Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 21

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч Д.Чимгээ,

Шүүгдэгч Ч.Д/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818007660512 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч.Д,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр  Д.Чимгээг 2018 оны 04 дүгээр  сарын 20-ны өдөр   Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг Цагааннуурын  1 дүгээр гудамжны 9 тоот гэртээ,  2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  Дархан-Уул аймгийн Дархан сум  5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хот айл” зочид буудалд  зодсон,  2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөн зочид буудлын  дотор зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Чимгээгийн: “...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгч надад гар хүрсэн. Гэрлэлтийг цуцлуулсан байх үед уг асуудал болсон. Миний 4 хүүхдийн эцэг учир цаашаа явчих байх гэж бодоод хуулийн байгууллагад албан ёсоор хандаагүй. Тухайн үед цонхоор орж ирээд үхлээ хатлаа гэж хэлж байгаад явган хэрүүл хийж эхэлсэн. 2 хүүхэд харж байхад нүдэн дээр нь намайг гурилын элдүүрээр нүүр нүдгүй цохисон. Одоо гэрлэлтийн баталгааг салгуулсан ч гэсэн хаалга үүдээ маш сайн түгждэг айдастай болсон. Шүүгдэгчээс албан ёсоор салсан ч гэсэн нэг л өдөр энэ хүний гарт үхэх байх гэж бодох болсон. 2017 оны 9 дүгээр сард гэртээ ирээд хүүхдийн хүүхдийн гар утасны зургийг үзэхэд аавтайгаа авахуулсан байсан. Зураг дээр шүүгдэгч согтуу байсан нь харагдсан учир яагаад хүүхдийн сургууль дээр согтуу очсон юм бэ гэж хэлсэн. Тэгээд хэрүүл болсон. Манай нөхөр намайг ямар зорилгоор хөдөлмөр эрхэлдгийг ерөөсөө ойлгодоггүй. Намайг дуртайдаа буудалд ажиллаж байна гэж хэлсэн. Тухайн үед цохиулснаа ч хүртэл мэдээгүй. Тэгтэл манай охин аав таныг цохиод гараад явлаа гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр хэд хэдэн удаа цохиод шууд гэрээс гараад явсан. Дараа нь буудал дээр надад гар хүрсэн. Буудлын биллъярданд тоглож байсан хүмүүс гарах болоогүй гээд хүлээгээд байж байсан. Тэгтэл манай нөхөр орж ирээд шууд уурлаад гар хүрсэн. Манай нөхөр хэнтэй байгаа юм гээд хүлээж ядаад байсан. Тэгээд шууд тохойгоороо хамар цохиод хамар хугалсан. Саяхан шүүгдэгч хүүхдээ үнэсье гээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажил дээр ирсэн. Уулзуулахгүй гэхэд уурлаад ажлын цонхыг хагалаад яваад өгсөн байсан. Он гарсны дараа ажил дээр найзтайгаа ирсэн. Би буудалд ресепшнээр ажилладаг. Амьдралд тус болдоггүй байж байн байн ажил дээр ирээд байгаа нь маш хүнд байна” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Даваажавын: “... Чимгээгийн нөхөр хүүхэдтэйгээ орж ирсэн, тэгэхэд би анх удаа харсан. Над руу дайраад заамдах гээд чи хэн бэ, юун залуу вэ  гээд хардсан бололтой дайраад байсан.  ... тэр 2 маргалдаж байгаад Чимгээг коридор луу чирээд аваад гарсан. ...Чимгээ гэнэт орилоод явсан. ..Чимгээгийн хамарнаас цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн  42-43/,

 

Гэрч Н.Өлзийбуяны: “...Чимгээгийн хамарнаас цус гарчихсан тэр согтуу залуу хананд Чимгээг шахчихсан бас шалан дээр цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн  44-45/,

 

Гэрч Г.Уранчимэгийн: “...Чимгээ орилох шиг болсон тэгэхээр нь өрөөнөөс гараад харсан чинь коридорт Чимгээ нөхөртэйгөө зууралдчихсан Чимгээгийн хамарнаас цус гарсан шалан дээр цус туссан байсан” гэх мэдүүлэг/ хх-ийн 46-47/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-8/,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 30-31/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1070 дугаартай “...Д.Чимгээгийн биед хамар ясны битүү хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой”. ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 51/,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 389 дугаартай шийдвэр /хх-ийн 22-25/, тус шүүхийн  2018 оны 01 дүгээр сарын сарын 10-ны өдрийн 24 дугаартай дугаартай шийтгэх тогтоолууд /хх-ийн 86-90/,

 

Шүүгдэгч Ч.Д өгсөн “...2002 онд танилцаад 2004 онд гэр бүл болсон. 2004 оны  12 дугаар сард хүү, 2006 оны 03 дугаар сард охин, 2012 онд охин, 2015 онд хүү тус тус төрсөн. Хамгийн анх 2010 онд эхнэртээ гарч байсан. 2017 оны 09 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ охины сургууль дээр хичээлийн нээлт болсон учир очсон. Тэгтэл эхнэр яагаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдийн сургууль дээр очсон юм бэ гээд маргалдаад гар хүрсэн тохиолдол байгаа. Дараа нь ажил дээр нь яваад очиход өрөөндөө нэг залуутай хамт пиво уусан байсныг хараад хардаад гар хүрсэн. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эхнэртээ гар хүрэхдээ гурилын элдүүр, дэгээ төмөр зэргээр цохисон. Хамгийн сүүлд гар хүрэх үед бид хоёр гэрлэлтийг цуцлуулсан байсан” гэх мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хамааралтай хүнийг байнга зодсон бол гэж хуульчилсан ба “байнга” зодох гэдэгт өмнө зодож байсан үйлдэлд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамааран удаа дараа давтагдах шинжтэй, даамжирсан 3 ба түүнээс дээш удаа зодсоныг ойлгох ба Ч.Днь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч үйлдэлдээ дүгнэлт хийлгүй дахин эхнэр Д.Чимгээг зодсон нь “байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаар бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

  1. Ял, эрүүгийн хариуцлага, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

Хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн байдал тогтоогдож байх боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга” гэх шинжид хамаарч байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ч.Д цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ял нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Б овогт Ч.Д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ч.Д10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийн хорих ялын 7 хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

 

  1. Шүүгдэгч Ч.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Чимгээ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Давсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГЭРЭЛТ-ОД