Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 0902

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, “Скайтел” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1988 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6 дугаар байрны 41 тоотод оршин суух, Хорчин овгийн Сайндэлгэрийн Ганболдод /регистрийн дугаар ФА88091671/ холбогдох 417,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ганболд нь Скайтел ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт ажиллаж байхдаа 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношлогооны төвийн ажилчид “Скайтел” ХХК-аас гар утас авсан тухай нэрсийн жагсаалтанд өөрийг нэрийг оруулж 165,000 төгрөгний үнэтэй С 8150 гар утас 4 ширхэгийг авсан. Бүсийн оношлогооны төвийн ажилчидтай тооцоо нийлэх явцад тогтоогдсон бөгөөд С.Ганболд нь нв авсан утасныхаа төлбөрийн үлдэгдэл 412,500 төгрөгийг одоо болтол төлөөгүй болно. Иймд С.Ганболдоос гар утасны төлбөр 412,000 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг нийт 417,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч С.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа:С.Ганболд миний бие нь Скайтел ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт ажиллаж байхдаа 165,000 төгрөгийн үнэтэй С8150 гар утас 4 ширхэгийг авсан нь үнэн болно. Төлбөрийн үлдэгдэл болох 412,500 төгрөгийг мөн нотариатын зардал 5,500 төгрөг нийт 417,500 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-наас өмнө төлж барагдуулна   гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч С.Ганболдод холбогдуулан 417,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 417,500 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13,175 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 6,587 төгрөг, төрийн сангаас 6,587 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлага 417,000 төгрөгийг хариуцагч С.Ганболд төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13,175 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Ганболдоос 6,587 төгрөг, төрийн сангаас 6,587 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн Орхон салбарт олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.БЯМБАСҮРЭН