Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/95

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Ням,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ш овгийн Га-ын Б-өд холбогдох эрүүгийн 1827002040098 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

                          Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах дүү нарын хамт Өвөрхангай аймгийн .......... гэх газар оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Ш овгийн Га-ын Б  /РД:.........

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн .......... тоотод оршин суух хохирогч Р.Г-ын нүүрэн тус газарт гараараа цохисоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ийн өгсөн: “...Би гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Тэр өдөр маргаад нүүрэнд нь гэмтэл учруулсандаа харамсаж байна. Иймд хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч Р.Гын өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Өвтийн 4-3 тоотод оршин суух өөрийн гэртээ байж байгаад тус сумын иргэн Г.Б-өд зодуулж биедээ гэмтэл авсан. Хамраас цус гоожиж нүүр нил цус болсон. Миний нүүрэн хэсэгт гэмтэл учирсан. Урьд өдөр нь Д ахынд таараад бага зэрэг маргасан. Гараараа цохиж гэмтээсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би 350.000 төгрөг бэлнээр авсан. Нааш цааш явсан зардал, эмчилгээнд  зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Д.Г-ын өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвд Г.Бтэй таарч рамын дэнжид оршин суух Р.Г гэх айлд орсон юм. Тэгээд хоол болж байсан. Хоол идчихээд сууж байтал Гэндэнсоном, Батмөнх нар маргалдаад байхаар нь би түрүүлээд гэрлүүгээ яваад өгсөн. Тэнд юм болсныг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Д-ын өгсөн: “...Тухайн өдөр манайд гэртээ байж байтал гаднаа Г.Б орж ирсэн. Би гадаа машин засч байгаад гэртээ орж иртэл Р.Г, Г.Б нар байсан. Тэгэхээр нь та нар яагаад манайд овоороод байгаан гээд хөөсөн. Тэгтэл Г.Б надтай маргалдаад гарсан юм. Гадаа юу болсныг мэдээгүй. Маргааш нь буюу 2018.09.21-ний өдөр Г.Б нь Р.Гын гэрт ороод зодсон сураг байсан. Манай гэрт болохоор хөөж туулаа гээд надтай маргалдаад өнгөрсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Ж.С-ийн өгсөн: “...Г.Б нэг танихгүй залуутай орж ирсэн юм. Тэгээд би хоол цай хийж байсан түүнээсээ хийж өгөөд бүгдээрээ идээд сууж байтал манай нөхөртэй Г.Б юунаас болсон юм бүү мэд маргалдаад байсан. Тэгээд хэрүүл хийгээд байхаар нь гэрээсээ хөөж гаргах гэтэл Г.Б манай нөхрийг 2 удаа алгадаад авсан. Нүүрэнд нь гэмтэл учруулсан. Г байгаагүй, түрүүлээд хоол идчихээд гараад явчихсан байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №601 дугаартай дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1, 2 дугаар хуудас/,

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг болно.  

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Өвтийн 4-3 тоотод оршин суух хохирогч Р.Гын гүүрэн тус газарт гараараа цохисоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Р.Г-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас, гэрч Д.Г, Б.Д, Ж.С нарын өгсөн мэдүүлэгүүд /хх-ийн 24, 31, 31 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь гэм буруутай байна, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүх шүүгдэгч Г.Б-өд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав.

 Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:                                                                     

  1. Шүүгдэгч Ш овгийн Г-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г-ын Б-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Б-өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар Г.Б нь 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Г.Б-ийн эзэмшлийн 5 000 000 төгрөгийн үнэ бүхий 07-98 ӨВА улсын дугаартай ....... маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

6.  Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Г-ын Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г-ын Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА