Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 31

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Шинжээч эмч Д.Туяа,

Хохирогч Э.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Е овогт С.Б-д холбогдох эрүүгийн 1818001410535 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Е овогт С.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын өрөөнд сургуулийн эмч Э.Б-тай “үдийн цай хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлыг төлөвлөх хуралд ирсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхсэнээр Э.Б нь толгойгоороо хана мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Б-ын өгсөн: ...Хурал дуусаад гараад иртэл үүдэнд хохирогчтой таарсан. Хохирогчоос “чи яагаад албан ажлаа хийхгүй сургууль дээрээ байхгүй байгаа юм бэ” гэж асуугаад манай өрөө рүү оръё гэж хэлээд хамт орсон. Би хохирогчид сургалтын менежер хуралтай талаар танд хэлсэн байхад яагаад хуралд суугаагүй юм бэ? гээд маргаан болсон. Хохирогч эндээс гарлаа, уг ажлаасаа гарна гээд хаалга руу зүтгээд байсан. Би хохирогчийг зодож цохиогүй... гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Б-гийн өгсөн: ...Сургуулийн коридорт захирал С.Б-тай тааралдахад өрөөнд ороод ир гэж хэлсэн. Өрөө рүү нь явж байгаад нягтлангийн хаалгыг онгойлгоход шүүгдэгч С.Б хөөш чамайг дуудаад байгаа юм биш үү гээд өндөр чанга дуугаар орилсон. Өрөөнд нь ортол өнөөдөр хуралтай талаар сонссон уу? гэхэд 13-30 цагт хуралтай гэж сүүлд мэдсэн. Бу багш надад ийм хуралтай байсан талаар хэлээгүй гэж хэлсэн. Тэгтэл яагаад худал яриад байгаа юм бэ? гэж хэлээд ширээгээ цохиод босоод ирсэн. Би энэ яриагаа дараа үргэлжлүүлье гэж хэлсэн. Тухайн үед би шүүгдэгч С.Б-аас маш их айсан. Тэгээд уг яриаг дараа үргэлжлүүлье гэхэд байж бай гэж хэлж байна гэж хэлсэн. Тухайн үед захирлын амнаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэртэж байсан. Би ямар цамцтай байсныг харуулах гэж энэ шүүх хуралдаан дээр өмсөж ирсэн. Тэр үед миний энэ цамцнаас татаад хана мөргүүлсэн. Тухайн үед хана мөргөөд унасан. Би гаръя гэж хэлэхэд чи одоо юу гэж хэлээд байгаа юм бэ? гээд хоолойноос заамдаад дахиад хана руу савахад миний толгой манарсан. ...Би шүүгдэгчээс мэдрэл болон чих хоёрт гарсан нийт төлбөр 8.305.417 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Д.Туяагийн өгсөн: Э.Б-гийн биед үзлэг хийхэд чихтэй холбоотой зовуур хэлээгүй. Тархи доргилтоос болж чихэнд ямар нэгэн эмгэг үүснэ гэж байхгүй. Тархи доргилт нь гавал тархины битүү гэмтэл буюу гавал тархины хамгийн хөнгөн зэргийн гэмтэл. Нүдний алимд хөндлөн чичирхийлэлт үүсдэг. Зарим тохиолдолд эмчлэгдэхгүй байдаг. Иймд хохирогчийн уг гэмтэл нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаардаг. Тархи доргилт 28 хоног эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулдаг. Тархи доргилтыг дахин дахин авснаас болж даамжрах боломжтой. Хохирогчийн хувьд тийм зүйл байгаагүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Н.С-гийн өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10:30 цагт зарласан хуралд эмч Э.Б нь оролцоогүй. Хурал дууссаны дараа Бу, Ба бид 3 манай өрөөнд цай ууж байхад захирал эмчтэй хамт өрөө рүүгээ явж байхаар нь бид 3 араас очсон. Биднийг очиход эмч Э.Б хурлын ширээний хажууд сандал дээр чихээ дараад сууж байсан. Харин захирал С.Б нь хаалганы хажууд зогсож байсан. Эмч Б нь “та нартай ярьмааргүй байна, та нар яагаад олуулаа дайраад байна” гэх зэргээр орилоод миний хажуугаар захирлыг дайраад өрөөнөөс гараад явчихсан. Тэгээд 3 давхарт эмчийн өрөөнд ороход захирал, эмч 2 байсан. Захирал эмчид “ажлаа хий, цайны газрын асуудлаар Х-тай уулз” гэж хэлэхэд эмч Э.Б нь “миний бие өвдөөд байна. Та нартай ярьж чадахгүй, дараа ярь” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/,

Гэрч З.Б-ын өгсөн: ...захирал С.Б нь эмч Э.Б-тай хамт өрөө рүүгээ орохоор нь Бу, С бид нар 2-3 минутын дараа захирлын өрөөнд орсон. Захирлын өрөөний хаалга онгорхой байсан ба захирал хаалганы хажууд, эмч ширээний хажууд сандал дээр суугаад чихээ гараараа дараад уйлаад сууж байсан. Захирал эмчийг өрөөнөөсөө гаргахгүй гэхэд эмч түүний гарыг маажсан гээд захирлын гараас бага зэргийн цус гарчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 58-64/,

Гэрч Л.Бу-ы өгсөн: ...Захирлын өрөөнд ороход эмч Э.Б нь уйлчихсан, хоёр гараараа чихээ дараад сандал дээр сууж байсан. Захирал С.Б нь өрөөнийхөө үүдэнд зогсчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/,

Гэрч Н.Э-ын өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Э.Б над руу “би захирал, С нарт зодуулчихлаа” гэж утсаар ярьсан. Орой нь Э.Б намайг “эмнэлэгт хүрээд ир” гэхээр нь би Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасаг очтол Э.Б хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 78/,

Гэрч Г.Л-гийн өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Э.Б нь бусдад зодуулж, толгой өвдөнө, шилэн хүзүү хөшнө, дотор муухай оргино гэсэн зовууртайгаар жижүүр эмч Н-т үзүүлж, Гэмтлийн тасагт хэвтсэн байсан. Би 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Э.Б-гийн эмчлэгч эмчээр ажилласан. Э.Б нь тархи доргилт, зөөлөн эдийн гэмтэл оноштойгоор 6 хоног хэвтэж эмчлүүлсэн. Э.Б-д учирсан зүүн бугалганы хөхрөлт нь тод шинэ байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 80/,

Гэрч Э.Н-ын өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Э.Б нь бусдад зодуулсан, толгой өвдөнө, хүзүү хөшнө гэсэн зовууртай эмнэлэгт ирсэн. Э.Б-г ажиглалтын журмаар өвчний түүх нээж, Гэмтлийн тасагт хэвтүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 81/,

Гэрч Б.О-ийн өгсөн: ...Менежер С залгаад эмчийн өрөөнд ороод ир гэхээр нь очтол эмчийн өрөөнд С, Ба, Б гурав байсан. Б аягатай ус барьчихсан гар нь чичрээд байсан. С гялс эмнэлэгт хүргээд өг гэхээр нь тэгье гээд өрөөнөөс гарсан. Хувцсаа өмсөөд сургуулийн үүдэнд очиход Б-г Ба сугадаад ирсэн. ...Би сугадаж машиндаа суулгаад нэгдсэн эмнэлэг дээр ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 87/,

Гэрч Д.Т-ын өгсөн: 2018 оны 02 дугаар сард хичээл орж байхад эмч Э.Б манай ангийн хаалгаар шагайгаад эмч дуудаад өг гэж хэлсэн. Дараа нь эмч Э.Б-гийн өрөөнд ороход Э.Б нь уйлчихсан байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 88/,

Дархан-Уул аймгийн ... дүгээр сургууль болон Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хяналтын камерт үзлэг хийсэн: ...Багш нарын өрөө камер 2 гэсэн хэсэгт үзлэг хийхэд Э.Б, С.Б нар 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 56 минут 06 секундэд багш нарын өрөөний үүдэнд коридорт тааралдаад, 11 цаг 56 минут 26 секундэд захирлын өрөө рүү орсон, 12 цаг 00 минут 31 секундэд Л.Бу, З.Б, Н.С нар захирлын өрөө рүү орж байгаа дүрс байна. Багш нарын өрөө камер 3 гэсэн хэсэгт үзлэг хийхэд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 04 минут 27 секундэд Э.Б захирлын өрөөнөөс ганцаараа гараад явж байгаа бичлэг байв... гэх тэмдэглэл /хх-ийн 39/,

Э.Б-гийн толгой, нуруугаар өвдөнө гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 91/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 262 дугаартай “Э.Б-гийн биед тархи доргилт, зүүн гарын шуу, бугалган дахь цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Э.Б-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 363 дугаартай “С.Б-ын биед баруун гарын 2 дугаар хурууны сорви тогтоогдлоо. Дээрх сорви нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх сорви нь цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100/,

Э.Б нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхүүд /хх-ийн 120-143/,

...Өргөдөл гаргагч ... дүгээр сургуулийн эмч Э.Б, зодсон гэх сургуулийн захирал, сургалтын менежер, нарийн бичиг нараас тайлбар авч ирүүлсэн гомдлын дагуу холбогдох материалыг үндэслэн Сахилгын дүрмийн сахилгын зөрчлийн 2 дугаар зүйлийн 2, 6 дахь заалт “Ажлын байран дээр харилцаа хандлагын доголдол гаргасан” гэсэн дүгнэлтийг гаргаж байна... гэх Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дэргэдэх сахилгын хорооны 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 216/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь ...хохирогчийг зодож, цохиогүй тул цагаатгаж өгнө үү... гэж мэтгэлцэж байна.

Гэвч хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 56 минут 26 секундэд С.Б, Э.Б нар захирлын өрөө рүү орсон, 4 минутын дараа буюу 12 цаг 00 минут 31 секундэд Л.Бу, З.Б, Н.С нар захирлын өрөө рүү ороход хохирогч Э.Б уйлсан байдалтай байсан ба сургуулиас гараад эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байсан гэх үйл баримтууд хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Л.Бу, З.Б, Н.С нарын мэдүүлэг, хохирогчийг эмнэлэгт хүргэж өгсөн гэрч Б.О-ийн мэдүүлэг, хохирогч Э.Б нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүх, хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн гарын шуу, бугалган дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа ба хохирогч Э.Б-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр захирал С.Б өрөөндөө намайг түлхэж, цохисны улмаас би хана мөргөж унасан... гэх удаа дараагийн мэдүүлгээр шүүгдэгчийн үйлдэл хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч С.Б-ын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын өрөөнд сургуулийн эмч Э.Б-тай “үдийн цай хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлыг төлөвлөх хуралд ирсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхсэн үйлдлийн улмаас Э.Б нь толгойгоороо хана мөргөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн гарын шуу, бугалган дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Б-гийн биед тархи доргилт, зүүн гарын шуу, бугалган дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь тархи доргилтод хийлгэсэн эмчилгээний зардал, мөн тархи доргилтоос шалтгаалж баруун чих үрэвсэж “ЭМЖЖ” эмнэлэгт хагалгаа хийлгэж эмчлүүлсэн зардал болох нийт 8.305.417 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Гэвч хохирогчийн чихний үрэвсэл нь шүүгдэгчийн түүнд учруулсан тархи доргилтоос шалтгаалаагүй болох нь шинжээч эмч Д.Туяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тархи доргилтоос болж чихэнд ямар нэгэн эмгэг үүснэ гэж байхгүй...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Хохирогч Э.Б-гийн шүүхэд гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтуудаас тархи доргилт бүхий хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлын баримтыг ялган дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт бүхий хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч С.Б нь урьд анхан шатны шүүхээр ял шийтгүүлж, давж заалдах шатны шүүхээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, магадлалын хуулбараар нотлогдож байгаа байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.... дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.... дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч С.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэргийн хамт ирүүлсэн сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.... дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.... дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е овогт С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Э.Б-гийн эмчилгээний зардал 8.305.417 /найман сая гурван зуун таван мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн сидийг хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР