| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2023/00943/И |
| Дугаар | 210/ма2023/01226 |
| Огноо | 2023-06-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 210/ма2023/01226
2023 06 21 210/МА2023/01226
Х.Г , Ж.О нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/01277 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Г , Ж.О нарын хариуцагч Т ХХК -д холбогдуулан гаргасан 20,563,441 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Х.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.О , нэхэмжлэгч Х.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Х.Г , Ж.О нар 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Т ХХК -ийн ахлах нягтлан бодогч н.Ичинхорлоогоос утсаар замын ажилд хэрэглэх далангийн доргиурт индүүг Налайх дүүргийн Таван толгой түлш ХХК-ийн хашаанд 1-2 сарын хугацаатай, сарын 14,000,000 төгрөгөөр түрээслэх хүсэлт гаргасныг хүлээн авч харилцан зөвшөөрч, мөн өдөр урьдчилгаанд сарын төлбөрийн 20 хувь буюу 2,800,000 төгрөгийг, ажлын талбайд хүргэх тээврийн зардлын 1,000,000 төгрөг, нийт 3,800,000 төгрөгийг Ж.О гийн Хаан банкны 5027577367 данснаас шилжүүлсэн. 21-25 УБ улсын дугаартай, 20 тонн доргиурт индүүгээ заасан газар руу хүргэн өгч 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэн өөрийн операторын хамтаар ажиллуулсан. Дараа нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус компанийн ажлын оффис өрөөнд нь очин туслах нягтланг байлцуулан гэрээгээ байгуулсан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл техникээ өөрийн жолоочийн хамт саадгүй ажиллуулсан. Хэдийгээр төлбөр мөнгөө цаг хугацаандаа авч чадаагүй ч техникээ буцаан татах зардлаа гэрээ ёсоор өөрсдөө төлж барагдуулсан. Уг ажилласан хугацаанд миний талаас гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Уг компанитай тооцоо нийлснээр түрээсийн төлбөрт 20,563,441 төгрөгийн авлагатай тул хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь Ж.О тэй 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 22/13 дугаартай техник тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 473 мото/цаг ажилласан нь техникийн ажлын цагийн бүртгэлээр тогтоогдож байна. Тус индүүний 1 мото/цагийн үнэлгээ нь 38,888 төгрөг байх учир нийт ажилласан 473 мото/цагт үржүүлж бодвол 18,394,024 төгрөгийн түрээсийн төлбөр бодогдохоор байна. Үүнээс урьдчилгаанд өгсөн 2,800,000 төгрөгийг хасвал 15,594,024 төгрөгийг Ж.О д түрээсийн төлбөрт төлөх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 20,563,441 төгрөгөөс 15,594,024 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 4,969,417 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК -аас 15,594,024 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.О , Х.Г нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,969,417 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Т ХХК -аас 235,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.О , Х.Г нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,767 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Х.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг үнэлэхдээ уг гэрээгээр тохиролцоогүй мото/цаг гэх төлбөрийн аргачлалыг үндэслэн түрээсийн төлбөрийг тооцсон нь нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн. Талууд түрээсийн төлбөрийг гэрээний 3-т харилцан тохиролцсон ба уг заалтад төлбөрийг 30 хоногийн 14,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон байтал мото/цаг гэх төлбөрийн аргачлалаар тооцсон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт түрээслэгчийн ажилтан болох н.Сайнбилэгийн техникийн ажлын цагийн бүртгэлээр түрээсийн төлбөрийг тооцсон нь хэргийг бодит үнэнд нийцээгүй. Учир нь н.Сайнбилэгийн техникийн цагийн бүртгэл бол түрээслүүлэгчийн техник болон ажилтны өдөрт ажиллах цагийн хязгаарыг тогтоосон заалт болохоос түрээсийн төлбөрийг тооцох үндэслэл биш. Гэрээний 3.1-д түрээсийн төлбөрийг календарийн хоногоор тооцохоор тогтоосон байтал гэрээний хамааралгүй заалтыг үндэслэн түрээсийн төлбөрийг тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Мөн шүүх нотлох баримтыг хэт нэг талыг баримтлан үнэлсний улмаас Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэж түрээсийн төлбөрийг талуудын тохиролцоогүй аргачлалаар тооцож хэргийг шийдвэрлэсэн. Шүүх талуудын гэрээгээр тохиролцсон тохиролцоог хариуцагчийн илтэд үндэслэлгүй тайлбар, гэрээний өөр зохицуулалтыг буруу тайлбарлан хэт нэг талыг баримталж, нотлох баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр илт үндэслэл муутай болсон. Анхан шатны шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр товлосон. Нэхэмжлэгчид шүүх хуралдаан болох хугацааг мэдэгдсэн атлаа уг шүүх хуралдаан тус шүүхийн аль танхимд болох талаар мэдэгдээгүй. Нэхэмжлэгч нь тухайн өдрийн 9 цаг 30 минутад шүүхийн байранд хүрэлцэн очсон, хуралдаан хаана болох талаар шүүгчийн туслахаас тодруулахад заал сулраагүй байна, заал сулрахаар танд нарийн бичиг мэдэгдэх байх гэсний дагуу шүүхийн байранд хүлээж байсан. Гэтэл шүүх хуралдааныг аль танхимд болох талаар нэхэмжлэгчид мэдэгдэлгүй хуралдааныг эхлүүлсэн ба шүүх хуралдаан болж буй танхимыг олж очин орох хүсэлтээ хэлэхэд оруулалгүй хэргийг хэлэлцсэн. Шүүхийн ажилтнуудын хариуцлагагүй байдал тус шүүхийн зохион байгуулалт тааруу байгаа нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчсөн. Энэ нь шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, хүрэлцэн ирэх боломжит хугацааг харгалзаагүй ноцтой зөрчил юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т техник өдөрт ажиллах цаг 12 ба хооллолт 1 цаг байна гэж, 3.4-т техникийн ажилсан цагийн бүртгэлийг түрээслэгчийн томилсон ажилтны цагийн бүртгэлээр тогтоох бөгөөд түрээслүүлэгч нь тус бүртгэлтэй тухай бүрд нь танилцах, алдаатай бол залруулга хийхийг шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч тал 30 хоногийн 14,000,000 төгрөгөөр тохирсон бөгөөд мото/цагаар тооцох нь буруу гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тухайн индүү 30 хоногт 30 цаг ажилласан байвал 14,000,000 төгрөг төлөх ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Манай байгууллагын зүгээс хариу тайлбар гаргахдаа техникийн цагийн бүртгэлийн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд түрээслүүлэгчийн оператор н.С 473 цаг ажилласан талаар тусгасан байдаг. Техникийн 1 цагийн үнэлгээ нь 38,888 төгрөг буюу нийт ашигласан цагийг тооцож үзвэл 18,394,024 төгрөг төлөх ёстой байдаг. Үүнээс 2,800,000 төгрөгийн урьдчилгаанд өгсөн бөгөөд үлдэх 15,594,024 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х.Г , Ж.О нар нь хариуцагч Т ХХК -д холбогдуулан 20,563,441 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 15,594,024 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх 4,969,417 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.
3.1. Хэргийн 12-15 дугаар талд авагдсан баримтуудад Ж.О гэж гарын үсэг зурсан байдал нь хэргийн 1, 73, 83 дугаар тал авагдсан баримтуудтай харьцуулбал нэхэмжлэгч Ж.О гийн гарын үсэг зөрүүтэй зурагдсан байна.
3.2. Мөн нэхэмжлэгч Ж.О нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад ...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн материалтай танилцсан. Танилцах явцад хэрэгт авагдсан хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт дээр нэхэмжлэгч Ж.О гийн гарын үсгийг дуурайлгаж зурсан байсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх үүрэг тайлбарлаж, баталгаажуулж гарын үсэг зуруулаагүй, Ж.О гийн гарын үсэг биш гэж тайлбарлажээ.
3.3. Энэ тохиолдолд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ж.О д эрх үүрэг тайлбарласан, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материал танилцуулсан гэж үзэх боломжгүй.
4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчид эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулаагүй байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.
5. Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийн 12, 14, 15 дугаар талд авагдсан баримтуудад Ж.О гэж хэн гарын үсэг зурсан, яагаад өөр этгээд нэхэмжлэгч Ж.О гийн өмнөөс гарын үсэг зурсан учир шалтгааныг тодруулах нь зүйтэй болохыг дурдаж байна.
6. Дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгч Х.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/01277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,767 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Д.ЦОГТСАЙХАН