| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0013/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 19
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Хохирогч Х.Х,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Цэрэнбат,
Шүүгдэгч Б.Б, Н.А, Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар шүүгдэгч Х овогт Б.Б, Х овогт Н.А, О овогт Х.Б нарт холбогдох эрүүгийн 1818000000496 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Х овогт Б.Б /РД: /, Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол улсын иргэн, Х овогт Н.А /РД: /, Булган аймгийн Орхон суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
3. Монгол улсын иргэн, О овогт Х.Б /РД: /, Завхан аймгийн Сант маргаз суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Б.Б, Н.А, Х.Б нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б, Н.А, Х.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Нэгүл” зочид буудлын 206 тоот өрөөнд хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Х.Х-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун шилбэ ясны цууралт, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Б-ын өгсөн: ...Н.А, Х.Б, хохирогч Х.Х, Э.Н бид хэд байж байхдаа би “миний утсыг хайгаад өг” гэхэд Х.Х нь “би чиний утсыг авсан юм уу?” гээд надтай заамдалцаад авсан. Тэгтэл Э.Н тэр хавийн бүх зүйлийг хагалж хэмхэлсэн. Зочид буудлын өрөөнөөс гараад гадаа Н.А, хохирогч Х.Х нарыг салгах гээд хохирогчийг хэд цохисон гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.А-ийн өгсөн: ...Хохирогч Х.Х-ыг “зүгээр гар утсыг хайгаад өг гэж байхад яагаад байгаа юм бэ?” гээд муудалцсан. Гадаа хохирогчийг хэд хэдэн удаа цохиод салсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Б-ийн өгсөн: ...Н.А хохирогчтой барилцаж аваад хохирогчийг унагаахаар нь салгасан. Энэ хоёр барилцаад салахгүй болохоор нь гар луу нь нэг цохисон. Хохирогч цаашаа гүйгээд явсан... гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Х-ын өгсөн: Надтай шүүгдэгч нар танилцаад хамт архи ууж байгаад гар утас хулгай хийлээ гээд зодож эхэлсэн. Намайг ариун цэврийн өрөө рүү дагуулж ороод 2-3 удаа цохисон. Түүнээс хойш гадаа юу болсон талаар сайн санахгүй байгаа. Одоо гомдол санал байгаа. Өөрийн биеэр хохирсон. Тухайн үед шүүгдэгч нар нь намайг үхсэн мэт хаясанд гомдолтой. Би хувцас хунар бие эрхтнээрээ хохирсон гээд 5 сая төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч Э.Н-ын өгсөн: ...Х.Х, Х.Б, Н.А, Б.Б нартай “Нэгүл” зочид буудалд архи, шар айраг уугаад би согтоод тасраад унтчихсан байсан. Өглөө нь зочид буудалд ганцаараа сэрсэн. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х.Х-тай утсаар ярихад “чи хамт байсан хүмүүсээ дуудаад өгөөч. Би тэр хүмүүст чинь зодуулсан. Хөлөө хөлдөөгөөд эмнэлэгт үзүүлж байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч Б.Ш-ын өгсөн: ...Э.Н өөрийн нэрээр 206 тоот өрөөг хоногийн төлбөрийг төлөөд орсон. Тэр өрөөнд нийт 5 хүн орсон. Тэд нар өрөөндөө маргалдаад зодолдохоор нь зочид буудлаас гаргасан. ...Х.Х гэх залууг бүдүүн залуу нь гараараа 2 удаа цохиход Х.Х нь газарт унасан. Тэгэхэд улаан куртиктэй болон үүргэвч үүрсэн, саравчтай малгайтай залуучууд нь Х.Х-ын хөл, гар луу нь олон удаа өшиглөж байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Гэрч М.Г-ийн өгсөн: ...206 тоот өрөөний залуус хоорондоо зодолдсон бололтой Х.Х гэх залуугийн хамраас нь цус гарчихсан, найз нь бололтой бүдүүн залуу нь заамдаад хана руу шахчихсан байдалтай байсан. Тэгээд тэр залуучууд дахин зодолдохгүй гэхээр нь би өрөөнөөс нь гарсан. Тэгтэл дахин хүмүүс зодолдох чимээ гарахаар нь 206 тоот өрөөнд дахин очтол бүдүүн залуу нь Х.Х-ыг ариун цэврийн өрөөнд дагуулаад орчихсон, улаан өнгийн куртиктэй залуу нь “чи хаалгаа тайлаач ээ, хүн аллаа шүү дээ” гээд байсан. Тэгэхээр нь би цахилгаан бороохойгоо ажиллуулаад “би хамгаалагч байна. Хүн хоёрхон минутад үхдэг юм. Чи наад хаалгаа тайл” гэхэд бүдүүн залуу нь Х.Х гэх залууг гараараа сугадаад, хүзүүг нь гараараа ороочихсон байдалтай хаалгаа тайлсан. Тэгээд тэдгээр хүмүүсийг би өрөөнөөс гаргасан. ...улаан өнгийн куртиктэй залуу нь Х.Х-ыг дагуулаад зочил буудлын хашааны үүдэнд найз нар дээрээ очиход бүдүүн залуу нь Х.Хыг нэг удаа цохиод унагаахад нөгөө 4 залуу нь тал талаас нь Х.Х-ыг өшиглөөд байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Гэрч А.А-ийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 21:30 цагийн үед манай гэрт саарал өнгийн юүдэнтэй цамцтай, жинсэн өмдтэй, гуталгүй, оймстой, нүүрнийх нь баруун шанаа орчим нь хөхөрч хавдсан, нүүр нь битүү цус болчихсон, зүүн хөлийнх нь өлмий, өсгий, шагай хэсгээс нь цус гарчихсан, нэлээн чичирч даарсан, бага зэргийн согтолттой, 25 орчим насны залуу “амь авраарай, намайг гэртээ оруулаач, би хөлдөж үхлээ” гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би “хүүе чи энэ цоожтой хашааны хаанаас ороод ирэв ээ” гээд түүнийг гаргасан. Тэгтэл 23:25 цагийн үед дахиад нөгөө залуу “амь авар, ээжтэй утсаар яриулаад өгөөч” гэхээр нь ээжтэй нь утсаар яриулсан. Ээж нь “Дарханд байдаг манай нутгийн хүн Б.М-ыг дуудчих” гэхээр нь Б.М гэх хүнтэй яриад тэр залууг хүлээлгэж өгсөн. Тухайн залуугаас юу болсон талаар асуухад “Нэгүл гэдэг зочид буудалд найз нартайгаа архи ууж байгаад маргалдаад тухайн зочил буудлын гадна 3 найздаа зодуулсан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Гэрч Б.М-ын өгсөн: ...Х.Х-ыг авахаар “Шүтэн уул” оёдлын үйлдвэрийн манаач айлынд очиход Х.Х-ын жинсэн өмдний салтаа урагдсан, юүдэнтэй саарал цамц нь цус болчихсон, гуталгүй байж байсан. Х.Х-аас юу болсон талаар асуухад “Нэгүл зочид буудалд ногоо хураалтын ажил хийж байхдаа танилцсан Э.Н болон түүний 3 найзтай архи уугаад маргалдсан. Тэр 3 залуу нь намайг зодохоор нь зугтаад энэ айлд ирсэн” гэж хэлсэн. Маргааш нь “нэгүл” зочид буудалд очиж хамгаалагч болон хүлээн авагч ажилтантай уулзаж юу болсон талаар асуухад “танай дүүг найзууд нийлээд хашааны гадна зодоод байсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
...Х.Х-ын зүүн гуя урд хэсэг, зүүн өвдөг хэсгүүдэд хөхөрсөн, баруун шилбээр хавдартай, 2 тавхайн хэсэгт бага зэрэг улайсан... гэх тэмдэглэл бүхий амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 29-30/,
Дархан-уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1093 дугаартай “Х.Х-ын биед баруун шилбэ ясны цууралт, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу унаж цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/,
“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Х.Х-ын шинэвтэр жордан пүүз 1 хос, хуучин куртик 1 ширхэг, шинэвтэр жинсэн өмд 1 ширхэг, шинэвтэр цамц 1 ширхэг, шинэвтэр нокиа 3310 загварын гар утас ширхэг зэрэг нь нийт 630.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б, Н.А, Х.Б нарын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Нэгүл” зочид буудлын 206 тоот өрөөнд хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Х.Х-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун шилбэ ясны цууралт, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Х-ын биед баруун шилбэ ясны цууралт, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, мөн хэрэг учрал болсон цаг хугацаанд хохирогч өөрийн өмсөж явсан жордан пүүз 1 хос, хуучин куртик 1 ширхэг, шинэвтэр жинсэн өмд 1 ширхэг, шинэвтэр цамц 1 ширхэг, шинэвтэр нокиа 3310 загварын гар утас зэрэг 630.000 төгрөгийн эд зүйлээ хаяж үрэгдүүлсэн болох нь тогтоогдож байна.
Хохирогч Х.Х нь эмчилгээний зардал, хохирол төлбөрт 5.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нар нь хохирол төлбөрт 730.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Х.Х-ын “миний бие 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н.А, Б.Б, Х.Б нараас хохирлын 630.000 төгрөгийг өөрийн ээж Г.Э-ээр дамжуулан хүлээн авлаа” гэх тодорхойлолт /хх-ийн 96/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн “...шүүгдэгч Б.Б, Н.А, Х.Б нар нь хохирогч Х.Х-д 100.000 төгрөгийн хохирол төлсөн...” гэх баримт/хх-ийн 123/-аар тус тус нотлогдож байна.
Хохирогч Х.Х нь эмчилгээтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хохирлын тооцоог бүрэн хийх боломжгүй байх тул түүний 4.270.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б, Н.А, Х.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Б, Н.А, Х.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаснуудаар нотлогдож байгаа ба хохирогч Х.Х нь 21 нас хүрээгүй хүн болох шүүгдэгч Б.Б, Н.А, Х.Б нартай архи согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдэл нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Иймд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 730.000 төгрөг нөхөн төлсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч Н.А-ийг 600 нэгж, шүүгдэгч Б.Б, Х.Б нарыг тус тус 500 нэгжээр торгох санал гаргасан, хохирогчийн өмгөөлөгч нь шүүгдэгч нар нь ажил эрхэлдэггүй учир улсын яллагчийн торгох ялын саналыг дэмжээгүй ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нарыг 450 нэгжээр торгож өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Б.Б, Н.А, Х.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй тул тэдний бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Б, Х овогт Н.А, О овогт Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Н.А, Х.Б нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, Н.А, Х.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Хохирогчийн 4.270.000 /дөрвөн сая хоёр зуун далан мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлэхгүй орхиж, иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Н.А, Х.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР