Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 134/ШШ2016/00083

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.О

Хариуцагч: ЗД

Ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, нийт 2 532 931 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Миний бие аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар захирамжаар Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалаас халагдаж Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 134/ШШ2015/000140 дугаар шийдвэрээр Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 1 876 272 төгрөгийг гаргуулахаар хянан шийдвэрлэсэн болно.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 тоот захирамжаар нэхэмжлэгч миний биеийг Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилсон.

Иймд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цалин, нөхөн олговор -1 876 659 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 228 192 төгрөг, хүн амын орлогын албан татвар 178 069 төгрөг, ажил олгогчоос 251 011 төгрөг, нийт 2 532 931 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.      

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан танай шүүхэд гаргасан иргэн Ж.О нэхэмжлэлтэй танилцсаны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан мөнгөн дүнг эргэлзээтэй гэж үзэж эсэргүүцэж байна.

Нэхэмжлэгч тус мөнгөн дүнг иргэн Л.О биш Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.О нэхэмжлэх нь зүйтэй юм.

Мөнгөн дүн дээр сайтар нягтлан нэхэмжлэгч талтай санал нэгдсэн тохиолдолд эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн яг энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.О нь Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор, нийгмийн даатгалын шимтгэл хүн амын орлогын албан татвар, нийт 2 532 931 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.О тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 134/ШШ2015/00140 дугаартай шийдвэрээр 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосоныг Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 202/МА2016/00001 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Үүний дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 тоот захирамжаар Ж.О Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилсон байна.

Ж.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шаардах эрхтэй.

Иймд 2 532 931 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нь дээрх төлбөрийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/654 тоот албан бичгээр Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга П.Н итгэмжлэл олгохдоо “төлөөлүүлэгчийн хуулиар олгогдсон бүхий л эрхийг эдэлнэ” гэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн тул хариуцагчаас 55 477 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.О нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, нийт 2 532 931 /хоёр сая таван зуун гучин хоёр мянга есөн гучин нэг/ төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Г 55 477 төгрөг  гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.НАРАНЧИМЭГ