Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00941

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 3 дугаар байрны 16 тоотод оршин суух, Боржигин овгийн Төрөөгийн Өлзийхишигийн /регистийн дугаар ТГ 64090600/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1987 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 19 дүгээр байрны 41 тоотод оршин суух, Хиад овгийн Батсайхны Гантулга /Регистрийн дугаар ФЖ 87012014/

Хариуцагч: 1983 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 19 дүгээр байрны 41 тоотод оршин суух, Хиад овгийн Батсайхны Ганбат /Регистрийн дугаар ФМ83041016/ нарт холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

                      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч Б.Ганбат, Б.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

            Нэхэмжлэгч Т.Өлзийхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Өлзийхишигээс Б.Гантулга нь өөрийн эзэмшлийн 88-14 ОРА улсын дугаартай “Пажеро” маркын автомашиныг барьцаалж, 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4,500,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдсэн. Б.Гантулга нь зээлсэн мөнгө төгрөгөө төлөхгүй байсан ба түүний ах Батсайханы Ганбат нь ээжийнхээ хамт ирээд эмээл, хазаар, ташуурч авчирч өгөөд энэ машин нь миний машин юм аа, би энэ машиныг зараад 2015 оны 10 дугаар сарын 29-н гэхэд 2 сарын дараа 5,500,000 төгрөг болгож өгье гээд гэрээ бичгээр хийгээд автомашиныг авч явсан. Хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд 2 сарын хугацааны хүүгээр алданги тооцож төлнө гэж гэрээ байгуулсан юм.

Б.Гантулга, Б.Ганбат нар хийсэн гэрээнийхээ үүргийг огт биелүүлээгүй, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд Ганбатыг урьж, эвлэрэх санал тавихад хэн таныг надад итгэж, барьцаанд тавьсан автомашинаа өг гэсэн юм, анх зээл авсан Гантулгатайгаа ярь гэсэн тул гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа  Б.Гантулга, Б.Ганбат нараас зээл, хүүгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Зээлийн гэрээний үүргээ биелүүлэгүй байгаа Б.Гантулга, Б.Ганбат нараас зээл, хүүгийн хамт 6,310,000 төгрөг гаргуулах тооцоо гарч байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Иргэний хуулийн 281,282 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нараас 5,000,000 төгрөг гаргуулж, зээлдүүлэгч Т.Өлзийхишигийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Д.Гантулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өлзийхишиг гэдэг хүнтэй гээрээ хийж О.Отгонзул гэж хүнд мөнгө авч өгсөн.О.Отгонзул гэж хүн маань Улаанбаатар хот орж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ зараад Өлзийхишиг гэдэг иргэний хохиролгүй болгож өгнө гэжээ.

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Өлзийхишиг нь хариуцагч Б.Гантулга, Б.Ганбат нараас зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгүүлэхээр буюу үндсэн зээл болон хүүгийн хамт 5,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. 

            Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд мөнгийг аваагүй, мөнгийг Отгонзул авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү татгалзлаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

            Харин хариуцагч Б.Гантулга нь 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4.500.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлж авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр батлагдаж байна. Хариуцагч Б.Ганбатын хувьд барьцаанд тавьсан гэх 88-14 ОРА улсын дугаартай Пажеро маркийн автомашиныг барьцаанаас авахын тулд машины оронд эмээл, хазаар, ташуур барьцаанд тавьсан гэх боловч зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, хамтран хариуцагч болоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш байна. Иймд түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

            Нэхэмжлэгч нь хариуцагч нарын “зээлийг Отгонзул авсан” гэх этгээдийг хариуцагчаар татаагүй энэ талаар хүсэлт гаргаагүй тул шийдвэрлэх боломжгүй.

            Хэрвээ зээлийн гэрээнд гарын үсэг зурж мөнгийг өмчлөлдөө шилжүүлж авснаар захиран зарцуулах эрхтэй болсон хариуцагч нь тухайн мөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн бол тухайн этгээдэд холбогдуулан тусад нь нэхэмжлэл гаргах эрхтэй.

             Хариуцагч  Б.Гантулга нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, гэрээ байгуулагдсан эсэх талаар маргахгүй байна. Түүнчлэн хариуцагч Б.Ганбат нь машиныг барьцаанаас гаргаж авахын тулд  өөрийн сайн дурын үндсэн дээр эмээл, хазаар, ташуур зэргийг нэхэмжлэгчид барьцаа болгон өгсөн, Б.Гантулгыг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2 сарын хугацаанд 5.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

               Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-д заасныг баримтлан хариуцагч Б.Гантулгаас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Өлзийхишигт олгож, хариуцагч Б.Ганбатад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
Монгол  Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102,950  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Гантулгаас 102,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Өлзийхишигт олгосугай.
Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдний хууль ёсны төлөөлөгч  буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                     Б.БЯМБАСҮРЭН