Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/0109

 

“БТ” ОНӨААТҮГ-ын гомдолтой,

БНД-ийн ТХ-ийн ТУБ нарт холбогдох

зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:      Ц.Цогт,

            Танхимын тэргүүн:   Ч.Тунгалаг,

             Шүүгчид:                       Х.Батсүрэн,

                                                      Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:            П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:    Г.Гантогтох

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0793 дугаар шийдвэр,

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 129 дүгээр магадлалтай,

         Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, хариуцагч Т.Б, Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан, хариуцагч татварын улсын байцаагч нарын гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага: БНД-ийн ТХШТ-ийн УБ нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 271720016 дугаар шийтгэлийн хуудасны 6 дахь заалт буюу 184,746,661 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэжээ

2. Хэргийн нөхцөл байдал: Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2016 оны 02 дугаар тогтоолоор 1,400,366,900 төгрөгийн санхүүжилтийг гомдол гаргагч хуулийн этгээдэд олгосон байна. Татварын улсын байцаагч нараас “орон нутгийн санхүүжилтийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй, татвар ногдох орлогыг бууруулсан, төсвийн байгууллага биш учир татвараас чөлөөлөгдөхгүй” гэж шийтгэлийн хуудас оногдуулсан байх бөгөөд гомдол гаргагчаас “төрийн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татвар тооцохгүй, төсвийн зарлага тул татвар тооцогдох орлого биш” гэж маргаж байна.

3. Анхан шатны шүүх: Татварын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 271720016 дугаар шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг “...төсөвт байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ мөн эсэхийг тодруулаагүй” гэсэн үндэслэлээр дахин захиргааны шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шийдвэрлэсэн.

4. Давж заалдах шатны шүүх: Татварын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 271720016 дугаар шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг “нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй үйл ажиллагаанд шийтгэл оногдуулсан нь анхнаасаа эрх зүйн үндэслэлгүй, маргаан бүхий 1,400,366,900 төгрөг нь батлагдсан төсвөөс зарцуулах хот нийтийн тохижилт үйлчилгээний зардал юм, санхүүжилтээр олгосон зардалд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдож олгогдоогүй байхад татвар ногдуулж буй нь ойлгомжгүй” гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч нараас давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хэрэгсэхгүй болгуулах гомдол гаргасан.

6. Засгийн газрын агентлагийг тохируулагч болон хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Засгийн газраас байгуулж, эрх зүйн байдлыг нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулиар зохицуулагдана. Харин “БТ” ОНӨААТҮГ-ын эрх зүйн байдал нь зөвхөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон батлагдсан дүрмээр зохицуулагдах тул үйл ажиллагаа нь дээрх хуульд заасан “Засгийн газар, түүний агентлагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ” гэдэгт огт хамаарахгүй.

7. Төсөвт байгууллага гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ямар ч тохиолдолд төсөвт байгууллага нь зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу зарцуулах бөгөөд бусад аж ахуйн нэгжтэй гэрээний үндсэн дээр ажил үйлчилгээ үзүүлэх, энэхүү үйлчилгээ үзүүлсний төлөө орлого олох үйл ажиллагааг (хуулиар хориотой бөгөөд төрийн байгууллагын байранд ч хувийн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах, түрээслүүлдэггүй) явуулах хууль зүйн боломжгүй. Гэтэл “БТ” ОНӨААТҮГ нь хэлбэрийн хувьд аж ахуйн тооцоотой, бусад этгээдтэй гэрээний үндсэн дээр ажил, үйлчилгээ үзүүлж орлого олдог, төсөвт байгууллага буюу Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай гэрээний үндсэн дээр тохижилт үйлчилгээний ажлыг гүйцэтгэж, тухайн төсөвт байгууллагаас санхүүжилт авдаг, аж ахуйн тооцоо гаргаж, хөтөлдөг.

8. Төсвийн санхүүжилт, дэмжлэгийг Засгийн газар, түүний агентлаг, төсөвт байгууллагаас олгох бөгөөд тэр нь төсөв талдаа зардал, харин тэрхүү санхүүжилт, дэмжлэгийг авч буй “БТ” ОНӨААТҮГ-ын хувьд санхүүжилт буюу орлого. Тийм учраас 2016 оноос өмнө төсвийн санхүүжилт, татаасанд НӨАТ ногдуулна, ногдуулахгүй гэдэг маргаан /эргэлзээ, ойлгомжгүй байдал/ үүсдэг байсан учраас хууль тогтоогчид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.2.15-д “төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал НӨАТ ногдуулна” гэж, мөн “Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр санхүүжилт авч, төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүргийг Засгийн газрын бус байгууллага бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж байгаа үйлчилгээ хүртэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй” гэж санхүүжилтэнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, ногдуулахгүй гэдэг маргаан /ойлгомжгүй байдлыг арилгаж, тодорхой зааж өгсөн/-ыг хуульчлан тусгаж өгснийг шүүх анхаараагүй, буруу жишиг тогтоох гэж байна.

9. Түүнчлэн гомдол гаргагчийн зүгээс шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлагын үндэслэлээ “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх 2 үндэслэл гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Дээрх маргааныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн, эцэслэн шийдвэрлэх нь цэвэр хууль хэрэглээний болоод практик ач холбогдолтой бөгөөд цаашид зөв жишиг тогтоох нөхцөлийг бүрдүүлэх юм гэжээ.

10. “БТ” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдолд тайлбар гаргахдаа: БТын газар нь төрийн үйлчилгээний 11 төрлийн ажил үйлчилгээг төсвийн санхүүжилтээр хийж гүйцэтгэдэг тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх юм. Санхүүжилтийн 80 хувь нь ажилчдын цалин хөлсөнд зарцуулагдсан, цалин хөлсөнд татвар тооцохгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12-т заасныг буруу тайлбарласан, анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагч татварын улсын байцаагч нарын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

12. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”; 7.2.15-д “төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас урамшуулал” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “БТ” ОНӨААТҮГ-т дүүргийн олгосон 1,400,366,900 төгрөгийн санхүүжилт нь “төрөөс олгосон санхүүжилт” гэх ойлголтод хамаарч байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйл ажиллагаа мөн байна.

13. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлнө; 13 дугаар зүйлийн 13.5.12-т “төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд: Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна” гэж заасан нь энэхүү маргаанд хэрэглэгдэхгүй юм.

14. Учир нь хуулийн дээрх заалтад үгчилсэн болон системчилсэн тайлбар хийхэд, гомдол гаргагч хуулийн этгээд нь хэдийгээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа боловч төсвийн байгууллага биш буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байна.

15. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т зааснаар “төсвийн байгууллага” гэдэгт баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хамааруулсан байна.

16. Иймээс гомдол гаргагч хуулийн этгээдийн “нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх эрхтэй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

17. Түүнчлэн гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны актад тооцуулах, “эрхэд халдах үндэслэл байгаагүй” гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

18. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж заасанд агуулгын тайлбар хийхэд, улсын байцаагчаас шийтгэлийн хуудас үйлдэхдээ “хуульд заагаагүй үндэслэлээр шийтгэл оногдуулсан” бол илэрхий алдаатай захиргааны актад тооцох зарчимтай. Энэ тохиолдолд татварын улсын байцаагч нь хуульд заасан үндэслэлээр татвар ногдуулсан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15-д заасан үндэслэлээр татвар тооцсон байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй.

19. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй үйл ажиллагаанд шийтгэлийн хуудас оногдуулсан нь анхнаасаа эрх зүйн үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй. Тодруулбал, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйл ажиллагаа мөн эсэх нь маргаан бүхий захиргааны актын хүрээнд, хууль хэрэглэн тайлбарлагдах ойлголт болохоос хэн ч харсан илэрхий алдаатай захиргааны актад тооцогдох үндэслэл биш байна. Иймээс шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны актад тооцсон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны болж чадаагүй байна.

20. Гомдол гаргагчийн “уг санхүүжилтийг цалин хөлсөнд зарцуулсан, цалин хөлсөнд татвар тооцохгүй” гэх тайлбар үндэслэлгүй, татварын улсын байцаагч нараас маргаан бүхий санхүүжилтийн зарцуулалт, тайлагналд албан татвар тооцоогүй, санхүүжилтээр ирсэн орлогыг хэрхэн зарцуулсан нь маргааны үйл баримтад хамааралгүй байна.

21. Давж заалдах шатны шүүхийн “батлагдсан төсвөөс зарцуулах нийтийн тохижилт үйлчилгээний зардал” гэх дүгнэлт буруу бөгөөд хэрэгт авагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоос үзэхэд гомдол гаргагч хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон төсвийн санхүүжилт мөн байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалтыг хэрэглэхгүй орхих боломжгүй юм.

22. Анхан шатны шүүхээс “төсөвт байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ мөн эсэхийг тодруулалгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого гэж үзсэн нь үндэслэлгүй” гэж шийтгэлийн хуудсын 6 дахь заалтыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, уг маргааны тухайд дахин нэмж тодруулах зүйл байхгүй, хууль хэрэглээний маргаан байхад төрийн үйлчилгээ мөн эсэхийг тодруулахаар түдгэлзүүлж байгаа нь үндэслэлгүй болжээ.

24. Мөн “санхүүжилтээр олгогдсон зардалд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдож олгогдоогүй гээд байхад татвар ногдуулж буй нь ойлгомжгүй” гэсэн дүгнэлт нь буруу бөгөөд захиргааны байгууллагаас хууль буруу тайлбарлан хэрэгжүүлж байгаа байдал нь тухайн төрлийн татвараас чөлөөлөгдөх үндэслэл болж чадахгүй юм.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0793 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 129 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15-д заасныг баримтлан гомдол гаргагч “БТ” ОНӨААТҮГ-ын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 271720016 дугаар шийтгэлийн хуудасны 6 дахь заалт буюу 184,746,661 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч татварын улсын байцаагч нарын хяналтын гомдлыг хангасугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ЦОГТ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН,  ШҮҮГЧ              Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                       Х.БАТСҮРЭН

    Д.МӨНХТУЯА

    П.СОЁЛ-ЭРДЭНЭ