Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1381

 

 Хын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04625 дугаар шийдвэртэй

 

            НэхэмжлэгчХын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох,

 

15 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

            Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.                                      

 

НэхэмжлэгчХын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Миний бие 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “ХХХ" ХХК-ийг төлөөлөн "Х" ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороонд орших ХХХ орон сууцны ХХ блокт 79.8 м.кв талбай бүхий, 3 өрөөтэй, ХХХ тоот орон сууцыг худалдан авахаар орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Орон сууцны 1 м.кв талбайг 2 255 639 төгрөг буюу нийт 180 000 000 төгрөгийн үнийн дүнтэй байхаар тохиролцсон. Бидний байгуулсан гэрээний 2.4-т төлбөрийг дараах хувиарийн дагуу буюу 53 000 000 төгрөгийг бэлнээр төлөх, үлдэх 127 000 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тусгасан. Үүний дагуу эхний төлбөр 53 000 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр төлсөн. Үлдэгдэл төлбөрт банкны зээл авахын тулд эхнэр маань Худалдаа хөгжлийн банкинд хандахад хүсэж буй хэмжээнд зээл олгох боломжгүй гэсэн. Хэд хэдэн банкинд хандсан боловч зээл бүтээгүй. Би энэ талаар гэрээ байгуулсан “Х" ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер ХХХХХХ, захирал ХХХХХХ нарт удаа дараа мэдэгдэж байсан. 2015 оны 10 сард ХХХХХХ захирал над руу яриад таны захиалсан 2 давхарын 3 өрөө 81.4 м.кв орон сууцыг хүн сонирхоод байна, өөр давхарт орон сууц авах уу гэж асуусан. Тэгэхэд нь миний зээл удахгүй бүтнэ, өөр давхарт авахгүй гэсэн. Хэсэг хугацааны дараа ХХХХХХ захирал яриад зээл бүтсэн эсэхийг асуугаад орон сууцыг чинь зарсан мөнгийг чинь буцааж өгнө, одоохондоо мөнгөгүй байгаа тул хэсэг хугацааны дараа өгнө гэсэн. Миний хувьд тухайн захиалсан байраа л авах сонирхолтой байсан бөгөөд авах гэж байсан байрыг маань зарсан тул больё гэж шийдсэн. Миний захиалсан байр нь 81.4 м.кв талбайтай бөгөөд банкны 0.8 хувийн зээлэнд хамрагдахын тулд гэрээнд байрныхаа талбайг 79.8 м.кв талбайтай гэж тусгасан. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 33 000 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөг тус тус буцаан өгсөн. Үлдэх 15 000 000 төгрөгийг торгуульд тооцон авна гээд өгөхгүй байгаа. Иймд үлдэгдэл 15 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХ" ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт:

“ХХХ" ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. "Х" ХХК нь "ХХХ" ХХК-ийн охин компани бөгөөд толгой компаниас хараат бус тайлан баланс гаргадаг, хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн, бие даасан үйл ажиллагаатай болно.

Компаний тухай хуулийн 6.5, "Х" ХХК-ийн дүрмийн 4.1 дэх заалтуудыг үндэслэн “ХХХ" ХХК-ийг хариуцагчаас хасч өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Х" ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт:

Х нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр "Х" ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг өөрийн сайн дурын үндсэн дээр байгуулсан ба ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороонд орших ХХХ орон сууцны ХХ блокт 81.4 м.кв талбай бүхий, 3 өрөөтэй, ХХХ тоот орон сууцыг худалдан авахаар захиалга өгсөн.Х нь орон сууцны урьдчилгаанд 53 000 000 төгрөг төлөөд үлдэх 127 000 000 төгрөгт нь банкны зээлэнд хамрагдана гэсэн бөгөөд 0.8 хувийн зээлэнд хамрагдахын тулд байрны талбайг 79.8 м.кв гэж гэрээнд тусгасан.Хын худалдан авсан байрны талбай нь 79.8 м.кв биш 81.4 м.кв талбайтай юм.

“ХХХ" ХХК нь ХХХХ хотхоныг барьж ашиглалтанд оруулсан. "Х" ХХК нь "ХХХ" ХХК-ийн охин компани бөгөөд тухайн орон сууцыг борлуулах, зарцуулах эрхтэй. "Х" ХХК нь өөрийнхөө нэрийн өмнөөс гэрээ хийдэг.Хтой байгуулсан гэрээнд тухайн үед "Х" ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан ХХХХХХ баталгаажуулж гарын үсэг зурсан байдаг. Талууд гэрээний бүх заалтыг уншиж танилцан гарын үсэг зурсан. Тухайн үед гэрээ байгуулахдааХ 20 хувийн торгууль хүлээх заалтын талаар маргаж байгаагүй. ХХХХХХ ажлаа хүлээлгэн өгөхдөөХ өөрийн хүсэлтээр гэрээг цуцалж байгаа учир 20 хувийн шимтгэлийг авна гэж хэлээд ажлаа хүлээлгэж өгсөн.

Иргэний хуулийн 232.5-д "Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ" гэж заасан. Энэхүү үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь аливаа гэрээний талуудыг байгуулсан гэрээндээ хариуцлагатай байлгах үүднээс хуульд тусгаж өгсөн зүйл заалт юм. Иймд иргэнХ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйл болон гэрээний 3.2.7 дах заалтад заасны дагуу 20 хувийн торгуулийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Талууд гэрээний 4.3-т давагдашгүй хүчин зүйлийг дараах байдлаар тусгаж тохиролцсон. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гал түймэр, үер, ус, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа, онц болон дайн бүхий байдал бий болох, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх зэрэг гэрээнд заасан үүргээ бүрэн буюу зарим хэсгийг биелүүлж чадаагүй бол талууд хариуцлагаас чөлөөлөгдөнө. ГэтэлХ нь банкны зээл олгохоос татгалзсан хариуг давагдашгүй хүчин зүйл гэж үзэж буй нь хууль болон гэрээ зөрчсөн үйлдэл болж байна. Банк зээл олгохоос татгалзсан нь давагдашгүй хүчин зүйл болон хүндэтгэн үзэх шалтгаан гэж бид үзэхгүй байгаа ба энэ нь хувь хүний өөрийн зохион байгуулалттай холбоотой. Манай компаниХын худалдан авах гэж байсан байрыг бусдад зарсан нь үнэн. Хууль болон гэрээнд заасны дагуу 20 хувийн торгууль буюу 10 600 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага 15 000 000 төгрөгөөс хасч тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч "Х" ХХК-иас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчХод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “ХХХ" ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчХын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчХоос 192 400 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч "Х" ХХК-иас 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчХод олгож,

            Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 19923 дугаартай захирамжаар хариуцагч "Х" ХХК-ийн Хаан банкин дахь төгрөгийн 5063195137 тоот дансыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд энэ захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК давж заалдах гомдолдоо:

Х нь Иргэний хуулийн 232.5 болон гэрээний 3.2.7 дахь заалтад заасны дагуу 20 хувийн торгуулийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний 3.3.1-т зааснаар "Захиалагч тал уг гэрээний 2.4-т заасан төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд захиалагчид энэ тухай 3 удаа сануулсны эцэст гэрээг цуцлах эрхтэй" гэсэн бөгөөд нэхэмжлэгчХод 3-аас дээш удаа утсаар болон мессежээр сануулсан болно.

НэхэмжлэгчХ нь 2016 оны 7-р сарын 07-нд гэрээ байгуулахдаа урьдчилгаа төлбөр болох 53 000 000 төгрөгийг бэлнээр төлж манай харилцагч банкуудын эдийн засагч нартай уулзсаны дараагаар зээл гарахад хүндрэлтэй гэж байна. Иймд төлбөрөө буцаан авья гэсэн хүсэлт гарган төлбөрөө бэлнээр бүрэн авч гэрээ цуцалсан ч 2016 оны 7-р сарын 29-ний өдөр дахин ярьж өөр банкнаас зээл гаргах боломжтой боллоо өмнөх гэрээг шинэчлэе гэсэн. Иймд гэрээний үүргээ биелүүлж чадаагүй нь хувь хүний зохион байгуулалттай холбоотой гэж үзэн Иргэний хуулийн 232.5 болон гэрээний 3.3.1, 3.2.7-д заасны дагуу 20 хувийн торгуулийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна.Х нь энэхүү гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй “Х” ХХК-д хохирол учруулсан байхад анхан шатны шүүх гэрээг цуцалж, гэрээ дуусгавар болсон тул гэрээний үүрэгт торгууль шаардах нь үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн үнийн дүн болох 15 000 000 төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчХод олгохоор шийдвэрлэсэн. Шүүх Иргэний хуулийн 236.1 болон Иргэний хуульд заасан гэрээг цуцлах хэсгийг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож   өгнө үү гэжээ.

                                 

                                                            ХЯНАВАЛ:

 

 Шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

 НэхэмжлэгчХ нь орон сууц худалдан авах зориулалтаар шилжүүлсэн 53 000 000 төгрөгийн үлдэх хэсэг болох 15 000 000 төгрөгийг хариуцагч “ХХХ" ХХК, "Х" ХХК-иас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч гэрээний дагуу торгуульд суутган авна гэж маргажээ.

 

                  Хэрэгт авагдсан баримтуудаар талууд 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, хариуцагч "Х" ХХК ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороонд орших, ХХХ орон сууцны ХХ блокт 81.4 м.кв талбайтай, ХХХ тоотын 3 өрөө орон сууцыг барьж 2015 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд өгөх, худалдан авагч буюу нэхэмжлэгчХ нь орон сууцны үнэ 180 000 000 төгрөгийн 54 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 126 000 000 төгрөгийг банкнаас зээл авч төлөхөөр тохиролцож 53 000 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тус компанийн Хаан банкин дахь 5063195137 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

      Түүнчлэн нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл үнэ 126 000 000 төгрөгийг банкны зээлд хамрагдан төлөхөөр 2015 оны 8-10 дугаар саруудад Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкинд тус тус хандаж байсан, хариуцагч нь нэхэмжлэгчийн худалдан авахаар тохиролцсон орон сууцыг өөр хүнд худалдаж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 33 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөг буцаан өгсөн үйл баримтын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

     Зохигчид орон сууцны үнэ төлөх хугацааг гэрээгээр тохиролцоогүй, гэрээний зүйл бусдын эзэмшил, өмчлөлд шилжсэн байх тул нэхэмжлэгч буюу худалдан авагчийг орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хэтрүүлж гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэхгүйн  зэрэгцээ гэрээний зүйл нь өөр хүний өмчлөл, эзэмшилд шилжсэн нөхцөлд түүний гэрээнээс татгалзах эрхийг нь хязгаарлах хуулийн үндэслэлгүй болно. Шүүх нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн төлбөрийн үлдэгдлийг буцаан олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

 

Хариуцагч тал “урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 15 000 000 төгрөгөөс 10 600 000 төгрөгийг торгуульд суутган авна” гэж тайлбарласан нь үндэслэл муутай байна. Гэрээний 3.2.7 дахь хэсэгт захиалагч гэрээг дангаар зөрчиж, байраа авахгүй тохиолдолд үнийн дүнгийн 20 хувийн төлбөрийг торгуульд төлнө гэж талууд тохиролцсон байх боловч нэхэмжлэгчХ гэрээний үүргийг дангаараа зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Хариуцагч нь захиалагчийн гэрээний үүрэг зөрчсөн гэм бурууг баримтаар нотлоогүй байна.

 

             Шүүх нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьчилгаанд өгсөн мөнгөн хөрөнгөө шаардсан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй орхигдуулсан алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг нь залруулах үндэстэй байна.

 

            Хариуцагч “ХХХ" ХХК-д холбогдох нэхэмжлэлийг талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчХын өмнө гэрээгээр хүлээсэн үүрэггүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.  

 

            Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04625 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.5” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                  ШҮҮГЧИД                              Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                   А.МӨНХЗУЛ