Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2023/01199

 

 

 

 

 

 

 

 

2023 06 19 210/МА2023/01199

 

 

Д.Ш-г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/01341 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ш-г ийн хариуцагч А ХХК -д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 11,633,582 төгрөг, алданги 6,534,801 төгрөг, 2010-2023 он хүртэл хугацааны ээлжийн амралтын мөнгө 6,851,306 төгрөг, нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 121,256,080 төгрөг гаргуулах, 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч С.Л, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Д.Ш миний бие А ХХК -ний "Амури" зочид буудалд сантехникчээр 2009 оны 10 сард ажилд орж, 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тус компанид хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сантехникийн угсралт, засварын ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна хөдөлмөрийн гэрээнд дурдсанаас өөр ажил, үүргийг ч хийж гүйцэтгэдэг байсан. Ажиллах хугацаандаа ажлаа сайн гүйцэтгэж, тус компанидаа шударгаар, үнэнчээр, хоёргүй сэтгэлээр ажилласаар ирсэн. "А ХХК -аас 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б дүүрэг , * дугаар хороо , * дугаар байр * тоот , Ү-* улсын бүртгэлийн дугаартай * м.кв 1 өрөө байрыг нэхэмжлэгч Д.Ш д эзэмшүүлэх, өмчлөлд шилжүүлж өгөхөөр тохиролцон орон сууц эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Компанийн зүгээс хүлээлгэсэн итгэл найдварыг алдахгүйг хичээж хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас гадна зочид буудлуудын цэвэр бохир шугам хоолойг шинээр барих ажлыг дангаар хийж гүйцэтгэсэн байдаг. Гэтэл хариуцагч гэрээгээр амласан орон сууцыг Д.Ш д шилжүүлэхгүй байгаа. Тус компанид сантехникчээр ганцаараа ажилладаг байсан бөгөөд А ХХК -ний ашиглалтад оруулсан орон сууц болон зочид буудлуудын сантехникийн ажлыг бүгдийг нь хийсээр өнөөдрийг хүрсэн. Өөрийнхөө хийж гүйцэтгэж байсан ажлуудаас цухас дурдвал тус компани ашиглалтад оруулсан орон сууц болон зочид буудлаас дурдвал "Гранд Хийл зочид буудал, Б дүүрэг т байрлах 16 давхар 100 гаруй айлын орон сууц, мөн тус дүүрэгт байрлах 100 гаруй айлын орон сууц гэх мэт газруудад сантехникчээр ажилласан. Үүнээс гадна маш олон ажилд сантехникийн угсралт, засварын ажлыг хийж гүйцэтгэж байсан болно. 121,256,080 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг дангаар хийж гүйцэтгэсэн тул уг мөнгийг гаргуулж өгнө үү. Мөн 2022 оны 01 сарын 01-2023 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл хугацаа нь; цалин 11,633,582 төгрөг, алданги 6,534,801 төгрөг, 2010-2023 он хүртэл хугацаа нь ээлжийн амралтын мөнгө 6,851,306 төгрөг гаргуулах, 2010 оны 10 сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шаардаж байна. Сантехникчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан. Энэ шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай Амури-Оргил зочид буудал 2003 онд ашиглалтад орж, хэвийн үйл ажиллагаатай, сантехникийн ямар ч асуудал гардаггүй байсан. Д.Ш хүсэлт гаргасны үндсэн дээр би ажилд авсан. Д.Ш 2010 онд хөдөлмөрийн гэрээ хийж ажилд орсон нь худлаа. Манай рестораны захилгын менежер хэзээ ч гэрээ хийх эрх мэдэлтэй хүн биш юм. Гэрээг би хийдэг байсан. Манай шаардлагатай ажилчдаа өөрийн орон сууцанд боломжоороо суулгадаг байсан. Эхлээд Д.Ш-г 50,000 төгрөг төлөөд тухайн орон сууцад суулгадаг байсан. 2013 онд Д.Ш-г ийн ажиллаж байгаа байдлыг хараад тогтвор суурьшилтай компанид ажиллаад энэ байрыг аваарай гэж гэрээ хийсэн. Би гэрээг өөрт нь тайлбарлаж хэлсэн. Үнэ төлбөргүй орон сууцаа ашиглуулж байгаа гол зорилго нь тогтвортой суурьшилтай, удаан ажиллах нөхцөл учраас нийгмийн асуудлыг хангаж шийдэж байгаа. Д.Ш 2017 онд халагдах хүртлээ манай үндсэн ажилтнаар ажиллаж байсан учир бид нар монтаж холболтын ажил хийлгэдэг байсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй байна. Би Д.Ш д хангалттай урамшуулал өгч байсан. Д.Ш хоёргүй сэтгэлээр үнэнч ажиллаагүй. Д.Ш манай компаниас хулгай хийсэн тогтоогдсон. Д.Ш-г ээс хийсэн ажлынхаа төсөв гаргаж өгсөн байна. 121,000,000 төгрөгийн гэрээ хийгээгүй. Илүү цагаар ажилласан бол манай компани илүү цагийн мөнгө бодож олгодог. Иймд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Үндсэн хөдөлмөрийн гэрээг 2013 оны 6 дугаар сард хийсэн тул 2013 оны 6 сараас 2017 онд халагдах хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Ээлжийн амралтын мөнгийг өгөхгүй. Амралтын мөнгөнөөс хэд давсан урамшуулал өгсөн. Энэ хүн Ковид-19 эхэлснээс хойш манайд ажиллаагүй. Ажиллаагүй болох нь ажилласан цагийн хурууны бүртгэлээр нотлогдож байгаа. Өөрийнхөн дансны хуулгаар өөр газар ажиллаж байсан нотлогдож байгаа учир хийгээгүй ажлынхан төлөө цалин өгөхгүй. Иймд нэхэмжлэлээс үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 104 дүгээр зүйлийн 104.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч А ХХК -д 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Д.Ш д олгосон цалин хөлснөөс тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгаж, хариуцагч А ХХК -аас 17,450,373 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ш д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах, цалин, алданги 718,010 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 6,851,306 төгрөг, нэмэлт ажлын хөлс 121,256,080 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч А ХХК -д холбогдох сантехникийн угсралт, засварчны ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Ш-г ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 764,275 төгрөгөөс 694,075 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч А ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 245,202 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэрэгт мэргэшсэн төсөвч С.Э-гийн гаргасан төсвөөр Гранд Хийл зочид буудлын цэвэр бохир усны шугам угсралтын ажлыг хийх төсвийг гаргасан байдаг. Тухайн төсвөөр тухайн ажлыг гүйцэтгэх ажлын хөлс нь 121,256,080 төгрөг гэж тодорхойлсон. Мөн нэхэмжлэгч Д.Ш нь А ХХК -тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр Аморе зочид буудал, ресторанд сантехникчээр ажиллахаар тохиролцсон. Гэтэл энэхүү хөдөлмөрийн гэрээ байгуулахад Гранд Хийл зочид буудлын барилга баригдаагүй байсан, Гранд Хийл зочид буудал 2016 онд ашиглалтад оруулахад тухайн барилгын дотор цэвэр бохир усны шугам угсралтын ажлыг Д.Ш дангаараа хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч нь Аморе болон Гранд Хийл зочид буудлуудын сантехникийг хариуцаж байсан, талууд 2013 онд орон сууц эзэмшүүлэх гэрээг байгуулсан, энэхүү гэрээгээр компани ажилтны байр эзэмших хугацаа дууссаны дараа байрыг ажилтны өмчлөлд хугацаанд шилжүүлэн өгөх, гэрээг хийснээс хойш ажилтан компанид 9 жил тасралтгүй, үр бүтээл, идэвхи санаачилгатай ажилласан тохиолдолд орон сууцыг ажилтны өмчлөлд шилжүүлэх-ээр тус тус тохиролцсон зэрэг ямар нэгэн маргаан байдаггүй. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад талуудын хооронд Гранд Хийл зочид буудлын цэвэр бохир усны шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх эрх зүйн харилцаа үүссэн болох нь тодорхой харагдана. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: А ХХК , Д.Ш нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Д.Ш нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн хуваарийн дагуу, ажлын цагаар засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. А ХХК угсралтын ажлыг нэг хүн дангаар гүйцэтгэх боломжгүй гэж үзэн барилгын тусгай зөвшөөрөлтэй буюу ТТЕЗ ХХК, Бат дөрвөн баганат констракшн ХХК-иудаар сантехникийн угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлсэн ба баримтыг шүүхэд өгсөн. Иймд Д.Ш 2 зочид буудлын бүх сантехникийн ажлыг дангаараа хийж гүйцэтгэсэн гэх тайлбар дээрх баримтуудаар няцаагдаж, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүйг нотолно. Д.Ш гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэн гэрээний дагуу үндсэн цалин, илүү цаг, урамшуулал цалин авсан. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129,1, 129.2 дахь хэсгийг удирдлага болгон ээлжийн амралтын мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Д.Ш А ХХК -д 2013-2017 оны хооронд хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бөгөөд ээлжийн амралтын цалинтай холбоотой асуудлаар өмнө нь санал, гомдол гаргаж байгаагүй. Харин 2018 оноос хойш гэрээт ажилтнаар ажиллаж байсан тул ээлжийн амралтын цалин хөлс олгох үүрэг хүлээхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд үндэслэлтэй гарсан гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.Ш нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байгаагүй, өөр байгууллагад ажиллаж байсан, өмнө нь ажиллаж байсан хугацааны цалинг цагийн бүртгэлийг үндэслэн олгосон болох нь нотлогдсон байхад ажил хийгээгүй хүнд цалин олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Учир нь шүүх хуралдаанд өгсөн цагийн бүртгэлээ үндэслээд танд хариуцагч компани өгөх ёстой цалин хөлсөө төлж байгаа юм биш үү гэж өмгөөлөгч миний бие асуухад нэхэмжлэгч Д.Ш төлсөн гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дугаар талд тодорхой тусгагдсан. Энэ хугацаанд ажлын цагаа бүртгүүлж байсан уу гэсэн өмгөөлөгчийн асуултад нэхэмжлэгч ажлын цагаа бүртгүүлээгүй, ажиллаагүй, Та ажиллаагүй юм бол яагаад ажиллаагүй үеийнхээ цалинг яагаад нэхээд байгаа юм бэ гэхэд 2022 оны 06 дугаар сар хүртэл дуудлагаар ажилласан гэж хариулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 5-р талд бичигдсэн бөгөөд энэ хугацаанд Д.Ш нь А ХХК -д ажиллаагүй нь өөр компанид ажиллаж байсан нь өөрийнх нь дээрх тайлбар, гэрч Б.Наранчимэг, М.Халиун, Н.Байгальмаа нарын мэдүүлэг, цагийн бүртгэлийн системийн мэдээлэл, цалингийн файл болон Д.Ш-г ийн шүүхэд гарган өгсөн Хаан банкны дансны хуулгаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өөр байгууллагаас цалин олгож байсан баримтаар давхар нотлогддог. Мөн нэхэмжлэгч Д.Ш нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин 11,633,582 төгрөг, алданги 5,816,791 төгрөг, нийт 17,450,373 төгрөгийг дутуу олгосон талаар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө шүүх болон бусад байгууллагад хандаж байгаагүй, ажил олгогчоос шаардаж байгаагүй болохоо шүүх хуралдааны явцад өмгөөлөгч миний асуултад хариулахдаа тодорхой хэлсэн бөгөөд энэ талаар гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдсан. Өөрөөр хэлбэл, А ХХК нь нэхэмжлэгч Д.Ш д цалин хөлсийг дутуу олгосон зүйл огт байхгүй бөгөөд ажиллаагүй хүнд цалин олгох нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч Д.Ш шүүх хуралдааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ш-г ийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа түүний А ХХК -д ажиллаагүй хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт тус тус заасныг баримталж цалин, алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нэхэмжлэгч Д.Ш нь А ХХК -д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй, түүнчлэн, 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалин хөлсөө шаардсан боловч энэ хугацаанд ажиллаагүй гэдгээ өөрөө хэлсэн, гэрчүүд болон бусад баримтаар нотлогдож байгаа тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, баталгаажуулалт хийх үүрэг хүлээхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Ш ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тул түүний шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалин хөлс олгохгүй, нэгэнт цалин хөлс олгохгүй тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч Д.Ш-г ийн эрх нь зөрчигдөөгүй учраас ажил олгогчид ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаж байгаагүй. Мөн шүүх болон хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад уг асуудлаар хуульд заасан хугацааны дотор огт гомдол гаргаж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх талуудын хооронд 2023 оны 02 дугаар сар хүртэл хөдөлмөрийн харилцаатай байсан, Д.Ш-г ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж тус тус зөв дүгнэсэн. Хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин, алданги нийт 17,450,373 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тухайд тусдаа хуулиар зохицуулагдах бөгөөд А ХХК Нийгмийн даатгалын хуулийг ноцтой зөрчсөн. Д.Ш-г ийн хөдөлмөрийн гэрээнд Амуре зочид буудлын сантехникийн ажлыг хариуцахаар заасан боловч яагаад Гранд хилл зочид буудлын сантехникийн ажлыг хийлгээд байсан талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчдын гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч А ХХК -д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 11,633,582 төгрөг, алданги 6,534,801 төгрөг, 2010-2023 он хүртэл хугацааны ээлжийн амралтын мөнгө 6,851,306 төгрөг, нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 121,256,080 төгрөгийг тус тус гаргуулах, 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын мөнгө болон нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс зэргийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгуулах шаардлагаа дэмжсэн байна.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

Д.Ш нь А ХХК -тай 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан сантехникчээр ажилласан бөгөөд ажил олгогчоос ажилтантай 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр орон сууц эзэмшүүлэх гэрээгээр Баянгол дүүргийн * дугаар хороо , * дугаар байр ,* тоот орон сууцыг 9 жилийн хугацаанд эзэмшүүлэхээр тохиролцон ажиллуулж байгаад тус компанийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №298/1 дугаар тушаалаар компанийн өмчийг хулгайн байдлаар нь хувьдаа ашигласан тул захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, мөн түүнтэй байгуулсан орон сууц эзэмшүүлэх гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ. /хх5, 7, 152-157, 244/

Үүний дараа А ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №306/1 дугаар тушаалаар Д.Ш-г зочид буудлын сантехникийн засвар үйлчилгээний ажилд гэрээт ажилтнаар томилсон боловч уг тушаалыг түүнд танилцуулаагүй, талууд харилцан тохиролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх ба ажил олгогчийн зүгээс өмнөх ажлын байранд түүнийг ажиллуулж, цалин хөлс олгосон байдал нь шинээр хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсгэсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ...байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. гэж заасан зохицуулалтыг ажил олгогч нь зөрчиж ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна.

Улмаар Д.Ш-г тус компанийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 562 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, орон сууцыг цаашид ашиглуулахыг зогсоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 40 дүгээр зүйлд нийцээгүй байх тул хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй талаар шүүх зөв дүгнэжээ.

4. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарч байна.

Анхан шатны шүүх хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Д.Ш д 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны олгогдоогүй цалин хөлс болох 11,633,582 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Тодруулбал, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчид олгогдоогүй буюу дутуу цалин хөлс 11,633,582 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь хийсэн ажил, ажилласан цагтаа ногдох үндсэн цалинг авах эрхтэй. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь зөв байна.

Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч алданги 5,816,791 төгрөг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно. гэж заасантай нийцжээ.

 

5. Нэхэмжлэгч нь 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажуулалт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн боловч хариуцагч байгууллагаас 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажуулалт хийлгэхийг зөвшөөрсөн байдлыг үндэслэн энэ хэмжээнд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

Мөн хэргийн баримтаар нэхэмжлэгч Д.Ш нь хожим буюу 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн харилцаа үргэлжилж, цалин хөлс авсан болох нь тогтоогдсон тул 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажуулалт хийлгэхийг хариуцагч А ХХК -д даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажуулалт хийлгэхийг даалгахаар 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

6. Нэхэмжлэгч Д.Ш нь 2022 оны 10-12 дугаар сар болон 2023 онд ажил хөдөлмөр эрхлээгүй байхад ээлжийн амралт олгох боломжгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ээлжийн амралт олгох боломжгүй байх тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

7. Мөн нэхэмжлэгч нь тус компанид нийт 121,256,080 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. /2хх17-18/

Уг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч А ХХК -тай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан. Энэ талаар гэрч нар мэдүүлсэн бөгөөд гэрээнд зааснаас өөр нэмэлт ажил гүйцэтгэсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Д.Ш нь ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн болохоос нэмэлт ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсгээгүй, энэ нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

8. Иймд шүүх хариуцагч А ХХК -аас ажилгүй байсан хугацааны олговорт 17,450,373 төгрөг гаргуулж, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд олгосон цалин хөлснөөс тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасантай нийцсэн байна.

9. Хариуцагчийн өмгөөлөгчийн ...ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан байхад шүүх ажиллаагүй хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн төлөхийг даалгахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан нь түүний өмнө ажилласан хугацааны цалин хөлсөө шаардахад хамаарахгүй. Иймд хэргийн баримтаар хөдөлмөрийн харилцаа үргэлжилж түүнтэй холбоотойгоор цалин хөлс олгогдсон үйл баримт тогтоогдож байх тул цалин хөлсний олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

10. Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/01341 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 802,100 төгрөг, хариуцагчаас төлсөн 315,401 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЦОГТСАЙХАН