Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 13

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нямдорж,

Улсын яллагч Г.Яндаг,

Хохирогч Ц.Ц, Б.О, Г.Д,

Хохирогч Г.Д-ийн өмгөөлөгч О.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт П.Н-д холбогдох эрүүгийн 1818004500409 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт П.Н /РД: /, Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, шүдний техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Н нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт 26-54 СЭА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота клугер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, ослын улмаас иргэн Г.Д, Ц.Ц, П.О нарын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн Х.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, иргэн Б.Д-ын амь насыг хохироосон болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч П.Н-гийн өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Ардчилсан намаас зохион байгуулсан хуралд албан томилолтоор Зүүнхараагаас 5 хүний бүрэлдэхүүнтэй замд гарч явсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Д нь машин жолоодож явж байгаад Дархан-Уул аймгийн Хонгор сумын замд надтай жолоогоо сольсон. Замд явж байх үед эсрэг урсгалаас машин гарч ирэх үед би эсрэг урсгал руу орохдоо машинаа зогсоож чадаагүй. Би хохирогч Г.Д-т 400.000 төгрөг төлсөн. Ардчилсан намаас хохирогч нарт өгсөн мөнгийг тэдний нэхэмжлэлээс хасаж тооцож өгнө үү. Би хохирол төлбөрийг төлж барагдуулна гэх мэдүүлэг,

Хохирогч Б.О-ын өгсөн: Би үнэндээ гомдолтой байна. Ц.Ц гэдэг хүн ахыг маань өглөө унтаж байхад “Сэлэнгэ явах ёстой, чи заавал ир” гэж хэлсэн. Гомдолтой байна. П.Н-гаас 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэгт баримт нь авагдсан байгаа гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Ц-гийн өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 10-ны өглөө бид нар хуралд явсан нь үнэн. Тухайн үед жолоо сольсон нь үнэн. Би өөрөө өрх толгойлсон эмэгтэй юм. Намаас надад 2.170.000 төгрөг төлсөн. Уг ослоос хойш би хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. Би нийт 4.619.200 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Би эмчилгээ хийлгэж гэртээ 8 сар гаруй болсон. Энэ хугацаанд надад тогтмол олсон орлого байхгүй байгаа. Би талийгаач болсон хүний найз байсан юм. Энэ нь надад хүнд хэцүү байдаг. Сэтгэл санаагаараа хохирч байна гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Д-ийн өгсөн: ...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 07 цагийн үед замд гараад явж байх үед хурлын цаг болох гэж байна гэж дарга шаардсан. Би хурдан явах боломжгүй гээд П.Н-тай жолоогоо сольсон. Замд мөнгө тушаадаг газар өнгөрөөд явж байгаад урд ачааны машин гарч ирэхээр нь хажуугаар нь орох үед өөдөөс цагаан өнгийн жижиг тэрэг гарч ирэх үед тойроод гарсан. Нэг мэдэхэд осол гарсан. Би яаралтай эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орсон. Бүх бие маань мэдээгүй болсон байгаа. Хүний асаргаанд байнга байгаа. Сэтгэл санаа хүнд, бие эрүүл мэнд хүнд, эд хөрөнгөөрөө хохирсон тул гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж гаргана. Би өөрөө оюутан хүүхэдтэй байж байгаад хүүхдээ сургуулиас нь гаргасан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Х.Д-гийн өгсөн: П.Н, Г.Д, Ц.Ц, П.О, талийгаач бид нар 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Сэлэнгэ аймгийн төв рүү Ардчилсан намын эмэгтэйчүүдийн хуралд оролцохоор Г.Д-ийн машинд суугаад явж байсан. Дархан-Уул аймгийн Хонгор сум жаахан өнгөрөөд Г.Д нь машинаа зогсоогоод П.Н-тай жолоогоо сольсон. Тэгээд би унтаж байтал хэн нэгэн нь “машин” гээд орилсон. Тэгэхэд би сэрэхэд бидний сууж явсан машин замын хажуу руу онхолдоод унасан. Г.Д, П.Н хоёроос бусад нь машинаас шидэгдэж гарсан. Г.Д нь “авраарай” гээд орилоод байсан. Энэ үед зам дээр портер машин зогсоод жолооч нь Г.Д, П.Н нарыг машинаас гаргасан. Би эргэн тойрноо харахад талийгаач миний баруун талд жалганд унасан, Ц.Ц миний зүүн талд ухаангүй дээшээ хараад хэвтэж байсан, Х.Отгонжаргал нь надаас нэлээн зайтай хэвтэж байсан. ...Би Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад “Гранд мед” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний зардлыг би өөрөө хувиасаа болон Ардчилсан намаас гаргасан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59/,

Хохирогч П.О-ын өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 6 цагийн орчимд Г.Д-ийн машинтай Ц.Ц, Х.Д, П.Н, талийгаач нарын хамт Сэлэнгэ аймагт намын хуралд суухаар явсан. Би унтаж байсан тул Г.Д нь П.Н-тай хаана жолоогоо шилжүүлснийг мэдэхгүй байна. Осол гарах үед П.Н нь машин жолоодож явж байсан. Надад одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73/,

Гэрч Б.Т-ын өгсөн: ...Миний ард явж байсан цагаан өнгийн клугер маркийн тээврийн хэрэгсэл зорчих хэсэг дээр явж байгаад баруун гар тал руу огцом нэг дарж замаас гараад эргэж зүүн тал руугаа дараад замын зорчих хэсгийн зүүн гар тал руу тоос манаргаад яваад өгсөн. Би эргээд очиход замын хажууд нэлээн хол унасан байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай “Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас шууд нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины ил гэмтэл, тархины эдийн тасралт, гоожилт, их тархины баруун тал бөмбөлөг, бага тархины баруун зүүн мөчрийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, гавал ясны ил хугарал, гавлын орой болон дух, зулай, баруун зүүн чамархай, дагз, гавлын суурь ясны олон сэлтэрхийт салсан хугарал, хуйхны булчингийн цус хуралт, 2 уушгины уг болон баруун уушгины дэлбэн, гол судасны ханан дахь цус хуралт, баруун 4, 5, зүүн 5 дугаар хавиргын шууд биш хугарал, нүүр, толгойн хуйхны хэсгийн шарх, баруун хөх, хэвлий хэсэг, баруун тохой, зүүн сарвууны зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь баруун бөөрний уйланхайт эмгэгтэй байсан нь тогтоогдлоо. Уг өвчин нь үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас шууд нас баржээ. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 104-105/,

...Цогцос нь дээгүүрээ бор өнгийн судалтай, урдуураа цахилгаантай ноосон цамцтай түүний дотор талаар цагаан өнгийн хагас ханцуйтай, дугуй захтай, футболктой, доогуураа ногоон эрээн өнгийн, хоёр гуяны орчим халаастай зузаан өмдтэй, түүний дотуур улаан эрээн өнгийн нимгэн дотуур өмдтэй, түүний дотуур хар өнгийн дотоожтой, хөлдөө 2 хос саарал болон хар өнгийн оймстой байлаа... гэх цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 106-109/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 71 дугаартай “Шинжилгээнд авсан Б.Д-ын цусанд этилийн спирт илэрсэнгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 110/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаартай “Шинжилгээнд авсан Б.Д-ын ходоодны агууламжид этилийн спирт илэрсэнгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/,

Талийгаач Б.Д-ын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 150/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 686 дугаартай “П.Н-гийн биед тархины дунд зэргийн няцрал, цээж бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. П.Н-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 154/,

П.Н нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 3050 дугаартай өвчний түүх /1-р хх-ийн 156-165/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 685 дугаартай “Х.Д-гийн биед тархины дунд зэргийн няцрал, цээж бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал, баруун талын 3 хавиргын хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн бага хэмжээний уушгины эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Х.Д-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 168/,

Х.Д нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 3056 дугаартай өвчний түүх /1-р хх-ийн 170-177/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд компьютер томографийн оношилгоо хийлгэсэн, “Гран мед” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай баримтууд /1-р хх-ийн 178-188/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 682 дугаартай “Г.Д-ийн биед хүзүүний 6, 7 дугаар нугаламын хугарал мултрал, нугацсны бүрэн гэмтэл, 4 мөчний саажилт, хүзүүний 6, 7 дугаар нугаламд хийсэн хагалгааны дараах байдал, хуйхны шарх, баруун гарын шуу, сарвуу, зүүн тавхайн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.7-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Г.Д-ийн биед учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварыг бүрэн алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 213/,

Г.Д нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 3055 дугаартай өвчний түүх /1-р хх-ийн 215-221/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Иргэн П.Н-гийн жолоодож явсан, иргэн Г.Д-ийн эзэмшлийн Тоёота клугер маркийн 26-54 СЭА улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашины зах зээлийн үнэ нь 19.000.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 228-229/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 684 дугаартай “П.О-ын биед хавсарсан гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, зүүн тал бөмбөлгийн тархины эд доторх цусан хураа, цээж дарагдал, зүүн талын хавиргуудын хугарал, уушги няцрал, аарцаг ясны битүү хугарал, биеийн ерөнхий доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12, 3.3.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. П.О-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 234-235/,

П.О нь “Манал оточ” гэмтлийн эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, “Мед траума” эмнэлэгт тус тус хэвтэж эмчлүүлсэн тухай баримтууд /1-р хх-ийн 237-250/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 3052 дугаартай өвчний түүх /2-р хх-ийн 1-27/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 683 дугаартай “Ц.Ц-гийн биед аарцгийн ар хэсгийн хугарал, бүсэлхийн нугаламуудын сэртэнгийн хугарал, тархины дунд зэргийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Ц.Ц-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 31/,

Ц.Ц нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн оношилгоо хийлгэсэн тухай баримт, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 3051 дугаартай өвчний түүх /2-р хх-ийн 33-48/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /1-р хх-ийн 7-15/,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “Тоёота клугер маркийн 26-54 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 190-194/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Үнэнболдын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай “Тоёота клугер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн. П.Н нь жолоодох эрхийн үнэмлэхтэй, нэгдсэн сангаас шүүж үзэхэд үнэмлэх нь хүчинтэй гэсэн төлөвтэй байна, 658701 дугаартай жолоочийн үнэмлэхтэй, В ангиллын жолооч, 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр жолооч болсон гэсэн мэдээлэл байна. Тоёота клугер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэгт заасныг зөрчсөнөөс уг зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 202/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч П.Н-гийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт 26-54 СЭА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота клугер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, ослын улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Д, Ц.Ц, П.О нарын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн Х.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, иргэн Б.Д-ын амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Б.Д нь гавал тархины ил гэмтлийн улмаас шууд нас барсан, хохирогч Х.Д-гийн биед тархины дунд зэргийн няцрал, цээж бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал, баруун талын 3 хавиргын хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн бага хэмжээний уушгины эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч П.О-ын биед хавсарсан гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, зүүн тал бөмбөлгийн тархины эд доторх цусан хураа, цээж дарагдал, зүүн талын хавиргуудын хугарал, уушги няцрал, аарцаг ясны битүү хугарал, биеийн ерөнхий доргилт бүхий хүнд гэмтэл, Ц.Ц-гийн биед аарцгийн ар хэсгийн хугарал, бүсэлхийн нугаламуудын сэртэнгийн хугарал, тархины дунд зэргийн няцрал бүхий хүнд гэмтэл, Г.Д-ийн биед хүзүүний 6, 7 дугаар нугаламын хугарал мултрал, нугацсны бүрэн гэмтэл, 4 мөчний саажилт, хүзүүний 6, 7 дугаар нугаламд хийсэн хагалгааны дараах байдал, хуйхны шарх, баруун гарын шуу, сарвуу, зүүн тавхайн зулгаралт бүхий хүнд гэмтэл тус тус учирсан ба хохирогч Х.Д, П.О нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59, 72-73/, “гомдол саналгүй, шүүх хуралдаанд өөрийн биеэр очиж чадахгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх шүүхэд гаргасан өргөдөл /2-р хх-ийн 220-221/-өөр тус тус нотлогдож байна.

Харин хохирогч Ц.Ц нь эмчилгээний зардал 4.619.200 төгрөг, хохирогч Г.Д нь эмчилгээний зардал болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 26.675.699 төгрөг, хохирогч Б.О нь оршуулгын зардал 5.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс нэхэмжилж холбогдох баримтыг мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд гаргаж өгчээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Шүүгдэгч П.Н нь хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, иргэний нэхэмжлэлийн үндэслэл, хэмжээний талаар маргахгүй байна.

Гэвч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ардчилсан намын хорооноос намын гишүүд дэмжигчид, Ерөнхийлөгчийн тамгын газар, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын холбооноос хандив цуглуулах, хандивын тоглолт зохион байгуулах зэргээр мөнгө цуглуулж, шүүгдэгч П.Н-д 800.000 төгрөг, хохирогч Х.Д-д 1.950.000 төгрөг, хохирогч П.О-д 4.635.000 төгрөг, хохирогч Ц.Ц-д 2.175.000 төгрөг, хохирогч Г.Д-т 4.125.000 төгрөг, талийгаачийн ажил явдалд 250.000 төгрөгийн тусламж үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Б.И-ийн “...нийт 14.082.500 төгрөг цугласнаас талийгаачийн ажил явдалд 250.000 төгрөг, П.О-ын эмчилгээний зардалд 4.635.000 төгрөг, Г.Д-ийн эмчилгээний зардалд 3.625.000 төгрөг, Ц.Ц-гийн эмчилгээний зардалд 2.175.000 төгрөг, Х.Д-гийн эмчилгээний зардалд 1.950.000 төгрөг, П.Н-гийн эмчилгээний зардалд 800.000 төгрөг тус тус өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ардчилсан намын хорооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 224/, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 016 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 225/ зэргээр тус тус нотлогдож байх тул хохирогч нарт учирсан хохирлоос дээрх хэмжээний төлбөр барагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 Иймд хохирогч Ц.Ц-гийн 4.619.200 төгрөгийн нэхэмжлэлээс 2.175.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 2.444.200 төгрөгийг, хохирогч Б.О-ын 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс 250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 4.750.000 төгрөгийг, хохирогч Г.Д-ийн 26.675.699 төгрөгийн нэхэмжлэлээс 4.125.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 22.550.699 төгрөгийг тус тус шүүгдэгч П.Н-гаас гаргуулах нь зүйтэй байна.

Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч П.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч П.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирогч Ц.Ц-д 2.444.200 төгрөг, Б.О-т 4.750.000 төгрөг, Г.Д-т 22.550.699 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж, хохирогч нартай эвлэрсэн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт /2-р хх-ийн 234/-аар тус тус нотлогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч П.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч П.Н-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулах зорилгоор тэнссэн хугацаанд хохирогч нарт учирсан хохирол болох хохирогч Ц.Ц-д 2.444.200 төгрөг, Б.О-т 4.750.000 төгрөг, Г.Д-т 22.550.699 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах үүргийг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг заавал оногдуулахаар заажээ.

Иймд шүүгдэгч П.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хувийн сууц, гарааш зэрэг нь П.Б, П.Н, Б.А нарын дундын өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр, тээврийн хэрэгсэл нь П.Н-гийн өмч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байх тул хувийн сууц, гарааш зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар П.Н-д тэнссэн хугацаанд хохирогч Ц.Ц-д учирсан 2.444.200 төгрөгийн хохирол, хохирогч Б.О-т учирсан 4.750.000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Д-т учирсан 22.550.699 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулах үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Н-гаас 29.744.899 /хорин есөн сая долоон зуун дөчин дөрвөн мянга найман зуун ерэн ес/ төгрөг гаргуулж, 22.550.699 /хорих хоёр сая таван зуун тавин мянга зургаан зуун ерэн ес/ төгрөгийг хохирогч Г.Д-т, 2.444.200 /хоёр сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг хохирогч Ц.Ц-д, 4.750.000 /дөрвөн сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Б.О-т тус тус олгож, хохирогч Г.Д-ийн 4.125.000 /дөрвөн сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийн, Ц.Ц-гийн 2.175.000 /хоёр сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийн, Б.О-ын 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй ба хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч П.Н-гийн эзэмшлийн хувийн сууц, гарааш, 30-38 СЭА улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 54 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Нд оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

10. Хэргийн хамт ирсэн П.Н-гийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР