Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 000015

 

Э.Чулуунбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 142/2016/0205/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Шүүгдэгч                                           Э.Чулуунбаатар

            Шүүгдэгч өмгөөлөгч                      Р.Бямбажав

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолтой Э.Чулуунбаатарт холбогдох, 201614000193 дугаартай, эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Чулуунбаатарын  давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн  Шинэ хорооны 19-20 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ГК-92052910 регистрийн дугаартай, Боржигон овогт Энхтөрийн Чулуунбаатар.

 

Шүүгдэгч Э.Чулуунбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн оюутны байрны 12 тоот өрөөнд нэвтэрч Б.Азантунгалагийн “Aser” загварын зөөврийн компьютер, “Sky 820 L” загварын гар утсыг  хулгайлж 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Боржигон овгийн Энхтөрийн Чулуунбаатарыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар Э.Чулуунбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1.д зааснаар шүүгдэгч Э.Чулуунбаатарт оногдуулсан 4 /дөрөв/ сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Э.Чулуунбаатараас 530.000 /таван зуун гучин мянга/ төгрөг гаргаж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Тосгоны 11-22 тоотод оршин суух Түмэн-Өлзийгийн Мөнхзул /РД:ФД70032703, Утас:95364496/-д олгох,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хурагцаа дуусах хүртэл хавсарган үлдээж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Чулуунбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Э.Чулуунбаатар давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Э.Чулуунбаатар нь тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байна.

 

Учир нь би 2016 оны 03 дугаар сарын 28-нд Орхон аймагт байгаагүй бөгөөд надад хулгай хийсэн үйлдэл байхгүй.

 

Би 2012 оноос 2016 оны 06 сар хүртэл Улаанбаатар хотод “Цасада палаза” ХХК-нд оёдолчин хийдэг байсан. Гэтэл хэрэгт байгаа хэн нь мэдэгдэхгүй бичлэгээс болж намайг хорьж байгаад гомдолтой байна. Би Орхон аймагт 2016 оны 06 дугаар сард ирээд одоог хүртэл байна. Улаанбаатар хотод миний ажиллаж байсан “Цасада палаза” ХХК-аас тухайн 3 дугаар сарын миний ирц, цалин хөлс авч байсан болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байсан зэрэг холбогдох материалыг хэрэгт хавсаргуулж өөрийн гэм буруугүй гэдгээ нотлохыг хүсч байна.

 

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол үндэслэлтэй  байх тул хэвээр үлдээх саналтай гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Энхтөрийн Чулуунбаатарыг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн оюутны дотуур байрны 12 тоот өрөөнөөс  Б.Азантунгалагийн “Aser” загварын зөөврийн компьютер, болон “Sky 820 L” загварын гар утасийг хулгайлсан гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг  дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  4 сар баривчлах ялаар шийтгэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл Э.Чулуунбаатар нь сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн байцаалт мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед  өгсөн мэдүүлэгтээ “ ...тухайн үед Улаанбаатар хотод “Цасада палаза” ХХК-нд оёдолчноор ажиллаж байсан..., 2016 оны 03 дугаар сард Эрдэнэт хотод байгаагүй...”  гэж мэдүүлдэг  бөгөөд  / х.хийн 78,80.р хуудас/ түүнийг

 зөвхөн  тухайн үед дотуур байрны хяналтын камерт бичигдсэн этгээдийн дүрс бичлэгийг харж  гэрчийн мэдүүлэг өгсөн гэх шүүгдэгчийн ээж  А.Мэндсайханы        

 

“...надад үзүүлсэн бичлэгт миний хүү Чулуунбаатар мөн юм шиг харагдахаар нь мөн байна гэж мэдүүлэг өгсөн...,тэр хяналтын камерт бичигдсэн эрэгтэй хүн нь миний хүү Чулуунбаатартай адил төстэй байсан...”  гэсэн, /хх-ийн 68-р хуудас/ 

 

гэрч Б.Даваамягмар ...надад харуулсан хяналтын камерын бичлэгт бичигдсэн хүнийг харлаа...,бичлэгт байгаа хүн нь миний хойд ээж Мэндсайханы хүү Чулуунбаатар байна..., Бичлэгт бичигдсэн хүний чих болон явж байгаа явдал зэргээс үзэхэд Чулуунбаатартай “адилхан” байна...,  Чулуунбаатар нь 2016 оны 09 сард цүнхтэй хувцсаа алдчихсан гэж байсан...гэсэн /хх-ийн 67-р хуудас/  мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан  нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл тэдэнд  камерын бичлэг харуулж “...Э.Чулуунбаатар мөн эсэхийг...” асуусан  үйл явцыг гэрчийн мэдүүлэг авсан гэж үзэхээргүй, түүнчлэн тэд  гэмт хэрэг үйлдсэнийг хараагүй, хэргийг нотлоход  хамааралтай байх  баримт гаргаж өгөөгүй байхад “гэрч“ гэж үзэх боломжгүй бөгөөд хэрвээ гэрч гэж үзэж байгаа бол тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тэр нь нотлох баримт болохгүй.

 

Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хяналтын камерын бичлэгт бичигдсэн дүрс нь хүний энгийн нүдээр харахад дүрс муутай, зургийг таниулахад шаардлага хангахгүй, эргэлзээтэй байдал үүсгэж байна.

 

  Үүнээс үзвэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2.д заасан “гэмт хэргийг  хэн үйлдсэн” болохыг тогтоогоогүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг дахин шалгахдаа Э.Чулуунбаатар нь тухайн үед хаана байсныг тогтоох тухайлбал Улаанбаатар хотод түүний ажиллаж байсан гэх оёдлын үйлдвэрийн 2016 оны 03 дугаар сарын цагийн бүртгэл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, цалин олгосон болон авч байсан эсэх, 2016 оны 03 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Э.Чулуунбаатарыг хаана байсныг тогтоох нь хуульд нийцэх бөгөөд  хэрэг бүртгэх болон прокурорын байгууллага нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр яллах ба цагаатгах... нөхцөл байдлыг бүрэн тогтоох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.т заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Чулуунбаатарын “...Улаанбаатар хотод миний ажиллаж байсан “Цасада палаза” ХХК-аас тухайн 3 дугаар сарын миний ирц, цалин хөлс авч байсан болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байсан зэрэг холбогдох материалыг хэрэгт хавсаргуулж өөрийн гэм буруугүй гэдгээ нотлохыг хүсч байна хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Э.Чулуунбаатар нь анх удаа, хүндэвтэр гэмт хэрэгт  шалгагдаж байгаа учраас түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2., 317 дугаар зүйлийн 317.1.1., 318 дугаар зүйлийн 318.2.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Чулуунбаатарт холбогдох,  201614000193 дугаартай, 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг  нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт  буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Э.Чулуунбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Шүүгдэгч Э.Чулуунбаатарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

 

 

            ШҮҮГЧ                                               Ц.ТУЯА               

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР