Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01223

 

 

 

  

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01223

 

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/01139 дугаар шийдвэртэй, Н.Б-ийн нэхэмжлэлтэй Н-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00540 дугаар шийдвэрээр Н.Б-ээс 530,867,242 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, улсын бүртгэлийн Ү-220601**** дугаартай, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, О хотхон, Туул гол гудамж, ** дүгээр байр, ** тоотод байрлах, 126,23 м.кв талбайтай, ** өрөө орон сууцыг 354,100,000 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл тухайн орон сууцны зах зээлийн ханш 570-630 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа ба үнэлгээчин хэтэрхий бага үнээр үнэлгээ тогтоосонд гомдолтой байна. Адил төрлийн үл хөдлөх эд хөрөнгө хэдэн төгрөгөөр худалдан борлогдож байгааг судлаагүй байна. Намайг гэртээ байхгүй үед шийдвэр гүйцэтгэгч хүүхдүүдэд үнэлгээний тайланг үлдээсэн байна.

Иймд улсын бүртгэлийн Ү-220601**** дугаартай, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, О хотхон, Туул гол гудамж, ** дүгээр байр, ** тоотод байрлах, 126,23 м.кв талбайтай, ** өрөө орон сууцыг 354,100,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 540 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 782 дугаар магадлалаар Н.Б-ээс 533,749,728 төгрөгийг гаргуулж Б.О-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Н.Б-т төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, иргэн Д.Батбилэгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаартай, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, О хотхон /17041/, Туул гол гудамж, ** дүгээр байр, ** тоотод байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22410530/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22410530/02 тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахаар Н.Б-ийн оршин суух хаяг руу баталгаат шуудангаар мэдэгдэл хүргүүлэхэд Зах зээлийн ханшийг мэдэхгүй тул шинжээчээр тогтоолгох хүсэлтэй байна гэсэн хүсэлтээ и-мэйлээр ирүүлсэн. Тухайн байрны өмчлөгч Д.Б 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4-97/24012 тоот мэдэгдлийг биечлэн гардуулахад үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч талд танилцуулахад хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Иймд тус албаны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/471 дүгээр шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээчин О.Б-ийг томилж, зах зээлийн үнийг тогтоолгоход төлбөр төлөгч Н.Б-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 354,100,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээний талаарх мэдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4-97/209, 4-97/210 тоот мэдэгдлийг талуудад биечлэн болон хаягаар нь өгснийг тэмдэглэлээр баталгаажуулсан.

Төлбөр төлөгч нь тус шүүхэд дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч өөрийн эд хөрөнгө нь үүнээс илүү үнэ ханштай болохыг нотлох ямар нэгэн баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч Н-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2023/03241 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэр гарахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Шүүх хуралдааны товыг өмгөөлөгч Д.Т-т мэдэгдээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хэрэгтэй танилцаагүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүй, шүүх хуралдааныг хийж шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралд оролцсон болон оролцоогүй талаарх дүгнэлт хийгээгүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигыг ноцтой зөрчин шүүхийн шийдвэр гаргасан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б өөрийн биеэр оролцсон. Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд Д.Баясгаланг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон бөгөөд Д.Баясгалан нь тус шүүх хуралдаанд нотлох баримттай танилцах хүсэлт гаргаж, мөн шүүх хуралдааныг хойшлуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөр Д.Төмөрбаатарыг оролцуулах хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг ч удаа оролцоогүй талаар дурдсан байдаг.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Н-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаартай, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, О хотхон, Туул гол гудамж, ** дүгээр байр, ** тоотод байрлах, 126.23 м.кв талбай бүхий ** өрөө орон сууцыг 354,100,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тухайн орон сууцны зах зээлийн ханш 570,000,000-630,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байхад хэтэрхий багаар үнэлсэн гэж тодорхойлсон бол хариуцагч татгалзлын үндэслэлээ эд хөрөнгө нь үнэлгээнээс илүү үнэ ханштай болохыг нотолсон баримтыг ирүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.

 3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04ий өдрийн 183/ШШ2022/00540 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Н.Б-ээс 530,867,242 төгрөгийг гаргуулж төлбөр авагч Г ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 782 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан 4 өрөө орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр битүүмжилж хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ.

4.1. Улмаар хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Н.Б-ээс үнийн санал авахаар албан бичиг хүргүүлсэн боловч шинжээчээр үнэлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу 2022 оны 12 дугаар сарын 27ы өдөр В ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ.

4.2. Шинжээч В ХХК-ийн үнэлгээчин О.Б нь Сангийн сайдаас олгосон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх, үүргийг нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тайлбарлан танилцуулсан байна. Шинжээчээр томилогдсон В ХХК, үнэлгээчин О.Б нь үнэлгээний тайландаа үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг бүрэн тусгаж /зориулалт, байршил, хэмжээ, шинж байдал г.м/, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх тул үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. Шинжээч нь үнэлгээний тайландаа үнэлэгдэж буй орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн гэж тусгасан байх тул шинжээч зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Н.Б нь миний хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт багаар үнэлсэн, ийм орон сууц 530,000,000-670,000,000 төгрөгийн ханштай гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүй байна.

 5. Нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулаагүй, өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16:30 цаг хүртэл хойшлуулсан байна. Хэргийн оролцогч болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхээр нь шүүх хангасан байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т-т шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд Хуралтай байна, би оролцохгүй гэсэн хариу өгсөн байх /хэргийн 71 тал/ тул шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг, 118.4 дэх хэсэгт зааснаар үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай тус тус заана.

Шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д нар оролцсон талаар заасан ба хуулийн дээрх зохицуулалтаар шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцсон эсэх талаар дүгнэлт хийхийг заагаагүй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/01139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН