Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 20117

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэргийг  хэрэгсэхгүй  болгох  тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө-46 Гранд Плаза цогцолборын 1105 тоотод байрлах, регистрийн дугаар 2697289, Ази Фарма ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 5299047, Долмалин ХХКомпанид холбогдох

 

Худалдсан барааны үнийн үлдэгдэл 1 731 349 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Сайнбаяр, хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Э.Отгончимэг нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ази Фарма ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани Долмалин ХХКомпанид 2014 оны 11 дүгээр сард 2 532 424 төгрөгийн эм, бараа нийлүүлсэн боловч үүнээс 1 731 349 төгрөгийг төлөөгүй байна.Иймд Долмалин ХХКомпаниас дээрх 1 731 349 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч Ази Фарма ХХКомпанийн төлөөлөгч М.Сайнбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Долмалин ХХКомпани манай байгууллагаас 2014 оны 11 дүгээр сард 2 532 424 төгрөгийг эм болон бараа худалдаж аваад 1 731 349 төгрөгийг төлөхгүй байгаа.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 төгрөгийг хасч үлдсэн 1 711 350 төгрөгийг Долмалин ХХКомпаниас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Баясгалан шүүхэд гаргасан  тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Долмалин ХХКомпани 2014 оны 11 дүгээр сард Ази Фарма ХХКомпаниас 2 532 424 төгрөгийн худалдан авалт хийж төлбөрийг төлж дуусгасан байгаа.Эднийд явуулсан бичигтээ НӨАТ-ын падааныхаа учрыг өөрийнхөө ажилтанаас асуу гэсэн хариу явуулсан гэв.

 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ази Фарма ХХКомпани хариуцагч Долмалин ХХКомпанид  холбогдуулан худалдсан барааны үнийн үлдэгдэл 1 711 350 төгрөг  гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Ази Фарма итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сайнбаяр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд оролцож байх боловч М.Сайнбаярт 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ази Фарма ХХКомпанийн гүйцэтгэх захирал Г.Баяржаргал итгэмжлэл олгосон байна.

 

Гэтэл нэхэмжлэгч Ази Фарма ХХКомпанийн улсын бүртгэлийн 000040049 дугаартай гэрчилгээнд Г.Баяржаргалыг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэл хийгдээгүй байх тул нэхэмжлэгч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, бусдад итгэмжлэл олгох эрхтэй этгээд нь тодорхой бус байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Хариуцагч Долмалин ХХКомпаниас худалдсан барааны үнийн үлдэгдэл төлбөр 1 711 350 /нэг сая долоон зуун арван нэгэн мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулахыг хүссэн Ази Фарма ХХКомпанийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 655 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж Ази Фарма ХХКомпанид олгосугай.

 

            3.Захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгч тус шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ДОРЖНАМЖИН