| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0002/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 03
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч Т.Г,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Олонгол овогт Буянбатын Мөнхбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818000000545 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч багш мэргэжилтэй, ам бүл 4, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Б.М
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 45 тоот гэртээ эхнэр Т.Гийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар яcны хугарал, хамарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун бугалга, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Т.Гийн “...нөхөр маань юу ч хэлэхгүй хөлнөөс чирээд орноос унагаагаад үснээс зулгаагаад хаалга хүртэл чирж буцаад явж байсан чинь манай том охин ирээд гарыг тавиулсан. Би гэрээсээ гарах гэсэн чинь хаалга түгжээд түлхүүр авчихсан байсан, ...над руу ирээд толгой руу 2-3 удаа гараараа цохиод авсан, ...үүднээс 2 бакалаа 2 гартаа бариад хүрч ирсэн, тэгснээ толгой руу нэг нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,
Гэрч Т.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...том охин нь над руу залгаад юм яриагүй. Би утсаа чагнахад цаана нь миний дүүгийн орилж, зодуулж байгаа дуу гарч байсан. Би тэгээд гэрээсээ гараад орц руу нь ороход миний дүүгийн дуу сонсогдож байсан. Би хаалгыг чангаар 2 удаа нүдсэн хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 7/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 11641 дугаартай “...Т.Гийн биед 2018.11.24-ний өдөр үүссэн тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 12/,
Шүүгдэгч Б.М “2018.11.24-ний өдөр би байрныхаа танил хүмүүстэй архи уусан, тэгээд гэртээ 21 цагийн үед орсон. Ороод болсон асуудлын талаар ерөнхийдөө сайн санахгүй байна. Нилээн согтуу байсан болохоор ухаан санаа орж гараад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан баталгаа /хэргийн 35, 36/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлджээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурор 800 нэгжээр торгох санал гаргаж шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх боловч шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн, хамтран амьдарч байгаа, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ажилд ороод удаагүй зэргийг харгалзан уг саналын хүрээнд торгох ялын хэмжээг багасган 600 нэгжээр торгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Т.Г нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Б.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О овогт Б.М 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.М оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД