Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 224/ма2023/00013

 

 

 

 

 

 

 

 

2023        06          23                                        224/МА2023/00013

 

Т.Б-гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 152/ШШ2023/00211 дугаар шийдвэртэй,

Т.Б-гийн нэхэмжлэлтэй, Б.Б-ийн эцэг байх эрх эрхийг хасуулж, Б.Х, Б.С, Б.А, Б.А нарын асран хамгаалагчаар тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, түүний өмгөөлөгч Т.Уянга, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: Б.Бийн эцэг байх эрх эрхийг хасуулж, Б.Х, Б.С, Б.А, Б.А нарын асран хамгаалагчаар тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэгч Т.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний охин Нарантуяа нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өвчний улмаас нас барсан. Охин маань Б.Б-тэй гэр бүл болоод 13 жил амьдарсан бөгөөд тэдний дундаас Б.Х, Б.С, Б.А, Б.А нар төрсөн. Зээ нар маань одоо 2, 3, 10, 12 насны хүүхдүүд байдаг. Охин маань хүнд өвчин тусаад сүүлийн 2 жилийн хугацаанд байнга эмнэлэгээр явж, эмчилгээ хийлгэж байсан. Хүргэн Б.Б нь гэр бүл болсон цагаасаа хойш архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Сүүлийн жилүүдэд архи уух нь ихсэж, уусан үедээ эхнэр хүүхдүүдээ зодож, цохих, айлгаж сүрдүүлэх, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх зэргээр байнга зохисгүй байдал гаргадаг байсан. Охин маань амьд сэрүүн байхдаа гэрлэлтээ цуцлуулна гэдэг байсан ч бие нь өвдөж, хүнд өвчин туссан тул шүүхэд хандаж чадалгүй нас барсан.

           Охиныг маань өвчтэй байх хугацаанд хүргэн маань эргэж тойрдоггүй, биеийг нь эмчлүүлдэггүй, огт анхаарал халамж тавьдаггүй байсан тул би эхнэртэйгээ хамт охиноо аймаг руу, хот руу удаа дараа эмчилгээнд авч явж нас барах хүртэлх хугацаанд нь зээ нараа асарч, харж хандаж ирсэн. Миний охиныг өвчтэй байхад Б.Б нь согтуу ирсэн үедээ зодож, цохидог байсан тул охин маань хүүхдүүдийн хамтаар манай гэрт байж байгаад нас барсан. Б.Б нь эхнэрээ нас барсны дараа ирээгүй, буяны ажилд нь оролцоогүй. Одоо зээ нар минь манай гэрт эхнэр бид хоёртой хамт амьдардаг бөгөөд хоёр том нь ерөнхий боловсролын сургуульд, хоёр бага нь цэцэрлэгт хамрагддаг. Охин минь өнгөрөхөөсөө өмнө хүүхдүүдийг минь айдасгүй эрүүл саруул, сайн хүмүүс болгож өсгөхийг бидэнд захисан тул охиныхоо сүүлийн хүслийг биелүүлж төрсөн дөрвөн сайхан үрийг нь сайн хүн болгоод явах юмсан гэж эхнэр бид хоёр хичээж явна.

Өнгөрсөн хугацаанд Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид Б.Б-ийг хоёр удаа авч ирж, хүүхдүүдтэй нь уулзуулсан, өөрийн хүсэл, санаачилгаараа үр хүүхдүүдээ эргэж тойрч, асран хамгаалж байсан удаа байхгүй. Зээ нар маань бага насны хүүхдүүд байдаг тул ээж нь өнгөрсний дараа төрөөс тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон тус мөнгө болон зээ нарт маань зориулж төрөөс олгодог сар бүрийн хүүхдийн мөнгөнүүдийг хууль ёсны асран хамгаалагч гэдэг утгаараа аав Б.Б нь авдаг бөгөөд тэдгээр мөнгөнүүдийг огт зээ нарт маань өгдөггүй, зарцуулдаггүй тэр хүн аваад ууж, идээд үрчихдэг. Эхнэр бид хоёр одоо өндөр настай хүмүүс хичнээн жил амьд сэрүүн явахыг мэдэхгүй, мөн бид одоо ажил хөдөлмөр эрхлэх насны хүмүүс биш эхнэр маань өндөр насны тэтгэвэр авдаг, би групп авдаг манай гэр бүлийн орлого энэ учир хүүхдүүдээ ирээдүйд сурч боловсроход нь зориулаад төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэвэр зэргийг нь зээ нарынхаа нэр дээр хадгаламж нээлгээд хийгээд хуримтлуулмаар байна. Гэтэл бид тухайн мөнгийг авах эрхгүй тул авч чадахгүй аав нь гэх хүн авч идсээр хүүхдүүдийг минь хохироож байна. Түүнчлэн би охиноо нас барснаас хойш хүргэн Б.Б-ийг ухаан ороод хүүхдүүд дээрээ ирэх болов уу, авах болов уу, одоо ухаан суух болов уу гэж өчнөөн харсан боловч тэр хүн үр хүүхдүүдээ гэх сэтгэл байхгүй. Зээ нар маань ч ааваасаа айдаг, аав дээрээ очдоггүй. Би зээ нараа айх айдасгүй, эрүүл саруул өсөж, эрдэм номдоо шамдаад сайн сайхан хүмүүс болоосой гэж хүсэж байгаа тул зээ нараа өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Иймд Б.Б-ийн эцэг байх эрхийг хасаж, зээ нарыг минь Т.Б миний асрамжид үлдээж өгнө үү”  гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Б.Н-тай хайр сэтгэлийн үүднээс хөндлөнгийн хэн нэгний оролцоогүйгээр сайн дурын үндсэн дээр гэр бүл болоод 13 жил амьдрах хугацаанд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. 2,3,10,12 насны хүүхдүүд учир цэцэрлэг, сургуульдаа явахын тулд Сагил сумын төвд нагац өвөө, эмээгийнхээ гэрт байгаа.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдүүдийн ээж 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан, хүүхдүүдийн сэтгэл санаа маш тогтворгүй болох нөхцөл байдал үүсэх эрсдэлээс хамгаалж хүүхдийг нийгэмшүүлэх, сэтгэл санаагийн засах, тайван орчинд байлгах шаардлагатай гэсэн тул цэцэрлэг, сургуульд нь хамруулсан. Гэтэл хадам аав, ээж миний сэтгэлийг ойлгохгүй хань ижлээсээ хагацаж, 4 өнчин хүүхэдтэй, сэтгэл санааны хямралтай байхад 4 хүүхдээ орхисон, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, эхнэрээ урьд өмнө нь цохиж байсан, эмчлүүлэх арга хэмжээ авч байгаагүй, эхнэр нь нас барахад буяны ажилд нь оролцоогүй, хүүхдийн мөнгө болон, тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг авсан, 4 хүүхдээсээ сумын төвд байсан гэрээ нүүлгэж авч явсан, хүүхдүүд аав дээрээ очихгүй гэж байна. Эхнэр нас барахаас өмнө миний 4 хүүхдийг эцэгт нь битгий өг, та нар сайн хүн болго гэж захисан тул бид Б.Б-д 4 хүүхдийг хэзээ ч өгөхгүй гэдэг байдлаар бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй болон сум орон нутгийн хүмүүст хадам аав Б.Б нь Сагил сумын Баянзүрх багийн Засаг даргын албан тушаалаа ашиглан буруу ташаа ойлголт өгч эцэст нь миний 4 хүүхдийн ирээдүйн амьдралыг баллаж байгаад миний сэтгэл их эмзэглэж байна. Би эхнэртэйгээ ярих гэж залгахад огт утсаа авдаггүй, гэнэт эхнэр чинь муудлаа гэж над руу залгасан. Эхнэр маань нас барахынхаа өмнөх орой над руу залгахад би найзынхаа гэрт байсан, согтуу байгаагүй. Тэгээд 3 хүүхэдтэй эхнэртэй минь яриулдаггүй юм чинь 6 хүүхэдтэй эхнэртэйгээ хамт байна гээд худлаа ярьчихсан юм. Намайг Увсад ирснээс хойш эхнэр огт утсаа аваагүй, эхнэртэй минь яриулаагүй учраас би уурлаад тэгээд хэлчихсэн. Эхнэр маань 9 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан ба би тухайн үед Увсад байсан. Ингээд ахтайгаа хамт хот явж, 9 дүгээр сарын 03-ны өдөр очиход хадам дүү намайг алуурчин, миний эгчийг алсан, эхнэрээ эргэж ирээгүй гээд зодож хөөсөн, ахыг оруулчихаад хаалгаа хаачихсан. Ах маань хадам дүүгийн гэрт орж гарч ирээд чамайг буяны ажилд оролцуулахгүй, газарт нь явж болно гэж хэлсэн. Би оршуулганд нь оролцоогүй, газарт нь явж ирээд шууд Увс руу буцсан. Энд ирээд 21 хоногийг нь тавьж хүүхдүүдээ аваад ламаар ном уншуулаад ирье гэхэд хадам ээж хүүхдүүдийг өгөөгүй, түүнээс хойш хүүхдүүдийг огт өгөөгүй. Би 4 хүүхдээсээ гэрээ авч яваагүй, миний гэр сумын төвд байсан. Би хөдөө үхэр малтайгаа байдаг. Үхэр малаа онд мэнд оруулахын тулд хадлан авах цаг болсон. Эзэнгүй гэрт талийгаачийн зураг, зул барих, хоног тавих шаардлага байсан тул гэрээ нүүлгэж хөдөө авчирсан, түүнээс биш би 4 хүүхдээ орхиж гэрээ авч яваагүй. Хүүхдийн мөнгөний тухайд дансанд хадгалсан байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 152/ШШ2023/00211 дугаар шийдвэрээр:

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан Б.Х, Б.С, Б.А, Б.А нарын эцэг Тайж ургийн овогт Баасангийн Бийн эцэг байх эрхийг хасаж,

- Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар Б.Х, Б.С, Б.А, Б.А нарын асран хамгаалагчаар өвөг эцэг Т.Б-г тогтоож,

- Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Энхтуяад даалгаж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар  давж заалдсан гомдолдоо: “ Шүүх Б.Бийн эцэг байх эрхийг хасаж шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг үндэслэсэн нь хэт нэг талыг барьсан, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.  

Шүүх Т.Бгийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан өгүүлэмж буюу үйл баримтад болон Б.Бийн эцэг байх эрхийг хасах эсэхэд хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүрэн дүүрэн, тал бүрээс нь, нөхцөл байдлыг судалж дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж энэхүү гомдол гаргаж байна. Учир нь: Хамгийн гол нь Б.Б энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан эцэг байх эрхийг хасах үндэслэл болсон ямар зөрчил гаргасан нь нотлогдоогүй. Зөвхөн хадам аав Т.Б-гийн тайлбар болон Б.Б-ийн 2 хүүхдийн өвөө, эмээгийнхээ тусламжтайгаар өгсөн гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн байна.

Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас гаргаж авсан тодорхойлолтоор сүүлийн 5 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн мэдээлэл байхгүй байна. Зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчилд холбогдсон мэдээлэл байна. Иймд бид нарын гомдолд дурдсан нөхцөл байдалд шударгаар дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 211 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ” гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б-ийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна.

Шүүх нь Б.Б-ийн 2, 3, 10, 12 насны 4 хүүхдийн ирээдүйн хувь заяа, эрх нь зөрчигдөж байгаа эсэхэд ямар ч дүгнэлт хийгээгүй гэж үзсэн. Т.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ эхнэр бид хоёр өндөр настай, хэдэн жил амьд байхаа мэдэхгүй, ажил хөдөлмөр эрхлэх насны хүмүүс биш, эхнэр маань өндөр насны тэтгэвэр авдаг, би өөрөө групп авдаг учир энэ хүүхдүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг зээ нарынхаа нэр дээр оруулж цаашид суралцахад нь зориулж хадгаламж нээлгэмээр байна гэж нэхэмжлэл гаргасан байдаг.

 Гэтэл төрөөс олгож байгаа мөнгөн тэтгэмжийг эцэг Б.Б нь хүүхдүүддээ зарцуулахгүй, үр ашиггүй зарцуулж архидан согтуурч, наргиж цэнгэж явдаг гэж үзэж Б.Б-ийг хилсээр гүтгэж доромжилсон үйлдэлд тэрээр их гутарсан. Хүүхдийн мөнгөө өөрийнхөө дансандаа хадгалж хуримтлуулсан баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгсөн.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулиудыг зөрчсөн гэж үзэж тайлбар гаргаж байна. Б.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа “миний хань надтай 13 жил хамт амьдрах хугацаанд 4 хүүхэд төрүүлсэн. Бид хоёр хүүхдүүдээ хооллож, хувцаслаж өсгөн хүмүүжүүлж өдий зэрэгтээ хүргэсэн. Гэтэл миний хань элэгний хатуурал гэх өвчний улмаас сүүлийн 3 жилийн хугацаанд эмнэлгээр явж эмчлүүлэхэд хамт Улаанбаатар хот явж байсныг хадам аав үгүйсгэж хэлсэнд гомдолтой байна гэж хэлсэн байдаг. Манай хадам ээж өөрийн төрсөн охиноо асарч байсан нь үнэн. Намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, архидан согтуурч байсан эсэхийг орж гарч байсан найз нөхөд, ах дүү нар мэдэж байгаа гэж Б.Б хэлдэг. Мөн шүүхийн шатанд өгсөн  гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байхад үүнийг үгүйсгэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар хэн нь үнэн, хэн нь худлаа хэлж байгааг шүүхээс эцэслэн шийдвэрлэж дүгнэсний үндсэн дээр буруутай эсэх нь тодорхой болно. Хүүхдийн мөнгөө өөр дээрээ хуримтлуулж байгаа шалтгаан нь би 4 хүүхдийнхээ мөнгийг цаашид сурч боловсорч хөгжихөд нь зориулж хадгалж байгаа. Өнөөдөр хүртэл 6.000.000 сая төгрөг хадгалсан. Т.Б-гийн тайлбарт миний хүүхэд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө манай аав намайг дарамталдаг, хүн гэж тоохгүй, ширүүн харьцдаг гэж нүдэндээ нулимстай мэдүүлэг өгсөн. Өмгөөлөгч байлцуулан хүүхдүүдээс гэрчийн мэдүүлэг, санал тайлбар авч байсан. Давж заалдах шатны шүүхэд Б.Бийн хэлсэн санал хүсэлтийн дагуу гомдол гаргасан. Надад өөрийн санаачилгаараа нэмж хэлсэн зүйл байхгүй. Б.Б нь хүүхдүүдээ өөр дээрээ авахаар сум орон нутаг болон Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт хандсан. Нэхэмжлэгч Т.Б нь өмнөх шүүх хуралдаанд хэлсэн тайлбараасаа зөрүүтэй тайлбарыг хэлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр эхнэртэйгээ Улаанбаатар хотод очоод бие нь гайгүй болж, Б.Б нь буцаж ирээд хандив цуглуулж буцах гэж байтал эхнэр нь өөд болсон. Ахтайгаа яваад очиход миний охиныг алсан гэж янз бүрээр хэлж гэртээ оруулаагүй. Үүнд Б.Б нь маш их гомдсон. Гэрээ сумын төв дээр байлгаагүй гэж хэлсэн. Б.Б нь өөрийн гэсэн хэдэн тооны малтай учраас хөдөө “Шивэрт” хэмээх газар өвөлжсөн.  Ийм нөхцөл байдлууд байхад  эцэг байх эрхийг нь хасах хэмжээнд хүрсэн нь үндэслэлгүй байна. Б.Б-ийн 4 хүүхэд нь аавыгаа буруугаар ойлгож, янз бүрийн асуудалд орохыг үгүйсгэхгүй. Т.Б нь хүүхдүүдэд буруу ойлголт өгч байгаа гэдгийг Б.Б нь анхан шатны шүүх дээр болон давж заалдах гомдол гаргахдаа хэлсэн. Урьд өмнө нь хэвийн харилцаатай байж аав ээж гээд дуудаад байсан, хүүхдүүдийг ээж нь өнгөрсний дараа өөр дээрээ авч ийм байдалд хүргэж, эцэг байх эрхийг хасаж байгаад гомдолтой байна гэж хэлсэн. Сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн 100 хувийн саналаар хүүхдүүдийг Б.Бөд өгөхөөр шийдвэрлэсэн. Сумын засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ асуудал нь түдгэлзсэн байгаа.

Хүүхдийн мөнгийг хүүхдүүддээ зарцуулаагүй, эрхийг нь зөрчиж байна гэж нэхэмжлэгч талаас үзсэн. Б.Б нь хүүхдүүдийнхээ мөнгийг өөртөө зарцуулаагүй, тэр мөнгөөр архидаагүй байхад намайг гүтгэж байна. Би хүүхэд тус бүрийнхээ нэр дээр 1.500.000 төгрөгийн хадгаламж нээнэ гэж хэлсэн. Эхнэрийнх нь нас барсны хоног тавихад  10 л сүү авч ирж өгөхөд исэлдүүлээд тавьчихсан байсан. Т.Б нь малгүй айл учраас хүнс өгч хүүхдүүдээ байлгаж өгч аваад байлгаж болох байтал  буруу ойлгож, ийм нөхцөл байдалд хүргэсэнд харамсаж байна гэдгээ хэлсэн. Анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 211 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

7. Нэхэмжлэгч Т.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 6 сараас хойш энэ хүүхдүүд манай гэрт байж өсөж хүмүүжиж байна. Энэ 4 хүүхдийн асран хамгаалагчийн асуудал ээж нь нас барахаас өмнө яригдаж байсан. Б.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж цагдаагийн байгууллагад хандаж байсан. Би 2022 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Хүүхэд гэр бүл, Залуучуудын хөгжлийн газарт гомдол гаргасан. Яагаад гомдол гаргасан бэ гэвэл 4 хүүхдийнхээ бичиг баримт, бусад хэрэглэж байсан эд зүйлийг нь Б.Б болон ах дүү нар нь гэрийг нүүлгэж авахдаа аваад явсан. Ийм учраас тухайн байгууллагад хандсан. Давж заалдах гомдолд Б.Бийг гэрт орж ирэхэд цай хийж өгдөггүй, хүүхдүүдтэй уулзуулдаггүй, сумын ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгсөн гэж дурдсан байна. Тухайн үед сумын хамтарсан багийн хурлаас дуудахад би өөрийн биеэр очиж оролцож, болсон үйл явдлын талаар ярьсан. Манайд Б 3 удаа ирэхдээ нэг ч үг дуугарахгүй сууж байгаад гардаг. Хүүхдүүдийн ээж нь нас барсны дараа 9 дүгээр сарын 17-ний өдөр анх манайд ирсэн. Мөн буяны ажилд оролцуулаагүй тухай ярьсан байна. Б.Б-ийн ах нь ирэхэд “манай хүргэн яасан вэ” гэж асуухад ламд үзүүлэхэд харш жилтэй гэж хэлсэн учраас буяны ажилд оролцож болохгүй” гэж хэлсэн. Буяны ажилд хэн ч оролцоод орж гараад явах боломжтой байсан. Намайг хүүхдүүдэд буруу ташаа мэдээлэл өгсөн гэж гомдолдоо дурдсан байна. Энэ 4 хүүхдийн хоёр нь сургуулийн насны хүүхэд байдаг. Хүргэн Б.Б-д урьд өмнө нь байсан шигээ  хүүхдүүдийнхээ дэргэд ирээд хоноод өнжөөд явж бай гэж хэлсэн. Хааяа нэг ирэхээрээ юм дуугарахгүй сууж байгаад явчихдаг. Тэгчхээд хөөж туусан, хүндлэхгүй байсан тухай ярьсан байна. Өнөөдөр хүртэл манай хүргэн гэж хүндэлж байгаа. Манай эхнэр малчнаар тэтгэвэрт гараад 3 жил болж байна. Би хөгжлийн бэрхшээлтэй. Нэг талынхаа нүдэнд хагалгаа хийлгүүлж хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Манай нэг хүүхэд 2 жилийн өмнө хүүхдүүдээр зодуулж тархиндаа гэмтэл авсны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон. Гэтэл давж заалдсан гомдолд буруу утгаар бичсэн байна. Б.Бийг өөрийн хүүхдүүддээ хайр халамж тавьдаггүй, анхаарал хандуулахгүй, хүүхдүүдээ гэсэн сэтгэл байхгүй байна гэж үзэж шүүхэд хүсэлт гаргасан” гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа : “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эрх эдэлж үүрэг хүлээдэг субъект. Шүүхэд тайлбар, гомдол гаргахдаа хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон бодит үйл баримтад үндэслэж  гаргах ёстой гэж бодож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т зааснаар талууд хэрэгт авагдсан баримтын хүрээнд мэтгэлцэх ёстой байдаг. Гэтэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах гомдол гаргахдаа хэрэгт авагдаагүй зүйлийн талаар ярьсан байна. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хоёр хүүхдэд Т.Б болон түүний ар гэрийн зүгээс нөлөөлж мэдүүлэг өгүүлсэн байна. Мөн Т.Б гэдэг хүний гүтгэлгийн шинжтэй мэдүүлэгт үндэслэж анхан шатны шүүх нь ийм шийдвэр гаргасан гэж үзсэн. Ийм агуулгатай гомдол гаргасан  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.6-т дахь хэсэг, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо үйлчлүүлэгчийнхээ байр суурийг илэрхийлж тайлбар гаргах эрхтэй боловч хэрэгт авагдсан бодит үйл баримтад үндэслэж нотлох баримтайгаар ярьж мэтгэлцэх үүрэгтэй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг эхийн үүргийг хуульчилж өгсөн байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаа  үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 26.2.1-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх гэж тус тус заасан. Эдгээр үүргээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-т заасны дагуу эцэг эх байх эрхээ хязгаарлуулсан байсан ч Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээсээ чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр 5 дугаар сарын 16-ны өдөр гарснаас хойш эцэг байх эрх, үүргээ ухамсарлаж байгаа бол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх эрх нь нээлттэй байгаа.

        Б.Б нь 4 хүүхдээ хоол унд, хувцас хэрэгслээр хангах боломж байсан боловч өнөөдөр хүртэл үүргээ хэрэгжүүлээгүй. Сайн дураараа эцгийн үүргээ биелүүлээгүй гэдэг нь тогтоогдож байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдолд эцгийнх нь талаар буруу ойлголтыг хүүхдүүдэд нь өгч байна гэж хэлсэн. Нэхэмжлэгч талаас ийм үйлдэл гаргаагүй, харин хүүхдүүдээ ирж авч, эргэж тойрч, асарч хамгаал гэдэг зүйлийг хэлж байсан. Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.10-т зааснаар Б.Б нь өрх толгойлсон ганц бие эцэг учраас улиралд 500.000 төгрөгийн тэтгэмж авдаг. Мөн сар бүр 4 хүүхдийн 400.000 төгрөг, цалинтай ээжийн 50.000 төгрөг, хүүхдүүдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр зэрэг мөнгөн тэтгэмжүүдийг авдаг. Гэтэл энэ авч байгаа тэтгэвэр тэтгэмжүүдийг 4 хүүхдэдээ зарцуулдаггүй. Сар бүр төрөөс тогтмол авдаг мөнгөө хувьдаа зарцуулдаг. Нэг удаа боловч хүүхдүүддээ хувцас авч өгөөгүй. Б.Б нь хуулиар хүлээсэн тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй. Давж заалдах гомдолдоо 4 хүүхдийнхээ хүүхдийн мөнгийг хүүхдүүдээ зарцуулж, хадгаламж нээж хадгалдаг гэж дурдсан байна. Гэтэл тухайн мөнгийг хуримтлуулж хадгалсан зүйл байхгүй. Шүүх хурлын өмнө нь хүүхдүүддээ мөнгө хадгалсан гэж харагдахын тулд дансандаа мөнгө хийгээд буцаагаад гаргасан байдаг. Сар бүр хүүхдүүдийнхээ нэр дээр мөнгө хадгалсан зүйл байхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.

        Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд эцэг эх байх эрхийг хасах үндэслэлүүдийг хуульчилсан байдаг. Үүнд: Хүүхэдтэй удаа дараа хэрцгий харьцсан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээсээ санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодисыг байнга хэрэглэдэг зэрэг үндэслэлээр эцэг байх эрхийг хасахаар хуульчилсан. Насанд хүрээгүй 2 хүүхдийнх нь саналыг авахад аав их архи уудаг, архи уухаараа ууртай, бид нарыг зоддог,  бид нарыг зодохоор ээж хамгаалдаг байсан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдүүд хүчирхийллийн орчинд амьдарч байсан гэдэг нь хүүхдийн өгсөн тайлбар, саналаар тогтоогдож байна. Үүнээс үзэхэд Б.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл зөрчил үйлдэхдээ дандаа согтуугаар үйлдсэн байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь яагаад илэрч нотлогдохгүй байна бэ гэвэл манай ээж аавыг хамгаалаад хүнд хэлдэггүй байсан гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Хүүхдүүдийн ээж нь цагдаагийн байгууллагад хандаагүй учраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тухай лавлагаа гарахгүй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 4 хүүхдийнх нь өвөө болох Т.Бг асран хамгаалагчаар тогтоосон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                               ҮНДЭСЛЭХ нь: 

1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 152/ШШ2023/00211 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Т.Б нь Б.Б-ийн эцэг байх эрхийг хасуулж, түүний хүүхдүүд болох  Б.Х, Б.С, Б.А, Б.А нарын асран хамгаалагчаар өөрийгөө тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн  зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

3. Анхан шатны шүүх Б.Бийн  эцэг байх эрхийг хасаж, түүний төрсөн хүүхдүүд болох Б.Х, Б.С, Б.А, Б.А нарын асран хамгаалагчаар өвөг эцэг Т.Б-г тогтоож шийдвэрлэснийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож  өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ. 

           4. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 

4.1. Шүүх Б.Б-ийн эцэг байх эрхийг хасах болсон үндэслэл буюу  хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн гүйцэт нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бус болох нөхцөл болжээ.

          Хэрэгт, Б.Б, Б.Н нар 2008 онд гэр бүл болж, тэдний дундаас 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Х, 2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүү Б.С, 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр охин Б.А, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин Б.А нар төрсөн,

          эхнэр Б.Н 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өдөр өвчний нас барсан, Б.Б, Б.Н нарын хүүхдүүд болох  Б.Х,  Б.С,  охин Б.А, Б.А нар 2022 оны 9 дүгээр сараас эхлэн өвөг эцэг Т.Бгийн гэрт амьдарч байгаа зэрэг  үйл баримт тус тус тогтоогдсон байна.

         Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т: эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг эх байх эрхийг шүүх хасч болно  гэж хуульчилсан бөгөөд дээрх үндэслэлүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн үндэслэл нь хэрэгт тогтоогдсон байхыг шаардана.

          Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Б-ийн эцэг байх эрхийг хасаж шийдвэрлэхдээ түүнийг хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс зайлсхийсэн гэх үндэслэл дурдсан байх боловч энэ үндэслэл, нөхцөл байдал нь хэрэгт хангалттай тогтоогдоогүй байна. Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

         4.2.  Нөгөө талаар,  шүүх  Б.Б-ийн эцэг байх эрхийг хассан шийдвэр гаргахдаа эцэг байх эрхийг хассанаас үүсэх үр дагавар буюу хүүхдийн асрамжийг тогтоохдоо нотлох баримтад үндэслээгүй.

         Хүүхдийг өөрийн асрамжид авахаар шаардлага гаргаж байгаа этгээдийн  гэр бүлийн байдал, тухайн гэр бүлд хүүхдийн өсөж хүмүүжих боломж нөхцөл бүрдсэн эсэх, түүнчлэн өрхийн амьжиргаа, хүүхдийг эрүүл, аюулгүй, амгалан тайван амьдруулах, сурч хүмүүжүүлэх боломжтой эсэхийг тодруулах байдлаар шүүх хүүхдийн эрх ашгийг нэн түрүүнд авч үзэх үүрэгтэй.

          Тухайлбал, хүүхдийг асарч, өсгөн хүмүүжүүлэх бодит боломж,  ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн өсөж торних орчин зэргийг бүрдүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр асрамжийг тогтоох бөгөөд энэхүү нөхцөл байдал тодорхой бус, энэ талаар ач холбогдол бүхий, хамааралтай нотлох баримтууд хэрэгт хангалттай цуглараагүй байхад шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуульд нийцээгүй гэж дүгнэв.

          Мөн түүнчлэн шүүх эцэг байх эрхийг хассанаас үүсэх үр дагаврын нэг болох хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлээгүй нь Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т : “ Шүүх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан хүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд эдгээр нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр эцэг байх эрхийг хасах эсэх, хүүхдийн асрамжийг тогтоох, тэтгэлэг тогтоох зэрэг асуудлыг шийдвэрлэх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд нийцнэ.  

6. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

7. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, Б.Бөд олгох үндэслэлтэй байна .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 152/ШШ2023/00211 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Б.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун /төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Л.АЛТАН

 

  ШҮҮГЧ                                                                Н.МӨНХЖАРГАЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.ЖАМБАЛСҮРЭН