Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 114/2017/0025/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мягмардаш ньМонгол улсын Үндсэн хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийн 5.1.4 дүгээр зүйл 19 дүгээр зүйлийн 19.1.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу Монгол улсын Газрын тухай хуулиар Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багын нутагт гэр бүлийн хэрэгцээнд Хүрээлэн 6-19 тоотод 700 м.кв талбай бүхий газрыг аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/246 тоот захирамжаар өмчилсөн болно. Гэвч шинэ сонгуулийн хүрээнд гарч ирж томилогдсон Засаг дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр А/438 тоот захирамж гаргаж иргэн миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж хуулийн дагуу өмчилсөн газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон байна. Энэ тухай 2016 оны 12 дугаар сарын 16-нд мэдсэн. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нараас 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн     тайлбартаа:    Нэхэмжлэгчийн      итгэмжлэгдсэн       төлөөлөгч    Р.Сүхбаатарын

Documents and Settings\ Захиргаа\Desktop\Шийдвэр.doc

 

нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 дугаар захирамжаар Б.Мягмардашид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн  шаардлагад  дурьдсан  эрх,  хууль  ёсны  ашиг  сонирхол  хөндөгдөж  байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох, мэдэгдэх, хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг явуулаагүйгээр захиргааны шийдвэр гаргасан буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан хуулийн дагуу дахин арга хэмжээг авч ажиллах тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нар нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 дугаар захирамжийн Б.Мягмардашид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

     

                  ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНЧИМЭГ