| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0042/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 46
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат,
Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар З овогт Д.Цэд холбогдох эрүүгийн 1818008930009 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, З овогт Д.Ц /РД: /, Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мах худалддаг, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 7-54 тоотод иргэн Н.Атэй маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нурууны мурийлт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ Д.Цтэй мал нядлуулах гэж байсан А-г аваад явах гэж байна гэх шалтгаанаар маргалдсан. Эхлээд би түүний толгойг цохисон бөгөөд Д.Ц уурлаж машинаас бууж ирээд намайг заамдаад бид 2 ноцолдоод газарт унасан. Д.Ц нь газарт унахдаа тохойгоороо миний хамар орчим руу цохиод миний хамар гэмтсэн. Би хохирол төлбөрт 500.000 төгрөг авсан. Одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хохирогч Н.Аийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 12/,
- ...Н.А нь манай нөхөр Д.Цэд хандаад “хүний мал гаргуулж байгаа хүнийг яагаад авч явах гээд байгаа юм бэ” гэж хэлээд Д.Цийн толгой руу цохисон. Манай нөхөр машинаасаа буугаад Н.Атэй барилцаад авсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад хартал Н.А, Д.Ц нар газарт унаад босож ирсэн ба Н.Аийн хамраас цус гарчихсан байсан... гэх гэрч Ц.Түмэндэмбэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16/,
- ...Н.А нь хашаанаасаа гарч ирээд Д.Цийг “миний мал гаргуулах гэж байгаа хүнийг яагаад авч явж байгаа юм бэ” гээд нэг удаа цохисон. Тэгээд Д.Ц машинаасаа буугаад Н.Атэй маргалдсан. Тэгтэл миний гар утас дуугараад би утсаар яриад хартал Н.Аийн хамраас цус гарсан байдалтай, түүний эхнэр нь “манай нөхрийг зодлоо” гээд уурлаж Д.Ц рүү дайраад байсан... гэх гэрч Н.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 18/,
- ...намайг тамхи татахаар гадагшаа гарахад Н.А нь Д.Цтэй мал нядлуулах хүнийг авч явах гэж байна гээд маргалдаж байсан. Н.А нь Д.Цийг машиндаа сууж байхад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Н.Аийг болиулаад явж байтал Д.Ц машинаасаа буугаад Н.Аийн нүүр лүү цохиод байсан гэх гэрч Б.Ш-ын мэдүүлэг /хх-ийн 18/,
- ...Н.А миний толгой руу цохихоор нь би машинаас буугаад түүнийг заамдаад мушгиад унагаачихсан. Ингэж унахдаа би тохойгоороо түүний хамар орчимд нь цохисон... гэх шүүгдэгч Д.Цийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31/,
- Н.Аийн дагзаар эмзэглэнэ, хамар хавдаж эмзэглэнэ гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 19/,
- Н.Аийн хамрын яс зүүн талдаа цөмөрч хугарсан, таславч муруй, Хамрын хөндийд цус хуралдсан, баруун ухархайн дотор хана 1.9х0.4см хэмжээтэй цөмөрсөн гэх “Саран-Элит” клиникийн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 20/,
- Н.Аийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нурууны мурийлт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1142 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Цийн үйлдлийн улмаас хохирогч Н.Аийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нурууны мурийлт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Аийн өгсөн “...Би хохирол төлбөрт 500.000 төгрөг авсан. Одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12/, хэрэгт авагдсан Н.Аийн ХААН банк дахь ............ дугаартай дансанд Д.Цээс 500.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 54/-аар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Цийн иргэн Н.Аийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нурууны мурийлт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Д.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ХААН банканд хугацаагүй хадгаламжийн данстай болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1830 тоот албан бичиг /хх-ийн 34/, ХААН банкны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/933 тоот албан бичиг /хх-ийн 583/-ээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхэд хохирогч Н.Аийн шүүгдэгч Д.Цийг машиндаа сууж байхад нь маргаан хийж толгой руу нь цохисон зүй бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Цийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан нь торгох ялыг даруй, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй ялтны эдийн засгийн байдлыг харгалзан гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр боломж олгож буй зохицуулалт юм.
Шүүгдэгч Д.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР