| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0031/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 40
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагч Г.Яндаг,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт Д.Од холбогдох эрүүгийн 1818008880577 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овогт Д.О /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт 18-ын автобусны буудал орчимд иргэн Ө.Гтай маргалдаж, нүүр лүү нь цохьсон, хохирогч Ө.Г нь цагдаа дуудахаар гар утсаа гаргаж ирэхэд шүүгдэгч Д.О гар утсыг нь шүүрч аваад зугтаасан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Оын өгсөн: Би 18-ын автобусны буудал хавиар явж байхдаа 3 эмэгтэй хүнтэй таарсан. Би тэр 3 хүнийг “муусайн архичин авгай нар” гэж хэлэхэд тэд нар “ээж шигээ хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ?” гээд намайг цохисон. Тэгтэл нэг эмэгтэй нь цагдаа дуудна гээд гар утсаа гаргаад ирэхээр нь би гар утсыг нь булааж аваад зугтаасан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Ө.Ггийн өгсөн: ...би цагдаа дуудах гээд гар утсаа халааснаасаа гаргатал тэр залуу яах ийхийн зуургүй гар утсыг булааж аваад зугтаачихсан. ...Надад одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Гэрч С.Т-ийн өгсөн: ...Г, О бид 3 Төмөр замын 16 дугаар байрны орчимд явж байхад гэнэт нэг залуу гарч ирээд Г-гийн гар утсыг шүүрээд яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч Т.Б-ийн өгсөн: ...Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 1б байрны орчимд явж байсан иргэн Ө.Г нь “миний гар утсыг аваад зугтаачихлаа, бариад аваарай” гэж хашхирсан. Тэгэхээр нь сэжигтэй этгээдийг 18-ын автобусны буудал орчимд барьж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч Ц.Б-ын өгсөн: ...Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 1б байрны орчимд явж байсан иргэн Ө.Г нь “миний гар утсыг аваад зугтаачихлаа, бариад аваарай” гэж хашхирсан. Тэгэхээр нь сэжигтэй этгээдийг 18-ын автобусны буудал орчимд барьж авсан... /хх-ийн 17/,
Гэрч Т.О-ийн өгсөн: ...Г “би чамайг цагдаа дуудаж өгнө” гээд гар утсаа гаргаж ирээд гартаа барьж байтал тэр залуу Г-ийн гар утсыг булааж аваад зугтаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
“...шаргал өнгийн, бор шаргал өнгийн резинэн гэртэй, Самсунг гранд прайм загварын гар утсыг тухайн гар утасны эзэн Ө.Гд хүлээлгэн өгөв” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ө.Ггийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/,
“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “иргэн Ө.Ггийн Самсунг гранд прайм загварын хуучин гар утас 40.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Оын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт 18-ын автобусны буудал орчимд иргэн Ө.Гтай маргалдаж, нүүр лүү нь цохьсон, хохирогч Ө.Г нь цагдаа дуудахаар гар утсаа гаргаж ирэхэд шүүгдэгч Д.О гар утсыг нь шүүрч аваад зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Гд 40.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/, “...шаргал өнгийн, бор шаргал өнгийн резинэн гэртэй, Самсунг гранд прайм загварын гар утсыг тухайн гар утасны эзэн Ө.Гд хүлээлгэн өгөв” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.О нь бусдад төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Д.О нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан ба тэнсэж хянан харгалзсан хугацаа 2018 оны 10 дугаар сарын 18-нд дууссан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Д.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР