Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00817

 

Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01357 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 669 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Г.Одсүрэн,

Нэхэмжлэгч : Ж.Буянзаяа,

Хариуцагч : Хаан банк,

Хариуцагч : И.Мягмаржав,

Хариуцагч : Э.Анхзаяа,

Хариуцагч : Б.Алтантариа,

Нэхэмжлэлийн шаардлага :  6.126.234 төгрөг гаргуулах тухай

Хариуцагч Б.Алтантариагийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б.Сарнай, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Энхжаргал, Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат, хариуцагч И.Мягмаржав, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг, Б.Алтантариагийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хаан банк ХХК-ийн эзэмшлийн ZL 50-С маркийн 56-41 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн И.Мягмаржав, Э.Анхзаяа нар нь Хаан банктай байгуулсан 2014.6.04-ний өдрийн №ЗГ/820 зээлийн гэрээний дагуу эзэмшдэг. Уг автомашиныг иргэн Б.Эрдэнэчулуун жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалтыг зөрчсөний улмаас 2015.5.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10 дугаар гудамж 10 тоотын хашаа, гэрэлтүүлэгч шон, Тоёото приус маркийн автомашин, Г.Одсүрэнгийн гэр бүлийн амьдарч байсан монгол гэр зэргийг  мөргөж, улмаар монгол гэрт байсан Г.Одсүрэн, Ж.Буянзаяа, О.Намсрайдагва нарыг гэмтээсэн. Уг зам тээврийн ослын улмаас Г.Одсүрэн, Ж.Буянзаяа, О.Намсрайдагва нарын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ, шинж чанар нь Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 2015.6.16-ны өдрийн тогтоол гарсан. Осол гарсан өдрөөс хойш Г.Одсүрэнгийн гэр бүл орох оронгүй болсон учраас Баянгол дүүргийн 20 дугаар хороо Бөөний худалдааны нэгтгэл 2-ын 27 дугаар байр 22Б тоот 1 өрөө орон сууцыг сарын 350.000 төгрөгөөр хөлсөлж амьдарсан. Зам тээврийн ослоос Г.Одсүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд энэ нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтыг түр хугацаагаар саатуулснаас Г.Одсүрэн гэртээ 2 сар гаруй хэвтрийн дэглэмтэй байж эмчлүүлсэн. Приус маркийн 52-03 УНЭ улсын дугаартай автомашинаар “такси” үйлчилгээ хийж, гэр бүлээ тэжээдэг байсан. Өдрийн орлого маань тухайн үедээ өдөрт 50.000-60.000 төгрөг байсан юм. Ослоос хойш 2 сар хэвтрийн дэглэмтэй байснаас хойш мөн нуруугаар байнга өвддөг болсон учраас  байнгын суугаа ажил хийх боломжгүй болсон. Ж.Буянзаяа нь ажил хийж гэр бүлээ тэжээдэг болсон. Тухайн хэвтрийн дэглэмтэй байсан 2 сарын хугацааны олох байсан орлого буюу 60 хоног, өдрийн орлого 50.000 төгрөгөөр тооцон нийт 3 сая төгрөгөөр нэхэмжилнэ. Эд хөрөнгөд учирсан хохирол  4.144.500 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 1.507.513 төгрөг, түрээсийн байрны төлбөр болох 700.000 төгрөг, бусад зардал 219.300 төгрөг нийт 6.571.313 төгрөг гарсан. Г.Одсүрэнгийн Приус маркийн автомашинаараа такси үйлчилгээнд явж олох байсан орлого 3 сая төгрөг болно. Эдгээрээс  Бодь даатгал ХХК-иас төлөгдсөн /хх 84, 105/ 3.445.079 төгрөгийг  6.126.234 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ./хх1, 67,84, 115/

Хариуцагч Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат шүүхэд  гаргасан тайлбартаа: Хаан банкны нэр дээр бүртгэлтэй байгаа ZL 50-С маркийн 56-41 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг И.Мягмаржав, Э.Анхзаяа нар Хаан банктай 2014-06-04- ний өдөр ЗГ/820 дугаар “Зээлийн гэрээ” болон “Фидуцийн гэрээ” байгуулан худалдан авсан. Фидуцийн гэрээний 2.4 дэх заалт буюу баталгаа зөвшөөрөл хэсгийн 2.4.5 дахь заалтад “... Хөрөнгийг эзэмших, ашиглах явцад бусдын хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна..” гэж заасны дагуу аливаа бусад этгээдүүдэд учруулсан хохирлыг зээлдэгч нар өөрсдөө хариуцахаар тохиролцсон. Хаан банкны зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд зээл төлөгдөж дуусах хүртэл хугацаанд тухайн тээврийн хэрэгсэл нь Хаан банкны нэр дээр байх бөгөөд зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэний дараа тухайн тээврийн хэрэгсэл нь зээлдэгчийн нэр дээр шилжих болно. Иймд иргэн Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь Хаан банк биш тул Хаан банкинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ./хх 57,145/

 Хариуцагч И.Мягмаржав болон Э.Анхзаяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Би ZL 50-С маркийн 56-41 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хаан банкны лизингээр авсан бөгөөд эхнэр Э.Анхзаяа хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би автомашинаа худалдаж зээлээ бүрэн төлөх санаатай зар гаргасан бөгөөд  Б.Алтантариа худалдан авах талаар санал гаргаж автомашиныг  26 сая төгрөгөөр зарсан.  Б.Алтантариа нар нь мөнгийг бэлэн өгөх боломжгүй гээд 12 сая төгрөгт тооцож Приус 20 маркийн автомашин өгч, 12 сая төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл 2 сая төгрөгийг автомашины нэрийг 2015 оны 03 сард шилжүүлж өгсөн үед төлөхөөр тохиролцсон тул тээврийн хэрэгслийг 2014.11.06-ны өдөр  Б.Алтантариа хүлээн авч, машин тэд нарт байгаа. Тээврийн хэрэгслийг Б.Эрдэнэчулуун жолоодож яваад осол гаргасан. Г.Одсүрэнд учирсан хохирлыг хариуцах ёстой. Иймд бид учирсан хохирлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ./хх 64, 65/

Хариуцагч Б.Алтантариа шүүхэд гаргасан тайлбартаа: Зарын дагуу 2014.11.06-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж машиныг авахаар болж, нотариат орсон боловч автомашины бичиг баримт байхгүй, банкны нэр дээр байсан учир  болих гэтэл “...2015.3.06-ны дотор шилжүүлээд өгье...” гэсан. Зээлийн гэрээнд автомашины нийт үнэ болох 26 сая төгрөгийг зээлж байгаагаар гэрээ байгуулсан. 13 сая төгрөг бэлнээр, 11 сая төгрөгт тооцон Приус 20 маркийн 95-78 УНВ улсын дугаартай автомашиныг тус тус өгсөн. Автомашины бичиг баримт миний нэр дээр шилжмэгц үлдсэн 2 сая төгрөгийг нь өгье гэж тохирсон боловч шилжүүлж өгөөгүй. И.Мягмаржав шүүхэд өгсөн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2014.11.06-ны өдөр байгуулсан гэрээний дагуу тохирсон хугацаа болох 2015.3.06-ны өдрийн дотор миний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн тохиролцоогоо зөрчсөн учраас бидний хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй. Уг автомашин Хаан банкны нэр дээр өнөөдрийг хүртэл байгааг хэргийн материалаас харлаа. Би автомашинаа ав биднээс авсан мөнгөө өг хэмээн удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. И.Мягмаржавыг автомашинаа авахдаа мөнгө өгнө гэсэн үгэнд нь итгэсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл И.Мягмаржав үнэн байдлаас зөрсөн худал тайлбар шүүхэд өгсөн байх тул миний бие автомашин худалдаж авахаар өгсөн 24 сая төгрөгөө буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг хариуцагчаас чөлөөлж буруутай этгээд болох И.Мягмаржав, Хаан банкнаас хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ./хх 140/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01357 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Алтантариагаас 2.941.234 төгрөг гаргуулж Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарт олгож, нэхэмжлэлээс 3.185.000 төгрөгийн шаардлагыг Хаан банк ХХК, И.Мягмаржав, Э.Анхзаяа нарт холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарын төлсөн 120.090 төгрөгийг улсын орлогод үлдээж, дутуу төлсөн 48.000 төгрөгийг улсын орлогод оруулж, Б.Алтантариагаас 62.010 төгрөг гаргуулж Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 669 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Б.Алтантариа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  И.Мягмаржав Иргэний хуулийн 243.1-т заасны дагуу эрхийн зөрчилгүй хөрөнгө, баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэснийг зөрчиж 2015.3.06-ны өдрийн дотор тээврийн хэрэгсэлийн бичиг баримтыг өгч, нэрийг шилжүүлж өгсөн гэсэн боловч өгөөгүй. Тухайн авто ачигчийг Б.Алтантариагийн өмчлөлд шилжүүлээгүй, тээврийн хэрэгсэлийн бичиг баримт байхгүй байсан тул бид уг тээврийн хэрэгсэлийг түрээслүүлэх, ашиглуулах гэрээ хэлцэл хийж чадаагүй. Би удаа дараа шаардсан боловч бичиг баримтыг авчирж өгөөгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч нар эд хөрөнгийн хохирол 4.144.500 төгрөг, эрүүл мэндийн хохирол 1.507.513 төгрөг, түрээсийн байрны төлбөрт төлсөн 700.000 төгрөг, бусад зардал 219.300 төгрөг, олох байсан орлого 3 сая төгрөг нийт 9.571.313 төгрөгөөс даатгалаас авсан 3.445.079 төгрөгийг хасаж үлдэх 6.126.234 төгрөгийг Хаан банк, И.Мягмаржав, Э.Анхзаяа, Б.Алтантариа нараас гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх “...Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарын эд хөрөнгөд 4.144.500 төгрөгийн хохирол учирсан, нэхэмжлэгч нар 1.393.313 төгрөгийн эм тариа хэрэглэж, шатахуун болон нотариатын зардалд 148.500 төгрөг зарцуулан, 700.000 төгрөгөөр орон сууц хөлсөлж нийт 6.386.313 төгрөгөөр хохирсон... гэж дүгнэн, уг үнийн дүнгээс  даатгалаас авсан 3.445.079 төгрөг хасаж үлдэх 2.941.234 төгрөгийг Б.Алтантариагаас гаргуулж...” нэхэмжлэлийн үлдэх хэсгийг, бусад хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.  

Хариуцагч  гомдолдоо “...И.Мягмаржав ... тээврийн хэрэгсэлийн бичиг баримтыг өгч, нэрийг шилжүүлж өгөх байсан ч өгөөгүй... авто ачигчийг Б.Алтантариагийн өмчлөлд шилжүүлээгүй, тээврийн хэрэгсэлийн бичиг баримт байхгүй байсан тул бусдад  түрээслүүлэх, ашиглуулах хэлцэл хийж чадаагүй... удаа дараа шаардсан боловч бичиг баримтыг авчирж өгөөгүй... иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү...”  гэжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч Б.Алтантариагийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Б.Алтантариа  2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  56-41 УБ улсын дугаартай ZL 50-С маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, тухайн эд хөрөнгө өөрийнх нь  эзэмшилд байх үед тээврийн хэрэгсэл ашиглагчийг томилж, Б.Эрдэнэчулуунд  шилжүүлэн өгсөн, Б.Эрдэнэчулуун 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уг тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-г  зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, нэхэмжлэгч нарт хохирол учирсан үйл баримт нотлогдсон байна.  

Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон,  өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Иймд Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарт учирсан гэм хорыг  Б.Алтантариа  хариуцна.    

56-41 УБ улсын дугаартай ZL 50-С маркийн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан нь Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарын нэхэмжлэлтэй холбоогүй байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан Б.Алтантариагийн гомдол үндэслэлгүй байна.   

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 89, 497, 499, 505 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01357 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 669 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.Алтантариагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Б.Алтантариа хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 62.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                         ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ