Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00988

 

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00988

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00780 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б-т холбогдох,

 

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны - хаягт байрлах, 51 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж, 101 дүгээр байр, - үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Байгальмаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01097 дугаар захирамжаар хариуцагч “А” ХХК болон Б.В- нар нь нэхэмжлэгч “банк” ХХК-ийн гаргасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 528,084,330 төгрөг гаргуулах, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд

“А” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны - 51 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,

“А” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22, 101 дүгээр байрны - хаягт байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.2 “А” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 202805579/07-156 тоот мэдэгдлийг хүлээн авч, 20280579/06-156 тоот мэдэгдэлтэй танилцсан.

Мэдэгдэх хуудаст дээр дурдсан - хаягт орших орон сууцны үнийн санал явуулах үүрэг болгосон байсан ба үүнээс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд тодорхой ажиллагаа хийгдсэн тухай  “А” ХХК-д огт мэдэгдээгүй.

Өмнө нь “А” ХХК нь  дээрх - үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/01029 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1119 тоот давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус тус үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

1.3. “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг тус тус хүлээн авснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд албан ёсоор оролцож эхэлсэн. Үүнээс хойш тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эд хөрөнгийн өмчлөгч “А” ХХК-ийг оролцуулан эхнээс нь явуулах ёстой байсан боловч 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шинжээч томилсон байсныг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4-156/18600 тоот мэдэгдлийн дагуу “А” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж, 101 дүгээр байр, - үл хөдлөх эд хөрөнгийг 583,200,000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдсэн. “А” ХХК-ийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож эхлэхээс өмнөх тус хөрөнгөд хийгдсэн хөрөнгө битүүмжлэх, хөрөнгө хураан авах, үнийн санал авах гэх мэт ажиллагаа бүгд хууль бус байсан гэдэг нь анхан болон давах шатны шүүхийн шийдвэрээс тодорхой харагдах ба эдгээр үйл ажиллагааг хуулийн дагуу “А” ХХК-ийг байлцуулан хийх ёстой, түүнчлэн тухайн үнэлгээг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20280579 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 17 болон - орон сууны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

1.4.Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа бол хөрөнгийн үнэлгээ хийлгэж, үнэлгээний тайланг төлбөр төлөгчид танилцуулах үүрэгтэй ба төлбөр төлөгч нь тус үнэлгээг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй, мөн албадан дуудлага худалдаа зарласан бол дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлж танилцуулах ёстой байсан боловч эдгээр хуулийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлээгүй байхад анхны албадан дуудлага худалдаа явагдсан байна.

Иймд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01097 дугаар захирамжаар “А” ХХК, Б.В- нараас 529,518,616 төгрөгийг гаргуулж “банк” ХХК-д олгох, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд “А” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн - дугаартай Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны -од байрлах 51 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж-22, 101 дүгээр байрны -од байрлах 240 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “А ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын - бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж-22, 101 дүгээр байрны -од байрлах 240 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгоход 583,200,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4-156/18600 дугаар албан бичгээр эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж, үнэлгээний тайланг талуудад танилцуулсан.

2.3. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох эрхийн улсын бүртгэлийн - дугаартай Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны -од байрлах 51 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу бүхий л ажиллагааг явуулсан.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Хариуцагч талын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүх шийдвэрлэсэн байгаа. Магадлалаар үнэлгээг хүчингүй болгосон үндэслэл нь орон сууцны зориулалтай барилгыг шүдний эмнэлэг гэсэн байсан учраас хүчингүй болгосон.

“А” ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцаа эзэмшигч Б.В- нь Б.Г-д итгэмжлэл олгосон. Б.Г- өөрөө гардаж авсан, Б.В-д мэдэгдэл хүргүүлсэн баримт байгаа. Мөн энэ маргаж байгаа үнэлгээг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК гаргасан. 3 жилийн дараа үнэлүүлэхэд зөрүү гарах нь тодорхой боловч үнэлгээг хүчингүй болгох боломжгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Статистикийн хороо, “Тэнхлэг зууч” ХХК-аас баримт өгч тайлбарлаж байна. Тэр баримтыг хэрэгт шууд хамааралтай гэж үзэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байна.

3.2. Хоёр дахь албадан дуудлага худалдаатай холбоотойгоор ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байхад дуудлага худалдааг явуулсан нь хуульд нийцээгүй юм уу гэж харж байна. Үндсэн шаардлага үндэслэлгүй. Нэмэгдүүлсэн шаардлагыг дэмжсэн байдалтай байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-т холбогдуулан гаргасан “А” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, залуучуудын гудамж 2, 101 байрны - хаягт байрлах 240 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг,

“А” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 40 мянгат, 42 дугаар байрны - хаягт байрлах 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг,

“А” ХХК-ийн өмчлөлийн 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдааг болон 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/8 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2021/12055 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангахаас татгалзсан тул үнэлгээг зах зээлийн үнээс хэт багаар үнэлснийг нотлох зорилгоор хэд хэдэн үнэлгээ болон үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийн судалгаатай холбоотой нотлох баримтуудыг өөрсдөө цуглуулан шүүхэд гаргаж өгсөн.

Тухайлбал 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж, 101 дүгээр байр, -, 240 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэхэд 880,800,000 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээ нь өмнө нь хийгдсэн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аас 583,200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнээс даруй 30 хувийн зөрүүтэй харагдаж байгаа юм. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Үндэсний статистик хороонд 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх орон сууцны үнийн индексийн мэдээллийг гаргуулах хүсэлт гаргаж, тус хүсэлтийн хариуг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн. Тус судалгаагаар Орон сууцны үнийн индекс, 2021-2022 оны харьцуулсан үнийн судалгаанаас авч үзэхэд үнийн хувьд 16 хувийн өсөлттэй байгаа юм. Мөн Тэнхлэг зууч ХХК-аас гаргаж өгсөн үнийн мэдээллээс харахад 1 м.кв худалдах дундаж үнэ 2021 оны 09 сард 3,215,383 төгрөгийн үнэлгээтэй байгаа нь харагдаж байна.

Энэхүү судалгаануудаас авч үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аас үнэлсэн үнэлгээ нь хэт багаар үнэлсэн болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрсдийн шаардлагаа нотлохын тулд гаргаж өгсөн нотлох баримтууддаа үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “нэхэмжлэгчээс хийлгэсэн үнэлгээ болон баримтуудаас харьцуулж харахад үнийн хувьд зөрүүтэй байгаа тул шинжээч томилуулан бодит үнэлгээг гаргах шаардлагатай гэж үзэн” шинжээч томилуулах хүсэлтийг дахин өгсөн боловч шүүгч хүсэлтийг хангахаас татгалзсан. Хэрэв анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бол үнэлгээнүүд нь хэт багаар үнэлснийг нотлох боломжтой байсан.

5.2. Мөн Сүхбаатар дүүрэг, 4 дүүргийн хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны - 51 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Виннер Вэй” ХХК-аас үнэлсэн үнэлгээнд үндэслэн үнийг бууруулан худалдан борлуулсан тохиолдолд төлбөр төлөгчид ихээхэн хохиролтойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 42 дугаар байрны -од манай байгууллагаас хийсэн үнэлгээнд нэхэмжлэгч 2, 3 жилийн дараа гомдол гаргасан. Мөн ажиллагаатай холбоотой гомдол гаргаагүй бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй.

6.2. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж, 101 дүгээр байр, - үл хөдлөх эд хөрөнгөд хуулийн дагуу ажиллагаа явагдсан.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн татгалзлыг дэмжиж оролцож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж, 101 дүгээр байр, -, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны - хаягт байрлах, 51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01097 дугаар захирамжаар хариуцагч “А” ХХК, Б.В- нараас 528,084,330 төгрөг гаргуулж “банк” ХХК-д олгох, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд “А” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны - хаягт байрлах, 51 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22, 101 дүгээр байрны - хаягт байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3.2. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Б- 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох - 3 өрөө орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр, - 4 өрөө орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус тус битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус тус хурааж, мөн өдрийн 20280579/06-156 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч нарыг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үнийн саналаа ирүүлэхийг “А” ХХК-ийн захирал Б.Дашдамбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д мэдэгдсэн, тэрээр мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан байна.

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4-156/32092 дугаар албан бичгээр битүүмжлэн хураасан эд хөрөнгийн үнийн саналаа 09 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлэхийг талуудад мэдэгджээ.

 

3.3. Талуудаас үнийн санал ирүүлээгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр авагчийн шинжээч томуулах хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 9/442 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22, 101 дүгээр байрны - хаягт байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг “Файн эстимэйт” ХХК-аар, мөн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 9/443 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны - хаягт байрлах, 51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг “Виннэр вэй” ХХК-аар тус тус тогтоолгохоор шинжээч томилж, шинжээч нарын үнэлгээнүүдийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4-156/34814 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч “А” ХХК, Б.В- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г- нарт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байна.

 

3.4. “Файн эстимэйт” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар уг үнэлгээг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/01029 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1119 дугаар магадлалаар хүчингүйд тооцжээ.

 

4.1. Нэхэмжлэгч “А” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б.Г-д итгэмжлэл олгож шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан, шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22, 101 дүгээр байрны - хаягт байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнийн саналаа ирүүлэх мэдэгдэх хуудсыг 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хамт итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1,200,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг ирүүлсэн нь шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.2. Төлбөр төлөгч нараас тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй, харин төлбөр авагчаас үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох боломжгүй байх тул хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

4.3. Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээний тайлан гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 583,200,000 төгрөг гэж үнэлсэн, уг үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4-156/18600 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д гардуулжээ.

Дээрх орон сууцны үнэлгээнд шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн тул нэхэмжлэгч “А” ХХК нь дахин үнэлгээнд гомдол гаргах эрхгүй гэж дүгнэж Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22, 101 дүгээр байрны - хаягт байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны - хаягт байрлах, 51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийг үнэлгээг шинжээч “Виннэр вэй” ХХК 583,205,000 төгрөгөөр үнэлсэн талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/14 дугаар тогтоолоор дээр дурдсан - орон сууцны анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр явуулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4-156/17844 дугаар мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гардуулсан, мөн тогтоосон хугацаанд анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч санал ирээгүй тул худалдан борлогдоогүй байна.

Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/8 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр явуулахаар шийдвэрлэж, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4-156/20097 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч Б.В- нь “Би очиж авах боломжгүй байна. Дарханд явж байна. Миний хаягаар шуудангаар явуулчих” гэсэн тул төлбөр төлөгч нарт 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шуудангаар хүргүүлж, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар нэг санал ирсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хариуцагчийн дээрх шийдвэр, ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журмын дагуу гомдол гаргаагүй, уг ажиллагаа хүчин төгөлдөр байна.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь үндэслэлтэй. Учир нь, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нотлох баримтыг талууд өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй.

 

6.1. Түүнээс гадна нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримт болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээнд маргаж буй - орон сууцны үнэлгээг 880,800,000 төгрөгөөр тогтоосон нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг цаг хугацааны хувьд буруу гэж үзэх үндэслэл болохгүй.

Үндэсний статистикийн хорооны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  статистикийн мэдээнд шинэ болон хуучин орон сууцны дундаж үнийг тодорхойлсон байх бөгөөд өмнөх оны мөн үеэс 13,7 хувиар өссөн гэж дурдсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үнэ ханшны өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж дүгнэхээргүй байна. 

“Тэнхлэг зууч” ХХК 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04/23 тоот албан бичгээр орон сууцны зах зээлийн үнийн мэдээлэл гаргаж өгсөн байх ба уг мэдээллээр 2021 оны 09 дүгээр сарын байдлаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Роял кастл хотхонд байрлах 3 өрөө орон сууцныг худалдах дундаж үнийн мэдээллээр 1 м.кв-ыг 3,215,383 төгрөг гэж тодорхойлжээ. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 460 тоот шинжээчийн дүгнэлтийн 4.1.1-д зах зээлийн харьцуулан жишиг аргын үнэлгээнд харьцуулалтаар авсан 3 орон сууц нь бүгд Баянзүрх дүүргийн Роял кастл хотхоныг байх бөгөөд тэдгээрийн зарах үнийн саналын 1 м.кв талбайд харьцуулж   2,430,000 төгрөгөөр тодорхойлж байжээ. Иймд “Тэнхлэг зууч” ХХК-ийн баримтыг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ. 

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                 Э.ЭНЭБИШ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА