Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00900

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант багийн 28-8 тоотод оршин суух, Баатад овгийн Дэмбэрэлсүрэнгийн Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-06-15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн, гэрч Д.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1977 оноос 1990 оны хооронд Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн САА-д тракторчнаар ажиллаж ирсэн. Өмч хувьчлал явагдаж байгууллага хувьчлаглахдах үед ажилгүй болсон. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэр олдохгүй, архиваас зарим тушаал нь олдохгүй байгаагаас шалтгаалан өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд материалаа бүрдүүлэх шаардлагатай болсон учраас нэхэмжлэл гаргаж байна.

Иймд : 1. 1977 оны 7 дугаар сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-ны хооронд Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн САА-д тракторчнаар ажилласныг сэргээн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуйн даргын 1976 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаар тушаал, гэрч Д.Отгонбаярын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Баатад овгийн Дэмбэрэлсүрэнгийн Мягмарсүрэн нь 1977 оны 7 дугаар сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн САА-д тракторчнаар ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуйн даргын 1976 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаар тушаал, гэрч Д.Отгонбаярын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баатад овгийн Дэмбэрэлсүрэнгийн Мягмарсүрэн нь 1977 оны 07 дугаар сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн Сангийн Аж Ахуйд тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН