Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Далантайн Нарантуяа |
Хэргийн индекс | 114/2017/0002/З |
Дугаар | 34 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 34
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:114/2017/0002/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би нэхэмжлэгч Батхуягийн *******гийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаарын захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар захирамжаар Дархан сумын 15 дугаар баг Хүрээлэнгийн ******* тоотод гэр бүлийн хэрэгцээний 700 м2 газар өмчлөх эрхтэй болсон юм. Би урьд нь гэр бүлийн хамт ямар нэгэн газар өмчилж эзэмшиж байгаагүй билээ. Захирамж гарсны дараа газрын албан дээр очиж, газар зохион байгуулагч инженер Баярмаатай уулзахад танайд олгосон газрын кадастрын зураг гэр хорооллын газрын төлөв байдалд тусгагдсан хэлээд холбогдох бичиг баримтуудад гарын үсэг зуруул гэсний дагуу бүгдийг нь эрх бүхий хүмүүсээр нь зуруулж баримтаа хүлээлгэж өгсөн юм. Захирамж гарснаас хойш 30 хоногийн дотор хашаагаа барьсан байх ёстой гэсний дагуу би гэр бүлийн хамт хашааны 4 үеийг барьж босгосон юм. 2016 оны 12 дугаар сарын эхээр газрын албанаас дуудахаар нь очиход танд олгосон газрын эрх хүчингүй болсон гээд надад Засаг даргын захирамжийг газрын албаны албан бичигтэй хүлээлгэж өгсөн. Би Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хуулийн дагуу газар өмчилж авсан бөгөөд надад олгосон газрыг урьд нь ямар нэгэн хүнд олгож байгаагүй тул хууль бусаар газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаарын захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нараас 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.*******гийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг шүүхэд хянагдаж байгаа бөгөөд Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/437, А/438, А/440, А/441, А/442, А/443 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох, мэдэгдэх, хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг явуулаагүйгээр захиргааны шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан, хуулийн дагуу дахин шийдвэрлэх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гаас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаар захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА