| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0026/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 34
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч З.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт З.Үад холбогдох эрүүгийн 1818008220004 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт З.Ү /РД: /, Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь З.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Ү нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Эрэлийн ам” гэх газарт нийт 0.019 га талбайд зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 977,133.3 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...З.Ү гэх хүн хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа талаар сонссон боловч шалгалтаар явахад таарахгүй байсан. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр З.Ү нь хууль бусаар ашигт малтмал олборлож байгаад баригдсан гэдгийг цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс сонссон. “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан байгаль орчны хохирлын үнэлгээтэй танилцсан. Байгаль хамгаалах тухай хуулийн дагуу байгаль орчинд учирсан хохирлыг байгаль орчны байцаагчийн актаар тооцуулж хохирлыг төлүүлэх хүсэлттэй байна гэх хохирогч Т.Аийн мэдүүлэг /хх-ийн 13-14/,
- ...З.Ү нь “жижиг карьер гаргачих, шатахууны төлбөр гаргаж авъя” гэхээр нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хуучин нөхөн сэргээлт хийсэн талбайн дээр, эрүүл газрын хөрс хуулах, газар ухах ажлыг Мөнхбат гэх залуугийн хамт хийсэн. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн газраас шалгалт ирээд үйл ажиллагааг зогсоосон гэх гэрч Ч.Баттүшигийн мэдүүлэг /хх-ийн 15/,
- ...тэгээд 2 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хавьцаа хөрс хуулалт хийж байх шиг техникүүд ажиллаж байсан... гэх гэрч Ч.Сын мэдүүлэг /хх-ийн 17/,
- ...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хонгор сумын “Эрэлийн ам” гэх газарт техник, тоног төхөөрөмжөө оруулаад үйл ажиллагааг эхэлсэн. Ойролцоогоор 8-9 метр гүн, 7х10 метрийн харьцаатай газар ухсан байсан... гэх гэрч Т.Мын мэдүүлэг /хх-ийн 18/,
- ...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зүс таних З.Ү гэх залуу намайг экскаватороо 15 хоногийн хугацаанд 5.000.000 төгрөгөөр түрээслээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тохироод З.Үад самсунг 2900 маркийн шар өнгийн экскаватороо өгөөд явуулсан... гэх гэрч С.Сгийн мэдүүлэг /хх-ийн 19/,
- ...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 15 өдрийн хугацаатай 81-81 УНЯ улсын дугаартай ногоон өнгийн Дево маркийн 16 тонн даацтай ачааны машин, 82-44 УНБ улсын дугаартай, цагаан өнгийн Дево маркийн 16 тонн даацтай ачааны машинуудаа 3.000.000 төгрөгөөр гэрээ байгуулж түрээсэлсэн... гэх гэрч Ц.Жны мэдүүлэг /хх-ийн 20/,
- ...Би хүнээс техник хэрэгсэл түрээсэлж аваад 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хонгор сумын “Эрэлийн ам” гэх газарт очсон. Түрээсийн техник хэрэгслээ засварлаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэл 3 хоног ашигт малтмал олборлох зорилгоор газар ухсан. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өглөө Цагдаагийн байгууллагаас шалгалт ирээд зөвшөөрөл, бичиг баримтгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байна гээд саатуулсан гэх шүүгдэгч З.Үын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/,
- “Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Эрэлийн ам” гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд нийт 0.019 га талбайг эвдрэлд оруулсан байна. Байгаль орчинд нийт 977,133.3 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнээс эдэлбэр газарт 41.3 төгрөг, хөрсөнд 25,695.6 төгрөг, ургамалд 85,500 төгрөг, агаарт 570 төгрөг, газрын хэвлийд 865,326 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан байна. Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх талбай нь өмнө нь олборлолт хийгдэж байсан эвдэрсэн томоохон талбайн зах хажуугийн хэсэг байлаа. Дээрх эвдэрсэн талбайг нөхөн сэргээх ажлын зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан аргачлалын дагуу тооцож үзэхэд техникийн нөхөн сэргээлтэд 687,822 төгрөг, биологийн нөхөн сэргээлтэд 58,550 төгрөг, хяналт тавихад 55,025 төгрөгийг зарцуулахаар байна” гэх “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн гаргасан байгаль орчны хохирлын үнэлгээ /хх-ийн 30-45/,
- ...З.Үын байгаль орчинд учруулсан хохирлыг эдэлбэр газарт учруулсан хохирлыг 3 дахин, хөрсөнд учруулсан хохирлыг 3 дахин, ургамалд учруулсан хохирлыг 5 дахин, газрын хэвлийд учруулсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлэн тооцож, агаарт учруулсан хохирлыг бодит хохирлоор тооцож нийт 2,235,932.7 төгрөгийн нөхөн төлбөрийг тогтоосон Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10-04-305/01 дугаартай акт /хх-ийн 46-47/,
Шүүгдэгч З.Ү нь самсунг 2900 маркийн шар өнгийн экскаваторыг иргэн С.Саас, 81-81 УНЯ улсын дугаартай ногоон өнгийн Дево маркийн 16 тонн даацтай ачааны машин, 82-44 УНБ улсын дугаартай, цагаан өнгийн Дево маркийн 16 тонн даацтай ачааны машинуудыг иргэн Э.Маас тус тус түрээсэлсэн гэх түрээсийн гэрээнүүд /хх-ийн 83-85/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан ба шүүгдэгч З.Үын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Эрэлийн ам” гэх газарт нийт 0.019 га талбайд зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газар ухсан үйлдлийн улмаас байгаль экологид хор хохирол учирчээ.
Иймд З.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд хууль бусаар халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 977,133.3 төгрөгийн шууд хохирол учирсан ба нөхөн төлбөр 2,235,932.7 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 801,397 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн акт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь байгаль орчин учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 2,235,932.7 төгрөгийг төлсөн болох нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын төрийн сан банк дахь 100190200914 тоот дансанд 2,235,932.70 төгрөг төлсөн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 94/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч З.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч З.Ү нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Прокурорын зүгээс шүүгдэгч З.Үад 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч З.Ү нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.
Шүүгдэгч З.Ү нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Үад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн ял оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.Үын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг 2900 маркийн экскаваторыг хурааж, улсын орлого болгох санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн үнийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцохоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцохгүй юм.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.
Шүүгдэгч З.Үын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг 2900 маркийн экскаватор нь түүний өмчлөлийнх бус, иргэн С.Стай гэрээ байгуулан түрээсэлсэн болох нь Дархан-Уул аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 817 дугаартай албан бичиг /хх-ийн 79/, З.Ү, С.С нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ /хх-ийн 83/, гэрч С.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зүс таних З.Ү гэх залуу намайг экскаватороо 15 хоногийн хугацаанд 5.000.000 төгрөгөөр түрээслээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тохироод З.Үад самсунг 2900 маркийн шар өнгийн экскаватороо өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж 2000 онд үйлдвэрлэгдсэн 38.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг 2900 маркийн экскаваторыг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт З.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Үыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Үад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
7. 2000 онд үйлдвэрлэгдсэн, 38.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг 2900 маркийн экскаваторыг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Үад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР