| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0043/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 47
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С овогт О.Эд холбогдох эрүүгийн 1918000000014 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С овогт О.Э /РД: /, Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э нь 2019 оны 01 дүгээр 02-ноос 03-ны шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ариг” зочид буудлын 6 тоот өрөөнд хамт байсан иргэн Ц.Гийн халаас дотроо гар утастай савхин хүрмийг нууцаар, хууль бусаар авсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...Би ”Титаник” нэртэй бааранд танилцсан эмэгтэйн хамт “Ариг” зочид буудлын 6 тоот өрөөнд орсон. Тэгээд шар айраг ууж байгаад согтоод унтсан. Өглөө сэрэхэд хаалга онгорхой, хамт орж ирсэн эмэгтэй байхгүй байсан. Миний савхин хүрэм, Самсунг А6 загварын гар утас байхгүй байсан. Би тэр эмэгтэйгээс савхин хүрэм, гар утсаа авсан тул одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хохирогч Ц.Гийн мэдүүлэг /хх-ийн 19-20/,
- ...Ц.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Титаник” бааранд орж ирэхдээ савхин хүрэмтэй байсан. Мөн гар утастай байсан... гэх гэрч Ц.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 27/,
- 2019 оны 01 дүгээр сарын 02-оос 3-нд шилжих шөнө туранхай шөвгөр, бор царайтай 30-35 настай залуу, туранхай, намхан, шар царайтай хүүхэн хоёр манай зочид буудлын 6 тоот өрөөнд орсон. Өглөө эрэгтэй хүн нь “миний хүрэм, мөнгө, гар утас байхгүй байна” гээд хамт орсон эмэгтэйгээ хаана байгааг асуусан... гэх гэрч Д.С-ийн мэдүүлэг /хх-ийн 28-29/,
- ...”Титаник” нэртэй бааранд архи уусан. Согтоод юу болсон талаар сайн санахгүй байна. Өглөө нь гэртээ сэрэхэд ээж надаас “энэ юун хүрэм бэ?” гэж асуусан. Тэгээд тэр хүрмийн халаасыг үзэхэд унтарчихсан гар утас байсан гэх шүүгдэгч О.Эгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34/,
- “Ариг” зочид буудлын өрөөнд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6/,
- О.Эгаас Самсунг загварын гар утас, савхин хүрэм зэрэг эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7/,
- О.Эгаас хураан авсан гар утас, савхин хүрмийг хохирогч Ц.Гт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/,
- “Ариг” зочид буудлаас эмэгтэй хүний куртик, ороолт, даашинз, хавчаар зэрэг эд зүйл хураанд авсан тэмдэглэл /хх-ийн 10/,
- “Ариг” зочид буудлаас хураан авсан эмэгтэй хүний куртик, ороолт, даашинз, хавчаар зэргийг О.Эд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/,
- “Ариг” зочид буудлын дотор байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13/,
- “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “иргэн Ц.Гийн Самсунг А6 загварын шинэвтэр гар утас 1 ширхэг, эрэгтэй хүний шинэвтэр савхин хүрэм 1 ширхэг зэрэг эд зүйл нь 1.000.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч О.Эгийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Гт 1.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь өөрийн эд зүйлээ буцаан авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Гийн өгсөн “Би тэр эмэгтэйгээс савхин хүрэм, гар утсаа авсан тул одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, хэрэгт авагдсан О.Эгаас хураан авсан гар утас, савхин хүрмийг хохирогч Ц.Гт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч О.Эгийн 2019 оны 01 дүгээр 02-ноос 03-ны шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ариг” зочид буудлын 6 тоот өрөөнд хамт байсан иргэн Ц.Гийн халаас дотроо гар утастай савхин хүрмийг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч О.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, охин 11 настай О.О, охин 3 настай Э.У, охин 4 сартай Э.С нарын хамт амьдардаг болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 54-55/, багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаартай албан бичиг /хх-ийн 50/-ээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч О.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Эгийн охин Э.С нь 4 сартай болох нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэргийн хамт ирүүлсэн сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Эд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Эд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн сидийг хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР