Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01274

 

 

 

 

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01274

 

 

 С.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2023/01865 дугаар шийдвэртэй, С.Г-ын нэхэмжлэлтэй Т.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Т.А-тай 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Энэ мөнгийг Т.А-т зээлэхийн тулд 2 хүнээс 5, 5 саяар хүүтэй мөнгө зээлж, түүнийгээ Т.А-т зээлсэн. Учир нь, би эхнэрийн хамт хувийн орон сууц бариулахаар Т.А захиралтай Д ХХК-тай түлхүүр гардуулах нөхцөлтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт хувийн орон сууц барихаар гэрээнд тохирсон мөнгөө бүрэн төлсөн боловч ажлаа дуусгалгүй орхисон. Би ажлаа дуусгаж өгөөч гэж удаа дараа шаардаж, уулзсан боловч таниас авсан мөнгөө бид үрчихсэн, одоо очоод ажлыг чинь дуусгах ажилчид бэлэн байгаа боловч барилгын дутуу материал авах мөнгөгүй байна, барилгын материал авахад зориулж мөнгө зээлэх хэрэгтэй байна, надад мөнгө олдохгүй байгаа тул та надад хүүтэй мөнгө зээлээч, би танаас авсан мөнгөөр дутуу байгаа материал авна гэсэн. Бид барилгаа дуусгахын тулд Т.А-т хүүтэй мөнгө зээлэхээр болж зээлийн гэрээ байгуулсан. Харин зээлсэн мөнгөө бэлнээр өгөхгүйгээр компанийн хүмүүстэй нь хамт барилгын материал худалдаж авсан. Зарлагын баримтыг үндэслэж, түүний зээлсэн мөнгийг шилжүүлэхээр тохиролцсон юм.

Учир нь, Т.А-т өмнө нь бэлэн мөнгө өгөөд үрүүлчихсэн учраас аргагүйд ийм тохиролцоонд хүрсэн. Гэрээний дагуу 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 7,000,000 төгрөгийн барилгын материал худалдаж аваад үнийг нь зээлсэн мөнгөнөөс төлсөн. Тухайн үед барилгын материалыг 10,000,000 төгрөг орчим болох байх гэж тооцон 10,000,000 төгрөг зээлэхээр болсон бөгөөд барилгын материал 7,000,000 төгрөг болсон тул 7,000,000 төгрөгийг байгуулсан гэрээний дагуу сарын 8 хувийн хүүтэй төлөхөөр болсон юм.

Зээлийн гэрээний дагуу 7,000,000 төгрөг, 1 сарын хүү 560,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр миний дансанд Т.А нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас зээл гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн боловч өдийг хүртэл үлдэгдлийг төлөөгүй байна. Би энэ мөнгийг 2 хүнээс хүүтэй зээлж авсан байсан тул арга буюу 2021 оны 05 дугаар сард 7,000,000 төгрөгийг хүүнд төлж, хүүг зогсоосон. Би хэдий 12 сарын хугацаатай хүүтэй мөнгө зээлсэн ч хүү яваад байсан тул өөрийн машинаа зарж хүнээс авсан мөнгөө төлсөн. Т.А 9 сарын хүү төлөхөөс 1 сарын зээл хүү төлсөн, алданги нэхэмжлээгүй. Иймээс Т.А-тай 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,000,000 төгрөг, 8 сарын хүү 4,480,000 төгрөг, нийт 11,480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тухайн үед мөнгө, эд зүйл зээлж аваагүй. Анх байшин барихад материал дутсан учир нэхэмжлэгчээс барилгын материал гаргуулж авсан. Барилгын материал авахын тулд зээлийн гэрээ байгуулсан, 7,000,000 сая төгрөгийн эд зүйл авсанд маргаагүй, зээлийн хүүнд маргаж байна гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Т.А-аас 11,480,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Гт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шүүх зохигчид 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 12,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүг сар бүрийн 11-нд төлөхөөр тохиролцож Т.А-т шилжүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн. Түүнийгээ зээлдэгч С.Г-ын 545050**** тоот дансанд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 5450393716, 540048**** дансаар тус бүр 5,000,000 төгрөгийн орлого орсноор зээлэнд өгсөн гэж үзсэн. Энэ хоёр орлого зээлийн гэрээний мөнгө гэж нэхэмжлэгчийн тайлбарыг ямар ч баримтгүйгээр шүүх үзсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Хариуцагч зээлийн гэрээний хүүнд маргаагүй, энэ нь зээлийн гэрээ биш "Д" ХХК-тай н.О-гийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр гэж маргасан. Гэтэл шүүх зохигчдын маргааныг буруу дүгнэсэн.

4.3. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1 дэх хэсгийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь, шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнэн гэж хуульд заасан. Гэтэл шүүхийн үндэслэл ойлгомжгүй байна.

4.4. Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэхдээ Т.А-ын дансанд буюу эсвэл барилгын материалыг хүлээлгэн өгсөн гэх баримт байхгүй. Талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах ёстой байтал халхавчилж хийсэн зээлийн гэрээгээр шаардсан зээлийн мөнгө, хүүг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа 7,000,000 төгрөгийг хүлээж авсан бөгөөд хүү төлөх эсэхэд маргаж байна гэж хэлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар маргаж байна. Д ХХК болон н.О нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэх асуудал яригддаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтад Т.А, С.Г нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 12,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Тухайн гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг зээлүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч зээлийн хүү 560,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр С.Г-ын данс руу Т.А-аас шилжүүлсэн.

Д ХХК-ийн н.Г, н.О нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь уг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Тухайн ажил гүйцэтгэх гэрээ н.Г, н.О нарын хооронд байгуулагдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар С.Г, Т.А нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжилсэн. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 2. Нэхэмжлэгч С.Г хариуцагч Т.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,480,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хөлсийг бүрэн төлсөн боловч ажлаа дуусгалгүй орхиод явсан. Ажлаа дуусгахыг шаардахад барилгын материал авах мөнгөгүй байна, мөнгө зээлээч гэхээр нь 7,000,000 төгрөгийн барилгын материал худалдаж аваад үнийг нь төлсөн. Иймээс үндсэн зээл 7,000,000 төгрөг, хүү 4,480,000 төгрөг, нийт 11,480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан.

Хариуцагч Байшин барихад материал дутсан тул нэхэмжлэгчээс 7,000,000 төгрөгийн барилгын материал авсан. Мөнгө зээлж аваагүй тул зээлийн хүү төлөхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан байна.

3. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1231 тоот зээлийн гэрээг үндэслэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл болгосон.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа тодорхой бус, энэ талаар шүүх тодруулж дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 281, 343 дугаар зүйлийн алийг нь хэрэглэхийг шийдвэрлэх байжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй буюу зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг шаардаж байгаа, эсхүл ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн материалын үнэ аль нь болох нь тодорхой бус байхад шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

 6. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2023/01865 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.БЯМБАСҮРЭН