Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 37

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч Г.Яндаг,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Д.Бд холбогдох эрүүгийн 1818009420005 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х овогт Д.Б /РД: /, Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ихэр могой” төвийн урд иргэн Б.Үын эрүүл мэндэд нь баруун гарын 5 хурууны алганы шивнүүр ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...намайг зам хөндлөн гарч байхад Соната-6 маркийн машин их хурдтай, хурд сааруулагч давж ирээд их ойрхон ирж зогссон. Тэгэхээр нь би цочоод “аятайхан яв л даа” гэж хэлээд тухайн машины урд хэсэг рүү нь нэг удаа өшиглөхөд жолооч нь бууж ирээд бид маргалдсан. Жолооч залуу миний зүүн нүдний доод зовхи руу нэг удаа гараараа цохисон. Намайг түлхээд байхаар нь би гараараа замын хашлага тулсан. Мөн би тэр залуугийн нүүр хэсэг рүү 1 удаа цохиод, 1 удаа алгадсан. Тэгээд би маргалдахаа болиод цааш явж байтал жолооч залуу араас өшиглөх гэхээр нь би баруун гараараа хөлийг нь хаасан. Тэгтэл миний гар жирс гээд сонин болсон бөгөөд бадайраад, хөдөлгөхөөр хөндүүрлээд өвдөөд эхэлсэн... гэх хохирогч Б.Үын мэдүүлэг /хх-ийн 78-79/,

- ...нэг залуу манай нөхрийг “миний машин руу өшиглөдөг хэн юм бэ” гээд, харин манай нөхөр тэр залууг “чи явган хүний гарцтай газраар яасан хурдтай явдаг юм бэ” гээд хоорондоо маргалдаж байсан. Манай нөхөр тэр залууг унагааж байх шиг болохоор нь “боль” гээд болиулахад цаашаа салаад явсан. Тэгтэл тэр залуу уурлаад манай нөхрийн араас очоод өшиглөх гэхэд манай нөхөр гараараа хөлийг нь хаасан... гэх гэрч Д.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 80-81/,

- “Б.Үын биед 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үүссэн баруун гарын 5 хурууны алганы шивнүүр ясны битүү хугарал, цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүчтэй цохигдох, дарж унах үед үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1173 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83/,

- Д.Бы толгойн орой хэсэгт эмзэглэнэ, баруун эрүү зулгарсан, хамар эмзэглэнэ, дээд шүд өвдөнө, дээд уруул язарсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 87/,

- “Д.Бы биед 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үүссэн доод эрүүнд зулгарал, хамарт зөөлөн эдийн няцрал, 1 хазах шүдний хазах хэсгийн паалангийн эмтрэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1174 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88/,

- “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “иргэн Д.Бы эзэмшлийн Хьюндай соната-6 маркийн 76-68 ДАХ улсын дугаартай суудлын автомашины урд талын дугаарын тогтоогч хүрээ 1 ширхэг нь 20.000 төгрөгийн үнэтэй” гэх /хх-ийн 92-93/,

- Б.Ү нь баруун гарын 5 хурууны алганы шивнүүр ясны хугарал оноштой гэх амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 104/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14:50 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 21 дүгээр байрны арын хатуу хучилттай авто зам дээр 76-68 ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.а, 4 дүгээр хавсралтын 3.7, 16 дугаар бүлгийн 16.1-д заасан заалтуудыг зөрчсөнөөс зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Мг мөргөж, эрүүл мэндэд нь баруун хөлийн шилбэний шаант ясны дээд 1/3 хэсгийн зөрөөгүй битүү хугарал, тархи доргилт, нүүр ба баруун сарвууны гадна хэсгийн зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...би хүргэн Б-ын гэрт очихоор 12 дугаар багийн 21 дүгээр байрны арын замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Тэгтэл баруун гар талаас гэнэт цагаан өнгийн машин гулгаж ирээд миний баруун хөлийг мөргөөд намайг газарт унагаасан. Эмчилгээний зардал 700.000 төгрөг болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хохирогч С.Мгийн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

- ...С.М эгчийн хажууд очиход цагаан өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн урд талд замын хашлага дээр гараа газарт тулаад, хөлөө жийгээд, хажуугаараа хэвтэж байсан. Машины жолооч нь С.Мгийн хажууд зогсож байсан. С.М нь баруун талын шанаа, гар зэрэг нь хавдаад цус гарсан, баруун хөл нь өвдөөд газарт гишгэж чадахгүй байна гээд хэвтсэн байдалтай байсан... гэх гэрч Ц.Б-ын мэдүүлэг /хх-ийн 13/,

- ...С.М эгчийг нөхөр бид 2 таниад осол болсон газар очиход С.Мгийн баруун талын шанаа, гар зэрэг нь хавдаад цус гарч байсан. Харин баруун хөл нь өвдөөд гишгэж чадахгүй байна гээд хажуугаараа хэвтэж байсан... гэх гэрч С.О-ийн мэдүүлэг /хх-ийн 14/,

- ...Миний 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр жолоодож явсан 76-68 ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл нь зуны дугуйтай байсан. Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх шүүгдэгч Д.Бы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хх-ийн 3-9/,

- С.Мгийн баруун зовхи хавдаж хөхөрсөн, баруун гарын сарвуу хавдаж хөхөрсөн, баруун шилбэ хавдартай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 18/,

- “С.Мгийн биед баруун хөлийн шилбэний шаант ясны дээд 1/3 хэсгийн зөрөөгүй битүү хугарал, тархи доргилт, нүүр ба баруун сарвууны гадна хэсгийн зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. С.Мгийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/,

- “...Жолооч Д.Бы жолоодож явсан 76-68 ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн, осол гарахад дуут дохио ажиллагаагүй байсан, зуны улирлын дугуйтай байсан нь осол гаргахад нөлөөлсөн...” гэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Лхагвасүрэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-28/,

- “Жолооч Д.Б нь 76-68 ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх хэсгийн а-д заасан “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ” гэх заалтыг зөрчин мөн дүрмийн 4 дүгээр хавсралтаар батлагдсан Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтын 3.7-д заасан улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэх заалтыг зөрчсөн зэргээс уг осол гарсан. Жолооч Д.Бы 659998 дугаартай жолоочийн үнэмлэх хүчинтэй байна. Явган зорчигч С.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Хьюндай Соната-6 маркийн 76-68 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Д.Б нь жолоодож явахдаа дээр дурдсан замын хөдөлгөөний зүйл заалтыг зөрчсөн, мөн анхаарал болгоомжгүй байдлаас зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл бүрдсэн гэж үзэж байна” гэх Дархан-Уул аймаг дахь Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Амаржаргалын гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/,

- Шүүгдэгч Д.Бы 659998 дугаартай жолоочийн үнэмлэх нь хүчинтэй гэх лавлагаа /хх-ийн 33/,

- С.М нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 7794 дугаартай өвчний түүх /хх-ийн 43-51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Бы дээрх үйлдлүүдийн улмаас хохирогч Б.Үын биед баруун гарын 5 хурууны алганы шивнүүр ясны битүү хугарал, цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч С.Мгийн биед баруун хөлийн шилбэний шаант ясны дээд 1/3 хэсгийн зөрөөгүй битүү хугарал, тархи доргилт, нүүр ба баруун сарвууны гадна хэсгийн зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Мгийн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, хохирогч нарын хавтас хэрэгтэй танилцаад гаргасан “Хэргийн материалтай танилцлаа, Д.Баас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 111-112/-ээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Бы 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ихэр могой” төвийн урд иргэн Б.Үын эрүүл мэндэд нь баруун гарын 5 хурууны алганы шивнүүр ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14:50 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 21 дүгээр байрны арын хатуу хучилттай авто зам дээр 76-68 ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.а, 4 дүгээр хавсралтын 3.7, 16 дугаар бүлгийн 16.1-д заасан заалтуудыг зөрчснөөс зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Мг мөргөж, эрүүл мэндэд нь баруун хөлийн шилбэний шаант ясны дээд 1/3 хэсгийн зөрөөгүй битүү хугарал, тархи доргилт, нүүр ба баруун сарвууны гадна хэсгийн зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “..............” ХХК-нд цувих хэсгийн машинистаар ажилладаг, сарын 600.000-800.000 төгрөгийн цалинтай болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110/, “............” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаартай албан бичиг /хх-ийн 116/-ээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэж, торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.000.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь “..............” ХХК-нд цувих хэсгийн машинистаар ажилладаг, сарын 600.000-800.000 төгрөгийн цалинтай болох нь “.....................” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаартай албан бичиг /хх-ийн 116/-ээр нотлогдох бөгөөд түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР