Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2019/0223

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 23 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0223

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0093 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Т.Т 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/113 дугаар тушаалын “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0093 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/113 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар олгосон газрыг “Н” ХХК ашиглахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг тус тус зөрчсөн болох нь ашиглах талбайдаа аялал жуулчлалын чиглэлээр барилга байшингийн цогцолбор барих төсөл, эскиз, зураг гарган барьж байгуулахаар холбогдох байгууллагаар батлуулсан, Туул голоосоо 100-200 метрт эргийн урд хэсэгт байрладаг зэрэг байдлаас тогтоогдож байна.

Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэлх Туул голын сав газрын тусгай хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглахтай холбоотой зөрчлүүд гарч байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хэлэлцүүлгээр Ерөнхий сайдын нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 7/4111 дугаар чиглэл хүргүүлсэн байдаг.

Энэхүү байдлыг анхан шатны шүүх буруу дүгнэж заавал дархан цаазат газрын буюу Туул голын байгалийн унаган төрхийг алдагдуулж “байшин барилга баригдсанаар, бут бургас тайран сүйтгэсний дараа зөрчил гэж үзэхээр байна” гэж хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан.

Учир нь маргаан бүхий захиргааны актаар усны нөөцийг бохирдуулж, хомсдохоос сэргийлэх, голын бургас мод сүйтгэх, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчин хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж байшин барилга барих нь тодорхой хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг анхаарч үзээгүй.

Хууль зөрчиж, хот төлөвлөлт эвдэж, ард иргэдийн эрүүл, аюулгүй байх нөхцөлд сөргөөр нөлөөлөх, дархан цаазат газрын унаган төрхийг алдагдуулах, хууль зөрчин барилга, байгууламж барьсан өнөөдрийн Зайсан толгойтой ижил хэмжээнд очихуйц нөхцөл байдал бий болоод байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсье.

Иймд Үндсэн хууль болон бусад хуульд заасан нийтийн эрх ашиг, эрүүл аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах зэрэг үндсэн эрхийг хангаж алдааг засан, зөрчилтэй заалтыг хуульд нийцүүлж шийдвэр гарах ёстой байтал хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар “Н” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газар болох Зуунмодны аманд аялал жуулчлалын зориулалтаар олгосон 2.61 га газрын ашиглах эрхийг маргаан бүхий тушаалаар дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-д тус тус нийцжээ.

Тухайлбал нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон газар нь Туул голын эрэг дагуу, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан ундны усны эрүүл ахуйн хязгаарлалтын буюу төвийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд байршиж байгаа нь Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 3/2788, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд оршиж байгаа нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1707 дугаар албан бичгээр тус тус тогтоогддог.

Онцгой хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд, журмын 2.3.4-т “хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 100 метрээс доошгүй зайд тогтоохоор;

-мөн онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, …зэгс, шагшуурга, мод огтлох, …-ыг хориглохыг хуулиар, харин аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах боломжгүйг журмаар;

-түүнчлэн хуулийн 22.3 дахь хэсэгт энгийн хамгаалалтын бүсийг усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд, журмын 2.6.2-т нийслэлийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд тогтоохоор;

-энгийн хамгаалалтын бүсэд хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглаж болохгүй талаар журмын 2.9.2-т тус тус зохицуулсан бөгөөд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дээрх журмаар тогтоосон дэглэмийг зөрчихийг хориглоно” гэж заасан зэргээс үзэхэд анхнаасаа уг газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах боломжгүй байжээ.

Дээрх нөхцөл байдалд маргаан бүхий А/113 дугаар тушаалын үндэслэл болсон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 431 дүгээр албан бичгээр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн 32 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтад хамрагдаагүй гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болно.

Мөн нэхэмжлэлд “…“И” аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн “Аритектур төлөвлөлтийн даалгавар”-ыг батлуулсан, өнөөдрийг хүртэл уг газарт төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа…” гэж тайлбарлах боловч маргаан бүхий газарт ус зайлуулах шуудуу татсанаас өөрөөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, хашаа бариагүй болох нь шүүхийн үзлэгийн явцад авсан фото зургаар тогтоогдох бөгөөд уг төслийг хэрэгжүүлж эхлэх тохиолдолд Туул голын бургасыг гэмтээх, сүйтгэх шууд үр дагаварт хүргэхээр байх тул усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх зорилгоор нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй.

Бодит байдалд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, явуулснаар ч усны нөөцийг бохирдуулах, хомсдолд хүргэх зэргээр дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчих эрсдэл бүхий “Н” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Сайдын тушаалаас шалтгаалж уг газрыг ашиглахтай холбоотой нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.

Харин анхнаасаа хууль бус шийдвэр гаргаж, газар ашиглуулсны улмаас хохирол учруулсан гэж үзвэл хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг энэхүү магадлалаар хязгаарлахгүй.

Иймд газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх гэж буйгаа урьдчилан мэдэгдсэн эсэхээс үл хамааран энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тухайд зөвхөн өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх боломжтойгоос бус Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүй гэдгээр хариуцагчийг буруутгаж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэл болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1/, 5/, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/113 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                              

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН