Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 30

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Н.Идэр,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Г.Гд холбогдох эрүүгийн 1718004380130 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Г.Г /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр нь Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, Өнгөт хороолол, 14 дүгээр байр, 1 дүгээр орцонд иргэн Л.Д-гийн дотроо Самсунг эс5 загварын гар утас 1 ширхэг, түрийвч 1 ширхэг, иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, тэтгэврийн дэвтэр 1 ширхэг, голомт банкны хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, худалдаа хөгжлийн банкны виза карт 1 ширхэг, хаан банкны хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, жолоочийн үнэмлэх 1 ширхэг, бэлэн 290.000 төгрөг зэрэг эд зүйл бүхий гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 668.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...байрныхаа орцонд ороод 2 давхарт гарч байтал миний араас дагаж явсан залуу гүйж орж ирээд миний цүнхнээс бариад татсан. Тэгээд би цүнхээ тавихгүй хэсэг зууралдсан. Тэгээд би тэр хүнийг дийлэхгүй байсан тул тэр хүн миний цүнхийг аваад гүйгээд гарсан. Миний цүнхэнд бэлэн 290.000 төгрөг, Самсунг эс5 загварын гар утас, иргэний үнэмлэх, Голомт банкны дэвтэр, худалдаа хөгжлийн банкны дэвтэр, виза картууд, тэтгэврийн дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр зэрэг эд зүйл байсан гэх хохирогч Л.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

- Манай барьцаалан зээлдүүлэх газарт Г овогтой Г, ..... регистрийн дугаартай бичиг баримтаар бор шаргал өнгийн Самсунг Эс5 загварын шинэ гар утсыг 100.000 төгрөгөөр барьцаалсан. Тэр хүн намхан биетэй, дорвогор уруултай, өтгөн хөмсөгтэй, 35-40 орчим насны эрэгтэй хүн байсан гэх гэрч К.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- ...гар цүнх барьсан нэг эгч явж байхаар би цүнхийг нь булаая гэж бодоод араас нь дагасан. Тэр эгч “Өег” гурилын үйлдвэрийн урд талын байрны эхний орц руу яваад орсон. Би араас нь гүйж ороод цүнхийг нь булаагаад гадагшаа гарсан. Цүнх дотор нь Самсунг эс5 загварын гар утас, 10.000 төгрөгийн дэвсгэртээр 200.000 гаруй төгрөг байхаар нь аваад архи ууж, зочид буудалд хоносон гэх шүүгдэгч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 24/,

- “Капитал зууч” 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ХХК-ийн “иргэн Л.Д-гийн эзэмшлийн Самсунг эс5 загварын хуучин гар утас 1 ширхэг 180.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “иргэн Л.Д-гийн эзэмшлийн эмэгтэй хүний хуучин гар цүнх 1 ширхэг, эмэгтэй хүний хуучин түрийвч 1 ширхэг, иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, тэтгэврийн дэвтэр 1 ширхэг, голомт банкны хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, худалдаа хөгжлийн банкны виза карт 1 ширхэг, хаан банкны хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, жолоочийн үнэмлэх 1 ширхэг зэрэг эд зүйл нь 198.500 төгрөг” гэх /хх-ийн 28-29/,

- “Ихэр-Ану” барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан К.Э-гаас Самсунг эс5 загварын бор шаргал өнгийн гэртэй, хар дэлгэцтэй гар утас 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/,

- Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэр, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын гадна талд байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд хохирогч Л.Д нь зүүн гартаа жижиг гар цүнх барьсан байдалтай алхаж байх ба түүний ард богино куртиктэй, малгайгүй, богино үстэй, жижиг биетэй эрэгтэй хүн алхаж байв... гэх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/,

- ...шаргал өнгийн, Самсунг эс5 загварын гар утсыг хохирогч Л.Д-д хүлээлгэн өгөв... гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 123/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Г-ын үйлдлийн улмаас хохирогч Л.Д-д 668.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гар утсаа буцаан авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан “...шаргал өнгийн, Самсунг эс5 загварын гар утсыг хохирогч Л.Дд хүлээлгэн өгөв...” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 123/, хохирогчийн бичсэн “миний бие Г.Г-с 488.500 төгрөгийг хүлээн авлаа. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх баталгаа /хх-ийн 134/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Г-ын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, Өнгөт хороолол, 14 дүгээр байр, 1 дүгээр орцонд иргэн Л.Д-гийн гар цүнхтэй эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 668.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Г.Г урьд 4 удаагийн ял шийтгэлтэй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Г нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байх тул дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь 20 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь 20 /хорь/ цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР