| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0012/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | 166/2019/0012/Э |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 15
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Т.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт Т.Шд холбогдох эрүүгийн 1818008280550 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М овогт Т.Ш /РД: /, Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, баяжуулалтын металлургийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь Т.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Ш нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БСБ” төвийн урд талд, тухайн нутаг дэвсгэрт хэв журам сахиулах шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж дуудлагаар очсон Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн цохиж биед нь зүүн нүдний зовхины цус хуралт үүсгэсэн болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...Т.Ш гэж залуу нь таксинаас бууж ирсэн залууг унагаагаад нүүр лүү нь цохисон байхаар нь Т.Ш-г эрүүлжүүлэх гээд шаардлага тавихад эсэргүүцэж миний нүүр лүү цохисон. Бас Б.Б-ы хантаазнаас татаад урах шиг болсон гэх хохирогч Б.Б-ы мэдүүлэг /хх-ийн 4/,
- ...Т.Ш гэх залуу ахлагч Б.Б-ы нүүр рүү гараараа нэг удаа цохисон гэх гэрч Б.Д-ын мэдүүлэг /хх-ийн 6/
- ...Т.Ш намайг цохих гэж байсан уу яасан юм шууд ирээд цохисон чинь надтай юм яриад зогсож байсан цагдаагийн нүүрлүү нь цохисон... гэх гэрч Э.Н-ын мэдүүлэг /хх-ийн 8/,
- ...Тэгж байтал тэр Т.Ш гэж залуу ахлагч Б.Б-ы нүд рүү нь цохисон. Тэгэхээр нь Т.Ш-д гав хэрэглэж жижүүрийн машинаар эрүүлжүүлэх байр луу хүргүүлсэн гэх гэрч Б.Б-ы мэдүүлэг /хх-ийн 9/,
- ...би өөрөө нэлээд согтуу байсан болохоор найз Э.Н-тай маргалдахад цагдаагийн алба хаагч салгах үед нь Э.Н-ыг цохих гэж байгаад санамсаргүй байдлаар цагдаагийн алба хаагчийн нүүр лүү нь цохисон. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу дахин ийм зөрчил дутагдал гаргахгүй гэх шүүгдэгч Т.Ш-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23/,
- Б.Б-ы зүүн хацар, шанаа улайж хавдсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 10/,
- Б.Б-ы биед зүүн нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1050 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/,
- Дархан сумын нутаг дэвсгэрт 2018.10.15-аас 2018.10.21-ний өдрүүдэд ажиллах хэв журам сахиулах шөнийн эргүүлийн хуваарийн хуулбар /хх-ийн 15/,
- Эргүүлийн мэдээний дэвтрийн хуулбар /хх-ийн 16-17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Ш-гийн үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ы биед зүүн нүдний зовхины цус хуралт үүссэн бөгөөд хохирогч нь санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Б.Бы бичсэн “...санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх баримт /хх-ийн 70/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Ш-гийн согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БСБ” төвийн урд талд, тухайн нутаг дэвсгэрт хэв журам сахиулах шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж дуудлагаар очсон Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Б-ы шаардлагыг эсэргүүцэж, нүүр лүү нь цохиж биед нь зүүн нүдний зовхины цус хуралт үүсгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Ш нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Т.Ш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “.......................” ТӨХК-д ............ ажилтай болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/, “................” ТӨХК-ий 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/002 дугаартай албан бичиг /хх-ийн 53/-ээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Ш-г дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Т.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Т.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Ш нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР