тохиролцоод 4,500,000 төгрөг нэмсэн. Авто замыг баруун тийш сунгах нь гэрээнд төсөвлөгдөөгүй ажлыг хэргийн 30 дахь талд авагдсан 11,700,000 төгрөгийг протоколоор нэмье гэж талууд тохирсон. Гэрээнд гадна зам асфальт тэмдэглэгээг 195,000,000 төгрөгөөр тохирсон дээр талууд маргаагүй. Гадна хашаа гэрэлтүүлэг 42,500,000 төгрөгөөр төсөвлөж, энэ дүнгээр зарцуулагдсан.

Гэрээний 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.2.1, 4.2.2, 4,3.4, 4.4.1, 4.4.2, 4.4.3-д заасан ажлууд дээр талууд маргаангүй, дүн 1,177,875,000 байсныг 116,200,000 төгрөгөөр нэмж, нийт ажлын зардлыг 1,293,450,000 төгрөгөөр тохиролцсон. Санхүүжилт өгсөн 1,450,750,000 төгрөгөөс маргаагүй ажлын зардлыг хасахаар 173,302,000 төгрөг гарч байна. Маргаагүй ажлын дүнгээс үлдсэн санхүүжилтийн мөнгө нь 173,302,000 төгрөг гарна. Гадна дохиоллын ажлыг гэрээндээ 60,750,000 төгрөгөөр тохирсон байсан. Ажлын гүйцэтгэл нь 133,225,000 төгрөг болсон. Гадна холбоо дохиоллын ажил нь гэрээнд тусгагдаагүй байсан бөгөөд ажлын дүн нь 8,091,476 төгрөг. Гадна дулааны ажлын зардал гэрээнд 60,750,000 төгрөгөөр тусгагдсан ч 174,888,369 төгрөгийн зардал гарсан. Дулааны үүсгэврийн ажил, гадна цэвэр усны ажил, холигч нацосын ажил, гадна пассатын ажил гэрээнд тусгагдаагүй байсан. Гадна ариутгал татуургын ажлыг 50,625,000 төгрөгөөр гэрээнд тусгасан боловч 132,462,079 төгрөгийн гүйцэтгэлийн зардал гарсан.

Маргаантай ажлын өртөг 546,835,840 төгрөгөөс санхүүжилтээс үлдсэн 173,302,000 төгрөгийг хасаж, үүн дээр НӨАТ-ын 54,683,564 төгрөг нэмж 600,519,000 төгрөг болно. Санхүүжилт авсан 173,302,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 428,217,424 төгрөг болно. Үүн дээр авто тээврийн газрын 12,784,000 төгрөг нэмж 441,002,119 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад шаардлагаа 380,701,422 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн 344,107,262 төгрөгийн шаардлагаа нотолсон санхүүгийн анхан шатны баримт хэрэгт авагдаагүй, шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Барилгын ажлын зураг төсөл нь гүйцэт гараагүй, дараа нь гарч, өөрчлөгдөөд явсан бөгөөд үүний улмаас барилгын үнэ өртөг өөрчлөгдсөн гэдэг тайлбарыг хариуцагч тал ярьж байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд тусгасан байна. Хавтаст хэрэгт скиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарсан байдаг. Скиз зураг нь 2014 онд батлагдсан. Гэрээ хийхээс өмнө ажлын зургууд, техникийн нөхцөлүүд гарч батлагдсан. Гэрээ хийсний дараа ажлын зургууд батлагдаад байсан мэтээр шинжээч болон хариуцагч нар худлаа ярьж байна. Гэрээ хийхээс өмнө 2014 онд скиз зураг, техникийн нөхцөлүүд гараад 2015 онд батлагдсан. Дулааны техникийн нөхцөл, цэвэр бохир усны техникийн нөхцөлүүд 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан байдаг. Барилгын зураг гэрээ байгуулсны дараа гарсан учраас төсөв нэмэгдсэн зүйлгүй. Хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлэг ажлын зураг 2016 онд батлагдсан боловч 2015 онд ажлын зураг хийгдсэн байдаг. Холбоо дохиоллын ажлын техникийн нөхцөл 2015 оны 04 дүгээр сард гарсан. Гадна дулааны ажлын зургийн техникийн нөхцөл 2015 оны 06 дугаар сард гарсан. Гэрээ байгуулахаас өмнө бүх техникийн нөхцөлүүд гарсан. Техникийн нөхцөл яагаад гардаг вэ гэхээр скиз зураг, барилга БАББ нь гарсны дараа улсаас зөвшөөрөл олгодог. Тухайн барилга хаанаас цахилгаан, дулаанаа авах бүх зүйл нь тодорхой болсны үндсэн дээр гүйцэтгэгч байгууллага түлхүүр хүлээлцэх нөхцөлөөр гэрээ байгуулсан.

Гэрээний 2.1-т гэрээний үнэ буюу ажлын нийт төсвийг гаргасан бөгөөд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон. Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой санхүүгийн баримт хэрэгт байхгүй, хариуцагч нь гэрээ байгуулах үед урьдчилан төлөгдөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдсэн гэж тайлбарласан.

Хариуцагч нь захиалагч талаас орж ирсэн санхүүжилт болон зардлын өөрчлөлтийг өөрсдөө хянах үүрэгтэй, зардлын өөрчлөлтийг хянах явцад ажлын гүйцэтгэлд шаардлагатай зардал өөрчлөгдөх, төсвийн хэмжээ нэмэгдэх, өөрчлөгдөх, захиалагчид сөрөг үр дагавартай болохоор бол нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Хариуцагч тал захиалагч талд энэ талаар мэдэгдсэн баримт хэрэгт байхгүй. Тухайн мэдээлэл нь захиалагчид хариу үйлдэл хийх боломжийг олгох ёстой. 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлийн 1.2-т заасан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.6, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Э ХХК-иас 136,125,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д, нэхэмжлэгч М ХХК-иас 61,248,000 төгрөг гаргуулан хариуцагч Э ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 243,945,437 төгрөгийг, сөрөг шаардлагаас 319,453,422 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2,432,493 төгрөгийг, хариуцагч талаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2,239,524 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 838,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 464,190 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхээс төлсөн шинжээчийн зардалд нэхэмжлэгчээс 2,000,000 төгрөгийг, хариуцагчаас 2,000,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 243,945,437 төгрөгийг хэрэгсэхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 61,248,000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.1. М ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Э ХХК-тай байгуулсан МХ2-15/01 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ-ний дагуу М-2 барилгын ажлын 100 хувийн санхүүжилтийг олгосон байтал Э ХХК буюу Ачууд-Од ХХК нь барилгын ажлыг 85 хувийн гүйцэтгэлтэй орхиж явсан, захиалагч дутуу орхисон ажлыг гүйцэтгүүлэхээр удаа дараа албан тоот хүргүүлж хариу өгөөгүй тул гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй 15 хувийн ажлыг гуравдагч этгээдээр хийлгүүлсэн. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 15 хувийн ажлыг гуравдагч этгээдээр хийлгүүлэхэд гарсан зардалд буюу нэхэмжлэгчид учирсан хохирол төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, нэхэмжлэгчээс талуудын хооронд болсон үйл баримттай холбогдох нотлох баримтыг хэрэгт хангалттай гаргаж өгсөн байтал шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргаж өгсөн албан тоот, ажил хүлээлцэх акт зэргийг тал бүрээс нь үнэн зөв бодитойгоор шинжлэн судлалгүй нэхэмжлэгчид учирсан хохирол 198,945,437 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үнийг тохиролцож, барилгын ажлын санхүүжилтийг 3 удаагийн протоколоор нэмэгдүүлэн барилгын ажлын төсөв 1,466,200,000 төгрөг гэж харилцан тохиролцсон байхад шүүх хөндлөнгийн Лэндс ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж барилгын нийт төсвийг 1,815,670,397 төгрөг гэж нэхэмжлэгчээс 15 хувийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан 198,945,437 төгрөгийн зардлыг хариуцагчийн гүйцэтгэсэн 85 хувийн барилгын ажлын санхүүжилт гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, захиалагч, гүйцэтгэгч нар барилгын нийт төсвийг гэрээгээр харилцан тохиролцсон үйл баримт тодорхой байхад хөндлөнгийн шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Энэ барилгын санхүүжилттай холбоотой иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад барилгын төсөвчин шинжээч нь хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй нь 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээс харагдана.

Иймд нэхэмжлэгчээс санхүүгийн анхан шатны баримтад үндэслэсэн санхүүгийн шинжээчийг томилуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс санхүүгийн шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Мөн шүүх шинжээчийн дүгнэлтэд давхардаж бичигдсэн 261,101,397 төгрөгийг нягталж үзэлгүй, алдаатай шинжээчийн дүгнэлтэд үндэслэн барилгын ажлын нийт төсвийг гаргасан нь үндэслэлгүй байна. /5хх-41/

Гэтэл шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Л ХХК-ийн шинжээчийн дүгнэлт 1,554,569,255 төгрөг дээр нэмэгдсэн асфальто бетон гадна зам талбайн ажлын төсөв 261,101,397 төгрөг нь шинжээчийн дүгнэлтийн 1,554,569,255 төгрөгийн задаргаа дотор гадна зам талбайн ажлын 262,975,936 төгрөгийн төсөв болохыг, давхардаж орсон талаар нотлох баримтыг шинжлэн судлах явцад тайлбарлаж нотлох баримтаар судлуулсан байдаг. Нэхэмжлэгчээс шинжээчийн дүгнэлтээ гаргахдаа гадна зам талбайн ажилд 2 удаа төсөв гарган нэмж нийт төсвийг тогтоосон ойлгомжтой тооцооллын алдааг мэдэгдсээр байхад алдаатай шинжээчийн дүгнэлтээр барилгын ажлын төсвийг гаргаж, шийдвэрийн үндэслэх хэсэг болгосон. Хэрэгт авагдсан гэрээ болон төсөв нэмэгдүүлсэн протокол зэрэг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэлгүй, барилгын нийт санхүүжилт шинжээчийн дүгнэлтээр 1,815,610,397 төгрөг гэж дүгнэн нэхэмжлэгчээс дахин гаргаж 15 хувийн ажлыг гүйцэтгэсэн зардлыг 85 хувийн барилгад зарцуулагдсан санхүүжилт гэж үзсэн нь үндэслэлгүй.

Манай компаниас хариуцагч нь барилгын ажлын 85 хувийг гүйцэтгэлтэй орхисны дараа гэрээнд заагдсан ажлыг бүрэн гүйцэтгүүлэх талаар удаа дараа албан тоотоор шаардлага хүргүүлж, аргаа баран гуравдагч этгээдээр хийж гүйцэтгүүлснээс учирсан хохирол зардлаа нэхэмжилсэн. Гэтэл шийдвэрийн 21 дэх дүгнэлт нь үндэслэлгүй. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д үндэслэл бүхий дүгнэсэн ч нэхэмжлэгчээс 15 хувийн ажилд ногдох илүү санхүүжүүлсэн төлбөрийг гаргуулах шаардлага үндэслэлгүй гэж логикгүй, агуулгын хувьд ойлгомжгүй байдлаар дүгнэлт хийсэн нь хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Шүүхийн шийдвэрийн 25 дахь талд харин барилгын ажлын үлдэх 15% болох 272,350,560 төгрөгийн ажлыг гүйцэтгэх, түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагчаас гэрээнд заасны дагуу алданги гаргуулах шаардлага хуулийн үндэслэлтэй гэж дүгнэсэн ч гүйцэтгээгүй үүргийн 15%-ийн ажлын санхүүжилттэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирлын нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй шийдвэрлэсэн нь шүүх хавтас хэрэгт нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шинжлэн судлаж хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иймд хариуцагчийн гэрээний үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч барилгын 15 хувийн ажлыг хийсэн уг ажилд 2 дахин их мөнгө зарцуулсанаар учирсан хохирол 198,945,437 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

6.2. Хавтас хэргийн 1хх 14-27 талд авагдсан гэрээ, 1хх 28-30 талд авагдсан 3 удаагийн протоколоор барилгын нийт санхүүжилт 1,466,200,000 төгрөг болсон. Мөн 1хх 31-58 тал, 2хх 134-136 талд авагдсан санхүүгийн анхан шатны баримтаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэхэд 1,512,902,304 төгрөгийг хариуцагчид олгосноос харахад хариуцагч анх гэрээг хэвлэхдээ үндэслэлгүйгээр гэрээний нийт үнийг 45,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн буруу хэвлэж барилгын санхүүжилт мэтээр нэхэмжлэгчээс авсан болох нь тогтоогдож байна. Мөн 45,000,000 төгрөгийг барьцаа, бусад зардал гэх мэтээр өөр өөрөөр ярьдаг ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу тайлбараа нотлох баримтаар нотлоогүй. Талууд 1 хх 24 талд баталгаа 5 хувь гэж тохиролцсоноос өөрөөр барьцаа, бусад зардлын талаар гэрээгээр тохиролцоогүй. Хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд шүүхээс асуусан асуултад хариулж чадаагүй бөгөөд харилцан зөрүүтэй агуулгаар барьцаа мэтээр, эсхүл техникийн алдаа, мартсан зэргээр тайлбарласнаас үзвэл 45,000,000 төгрөгийг үндэслэлгүй авсан болох нь тогтоогдож байна. Мөн талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд барилгын ажлын төсвийн задаргааг нягтлахад тус үйл баримт тогтоогддог ба захиалагчид 45,000,000 төгрөгийг төлөх үүрэг үүсээгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 45,000,000 гаргуулна. Нэхэмжлэгчид учирсан хохирол 198,945,437 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 45,000,000 төгрөг, нийт 243,945,437 төгрөгийг гаргуулж өгнө үү.

6.3. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 61,248,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн акт, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс өгсөн /1хх 31-58/, /2хх 134-136/ талд авагдсан санхүүгийн анхан шатны баримтаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,512,902,304 төгрөг буюу ажлын төсвөөс хэтэрсэн санхүүжилтийг хариуцагчид олгосон нотлох баримт бий. Үүнийг шүүхийн шийдвэрийн 25 дахь хэсэгт үндэслэл бүхий дүгнэсэн ч нэхэмжлэгч хариуцагчид 61,248,000 төгрөгийн хохирол учруулсан нь үндэслэлгүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ямар ч баримт шүүхэд өгөөгүй, түүнд учирсан хохирол тогтоогдоогүй, барилгын ажлын 85 хувийг гүйцэтгэсэн хэрнээ ажлын төсвөөс хэтэрсэн санхүүжилг нэхэмжлэгчээс авсан, 1хх 111 талд 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 16/86 тоотоор цаашид барилгын ажлыг хийж гүйцэтгэхгүй болохоо илэрхийлсэн байхад захиалагч гэрээг цуцалсанаас гүйцэтгэгчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргасан. Хэрвээ хариуцагчаас Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасан хохирол нэхэмжлэх бол гэрээ цуцлах хүртэлх өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг л шаардах эрхтэй, захиалагч ажил гүйцэтгэгчийг буруугүй байхад гэрээг цуцласан байх ёстой. Гэтэл хариуцагч 100 хувийн санхүүжилт авч, 85 хувийн ажил гүйцэтгэсэн учир аливаа ажлын хөлс шаардах эрх үүсээгүй. Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр байгуулсан. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй, шал, дээвэр, хуучин сувгийн тэвш угсарсан гэх мэт доголдолтой, тус өдрөөс хойш ажил хийлгүй намар 10 сард ажлаа хаяж явсан зэргээр ажил гүйцэтгэх гэрээг ноцтой зөрчин, үүргээ зохих ёсоор, хугацаанд нь бүрэн дүүрэн биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан байдаг. Шүүхээс нэхэмжлэгчийн ямар буруутай үйлдлээс шалтгаалан хариуцагчид хохирол учирсан, ямар хэмжээний хохирол учирсан зэргийг тогтоолгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 61,248,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 7. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн төлбөрт 120,125,000 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгож, Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 357,696,352 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд дараах гомдлыг гаргаж байна.

7.1. 2016 оны 10 дугаар сарын 07-ны хэлцлээр 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ашиглалалтанд оруулах байсан боловч хугацаанаас өмнө, барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зураг төлөвлөсөн хугацаанд захиалагч талаас хангаагүй, гадна инженерийн шугам сүлжээний зарим ажлууд эхэлсэн, зарим ажил нь эхлээгүй, үндсэн барилга, орц гарц, зам талбай хашаа, дотор цахилгаан хангамж, холбоо дохиолол гэрэлтүүлэг зэрэг ажлууд үндсэндээ дууссан барилгын зарим жижиг дуусаагүй халаалт шаардлагагүй байсан учраас дэлгүүрийг наадмын өмнө буюу 2016 оны 07 дугаар сарын 08 ны өдөр нээн ажиллуулж эхэлсэн, явцын дунд засаж сайжруулах ажлууд хийгдэж байсан. Дэлгүүр ажиллаж байсныг нотлох худалдан авалтын баримтууд (5хх-162-165), МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт (5-225), хорооны Засаг даргын, Хан-Уул дүүргийн ОНӨААТҮГ-ын албан бичгүүд (5хх-223), ажлын байрны дүгнэлт (5хх-226), галын байцаагчийн шалгалтын хийсэн тухай тэмдэглэл (5хх-227) зэрэг баримтаар Миний Хайпермаркет-2 дэлгүүр хугацаанаасаа өмнө ажиллаж, орлого олж байсан, бизнесийн ямар нэг алдагдалгүй байхад алдангид 120,125,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү

7.2. 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан МХ2-15/01 гэрээнд барилгын ажлын өртгийг тусгахдаа ажлын зураг төсөвгүйгээр тооцоолон бодсон гэрээнд тусгасан зарим ажлын үнэлгээ нь батлагдсан зураг төслөөр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн төсвөөс хэт бага үнэлэгдсэн нь маргаан гарах үндэс болсон. Барилга байгууламжийн нийт төсөвт өртөг гүйцэтгэлийг Монголын хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчид 1,863,459,999.5 төгрөг, Лэндс ХХК-ийн шинжээчид 1,815,670,379 төгрөг гэж үнэлсэн ба шүүх Лэндс ХХК-ийн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн. Барилгын ажлын нийт төсөв 1,815,670,397 төгрөг гэж тодорхойлсон ба үүнээс 85 хувийг хариуцагч гүйцэтгэсэн, 15 хувийн ажил буюу 272,350,560 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй гэж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2016 оны 07 дугаар сарын 07-ны протоколд дурдсан ажлууд нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн МХ2-15/01 дугаар гэрээний хавсралтад (1хх-14-15) заасан гол нэр төрлийн ажилд багтах засаж сайжруулах гүйцээх, ажлууд бөгөөд хариуцагч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш протоколд дурдсан ажлуудыг бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан акт мөн 2016 оны 07 дугаар сарын 07-нд 100 хувь санхүүжилтээ аваагүй нь гадна дулаан, цэвэр усан хангамжийн шахалтын акт (6хх-159), ариутгах татуургын сорил шалгалтын акт (6хх-155), Дулаан цэвэр усны ажил гүйцэтгэсэн акт (6хх-164), барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт (4хх-98-100), улсын комисс ажилласан хурлын тэмдэглэл (6-хх-95-97), Улсын комиссын барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүгнэлт (4-хх-108-109),

Тооцоо нийлсэн акт (1хх-83) зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хэдийгээр гэрээнд хэт багаар тооцоолсон зарим ажлын санхүүжилтыг захиалагч байгууллагаас санхүүжүүлээгүй боловч барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, техникийн комисс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, улсын комисс 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр барилгыг 100 хувь дуусгаж барилгыг байнгын ашиглалтанд өгсөн тул дутуу гүйцэтгэсэн гэх 272,350,560 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

Мөн 2017 оны 10 дугаар сарын 07-ны хэлцэл (3хх-39) -ийн 2.1, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн (3хх-56) тус тус баримт байгаа тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 16, 000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7.3. Барилгын ажлын нийт төсөвөөр 1,815,670,397 төгрөгөөр тодорхойлон гүйцэтгэчид

1,466,752,000 төгрөгийн санхүүжилт олгосныг талууд маргадаггүй, зөрүү нь гэрээнд хэт багаар төсөвлөсөн маргаантай болон нэмэгдэл ажлын төсвийн зөрүү дүн юм. Барилгын хөгжлийн шинжээч нар маргаантай болон нэмэгдэл ажлын нийт шууд зардлын дүнг 440,763,566 төгрөг гэж тодорхойлсон (НАӨТ ороогүй), хариуцагч талаас хөдлөх, үл хөдлөх хөрөнгөө зарж барилгын санхүүжилтэнд оруулсан 252,455,621 төгрөг шүүхийн шийдвэртэй 43,600,635 төгрөг, туслан гүйцэтгэгч нарт өгөөгүй Нийслэлийн Авто замын газарт М ХХК-ийн өмнөөс төлсөн 12,784,695 төгрөг, гэрээний үлдэгдэл 60,448,000 (6хх-155) эрэг шурагны 10,000,000 төгрөг, нийт 357,696,352 төгрөгийн зардал гарсан нь Барилгын хөгжлийн шинжээч нарын дүгнэлтээр 440,763,752 төгрөг ойролцоо байгаагаар нотлогдож байгаа тул 357,696,352 (НАӨТ ороогүй) төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2015 оны 08 дугаао сарын 07-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх тухай бичгийн гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн нэхэмжлэгчээс гаргуулж, сөрөг нэхэмжпэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал санхүүгийн анхан шатны баримт буюу тухайн хариуцагчаас ирсэн нэхэмжлэхийг үндэслэж гэрээний 4 дүгээр зүйлд заасан ажлыг хийлгэх санхүүжилтийг олгож байгаагаа дурдсан төлбөрийн баримт, банкны баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 2хх-134-136 талд тухайн М-2 барилгын материалын метал хийц буюу гэрээний 4 дүгээр зүйлд заасан санхүүжилтэд орсон 52,000,000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн талаарх баримт авагдсан. Өөрөөр хэлбэл, нийт 1,512,902,304 төгрөгийг хариуцагчид өгсөн нь тогтоогдсон. Гэрээнд барилгын төсөв санхүүжилтийг тохирсон бөгөөд тухайн тохиролцооны дараа хариуцагч хэдэн төгрөг, нэхэмжлэгч хэдэн төгрөгийг илүү гаргаж, тухайн барилгыг санхүүжүүлсэн нь хэний буруутай үйлдэл байсан гэх асуудлаар шүүхээр маргаж байгаа. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр талууд тухайн барилга 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар гарын үсэг зурж, баталгаажуулсан. Хариуцагч байгууллага 2016 оны 07 дугаар сараас хойш ямар ч ажил хийж гүйцэтгээгүй бөгөөд 2016 оны 10 дугаар сард ажлаа орхиж явлаа, хариуцлагаа өөрсдөө хүлээгээрэй гэх утга бүхий албан бичиг ирүүлсэн. Иймд манай байгууллага үлдэх 15 хувийн ажлыг гуравдагч этгээд болон өөрсдөө хийж гүйцэтгэсэн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Манай байгууллагаас 1,512,000,000 төгрөгөөс гадна 16,000,000 төгрөгийн хэлцэл хийж, санхүүжилт олгосон. 16,000,000 төгрөгийг авсан нь үнэн, буцаагаад өгнө гэж шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч хэлсэн байдаг. Хэлцлийн дагуу 2017 оны 10 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгөх үүрэгтэй бөгөөд 2018 оны 05 дугаар сард хүлээлгэж өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан. Тухайн хэлцлийн дагуу ямар ажил хийж гүйцэтгэсэн, улсын комисст хүлээлгэж өгөхөд ямар үүрэгтэй оролцсон талаар хүлээлцэх актыг ирүүлээгүй үйл баримтаас үзэхэд ажил хийгээгүй нь тодорхой харагддаг.

Хэлцлийн 4.4-т /3хх-38/ хэрэв ажлаа гүйцэтгээгүй бол тухайн санхүүжилтийг буцаан шаардах эрхтэйгээр тусгасан. Гэтэл анхан шатны шүүхээс дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн. Хэлцлийн 4.2-т алданги тооцохоор тохиролцсон. Алдангийг гэрээ болон гэрээний тусгай нөхцөлийн 29.1-д тохиролцсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт М ХХК 15 хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. 15 хувийн ажлыг 2015 оны 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагч тал хийж гүйцэтгээгүй. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги тооцож, 112,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Талууд 3 удаагийн протокол, гэрээнд заасны дагуу 1,466,200,000 төгрөгийн санхүүжилтийн талаар маргаагүй. Хариуцагч буюу ерөнхий гүйцэтгэгч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажил хийгээгүй атлаа сөрөг нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 98,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 208,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сард 297,000,000 төгрөг, 2019 онд 442,000,000 төгрөг барилгын санхүүжилт илүү гаргасан гэж зөрүүтэй тайлбарладаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа, хариу тайлбар болон татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч талаас нэмж гаргасан гэх үнийн дүнтэй санхүүгийн анхан шатны баримтаа гаргаж ирэх бүрэн боломжтой атал ирүүлээгүй.

Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар тухайн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээний төсөв нэмэгдэх шаардлагатай бол нэн даруй мэдэгдэх ёстой болохоос өөрөө гаргах үүрэггүй юм. Шинжээчийн дүгнэлтэд энэхүү ажил гүйцэтгэлтэй хамааралгүй 260,000,000 төгрөгийн үнэ бүхий гадна асфальт зам, талбайн ажлыг 2 хувь оруулж тооцсон бөгөөд бодит санхүүжилт 1,544,000,000 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хийсэн санхүүжилт, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримт нь шинжээчийн дүгнэлт болохгүй. Энэ асуудлаар 6 жил гаруй хугацаанд маргаж байгаа бөгөөд 2023 онд хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгө, автомашин борлуулсан баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, хүн өөрийн өмчөө хэнд худалдан борлуулах асуудал нь түүний эрх хэмжээний асуудал бөгөөд энэ хэрэгт ач холбогдолгүй.

Барилга барихад шаардлагатай бүх санхүүжилтээ өгсөн байхад туслан гүйцэтгэгч манай байгууллагаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын хоорондын асуудалд манайх үүрэг хүлээх ёсгүй. Иймд хариуцагч талаас гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Талуудын байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний үнийн дүнг 1,395,000,000 төгрөг байхаар тусгаж, 2 тал гарын үсэг зурсан. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр барилгын ажлыг 85 хувийн гүйцэтгэлтэй байхад 100 хувийн санхүүжилт өгсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн актаар А ХХК санхүүжилтэд 1,402,375,000 төгрөг төлөгдөж, 108,825,000 төгрөгийн өглөгтэй гэж 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус барилгын ажил явагдаж байх хугацаанд талууд байнга тооцоо нийлж байсан. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн актад 1,450,752,000 төлөгдөж, үлдэгдэл 61,448,000 төгрөгийн өглөгтэй гэж тусгасан байдаг. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1,460,752,000 төгрөг төлөгдөж, төсөвт ороогүй нэмэх зардлаас 50,000,448 төгрөг, мөн тооцоонд ороогүй 10,800,000 төгрөгийг нэмж, нийт 61,248,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлсэн. Үүнээс хойш тооцоо нийлээгүй бөгөөд одоог хүртэл манай компанид өглөгтэй атал 100 хувь санхүүжүүлсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 85 хувийн гүйцэтгэлтэй гэх протокол үйлдсэн. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний эхний нүүрэн дээр 1,395,000,000 төгрөг гэж бичсэн бөгөөд 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсны дараа 3 удаагийн протоколоор 116,000,000 төгрөг, 200,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт барилгын ажлын санхүүжилт 1,511,200,000 төгрөг болсон нь санхүүгийн тооцоо нийлсэн актуудад бичигдсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад 45,000,000 төгрөг илүү төлсөн нь баримтаар няцаагдсан. 09 дүгээр сарын 14-ний өдөр гадна дулаан, цэвэр ус хангамжийн шахалтын актыг хийсэн талаарх баримт /6хх-159/ авагдсан. 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ариутгах татуургын сорилт шахалт хийсэн акт, мөн оны 08 дугаар сарын 09-ний өдрийн барилгыг ашиглалтад оруулах комиссын акт хэрэгт авагдсан. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн улсын комисс ажилласан хурлын тэмдэглэлд тусгасан. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн давтан комиссын хурлын тэмдэглэл, мөн оны 05 дугаар сарын 17-ны өдрийн улсын комиссын барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын дүгнэлтүүд авагдсан. Өөрөөр хэлбэл, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажлаа хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсөн үйл баримт дээрх баримтуудаар нотлогдож байхад 15 хувийн гүйцэтгэлийг хийж гүйцэтгээгүй гэх тайлбар үндэслэлгүй.

Шинжээчийн дүгнэлтээр гарсан дүнгүүдээс нэхэмжлэгч талын олгосон санхүүжилтийн дүнг хасахад 440,763,566 төгрөгийн санхүүжилт дутдаг. Тус дутаж байгаа мөнгөн дүнгийн санхүүжилтийн гүйцэтгэл нь манай санхүүгийн баримтаар 489,506,176 төгрөгийн тооцоотой гарсан. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлттэй манай санхүүгийн баримт тохирдог. Хэрэв 15 хувийн ажлыг хийж гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгч нь барилгын ажлын тусгай зөвшөөрөлгүй, бусдаар гүйцэтгүүлсэн бол гэрээ, акт, гүйцэтгэсэн ажлын зураг авагдсан байх ёстой бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Дэлгүүр 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажилласан талаарх баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч компанийн захиралтай уулзсан 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн протоколд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэж өгөхөөр тохиролцож, 2 талаас гарын үсэг зурсан. Тус тохиролцооны дагуу улсын комисст хүсэлтээ өгч улсын комисс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ирж ажиллаад захиалагч талд барилгын дуудлага худалдаа, төсөв сонгон шалгаруулалтын анхны үнэ төлсөн баримт, Нийслэлийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний газрын мэдээллийн санд дууссан барилгын байр зүйн зургийг оруулах, гадна усан хангамж, ариутгах татуургын гүйцэтгэх зураг, гадна дулаан салхивчийн гүйцэтгэлийн зураг гаргаж мэдээллийн санд оруулахыг үүрэг болгосон.

Нэхэмжлэгч компани тус баримтуудыг гаргаж өгөхгүй удсан тул 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2 удаагийн давтан комиссоор орж, барилгыг ашиглалтад оруулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал дээрх баримтуудыг гаргаж өгөөгүйгээс шалтгаалсан хугацаанд манай компанид алданги тооцож байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 187,812,630.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн 391,658,344.34 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 98,780,600 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн 442,887,862 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан МХ2-15/01 тоот барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээгээр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороонд байрлах 7,000 м.кв газар дээр 2,392 м.кв талбайтай М-2 худалдааны төвийн барилга угсралт, дотор, гадна инженерийн шугам сүлжээ, авто зам, гадна талбайн тохижилтын ажлыг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр 1,395,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, /1хх 14-16, 18-27/

3.2. Талууд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн протоколоор худалдааны төв рүү орж гарах орц гарцын өртгийг 37,000,000 төгрөгөөр тохирч, туслан гүйцэтгэгч Хөх байгаль ХХК-аар гүйцэтгүүлэхээр тохиролцсон, /1хх-28/

3.3. Талууд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн протоколоор худалдааны төвийн барилгын гадна цахилгааны шугам, дэд өртөөний барилга, трансформатор болон дотор тоноглолын нийт өртгийг 150,000,000 төгрөгөөр тохирч, гэрээнд заасан 50,000,000 төгрөгийг хасч тооцохоор тохиролцсон, /1хх-29/

3.4. Талууд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн протоколоор худалдааны төвийн барилгын авто замыг баруун тийш үргэлжлүүлэн тавих өртгийг 11,700,000 төгрөгөөр гэрээ хийхээр тохиролцсон. /1хх-30/

3.5. Талууд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн протоколоор гэрээг дүгнэж, барилга, тохижилт, зам талбай, хашаа, гадна дулаан, цэвэр ус болон бусад дутуу ажлыг заасан хугацаанд хийж гүйцэтгэх үүргийг ажил гүйцэтгэгч хүлээж, ажлын гүйцэтгэлийг 85 хувь гэж тогтоосон. /3хх 34-35/

3.6. Талууд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 017/10/07 тоот хэлцэл хийж, хэлцлээр захиалагч нь гүйцэтгэгч талын саналын дагуу нэмэлт санхүүжилт 16,000,000 төгрөг олгохоор, гүйцэтгэгч нь нэмэлт санхүүжилтын хүрээнд хавсралт 1-д заасан ажлыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр чанар стандартын шаардлагад нийцүүлэн бүрэн хийж гүйцэтгэх, барилгыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор улсын комисст хүлээлгэн өгч үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар харилцан тохиролцсон. /3хх 38-39/

3.7. Талууд 2015 оны 12 дугаар сарын 31 /1хх-83/, 2016 оны 08 дугаар сарын 11 /1хх-83/, 2016 оны 10 дүгээр сарын 11 /1хх-82/, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр /5хх-166/ тус тус тооцоо нийлсэн акт үйлдсэн.

3.8. Тухайн барилгыг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2018/150 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулсан /4хх 108-109/ зэрэг үйл баримт тогтоогдсон.

 4. Зохигч ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон төлөх төлбөрийн нийт үнийн дүн, үүнээс төлөгдсөн хэсгийн талаар маргасан байна.

 5. Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт зааснаар талууд барилгын ажлын төсвийг 1,395,000,000 төгрөгөөр урьдчилан тогтоосон боловч ажил гүйцэтгэх явцад төсвийн хэмжээ нэмэгдсэний улмаас удаа дараагийн протоколоор харилцан тохиролцсоны үндсэн дээр захиалагч нь нэмэлт санхүүжилт олгож байжээ. Өөрөөр хэлбэл, талууд 4 удаа тооцоо нийлж, төлөгдөх төлбөрийн хэмжээг баталгаажуулсан байх бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлэхдээ талууд 1,460,752,000 төгрөг төлөгдсөнд тооцож, үндсэн гэрээ болон төсөвт ороогүй нэмэлт зардлаас нийт 50,448,000 төгрөг, мөн тооцоонд ороогүй байсан эрэг шурагны зардал 10,800,000 төгрөг, нийт 61,248,000 төгрөгийн үлдэгдэл өглөг үлдсэн болох нь тогтоогдсон байна.

 7. Анхан шатны шүүх дээрх тооцоо нийлсэн актыг үндэслэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 61,248,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

7.1. Учир нь дээрх тооцоо нийлсэн актаас хойш талууд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 017/10/07 тоот хэлцэл хийж, хэлцлээр захиалагч нь 16,000,000 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор, гүйцэтгэгч нь нэмэлт санхүүжилтын хүрээнд хавсралт 1-д заасан ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон, нэмэлт санхүүжилт 16,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй, харин уг санхүүжилтээр гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх талаар талууд маргасан байна.

Анхан шатны шүүх дээрх 017/10/07 тоот хэлцлийг үнэлэхдээ талууд гэрээ цуцлагдсанаас хойш барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх зорилгоор гүйцэтгээгүй ажлын хөлс төлбөрт шилжүүлсэн үйл баримтаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч дээрх хэлцлийн талаар улсын комисст хүлээлгэж өгөхийн тулд дутуу хийсэн ажлуудыг гүйцэтгэхийн тулд 16,000,000 төгрөг гаргаж өгнө үү гэдэг зүйл ярьсан тул талууд хэлцэл хийж 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагч нь хэлцлээр тохиролцож нэмсэн 16,000,000 төгрөгийн санхүүжилтыг хүлээн авсан талаар маргаагүй байна. Иймээс дээрх 017/10/07 тоот хэлцлийг үгүйсгэх үндэслэлгүй, талуудын хоорондын ажлын хөлсний маргааныг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзлээ.

Хариуцагч нь дээрх санхүүжилтын хүрээнд хийгдвэл зохих ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримт гаргаж татгалзлаа бүрэн нотлоогүй байна.

7.2. Нөгөө талаар, хариуцагч нь нэхэмжлэгчийн олгосон санхүүжилтээс илүү хэмжээний зардал гаргасан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн зардлыг шинжээч томилж дүгнэлт гаргуулж тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлтийн дагуу шүүх шинжээч томилсон ба шинжээч Монголын хохирол үнэлэгчдийн холбооны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтээр барилга угсралтын ажил /барилга угсралт, дотор гадна инженерийн шугам сүлжээ, авто зам, гадна талбайн тохижилтын ажил/-ын гүйцэтгэл нь 1,863,459,995 төгрөг гэж тогтоосон. /1хх 223-236, 2хх 1-73/

Хариуцагчийн нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу шүүх шинжээч томилсон ба шинжээч Монголын хохирол үнэлэгчдийн холбооны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтээр барилга угсралтын ажлын хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлэг, галын дохиолол, гадна холбооны барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 122,316,778 төгрөг, өмнөх үнэлгээний ажилд орсон 76,071,011 төгрөгийг хасч орхигдуулсан ажлын нийт гүйцэтгэл нь 46,245,767 төгрөг болохыг тогтоосон. /3хх 189-220/

Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн дахин шинжээч томилсон ба шинжээч хөрөнгийн үнэлгээ, төслийн Л ХХК барилгын ажлын гүйцэтгэлийн төсвийг 1,554,569,225 төгрөгөөр тогтоосон. /4хх 192-252, 5хх 1-42/

Дээрх хоёр шинжээчийн дүгнэлтийг зөрүүтэй гэх үндэслэлээр дахин шинжээч томилуулах хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүх шинжээч томилсон ба шинжээч Барилгын төсөвчдийн холбооны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр дотор цахилгааны ажил, гадна холбоо дохиоллын ажил, гадна дулаан, дулааны худгийн ажил, дулааны узелийн угсралтын ажил, гадна цэвэр усан хангамжийн ажил, цэвэр усны холигч насосны узелийн ажил, гадна ариутгах татуургын ажил, гадна металл фасадны ажлуудын нийт шууд зардлын дүнг 440,763,566 төгрөгөөр тогтоосон. /6хх 4-109/

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн нийт төсвийг тогтоосон ба дээрх ажлыг бүхэлд нь хариуцагч гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагч барилга угсралтын ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэсэн гэж үзэж, улмаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр нэхэмжлэгчээс зардлыг гаргуулах нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн олгосон санхүүжилтээс илүү ажил хийж гүйцэтгэсэн зардал гэж 442,887,862 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

8. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 017/10/07 тоот хэлцлээр нэхэмжлэгч нь 16,000,000 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгосон нь тогтоогдсон, уг санхүүжилтын хүрээнд гүйцэтгэвэл зохих ажлыг хариуцагч хийж гүйцэтгэсэн нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч 16,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин анхан шатны шүүх Монголын хохирол үнэлэгчдийн холбооны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 1,863,459,995 төгрөг гэж дүгнэн, талуудын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн протоколыг үндэслэн хариуцагчийн ажлын гүйцэтгэлийг 85 хувь гэж тооцон хариуцагч нийт ажлын 15 хувь буюу 272,350,560 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй гэж үзэж уг дүнгээс талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн МХ2-15/01 тоот барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээний тусгай нөхцлийн 29-д зааснаар алдангийг тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн протоколоос хойш талууд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэлцэл хийж, уг хэлцлийн 4.2-т гүйцэтгэгч тал энэ хэлцлийн 2 дугаар зүйлийн 2.3-т заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. Иймд дээрх хэлцлийг үндэслэн хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг 16,000,000 төгрөг гэж үзэж, уг үнийн дүнгээс алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангид 8,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

9. Шүүх шинжээчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн гэх үндэслэлээр зохигчоор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байх тул уг заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

 10. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2023/00496 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-аас 24,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 367,658,345 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-д холбогдох 442,887,862 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэсэн заалт нэмж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2,432,494 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 2,852,582 төгрөгөөс 2,352,338 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 500,244 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 277,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын дугаарыг 3 гэж өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1,683,917.20 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас урьдчилан төлсөн 1,946,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН