| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0008/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 14
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Гид холбогдох эрүүгийн 1818008310541 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б.Г /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэрбие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн нь шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт баг, Тосгон 1-04 тоотод иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн хэсэг, хүзүүний баруун доод хэсгийн хатгагдсан шарх, ойролцоох булчингийн хэсэгчилсэн тасрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Г-ийн өгсөн: Б.Б-н биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маргаан байхгүй. Хохирол төлбөрт 2.100.000 төгрөг төлсөн. Би сарын 900.000 гаруй төгрөгийн цалинтай гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Б.Б-н өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой Б.Г, Г.Ш, Э.У, Б.О нартай Б.Г-ийн гэрт шар айраг уусан. Би Э.Утай шар айраг нэмж авахаар гарсан хойгуур Б.Г нь эхнэр Г.Ш-ыг надтай хардаж зодсон байхаар нь би “юу болсон юм бэ?” гээд Б.Г-ийг сууж байхад нь суганаас нь татаад босгох гэхэд Б.Г босож ирээд намайг заамдсан. Тэгэхээр нь би бас Б.Г-ийг заамдсан. Тэгтэл миний хүзүүний баруун талд халуун зүйл мэдрэгдэхээр нь гайхаад түүний гар руу харахад Б.Г хутга барьчихсан байсан бөгөөд миний цээжний зүүн дээд хэсэг буюу зүрхний дээд хэсэг рүү хутгалсан. Тэгэхээр нь би Б.Г-ийг түлхсэн... Би эмчилгээний зардалд 2.130.000 төгрөгийг Б.Гоос нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/,
Гэрч Г.Ш-ын өгсөн: ...Би Б.Б гэх залууд “манай нөхөр намайг чамтай хардаад цохичихлоо” гэж хэлэхэд Б.Б “чи яагаад хардаад байгаа юм бэ?” гээд манай нөхөр Б.Г-той барилцаад авсан. Тэгээд Б.Б нь манай нөхрийн хоолойг боогоод хоёулаа газар унасан. Би цагдаа дуудахаар гэрээсээ гарсан. Тэгтэл Э.У “хутгалчихсан байна шүү дээ” гээд орилохоор нь би гэртээ буцаж орсон. Намайг гэртээ ороход манай нөхөр гал тогооны өрөөнд сандал дээр сууж байсан ба фудболк нь цус болчихсон байсан. Э.У нь “чи яагаад хүн хутгалж байгаа юм бэ? Мэдрэл муутай юм уу” гээд хажууд нь зогсож байсан. Б.Б манай гэрээс гараад явчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40/,
Гэрч Э.У-ын өгсөн: ...Тэгсэн Б.Б “чи яаж байгаа юм бэ?” гээд Б.Г-ийг боогоод тэр 2 хамт газарт унасан. Тэр 2 ноцолдох үед манай хүүхэд уйлахаар нь би том өрөө рүү дагуулж ороод аргадаад буцаад гал тогооны өрөө рүү ороход Г.Ш хүүхдээ аваад гарчихсан байсан. Харин Б.Г, Б.Б нар үүдний амбаарт ноцолдож байсан бөгөөд Б.Б нь “энэ намайг дүрээд байна шүү дээ” гэж хэлэхээр нь би “юугаар дүрээд байгаа юм бэ?” гэж асуухад Б.Б “хутгаар” гэж хэлсэн. Тэгээд би Б.Г-ийн гар луу нь харахад баруун гарт нь цагаан өнгөтэй хутга харагдахаар нь хутгыг нь булааж аваад шидсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 41/,
Гэрч Б.О-ийн өгсөн: Б.Г, Г.Ш, Э.У, Б.Б бид 5 шар айраг ууж байгаад Э.У, Б.Б нар нэмж шар айраг авахаар гарсан. Тэгтэл Б.Г нь эхнэр Г.Ш-ыг Б.Б-тай хардаад хэрэлдэж маргалдаад эхнэрийнхээ нүүр лүү цохих шиг болсон. Тэгэхээр нь би айгаад гэр лүүгээ явчихсан. Би гэртээ хариад Э.У руу яриад Б.Г, Г.Ш нар хоорондоо маргалдаад үлдсэн шүү гэж хэлэхэд Э.У “за за би одоо очлоо” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би нэлээн согтсон. Нэг мэдэхэд би гэртээ эхнэр Г.Ш-тай маргалдаад түүнийг Б.Б гэх залуутай хардаад хэрэлдээд байсныг санаж байна. Тэгээд Б.Б миний хоолойг боочихсон байсан бөгөөд би хаанаас гэдгийг мэдэхгүй хутга авчихсан, хүн хутгалчихлаа шүү дээ гэх эмэгтэй хүний хоолой сонсогдоод байсан гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,
Б.Б нь 2018.10.25-нд цээж болон хүзүү орчим шархны үлдэц оношоор гэмтлийн тасагт хэвтэж, үрэвслийн эсрэг эмчилгээ боолт хийгдсэн... гэх тэмдэглэл бүхий амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 44/,
Б.Б-н цээжний зүүн талд хөхний хэсэгт 1.5 см, хүзүүний ар, доод нурууны дээд хэсэгт 2.5 см хатгагдсан шархтай, шарх орчим хавдсан, эмзэглэл ихтэй гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 45/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Б.Б-н биед цээжний зүүн хэсэг, хүзүүний баруун доод хэсгийн хатгагдсан шарх, ойролцоох булчингийн хэсэгчилсэн тасрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-ийн 67/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Г-ийн согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт баг, Тосгон 1-04 тоотод иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн хэсэг, хүзүүний баруун доод хэсгийн хатгагдсан шарх, ойролцоох булчингийн хэсэгчилсэн тасрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ийн биед цээжний зүүн хэсэг, хүзүүний баруун доод хэсгийн хатгагдсан шарх, ойролцоох булчингийн хэсэгчилсэн тасрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 2.130.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б-н ........ тоот дансанд Б.Г-ийн ........ тоот данснаас 2.130.000 төгрөгийг шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 89/-аар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Г нь бусдад төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Г нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол болон шүүгчийн захирамжийн хуулбараар нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Б.Г нь ............-аар ажилладаг, сарын 1.350.000 төгрөгийн цалинтай болох нь хэрэгт авагдсан “.........” байгууллагын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 73/1318 дугаартай албан бичиг /хх-ийн 84/, ......... дугаартай нийгмийн даатгалын дэвтэр /хх-ийн 88/ зэргээр нотлогдож байх тул улсын яллагчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч Б.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан нь торгох ялыг даруй, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй ялтны эдийн засгийн байдлыг харгалзан гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр боломж олгож буй зохицуулалт юм.
Шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн иштэй, ажлын хэсэг 11 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн иштэй, ажлын хэсэг 11 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР