Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1384

 

 

                                                      Ц.Жамбалсүрэнгийн нэхэмжлэлтэй

                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/03722 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Жамбалсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт  холбогдох,

Нэг удаагийн тэтгэлгийн дутуу олгогдсон хэсэг буюу 2 280 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч А.Лхагвасүрэнгийн гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Жамбалсүрэн, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Жамбалсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус аймаг дахь сум дундын шүүхэд Ерөнхий шүүгч, шүүгчээр 16 жил ажиллаж байгаад 2013 оны 12 дугаар сард шүүхийн бүтэц, зохион байгуулалтаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Улмаар ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж 12 сая төгрөгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс олгохоор албан тоотыг тус шүүхийн тамгын хэлтэст ирүүлсэн боловч дээрх мөнгөнөөс 2 280 000 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгаад олгосонгүй. Иймд тэтгэлгийн үлдэгдэл 2 280 000 төгрөгийг Дундговь аймгийн шүүхийн тамгын хэлтсээс гаргуулж өгнө  үү  гэжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Шүүхийн тамгын газар шүүхэд гаргасан  тайлбартаа:   Ц.Жамбалсүрэн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Еренхийлөгчийн 198 дугаар зарлигаар чөлөөлөгдөж, эргэж томилогдоогүй. Ц.Жамбалсүрэн нарын 9 хүн Шүүхийн ерөнхий зөвлөлийг хариуцагчаар татаж, 2014 онд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол улсыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгах, өмнөх өргөн мэдүүлсэн тогтоолыг нь илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  Ц.Жамбалсүрэнг үндэслэлгүйгээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн гэж үзсэн шийдвэр одоогийн байдлаар байхгүй байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Баяраагаас тус шүүхийн тамгын газарт 2014 оны 12 дугаар сарын 02-ны 04/1885 тоот албан тоот ирүүлж. "Танай шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Ц.Жамбалсүрэнд 6 сарын цалинтай тэнцэх. 12 000 000 төгрөгийг 2014 оны батлагдсан төсвийн үндсэн цалингийн зардлаас олгох чиглэл хүргүүлж байна" гэсний дагуу шүүхийн тамгын газрын дарга А.Лхагвасүрэн миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр "Ц.Жамбалсүрэнд 6 сарын цалинтай тэнцэх 12 000 000 төгрөгийг цалингийн зардлаас олгохоор" 97 тоот тушаал гаргасан. Гэтэл Дундговь аймгийн Төрийн сан энэ мөнгийг танай төсвийн ерөнхийлөн захирагч нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардалд хуваарилсан тохиолдолд 12 000 000 төгрөг бүтэн олгогдоно. Танай Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны 04/1885 дугаартай албан бичигт  цалингийн зардлаас олго гэсэн байна гээд гүйлгээг буцаасан. Өөрөөр хэлбэл тэтгэмж олгож байгаа бол цалингийн зардлаас гаргах ёсгүй, тэтгэмжийн зардлаас гаргах ёстой гэдэг үндэслэлээр гүйлгээг 3 удаа Төрийн сан буцаасан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийн дагуу дээрх 12 000 000 төгрөгийг цалингийн зардлаас гаргасан тул Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор баталсан Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дундажийг тодорхойлох журмын дагуу хүн амын орлогын албан татварт 1 080 000 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 1 200 000 төгрөгийг тус тус суутгаж байгууллагуудад шилжүүлж  9 720 000 төгрөгийг Ц.Жамбалсүрэнд олгосон.

Тамгын газрын даргын хувьд би  ШЕЗ-ийн санхүүгийн газрын дарга Л.Баяраа, хэлтсийн дарга С.Наранбилэг нартай удаа дараа 12 000 000 төгрөгийг 1 удаагийн тэтгэмж урамшууллын зардал дээр тавьж өгөөч гэхэд оны сүүлч болж байна, нэгэнт хуваарилсан төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй наагуураа зохицуул, цалингийн зардлаасаа гаргаж өг гэсэн хариу өгсөн. Сангийн яамны зохих хүмүүстэй ярилцсан ШЕЗ шийднэ гэсэн. Тухайн үед цалингийн зардал, төсөв хүрэлцээтэй 100 000 000 төгрөгийг буцаан татуулж байсан үе. ШЕЗ-ийн чиглэлийн дагуу нэхэмжлэгч Ц.Жамбалсүрэнд 12 сая төгрөгийг цалингийн сангаас олгож, зохих татвар, шимтгэлийг суутгасан гэжээ.

Шүүх:Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасныг баримтлан хариуцагч Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газраас тэтгэмжийи дутуу хэсэг буюу 2 280 000 төгрөгийг гаргуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 51 430 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Хариуцагч Дундговь аймгийн Шүүхийн тамгын газрын дарга А.Лхагвасүрэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүх хуралдаан зарлагдсан талаар өмнө нь надад мэдэгдсэн. 2016 дугаар 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан тул 2016 дүгээр 04 дүгээр сарын 15-ны өдрийн 108 тоот албан бичгээр шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хийж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлсэн. Гэтэл шүүх хуралдаан нэхэмжлэгч өмгөөлөгч авч оролцох хүсэлт гаргаснаар хойшилсон байсан. Шүүх хуралдаан хэдий хүртэл хугацаагаар хойшилсон, хэзээ шүүх хуралдаан болох талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч надад мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хийсэн байна. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд л оролцох боломжгүй гэснээс бус шүүх хуралдаанд ерөөсөө оролцохгүй гэж хэлээгүй. Шүүх хурлын зарыг аль ч хэлбэрээр мэдэгдээгүй нь хариуцагчийн төлөөлөгч миний шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гомдолтой байна.

Хуульч Ц.Жамбалсүрэн эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож байхад бид нарт ч гэсэн өмгөөлөгч авах шаардлагатай байсан. Тус шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/03122 дугаартай шийдвэр нь хэт нэг талыг барьсан шийдвэр. Шүүхийн шийдвэрт "тэтгэмж", "тэтгэлэг" гэсэн үгийг ээлж дараалан оруулж энэ үгэндээ үнэмшил нь бий болж дүгнэлтээ гарган шийдвэрлэсэн байна. ШЕЗ-ийн чиглэлд цалингийн зардлаас уг мөнгийг олго гэсэн болохоос тэтгэмж, тэтгэлэг гэсэн үг ор байхгүй болно. Төсвийн ерөнхийлөн захирагч ШЕЗ-ийн дарга шүүхүүдийн төсвийн хуваарийг хуулийн дагуу батлахдаа иргэн Ц.Жамбалсүрэнд олгох тэтгэмжийг, нэг удаагийн тэтгэмж, урамшууллын зардалд хуваарилсан тохиолдолд бид шууд олгох ёстой. Гэтэл ШЕЗ-ийн албан тоотыг үндэслэн Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга тушаал гарган 12 000 000 төгрөгийг Ц.Жамбалсүрэнд олгохоор шийдвэрлэсэн нь Төсвийн тухай хуульд нийцээгүй, аймгийн төрийн сан миний тушаалыг  үндэслэл муутай байна гэж үзсэн.

Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д гэсэн заалтыг барьж байж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийн дагуу дээрх 12 000 000 төгрөгийг цалингийн зардлаас гаргасан тул Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор баталсан "Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дундажийг тодорхойлох журам"-ын дагуу хүн амын орлогын албан татварт 1 080 000 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 1 200 000 төгрөгийг тус тус суутгаж, байгууллагуудад шилжүүлэн 9 720 000 төгрөгийг Ц.Жамбалсүрэнд олгосон хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/03722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Ц.Жамбалсүрэн нь хариуцагч Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэлгийн дутуу олгогдсон хэсэг болох 2 280 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “…нэхэмжлэгчид олгох 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг цалингийн сангаас олгохоор шийдвэрлэсэн тул Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор баталсан "Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дундажийг тодорхойлох журам"-ын дагуу хүн амын орлогын албан татварт 1 080 000 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 1 200 000 төгрөгийг тус тус суутгасан тул төлөхгүй” гэсэн үндэслэл заан татгалзжээ.

Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаар тушаалаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 04/1885 тоот албан бичгийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн Ц.Жамбалсүрэнд 6 сарын цалинтай тэнцэх 12 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгчид олгох 12 000 000 төгрөгөөс хүн амын орлогын албан татварт 1 080 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 1 200 000 төгрөг, нийт 2 280 000 төгрөгийг суутгаж, 9 720 000 төгрөгийг олгосон үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т …тохиолдолд “…6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалгүй тусламж”-ийг татвараас чөлөөлөхөөр заасан байхад хариуцагч нь татварт 2 280 000 төгрөгийг суутгасан нь буруу болжээ.

Иймд хариуцагч байгуулагаас нэг удаагийн тэтгэлгээс дутуу олгогдсон 2 280 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон байна.

Анхан шатны шүүхээс  2016 оны 05 дугаар зүйлийн 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч А.Лхагвасүрэнд утсаар мэдэгдэж, энэ тухай  баримтжуулсан нь хэргийн 42 дугаар талд авагджээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “…мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно” гэсэнтэй нийцжээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/03722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч А.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

                                                                                   Ш.ОЮУНХАНД