| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0018/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 22
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Д.О-т холбогдох эрүүгийн 1818008710578 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х овогт Д.О /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн нь Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Г.Г-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зүүн чихний гэдсийг хазаж таслан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэгэхээр нь би хэсэг харж зогсож байгаад хоёр эрэгтэй хүнийг салгаж дийлэхгүй юм чинь гэж бодоод буцаад гэртээ орсон. Удалгүй Г.Г зүүн чихнээс нь цус гарсан байдалтай, гартаа чихний хэлтэрхийгээ бариад орж ирээд миний чихийг тас хазчихаад зугтаачихлаа гэж хэлсэн.
...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23/,
- ...Г.Г миний нүүр лүү нэг удаа цохиод авсан. Дахиад цохихоор нь би гарыг нь холдуулаад цааш нь түлхсэн чинь миний гарыг татаж газарт унагаасан. Г.Г нь миний гарын долоовор хуруунаас хазаад тавихгүй байхаар нь толгойг нь арагш нь татсан. Тэгэхэд бүр чанга хазахаар нь би тэсэхгүй Г.Гийн чихнээс нь хазаад тасалсан юм... гэх шүүгдэгч Д.О-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11/,
- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан чихний хэлтэрхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-ид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20/,
- Г.Г-ийн биед зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хазах үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1136 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.О-ын үйлдлийн улмаас хохирогч Г.Гийн зүүн чихэнд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барж, түүний хууль ёсны төлөөлөгчөөр эхнэр С.Т-ийг тогтоосон болох нь Г.Г-ийн нас барсан гэрчилгээний хуулбар /хх-ийн 41/, Г.Г, С.Т нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 40/, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, С.Т-ийн бичсэн ...Д.О нь миний хохирлыг барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх өргөдөл /хх-ийн 53/-өөр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Д.О-ын иргэн Г.Г-ийн зүүн чихэнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Д.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул түүний бусад орлого олох боломжийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР