Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Хохирогч: Я.Ц,

            Улсын өмгөөлөгч: М.Мөнхөө,

Шүүгдэгч: Г.О, Г.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Г-ийн О, Б овогт Г-ын Ү нарт холбогдох эрүүгийн 1835003550205 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч Г.О: Монгол Улсын иргэн, 1999 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Өлгий суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ам бүл-3, аав, ээж нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 02-43 тоотод оршин суудаг, регистрийн дугаар ОИ99011631, Ч овгийн Гийн О.

Шүүгдэгч Г.Ү: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаангом суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ам бүл-8, аав, ээж, 2 эгч, 3 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сум, Найрамдлын хороо, 6 дугаар багийн 03-18 тоотод оршин суудаг, регистрийн дугаар ОЮ99122231, Б овгийн Г-ийн Ү.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Г.О, Г.Ү нар нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 19-24 тоотод оршин суух хохирогч Я.Ц-гийн өмчлөлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж 340.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 12-09 тоотод оршин суух хохирогч О.Ч-ын өмчлөлийн хүн байга амьдрах орон байранд нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 20.000 /хорин мянган төгрөг/ хулгайлж 305.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-ны өдрүүдэд тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 03-04 тоотод оршин суух хохирогч С.С-ийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, нокиа 6300 маркийн гар утас, нокиа 2330 маркийн гар утас тус тус хулгайлж нийт 448.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 07-14 тоотод оршин суух хохирогч Ү.Т-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч чулуун хөөрөг 1 ширхэг-170.000 төгрөг, даалин 1 ширхэг-15.000 төгрөг, зургаагийн мөнгөн аяга 1 ширхэг-126.000 төгрөг, тавын мөнгөн аяга 1 ширхэг-88.000 төгрөг, дөрвийн мөнгөн аяга 1 ширхэг-60.000 төгрөг, хүүхдийн хичээлийн цүнх 1 ширхэг-25.000 төгрөг, хичээлийн дэвтэр 12 хуудастай 6 ширхэг-1500, самсунг аниколл М480 загварын гар утас 1 ширхэг-20.000 төгрөг, мөнгөн 1 хос ээмэг, 1 кулонтой-90.000 төгрөг, мөнгөн 1 хос ээмэг 2 ширхэг бөгжтэй-80.000 төгрөг, хүүхдийн мөнгөн 1 хос ээмэг-18.000 төгрөг, солонгос ээмэг 1 хос, хүзүүний зүүлт -50.000 төгрөг, мөнгөн бөгж 1 ширхэг-10.000 төгрөгний эд зүйл хулгайлж нийт 753.500 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 08-наас 15-ны өдрүүдийн хооронд Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр 02-09 тоот хашаанд байрлах хохирогч Д.Ж-ын гэрээс дунд гарын мөнгөн аяга хулгайлж, 210.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 6-001 тоот хашаанд байрлах хохирогч Ү.О-ы гэрээс мөнгөн аяга 1 ширхэг, 1000 төгрөгний дэвсгэрт 1 ширхэгийг тус тус хулгайлж 751.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 11-22 тоот хашаанд байрлах хохирогч Г.О-ийн гэрээс 1 хос пүүз хулгайлж, 180.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О, Г.Ү нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

  1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.О, Г.Ү нар нь 2018 оны 6 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 10-ны хооронд нийт 7 удаагийн үйлдлээр хохирогч Я.Ц, О.Ч, С.С, Ү.Т, Д.Ж, Ү.О, Г.О нарын гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгө, мөнгөн аяга, гар утас, ээмэг, зүүлт, бөгж, пүүз зэрэг эд зүйлсийг авсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч нарын үйлдлийг цаг хугацааны дарааллаар тодруулан авч үзвэл:

1. Хохирогч Д.Ж-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би өөрийн нөхөр Ч-гийн хамт 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот яваад 2018 оны 6 дугаар сарын 13-ны орой гэртээ ирсэн. Тэгээд гэрт ирээд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өглөө өөрийн нөхөр Ч-д мөнгөн аяганд нь цай хийж өгөх гээд аягыг хайхад олдохгүй байсан. Тэгээд өөрийн охин Эгаас асуухад охин Э мэдэхгүй байсан. Би хулгай гэрт орсон байна гэж бодоод хаалганы цоож цүүг нь харахад ямар нэгэн гэмтэлгүй хэвийн байсан. Манай нөхөр Ч-гийн мөнгөн аягыг манай ээж Хутаг 2008 онд 300.000 орчим мянган төгрөгөөр авч өгч байсан. Тэндээс хойш ашиглаж байсан мөнгөн аяга байсан. Манай мөнгөн аяга цул байсан. Ямар нэгэн хээ угалз байхгүй байсан. Би харвал танина. Мөнгөн аяганы дунд бүслүүрийн мөнгө бага зэрэг тэсрээд уначихсан байгаа. Өөр ямар нэгэн содон гэхээр зүйл байхгүй” /2-р хх-ийн 29-30 тал/,

гэрч Х.Чгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би өөрийн эхнэр Ж-ын хамт 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот яваад 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ирсэн. Маргааш өглөө нь мөнгөн аягандаа цай хийж уух гэхэд миний мөнгөн аяга олдохгүй байсан. Тэгээд өөрийн охин Э-гаас асуухад охин Э мэдэхгүй байсан. Тухайн мөнгөн аягыг манай хадам ээж Хутаг 2008 онд 300.000 орчим мянган төгрөгөөр авч өгч байсан. Тэндээс хойш ашиглаж би үргэлж цай уудаг байсан мөнгөн аяга байгаа юм. Тэр мөнгөн аягыг эхнэр бид хоёр хотод байхад л хулгай авсан байх гэж би бодож байна. Хамгийн сүүлд би 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ гарахдаа цай уугаад гэртээ орхиод гарч явсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31 тал/,

гэрч Я.Э-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Би гэртээ ганцаараа үлдсэн. Манай эмээ Хутаг манай хашаанд гэрээрээ байдаг болохоор би эмээгээ асрахаар эмээгийнхээ гэрт орж цай хоол хийж өгдөг. Би ганцаараа байхдаа өдрийн цагаар гэрээ цоожлоод ганцаараа гарч байсан. Гэхдээ гэрийн цоож ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтсэн зүйл байхгүй байсан болохоор би ерөөсөө аавын мөнгөн аягыг байхгүй болсныг мэдээгүй. Би гэртээ гадны ямар нэгэн хүн авч ирж байгаагүй. Би аавыг Улаанбаатар хот руу явах гээд гарахдаа мөнгөн аягандаа цай ууж байсныг нь харсан тэндээс хойш тухайн мөнгөн аягыг огт хараагүй. Сүүлд манай аав ээж Улаанбаатар хотоос ирэхэд л аавын мөнгөн аяга алга болсныг мэдсэн” /2-р хх-ийн 32-33 тал/,

гэрч С.Н-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2018 оны 6 дугаар сард нэг охин манайд орж ирээд эгчээ та энэ мөнгийг грамлаад авчихаач гэхэд тэр охиноос мөнгийг нь граммлаж авсан. Би тэр охины өгсөн мөнгө хэдэн грамм болсныг мэдэхгүй байна. Тухайн үед орц сайтай өндөр граммтай аяга байсан. Би тэр охины аяганы мөнгийг яагаад ийнхүү санаж байна вэ гэвэл манайд тэр охиноос өөр эмэгтэй хүүхэд мөнгө авч ирж байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-52 тал/,

гэрч Н.Н-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би Үг 2016 оноос таних болсон. Учир нь Ү ахлах гуравдугаар сургуульд надтай хамт суралццаг байсан. Гэхдээ өөр ангид сурдаг байсан. Ү нь их сайн сурлагатай англи хэлний олимпиадад түрүүлдэг хүүхэд байсан. Үтэй хамт англи хэлний олимпиадад бэлдэж танилцаж байсан. Харин О буюу Кунфуг 2017 оноос таних болсон. Учир нь О-тай fасеЬоок-ээр танилцаж байсан. Тэндээс хойш бид хоёр чат бичдэг байсан. О буюу Кунфу, Ү нар надтай 2018 сны 06 дугаар сарын дундуур надтай Увс аймгийн Улаангом сумын зах дотор байдаг "Мэдлэг" номын дэлгүүрийн ойролцоо тааралдаж уулзаж зогсож байгаад намайг нэг эвдэлчихсэн мөнгөн аяганы мөнгийг зах руу ороод алт мөнгөний дарханд зараад өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёртой дагалдаад зах дотор байдаг хоёр давхар байртай 2 давхартаа цайны газартаа нэг давхартаа алт мөнгөний дархантай газар луу ороход эмэгтэй эгч зогсож байхаар нь нөгөө мөнгөн аяганы мөнгөө өгөхөд 100.000 орчим мянган төгрөг болсон санагдаж байна. Тэгээд би тэр дарханаас гараад ирэхэд Кунфу буюу О, Ү нар нь дарханы гадна зогсож байгаад нөгөө дарханы өгсөн 100000 орчим мянган төгрөгийг аваад яваад өгсөн. Би гэр лүүгээ харьсан. Би яг хэдэн төгрөг болсныг нь сайн санахгүй байна. Би Кунфу буюу О, Г.Ү нартай уулзаад ярилцаж байхад "бид хоёрт мөнгөн аяганы мөнгө байна чи дархан руу ороод мөнгө болгоод өг гэхээр нь би "та хоёр яагаад өөрсдөө оруулж өгч болохгүй байгаа юм бэ гэж асуухад О буюу Кунфу "манай төрлийн эгч байгаа болохоор бид хоёр орж болохгүй байна чи оруулаад өгчих гэээд гуйгаад байхаар нь би оруулж өгсөн. Би тухайн үедээ ямар учиртай мөнгөн аяга болохыг нь асуухад О буюу Кунфу "би гэрийнхээ авдарнаас авсан юм зарах гээд эвдэлчихсэн юм чи оруулж өгөөд мөнгө болгоод өг гээд байсан” /2-р хх-ийн 56-57 тал/,

шүүгдэгч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Яг өдрийг нь санахгүй байна 2018 оны 6 дугаар сарын 10-ны үед 11-р баг, Нийгэмлэг спорт заалны дээд талаар хөндлөн гарсан засмал замаар явж байхад засмал замын доод талд нэг айлын гэр цоожтой харагдахаар нь Г.Ү бид хоёр явж ороод би хашааны үүдэнд хүн хараад Г.Ү гэр лүү нь авирч гараад тооноор нь дамжиж гэрт нь орж 1 ширхэг мөнгөн аяга авч гарч ирсэн. Тэгээд Номио гэх охин явж байхаар нь дуудаж чи бид хоёрт энэ мөнгийг зараад өгөөч манай гэрээс авсан юм байгаа юм гэж хэлээд алт мөнгөний дархан Н гэдэг эмэгтэйд өгүүлээд 96.000 төгрөг болохоор нь түүнийгээ аваад зах руу орж цамц, өмд аваад хоол идэж, зааланд тоглож мөнгөө дуусгасан” /2-р хх-ийн 63-64 тал/,  

шүүгдэгч Г.Ү-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг айлын гэр цоожтой байхаар нь явж ороод түлхүүрийг нь хайсан боловч олдохгүй болохоор нь О хаяаныхаа хананы шийрийг хугалаад оръё гэхэд хаяаг нь хугалвал баригдана би өрхөөр нь оръё гэж хэлсэн. О-ыг хүн харж бай гэж хэлээд би тооноор нь орж авдар дээр нь байсан аягыг аваад буцаж гараад... зах дээр явж байгаад надтай цуг 10 жилд сурч байсан Номио гэдэг охин тааралдахаар нь энэ мөнгийг алт мөнгөний дарханд оруулаад өгөөч гэж гуйгаад тэр охиноор өгүүлээд 96.000 төгрөг болохоор нь бид хоёр зах руу орж би 18000 төгрөгөөр сандаал, 4600 төгрөгөөр оймс авч, О 20000 төгрөгөөр өмд, 35000 төгрөгөөр цамц авсан. Үлдсэн мөнгөөр нь идэх уух юм авч идээд тамхи аваад дуусчихсан. Н-д хэлэхдээ энэ аяга манай нас барсан өвөөгийн аяга байгаа юм чи оруулаад өгчихөөч гээд гуйгаад байж өгүүлсэн” /2-р хх-ийн 70-71 тал/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Гэрэгэ валюэшн ХХК-ийн УВ01/468 дугаартай “Улаангом суманд дунд гарын цулгүй мөнгөн аяганы зах зээлийн дундаж үнэ 2018 оны 6 дугаар сарын байдлаар 210.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт /2-р хх-ийн 25-26, 35 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.О, Г.Ү нар нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны үед Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр 02-09 тоот хашаанд байрлах хохирогч Д.Ж-ын гэрээс дунд гарын мөнгөн аяга хулгайлан авч, хохирогчид 210.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

 

 2. Шүүгдэгч Г.О, Г.Ү нар 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 19-24 тоотод оршин суух хохирогч Я.Цгийн гэрээс 3 ширхэг мөнгөн аяга авч хохирогчид нийт 340.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч Я.Ц-гийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 09:00 цагийн үед гэрээсээ гарч, тухайн өдрийн 19:00 цагийн үед өөрийн эхнэр Г.С-тэй хамт гэртээ орж ирээд хэсэг хугацааны дараа манай гэрээс 3 ширхэг мөнгөн аяга хулгайлагдсаныг мэдээд цагдаад дуудлага өгсөн юм. Би 2014 онд хуримаа хийхэд манай аав ээж 2 ширхэг мөнгөн аяга, ах дүү төрөл садангийн хүмүүс 3 ширхэг мөнгөн аяга бэлгэнд өгсөн юм. Уг мөнгөн аяганаас 3 ширхэг буюу 5 размерын аяга 1 ширхэг, 6 размерын мөнгөн аяга 2 ширхэг хулгайлагдаж, 2 ширхэг аяга нь үлдсэн байсан. Мөнгөн аягыг үнэлсэн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. 5 размерын аягыг 88.000 төгрөгөөр, 6 размерын аягыг 126.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Уг үнэлгээг зөвшөөрч байгаа. Мөрдөгч мөрдөн байцаалтын шатанд надад 2 ширхэг 6 мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн. 1 ширхэг аяга нь огт ажиллах боломжгүй ёроол хэсэг цоорч хагарсан байсан тул энэ аягыг авахгүй гэхэд мөрдөгч та юу ч гэсэн аваад байж бай гэсэн. Энэ аяга ашиглах боломжгүй тул надад хэрэггүй би мөнгийг нь гаргуулж авна. Мөн 5 размерын мөнгөн аяганы хохирол одоо хүртэл барагдуулаагүй байна. Иймд миний 5, 6 размерын 2 мөнгөн аяганы хохирлыг шинжээчийн дүгнэлтэд заасан үнэлгээгээр гаргуулах хүсэлтэй байна” /1-р хх-147-148 тал/,

гэрч Г.С-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9 цагийн үед өөрийн нөхөр Ц-гийн хамт гэрээ цоожлоод гарсан. 18 цаг 45 минутын үед гэртээ буцаж ирсэн. Тэгээд гэрийнхээ тоосыг арчиж байгаад 3 ширхэг мөнгөн аяга алга болсныг мэдсэн. Би өглөө гарахдаа гэрээ цоожилсон бөгөөд орой ирэхэд гэрийн хаалга цоожтой байхаар нь онгойлгоод орсон” /1-р хх-ийн 150 тал/,

гэрч С.Н-гийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би У-ын зургийг харлаа. Энэ хүүхэд надад 1 ширхэг аяганы мөнгийг авч ирж өгсөн. Би тэр хүүхдээс асууж байгаад авсан. Нэг лан мөнгийг 25.000 төгрөгөөр бодож 2 лан 50.000 төгрөгөөр авсан... Би Г.О гэдэг залууг өнөөдөр цагдаа дээр ирж харсан. Тэр залуу надад мөнгөн аяга авч ирж өгч байсан. 2018 оны намар л орж ирсэн. Би хүүхдээс юм авахгүй гэхэд би насанд хүрчихсэн гээд олон зүйл яриад гуйгаад байхаар нь би 1 ширхэг мөнгөн аяганы мөнгө авч байсан. Хэдэн грамм мөнгө авч байсныгаа санахгүй байна. Би хулгайн гэж огт мэдээгүй, мэдсэн бол авахгүй байсан” /1-р хх-ийн 151-152, 153 тал/,

гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Г.О нь миний хамгийн бага хүү маань байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Увс Хүнс ХХК-ний талбай дээр эхнэрийн хамт очиж чацаргана түүж байгаад орой гэртээ ирсэн. Гэртээ ирээд амбаар луугаа ороход манай амбаар дотор цаасан хайрцаг дотор 2 ширхэг мөнгөн аяга байхаар нь би Г.О-ыг дуудаж “энэ ямар учиртай мөнгөн аяга юм бэ, хаанаас хулгайлж ирсэн юм чи” гэхэд “энэ аягыг Улаанбаатар хотоос манай найз над руу явуулсан хадгалж бай гэж хэлсэн юм” гэж надад хэлсэн. Би тэр үедээ итгэлгүй гэр лүүгээ оруулахгүй хэзээ нэг цагт учир нь олдох байх гэж бодоод амбаартаа хийж амбаараа цоожилж хадгалсан. Тэр 2 аяга одоо ч гэсэн манай амбаарт байгаа. 2018 оны 10 дугаар сарын дундуур Г.О надаас “амбаарынхаа түлхүүр өгөөч 1 аягыг нь авчихмаар байна аав” гэхэд нь би Г.О-д хандаж “би чамд өгөхгүй, энэ аяганы учир олдох байх. Хүний юмыг хадгалаж байя” гээд загнаад өгөөгүй...” /1-р хх-ийн 154-155 тал/,

шүүгдэгч Г.О-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Я.Ц гэдэг айлын гэр Улаангом сумын 10 баг Цас тогтох нэртэй дэлгүүрийн ард байсан. 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Г.Ү бид хоёр уулзаж дэлгүүрийн араар явж байтал нэг хашаа руу харахад 2 айл эзэнгүй цоожтой байхаар нь бид хоёр хашаа руу нь цуг ороод би хашааны үүдэнд нь хүн хараад Ү гэрийнх нь ойролцоо түлхүүрийг нь хайхад гэрийн дээд талын цаваганд нь түлхүүр нь байсан. Гэрийг нь онгойлгож ороод 3 ширхэг мөнгөн аяга аваад буцааж гэрийг нь цоожлоод түлхүүрийг нь байсан газарт нь тавиад гарсан. Нэг жижиг аягыг нь захын ард явж байгаад эвдэж мөнгийг нь салгаад зах дээр алт мөнгөний дархан хийдэг Н гэх эмэгтэйд аваачиж өгөхөд 25,000-30,000 төгрөг болсон. 2 аягыг нь манай амбаарт аваачиж нуусан байсныг аав сүүлд амбаарт юм янзалж байгаад мэдээд хадгалж байгаад өгсөн... Сонсгосон ялыг зөвшөөрч байна. Нэг аяга нь ашиглах боломжгүй гэж байгаа бол мөнгийг нь төлөхөд татгалзах зүйл байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулах болно”,

шүүгдэгч Г.Ү-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн өгсөн: “Бид хоёр 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр явж байгаад айлын гэр лүү орж хулгай хийхээр болж... нэг айлын хашаа руу орж түлхүүрийг нь хайж үзэхэд гэрийнх нь тотгон дотор цаваган дээр байсан. Тэгээд түлхүүрээр нь хаалгыг би онгойлгож ороод тэр айлын зурагтны дээд талд 5 ширхэг мөнгөн аяга байхаар нь 3 ширхэгийг нь аваад 2 ширхэгийг үлдээгээд гарсан... Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Хохирлыг бүрэн барагдуулж өгнө” гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах прокурорын зөвшөөрөл, Б.Г-оос 2 ширхэг мөнгөн аяга хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Гэрэгэ эстимэйт ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн УВ01/59 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд 5 размерын мөнгөн аяга... 88000 төгрөг, 6 размерын мөнгөн аяга...126.000 болохыг тодорхойлов” гэх Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт, мөрдөгчийн хохирлын тооцоо хийсэн баримт /1-р хх-ийн 136-145, 157, 180 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

3. Яллагдагч Г.О, Г.Ү нар нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 11-22 тоот хашаанд байрлах хохирогч Г.Оийн гэрээс 1 хос пүүз хулгайлж, 180.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.О-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ Би 2018 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 08 цаг 40 минутанд ажилдаа явахдаа гэрээ цоожлоод түлхүүрээ гэрийн зүүн хатавчинд хийгээд явсан юм. Тэгээд үдийн цайгаар харилгүй ажиллаж байгаад 14 цагт гэртээ ирэхэд хашааны хаалгыг дотроос цоожилсон байсан. Хашаандаа орохын тулд доод айлын хаалгаар орж намхан талаар нь давж өөрийн хашаандаа орсон. Гэрийн хаалга ирж үзэхэд ямар нэгэн эвдэрэлгүй бүтэн байсан. Гэрийн зүүн хатавчнаас түлхүүрээ авахад миний хийснээс шал өөр ил шахам байсан. Тухайн үед би манай ах дүүгийн хүмүүсээс ирээд явсан байх гэж бодсон. Тэгээд гэрт ороход зүүн хойд талд байдаг ногоон цоохор модон авдарын модон таг онгорхой байсан. Энэ ямар учиртай юм бол гээд авдарт байгаа эд зүйлээ үзэхэд ногоон алаг, шагайны хамгаалалтгай түрийтэй 37 размерийн шинэ пүүз байхгүй байсан. Хажууд нь байсан эмэгтэй хүний углааш. бусад эд зүйл бүгд байсан. Тэгээд өөр эд зүйл алга болоогүй байхаар нь миний хүргэн ах Р.П ирээд аваад явсан байх гэж бодсон. Тэгээд орой 19 цагийн үед хүргэн ах Д.П, эгч Д хоёрт ахмадын баярын цай өгөхөөр гэртээ урьсан юм. Тэгээд хүргэн ах Д.П-гээс та манайд ирсэн юм уу гэхэд өнөөдөр нэг ч ирээгүй гэж хэлсэн. Тэгээд гэрт хулгай орсныг мэдээд цагдаад мэдэгдсэн юм. Би байнга гэрийн түлхүүрээ зүүн хатавчиндаа хийдэг. Надаас өөр хүргэн ах Д.П, эгч Г.Д нар мэднэ. Өөр хүн мэдэхгүй. Хулгайд алдагдсан пүүзийг АНУ-аас манай бэрийн эгч нар заруулахаар надад бараа явуулсан байсан бөгөөд зарагдаагүй үлдсэн пүүз байсан юм. Уг пүүзний шагай ул хэсэг нь ногоон, хоншоор хэсэг нь цагаан, цагаан өнгийн үдээстэй, өндөр шагайны хамгаалалттай, пүүзний хэлэн дээр "Е24" гэсэн бичигтэй, оргинал пүүз юм. Би уг пүүзийг 180.000 төгрөгөөр үнэлж зарж байсан юм. Би тухайн гутлыг буцааж авахгүй, гутлыг харахад урагдчихсан, өмсөж элэгдэл гэмтэл үүссэн байсан. Би тухайн гутлыг зарж борлуулаад ашгийг нь өгөх ёстой. Миний хохиролыг төлж барагдуулвал надад гомдол санал байхгүй” /3-р хх-ийн 42-46 тал/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гуталд үзлэг хийсэн “Улаангом сумын 6-р багт оршин суух Г овогтой Отгонтулгын өмсөж явсан пүүзэнд үзлэг хийв. Уг пүүз нь ул хэсэг нь ногоон, хоншоор хэсэг нь цагаан, цагаан үдээстэй, өндөр шагайны хамгаалалттай хэсэг дээрээ UHDER ARMOUR e24 гэсэн бичигтэй хажуу талдаа хартай ногоон алаг пүүзийг хурааж авахаар тогтов...” гэх тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Шунхлай ШТС-аас баруун тийш эргэж гурлын үйлдвэрийн арын хашааны дэргэд тамхи татаж зогсож байгаад хашаан дотор цоожтой гэр байхыг хараад орсон. Ү бид хоёрын хулгайлж авсан пүүзийг энэ хашааны дотроос гэрт нь орж авсан гэж хэлж заасны дагуу очиход 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ 2 пүүз алдсан хохирогч Г.О-ийн гэр мөн байв. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлж nikon маркийн дижитал аппаратаар 4 кадр зураг авч бэхжүүлэв” гэх тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд,/3-р хх-ийн 22-24, 27-37 тал/,

Увс Финанс-Аудит ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай “...пүүз шинэ 37 размер 180.000 төгрөг...” гэх Пүүз үнэлсэн тухай тайлан /3-р хх-ийн 50 тал/-гаар тус тус нотлогджээ.

 

4. Хохирогч Ү.Т-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гараад ажил дээрээ байж байтал манай эхнэр Б /99939045/ над руу залгаад намайг 21 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн урт талын жижиг порчиг онгорхой, гадна талын тор нь онгорхой байна. Гэртээ ороод авдраа онгойлгож үзэхэд дотор нь байсан 3 ширхэг мөнгөн аяга, авдрын дээд талд байсан ээмэг бөгжний сав, мөн авдар байсан хөөрөг, хүүхдийн цүнх, гэсэн эд зүйл байхгүй байна гэж надад хэлсэн. Дээрх мөнгөн аяга зургаагын аяга 1 ширхэг, тавын аяга-1, дөрвийн аяга 1 ширхэг байсан. Гэрт авдарны дээд хэсэгт байрлах толины дээд талын шилэн тавиур дээр байсан ээмэг бөгжний төмөр материалаар хийсэн хайрцагт байсан 2 ширхэг 1 хос цагаан мөнгөөр хийсэн кулонтой, зүрх шиг хэлбэртэй ээмэг, кулан нь цагаан өнгийн сувдан нүдтэй, 2013 онд 90.000 төгрөгөөр худалдаж авч байсан, мөн 2 ширхэг 1 хос мөнгөн ээмэг, 2 ширхэг бөгжтэй, нийтэд нь 2013 онд 80.000 төгрөгөөр, манай төрсөн охин Энхжингийн мөнгөн материалаар хийсэн 1 хос 2 ширхэг мөнгөн ээмгийг 2017 онд би нь Улаанбаатар хотоос 30.000 төгрөгөөр авч ирж өгч байсан. Солонгос шармал манет нь материалаар хийсэн 1 хос 2 ширхэг ээмэг, 1 ширхэг хүзүүний зүүлт, ээмэг алга болсон байсан. Мөн 2015 онд мөнгө материалыг өөрөө өгч хийлгэсэн мөнгөн бөгж алга байсан. 2015 онд БНХАУ-ын Эрээн хотоос 250.000 төгрөгөөр худалдаж авсан бор шаргал өнгийн дунд гарын энгийн чулуун материалаар хийсэн ясан халбагатай, хуванцар материалаар хийсэн толгойтой, толгойг нь мөнгөөр бөгжилсөн, ясан халбагатай, хөөрөгний чулуун урсгал судалтай хөөрөг, хүүхдийн 2 үүргэвчтэй, хар хөх өнгийн 2017 онд 40.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан хичээлийн цүнх зэрэг зүйлс хулгайлагдсан байсан. Манай саарал өнгийн төмөр материал хийсэн Хятад улсад үйлдвэрлээс цоожоор цоожилсон. Манай байшингийн урд талын өрөөний жижиг дотогшоо онгойдог хэсэг онгорхой байсан ба тухайн хэсгийг цагаан өнгийн тороор хамгаалалт хийчихсэн байхад түүнийг хуулж байгаад цонх онгойлгосон байсан. Гомдолтой, хохирол барагдуулмаар байна” /2-р хх-ийн 176-178 тал/,

иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би хэдний өдөр байсныг санахгүй байна 2018 оны 10 дугаар сарын эхэн үед Улаангом сумын нутагт байрлах "Давшаанжил газ" ажил дээрээ оччихоод буцаад гашууны гол чиглэлээс хотын төв рүү орохоор явах гэхэд манай ажлын эсрэг талаас зам дээрээс хоёр бор царайтай, буржгар үстэй нэг нь гартаа цүнх барьчихсан хүүхэд гараа өргөж миний автомашин суусан юм. Хоёр хүүхэд Улаангом сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Бор толгой руу салдаг гурван замын уулзвар дээр байсан "Ундарга Увс" шатахуун түгээх станцын урд талд очоод тухайн хоёр хүүхэд буусан. Тухайн хоёр хүүхэд нь буухаасаа өмнө надтай хамт явахдаа мөнгөний хэрэгцээ байна та хөөрөг авахгүй биз, та ч бас хуучинсаг хүн байна аргалаад авчихгүй гэхээр нь би ямар үнэтэй хөөрөг юм тийм үнэтэй бол ах нь авч чадахгүй 30.000, 40.000 төгрөгөөр бол ах нь авчихая гэж хэлэхээд тухайн хоёр хүүхэд 40.000 төгрөгөөр авчих гэхээр нь би тухайн хөөргийг худалдаж авсан. Тухайн хөөргийг надад зарж байхад тэр хоёр хүүхдээс гадна надтай хамт Т гэх эмэгтэй байсан юм. Би надад зарах гэсэн хөөргийг худалдаж авахаасаа өмнө үзэхэд сүүлийн үеийн дунд оврын бор шар өнгөтэй чулуун хөөрөг байсан, толгой нь сүүлийн үеийн чулуун ясан халбагатай хөөрөг байсан. Надад 40.000 /дөчин мянга/ төгрөгийн хохирол учирсан” /2-р хх-ийн 180-181 тал/,

гэрч Ц.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Нийт 4 хос 8 ширхэг ээмэг, 1 кулон, 3 ширхэг мөнгөн бөгж, хүзүүний зүүлт 1 ширхэг хулгайлагдсан. 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг бор шаргал өнгийн чулуун материалаар хийсэн ясан халбагатай, мөнгөөр толгойг нь бөгжилсөн хөөрөг, хөөрөгний даавуун материалаар хийсэн хар цоохор өнгийн даалин 1 ширхэг, хүүхдийн сурагч цүнх 1 ширхэг, 6 ширхэг дэвтэртэй, тухайн дэвтэр нь 12 хуудастай байсан. Мөн сүүлд харахад манай төрсөн хүү Мөнхжингийн ашиглаж байсан цагаан өнгийн гар утас алга болсон байсан. Тухайн цагаан өнгөтэй гар утсыг 2016 онд Улаангом сумаас 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан, Апусан гэсэн бичигтэй, дэлгэц нь цуурсан, дэлгэцний зүүн дээд талын өнцөг хэсэгт шил нь хагарч эмтэрч унасан байсан. Манай төрсөн хүү М тухайн гар утсыг гэртээ ашигладаг байсан бөгөөд сургууль руу авч явдаггүй. Бор шаргал өнгийн чулуун материалаар хийсэн, хуванцар улаан өнгийн толгойтой, толгойг цагаан мөнгөөр бөгжилсөн, ясан халбагатай, ямар нэг эмтэрч, хэмхэрсэн, цуурсан, гэмтсэн зүйлгүй дунд гарын хөөрөг байсан. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай хүүгийн цүнхийг Цогцолбор нэгдүгээр сургуулийн жижүүр багш эмэгтэйд 4г ангийн сурагч аваачиж өгсөн талаар жижүүр багш надад хэлсэн. Би ажил дээрээ байхад манай төрсөн хүү М ээж миний цүнх олдчихлоо 1 давхарт жижүүр багшийн хажуу талд цонхон дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн юм. Миний ээмэг бөгж хадгалдаг гэх хайрцаг нь 10 жил гаруй ашиглаж байгаа муудчихсан, төмөр нь гадна талдаа доод хэсгээрээ зэвэрчихсэн хайрцаг байсан учир мөнгөөр үнэлэх боломжгүй гэж үзэж байна” /2-р хх-ийн 182-184 тал/,

гэрч Я.Ц-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би хэдний өдрийг сайн мэдэхгүй, намайг дэлгүүртээ байхад /Цэцэ хүнсний дэлгүүр, Улаангом сумын 4 дүгээр баг/ 15 цаг өнгөрч байх үед манай дэлгүүрт бүлтгэр нүдтэй бор царайтай хүүхэд орж ирээд надад шар өнгийн манет шиг ээмэг зүүлт үзүүлээд “эмээ өлсөөд байна, та надад идэх юм өгөөч, би энэ ээмэг, зүүлт үлдээе, орой ээж ажлаасаа ирэхээр би мөнгийг нь танд авч ирээд өгчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өгөхгүй гэж хэлэх гэж байгаад за за гээд 1 хос 2 ширхэг ээмэг, зүүлт өгөөд надаас 1 кг /үйлдэврийн боов/ авсан юм. Авчихаад гарч явчихаад тэр өдөр ирээгүй ба түүнээс хойш манай дэлгүүрт орж ирээгүй. Тухайн хүүхэд намайг хөдөө явахад над руу та хаана байна гэж ярьсан дэлгүүрт гэртээ ирэхэд хаалга доогуур 2500 төгрөг хийсэн байсан. Харин надаас зүүлтээ аваагүй...” /2-р хх-ийн 185-187 тал/,

гэрч П.Ц-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 10 дугаар сарын 5-8-ны хооронд байх гэртээ байж байхад манай 4 дүгээр ангийн хүү Г нэг өглөө гэрт орж ирээд эмээгийн хашааны сөр дээр манай сургуулийн хүүхдийн цүнх хаячихсан байна гэж хэлсэн. Гэрт оруулж тавьчихаад өглөө сургууль дээрээ хүргэж өгчих гэсэн. Тэгээд маргааш нь манай хүү Г 1-р 10 жил дээр хүргэж өгсөн. Уг цүнхийг нээж үзээгүй, хар хөх өнгийн 2 үүргэвчтэй цүнх байсан” /2-р хх-ийн 188 тал/,

насанд хүрээгүй гэрч Ц.Г-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би хөх цүнхийг манай гэрийн хойд талын хашааны хажууд байсан. Тэгээд нөгөө цүнхийг онгойлгож үзэхэд дотор нь 6 ширхэг дэвтэр, 1 ширхэг хөөрөгний дайлан байсан. Уг дэвтрийн хаяг дээр 1-р 10 жилийн 5в ангийн Т.М гэсэн хаяг байхаар нь би сургууль дээр хүргэж өгчихөөд явсан” /2-р хх-ийн 189 тал/,

насанд хүрээгүй гэрч Т.Э-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 10 дугаар сарын 02-ны орой ээжтэйгээ хамт тус аймгийн 11-р багт байрлах гэртээ ирэхэд байшингийн цонхны жижиг хэсэг байхгүй байсан. Манай ээж аав руу гэрт хулгай орсон талаар ярьсан. Авдар дээр байсан аавын хөөрөг, манай төрсөн дүү М-гийн хичээлийн цүнх, гар утас, тавиур дээр байсан ээмэг бөгжтэй сав, 3 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. ...Манай төрсөн дүү М надад Э миний цүнх доор жижүүрийн цонхны тавцан дээр байна гэж хэлсэн. Би түрүүлж буугаад манай ангийн хүүхдүүд, ангийн багш нар хойноос хоёр давхараас бууж ирсэн. Жижүүр багштай ангийн багш уулзаад манай ангийн багш Одгэрэл манай төрсөн аав Түмбээ рүү ярьж хулгайлагдсан цүнх олдсон талаар мэдэгдсэн” /2-р хх-ийн 190 тал/,

гэрч Д.М-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр жижүүр багшаар ажилласан. Ойролцоогоор 11 цагийн үед 1 хүүхэд ирсэн ба цүнх оруулаад өгчихмөөр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн 1 хүүхдийг ороод ангийг нь олж чадахгүй байх цонхон дээр тавьчих завсарлагаанаар гарч ирээд авчих байх гэж хэлсэн. Тухайн хүүхдүүд 5в ангийн сурагчид өгмөөр байна гэж хэлж байсан. Би нэрийг нь асуухад Г гэдэг гэж хэлсэн. Удалгүй завсарлагаанаар цүнхний эзэн хүүхэд би дээшээ гараад ирц бүртгээд буцаад нэг давхар луу бууж ирэхэд 5 в ангийн сурагч энэ цүнхийг хэн өгсөн юм бол манай гэрээс алга болсон гэж хэлж байсан” /2-р хх-ийн 191 тал/,

гэрч Э.Уын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Би 1 ширхэг бөөрөнхий хэлбэрт оруулсан мөнгийг тус аймгийн Улаангом сумын зах дотор 2 давхар байрны 1 давхарт суудаг эмэгтэй дарханд аваачиж өгсөн юм. Надаас хулгайн эд зүйл биш биз гэж алт мөнгөний дархан тодруулж асуухад надтай хамт алт мөнгөний дарханы ажил руу Ү хамт орсон байсан бөгөөд биш гэж хэлсэн. Тэгтэл алт мөнгөний дархан эмэгтэй за за тэгвэл регистрийн дугаар, утасны дугаар өг гээд миний гар утасны, регистрийн дугаар авч үлдсэн. Алт мөнгөний дархан эмэгтэй 1 лан гээд 56.000 төгрөг өгсөн. Түүнийг Ү авч гараад бид хоёр таксинд суухад такси дотор О буюу Кунфу суусан. Бид нар нуурын булаг зоогийн газар ороод хуушуур авч идсэн. Түүний дараа гарч компьютер тоглоом тоглоё гээд тоглоомын газар ороод 1 цаг тоглож байгаад гараад би гэр лүүгээ явсан. Надад мөнгө өгөөгүй, би аваагүй. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, ахынхаа гэрээс авч ирсэн гэж хэлсэн, надад итгүүлсэн юм. Намайг зараад өг гэж заруулсан мөнгө нь мөнгөн аяганы мөнгө байсан бөгөөд харахад илт мэдэгдэж байсан юм” /2-р хх-ийн 195-196 тал/,

гэрч Ө.Бийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Надад өдрийг сайн санахгүй байна, хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна, надад нэг залуу ээмэг бөгж, кулон авч ирж өгсөн. Би түүнийг худалдаж аваад тухайн залууд 7000 төгрөг өгсөн. Манайхаар олон хүмүүс үйлчлүүлдэг олон хүмүүс мөнгөн аяганы мөнгө, ээмэг, бөгж зүүлт зэргийг авч ирж өгдөг юм. Эмэгтэй хүний 4 ширхэг ээмэг, хүүхдийн 2 ширхэг ээмэг, 2 ширхэг бөгж, 1 ширхэг кулон зэргийг авч ирж өгсөн юм. Би 7000 төгрөгөөр худалдаж авсан ба ээмэг бөгж хатуу мөнгө гэж үздэг учраас граммыг нь 500 төгрөгөөр худалдаж авсан. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Өөрсдийн гэрээс авчирсан гэж хэлсэн. Би мөнгө материал худалдаж авахаар нь би хайлуулаад эд зүйл хийж зардаг юм. 2018 оны 10 дугаар сарын эхэн үед өгсөн мөнгийг би хайлуулаад ээмэг, бөгж хийгээд зарчихсан. Надад нэг л удаа авч ирж өгсөн...” /2-р хх-ийн 199 тал/,

гэрч Т.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Увс аймаг Улаангомын зах дээр байж байтал таньдаг хүүхэд Г.О бас нэг залуу хоёр надтай тааралдаад мөнгөн аяганы мөнгө /металл/ байна зараад өгөөч гэсэн. Би чадахгүй ээ гэсэн. Тэгээд О мөнгө авдаг хүнд өртэй болохоор чи өгчих, дараа нь чамд ямар нэгэн асуудал гарахгүй ээ гэсэн. Тэгээд би Алт мөнгөний дарханы газар Отгонтулгын хамтаар ороод грамлаад 26.000 төгрөг болж байна гэсэн. Тэр 26.000 төгрөгийг тэр үед О өөрөө авсан...” /2-р хх-ийн 170-171 тал/,

шүүгдэгч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр... айлын байшин цоожтой байхаар нь Ү хашаа давж орсон. Би хашаа дотор хүн харж байсан ба хөх өнгийн цүнх дотор баахан зүйл хийчихсэн гараад ирсэн...” /2-р хх-ийн 242-245 тал/,

шүүгдэгч Г.Үгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр... тухайн хашаанд нэг гэр, нэг байшин байсан. О байшин цоожтой байна би цонхийг нь онгойлгочихлоо гэж хэлсэн. Байшин руу харахад вакум цонх, гадна талаараа тортой байсан. Би байшин руу ороод зурагтны тавиур дээр байсан 1 ширхэг хөөрөг даалинтайг нь авсан, унтлагын өрөө рүү ороод авдар дотроос 3 ширхэг мөнгөн аяга, жижиг савтай ээмэг, бөгжнүүд байсныг авсан. Тэд нарыг авч гарах гэхэд авсан зүйл халаасанд багтахгүй болохгүй хар өнгийн дээрээ цагаан өнгийн од дүрстэй цүнхэнд хийгээд байшингаас гарсан. Бид хоёр Бор толгой гэх газарт явж байхад танихгүй таксины жолоочид хөөргийг 40.000 төгрөгөөр зарсан. Зах дээр очоод дарханд би мөнгөн материалаар хийсэн ээмэг бөгжийг оруулж өгсөн ба 7000 төгрөг болсон. Нэг мөнгөн аягыг Дгээр дарханд өгүүлэхэд 26000 төгрөг, ...Учралаар дарханд өгүүлэхэд 20.000 төгрөг болсон. Шар өнгөтэй 2 ширхэг 1 хос ээмэг, 1 ширхэг зүүлтийг дөрвөн замд Цэцэ гэх дэлгүүрт О 2500 төгрөгний барьцаа болгож үлдээсэн...” /2-р хх-ийн 231-235 тал/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар хар хөх өнгийн 2 үүргэвчтэй хүүхдийн сурагч цүнх хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар Я.Цгээс солонгос шармал шар өнгийн төмөр материалаар хийсэн ээмэг, зүүлт, Д.Бээс бор шаргал өнгийн энгийн чулуун материалаар хийсэн хөөрөг, шүүгдэгч Г.Оас цагаан өнгөтэй, дэлгэц цуурсан, дэлгэцний зүүн дээд талын өнцөгт хууларч унасан гэмтэлтэй гар утас, шүүгдэгч Г.Үгээс 2 ширхэг мөнгөн аяганы модон тагш эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, аяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-ийн 123-165 тал/,

Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/540 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд хулгайд алдагдсан гэх эд хөрөнгийн зах зээлийн дундаж үнэ цэнийн тодорхойлолтыг Улаангом сумын 2018 оны 10 дугаар сарын байдлаар зургаагийн мөнгөн аяга 4 жил ашигласан хуучин 126.000 төгрөг, тавын мөнгөн аяга 4 жил ашигласан хуучин 88.000 төгрөг, дөрвийн мөнгөн аяга 4 жил ашигласан хуучин 60.000 төгрөг, хүүхдийн хичээлийн цүнх шинэвтэр 25.000 төгрөг, мөнгөн хос ээмэг кулонтой 5 жил ашигласан хуучин 90.000 төгрөг, мөнгөн хос ээмэг 2 ширхэг, бөгж 1 ширхэг 5 жил ашигласан хуучин 80.000 төгрөг, хүүхдийн мөнгөн ээмэг 1 жил ашигалсан хуучин 18.000 төгрөг, солонгос шармал хос ээмэг, хүзүүний зүүлт 1 жил ашигласан хуучин 50.000 төгрөг, мөнгөн бөгж 3 жил ашигалсан хуучин 10.000 төгрөг, нийт 547.000 төгрөг” гэх Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тайлан /2-р хх-ийн 204 тал/,

Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/560 дугаартай “Увс аймгийн Улаангом сумын дунд гарын шинэ энгийн чулуун хөөрөгний /толгойг нь цэвэр мөнгөөр бөгжилсөн, ясан халбагатай/ зах зээлийн дундаж үнэ 2018 оны 10 сарын байдлаар 170.000 төгрөг, Увс аймгийн Улаангом суманд даавуун материалтай даалингийн /3 жил ашигласан, энгийн оёдолтой/ зах зээлийн дундаж үнэ 2018 оны 10 дугаар сарын байдлаар 15.000 төгрөг, Увс аймгийн Улаангом сумын 2 үүргэвчтэй сурагч цүнхний /шинэ/ зах зээлийн дундаж үнэ 2018 оны 10 дугаар сарын байдлаар 25.000 төгрөг, Увс аймгийн Улаангом суманд 12 хуудастай дэвтэр зах зээлийн дундаж үнэ 2018 оны 10 дугаар сарын байдлаар 250 төгрөг, Увс аймгийн Улаангом суманд ANYCALL Samsung M480 загварын гар утасны /2 жил ашигласан дэлгэц цуурсан, дэлгэцний зүүн дээд өнцөг эмтэрч унасан/ зэх зээлийн дундаж үнэ 2018 оны 10 дугаар сарын байдлаар 20.000 төгрөг болохыг тус тус тодорхойлов. Ээмэг бөгжний хайрцганд үнэлгээ хийхэд хөрөнгийн мэдээлэл хангалтгүй тул үнэлгээ тогтоох боломжгүй болно” гэх Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт /2-р хх-ийн 213 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ү, Г.О нар нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 7-14 тоотод оршин суух хохирогч Ү.Тгийн байшингийн цонхоор нэвтэрч чулуун хөөрөг 1 ширхэг-170.000 төгрөг, даалин 1 ширхэг-15.000 төгрөг, зургаагийн мөнгөн аяга 1 ширхэг-126.000 төгрөг, тавын мөнгөн аяга 1 ширхэг-88.000 төгрөг, дөрвийн мөнгөн аяга 1 ширхэг-60.000 төгрөг, хүүхдийн хичээлийн цүнх 1 ширхэг-25.000 төгрөг, хичээлийн дэвтэр 12 хуудастай 6 ширхэг-1500, самсунг аниколл М480 загварын гар утас 1 ширхэг-20.000 төгрөг, мөнгөн 1 хос ээмэг, 1 кулонтой-90.000 төгрөг, мөнгөн 1 хос ээмэг 2 ширхэг бөгжтэй-80.000 төгрөг, хүүхдийн мөнгөн 1 хос ээмэг -18.000 төгрөг, солонгос ээмэг 1 хос, хүзүүний зүүлт-50.000 төгрөг, мөнгөн бөгж 1 ширхэг-10.000 төгрөгийн эд зүйл хулгайлж, нийт 753.500 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогджээ.

 

5. Хохирогч О.Чын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би Ундарга Увс ШТС-т түгээгч хийдэг ба өчигдөр 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ хоноод өнөө өглөө 09 цаг 30 минут болж байхад гэрт ирж хувцасаа солиод 20 орчим минут болсон. Би 10 цагийн үед гэрээс гараад зах дээр лангуун дээрээ байж байгаад орой 19 цагийн үед гэрт ирэхэд эхнэр Х надад гэрт хулгай орсон юм шиг байна, зурагтын дээр байсан 20.000 төгрөг байхгүй, түүний доод талд байсан толь /шилэн шкабны/ дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байна гэхээр нь би танай байгууллагад дуудлага өгсөн. Тухайн хоёр мөнгөн аяга нь том жижиг хэмжээтэй аяга ба аав Осор хэлэхдээ 5, 6-ийн мөнгөн аяга гэж хэлж байсан. Манай аав Осор 2017 оны цагаан сарын шинийн нэгний өдөр эхнэр Хулан бид хоёрт бэлэглэж байсан. Манай гэрээс 2 ширхэг аяга, 20.000 төгрөг алдагдсан. Өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй” /1-р хх-ийн 14-15 тал/,

гэрч М.О-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ Манайх тус аймгийн Улаангом сумын 6-р баг 12-09 тоотод амьдардаг. Миний хүү О Ч-ынх манай хашаанд байдаг 13*09 мкв хэмжээтэй 1 давхар байшинтай эхнэрийн хамт амьдардаг. 2018 оны 10 дугаар сарын 09-ний... орой манайхан 18 цагт ажлаасаа ирцгээхэд миний хүү О.Чын байшингийн жижиг порчигийг түлхэж онгойлгоод гэр лүү нь орж 2 ширхэг мөнгөн аяга, 20.000 төгрөг хулгайлсан байсан тул цагдаад дуудлага өгсөн. 5 болон 6-ын хэмжээтэй мөнгөн аяганууд байсан. Тухайн мөнгөн аягануудыг өнгөрсөн жилийн цагаан сараар би 5-ын хэмжээтэй мөнгөн аягыг 280.000 төгрөгөөр, 6-ын хэмжээтэй мөнгөн аягыг 320.000 төгрөгөөр худалдаж авч хоёр хүүхэддээ цагаан сарын бэлэг гэж өгсөн. Вакум цонхтой вакум цонхны түгжээ нь хуванцар түгжээтэй тул түлхэхэд мултарсан бололтой байсан. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс миний хүүд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна” /1-р хх-ийн 18-19 тал/,

гэрч Э.Уын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би Гийн Отгонтулгыг 2015 оноос хойш танина. Бид хоёр Улаангом политехник коллежд цуг суралцаж байгаад танилцсан. Би 2018 оны зун Улаанбаатар хотод "Нэжуна" нэртэй барилгын компанид арматор боох ажил хийж байгаад 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр миний аав нас барж тэр өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг руу гарч 10 дугаар сарын 02-ны өдөр Улаангом суманд ирсэн. Тэгээд аавын буяны ажил гээд гэртээ байж байсан... 2018 оны 10 дугаар сарын 09-ний өглөө гэртээ лам авч ирж аавын буяны ажилд зориулж ном уншуулчихаад 11 цаг 30 минутын үед гэрээс гарч ус авахаар худаг дээр очоод усаа аваад гэрлүүгээ явж байтал миний араас намайг хүн дуудахаар нь эргээд харахад О, Ү хоёр цуг явж байсан. Г.О надад хандаж андаа “Ү бид хоёр Үгийн ахын гэрээс 2 ширхэг мөнгөн аяга хулгайлчихсан юм. Тэр мөнгөн аяганы мөнгийг нь салгаад аваад ирлээ, чи зараад өгөөч Ү зарвал мэдчих байх” гээд байхаар нь би гэртээ усаа оруулж тавьчихаад тэр хоёрыг дагаад Улаангом сумын 12-р багт байрлах Итгэлт зах дээр алт мөнгөний дархан хийдэг нэг ах дээр ороод та энэ хоёр мөнгөн аяганы мөнгийг авчихаач гэхэд 60.000 төгрөгөөр авна, одоохондоо мөнгө алга. Чи 15-16 цагийн хооронд ирээд мөнгөө авчих одоо байгаа нь 10.000 төгрөг байна гээд 10.000 төгрөг өгсөн. Би тэндээс гараад Ү, О хоёртой цуг явж байгаад 15 цаг 30 минутын үед мөнгийг нь авахаар очоод цагдаад баригдаж цагдаа дээр ирсэн. 10.000 төгрөгийг нь авч Үд өгсөн. Тэгтэл Ү 3-уулаа компьютер тоглоомын газар оръё гээд бид 3 хүн тус бүр 2 цаг тоглоод захын арын Тамир нэртэй караокед орж 1 цаг дуулаад мөнгө дууссан тэгээд цаг 15 цаг 30 минут болж байхаар нь үлдсэн мөнгөө авах гэж алт мөнгөний дархан руу орж байгаад цагдаад баригдаж цагдаа дээр ирсэн” /1-р хх-ийн 20-21 тал/ гэх мэдүүлгүүд,

гэрч Б.Ө-ын “Г.Отгонтулгыг танина учир нь тэр хүүхэд хулгай хийдэг гэж мана найзууд хэлж байсан. Харин Учрал, Ү нарыг танихгүй. Учрал гэдэг хүүхдийг одоо бол танина яагаад гэвэл 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр надад мөнгөн аяганы мөнгө авч ирсэн хүүхдийг Учрал гэдгийг цагдаа нар надад хэлсэн. Би Увс аймгийн Улаангом сумын 12-р багт байрлах Итгэлт зах дээр алт мөнгөни дарханы ажлыг 10 гаруй жил хийж байна. Цагдаагийн газрын мөрдөгч Ц.Ц надтай 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тааралдаж чи ажлаа хийж байна уу, хэрэв хийж байгаа бол танайхаар мөнгөн аяганы мөнгө орж ирвэл надад мэдэгдээрэй, ойрд мөнгөн аяганууд алга болоод байна гэхээр нь би за гэж хэлсэн. Тэгээд ажлаа хийж байтал 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай ажлаар нэг хүүхэд орж ирээд 2 ширхэг аяганы салгаж эвдэлж базгасан мөнгийг 11 цаг өнгөрч байхад авч ирээд ах үүнийг аваач гэхээр нь би хаанаас авсан юм бэ, чи насанд хүрсэн үү гэж асуухад би насанд хүрсэн цэрэгт явчихсан хөдөөнөөс манай аав ээж явуулсан юм. Худал гэвэл та миний гарын үсэг аваад намайг тэмдэглээд авчих гэхээр нь би тэр хүүхдэд итгэлгүй Цийн хэлснийг бодоод юу ч гэсэн авчихая гээд граммлаж үзэхэд 63 гр болж 1 гр мөнгийг 1000 төгрөгөөр бодож аваад нийт 60.000 төгрөг болсон. Тэгээд би тэр хүүхдэд мөнгөө өгөөд явуулчихвал дахин олдохгүй байж магадгүй гэж бодоод 10.000 төгрөг өгч явуулаад үдээс хойш 15-16 цагийн үед ирээд үлдсэн мөнгөө ав гэж хэлсэн. Тэр хүүхэд гарсны дараа Ц рүү залгаж манайд мөнгөн аяганы мөнгө орж ирлээ гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш 15 цаг 30 минутын үед мөнгө өгсөн Учрал над руу ороод ирэхэд Ц араас нь бараг дагах шахам орж ирээд тэр хүүхдийг аваад явсан. Би хулгайн гэдгийг мэдээгүй, гэхдээ хулгайн байж магадгүй гэж хардан тэр хүүхдийн 60.000 төгрөгнөөс 10.000 төгрөгийг нь өгөөд үлдсэнийг нь үдээс хойш ирж ав гээд цагдаагаар шалгуулж байгаад үнэхээр асуудалгүй бол 50.000 төгрөгийг өгье гэж бодоод авсан... Би тэр 10.000 төгрөгийг Учралын найз Оас буцаагаад авчихсан. Г.О сүүлд надад миний хохирол гэж өгсөн.” /1-р хх-ийн 22-23 тал/,

Шүүгдэгч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 10 дугаар сарын 08-ны шөнө Ү бид хоёр Улаангом сумын 2 багт байрлах ногооны талбайд байрладаг айлын байшинд орж хоночихоод өглөө нь босож юм болж идье гээд... 6-р баг руу орж эзэнгүй айлуудыг хайж нэг айлын хашаа руу шагайхад гэр болон байшин эзэнгүй байхаар нь орж, байшингийн порчиг хагас хаасан байдалтай байхаар нь би түрүүлж ороод Үг хашаан дотроос хүн харж бай гэж хэлсэн. Байшингийн порчигоор орж том өрөөний шкафан дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, дэргэд нь байсан 20.000 төгрөгийг аваад буцаж гарч ирээд Үтэй нийлж дэлгүүр орж 20.000 төгрөгнөөсөө ундаа авч уугаад Цаст дэглий гэдэг дэлгүүрийн дээд талд явж байгаад хулгайлсан 2 ширхэг мөнгөн аяганыхаа мөнгийг салгаж аваад тагшийг нь тэндээ орхиод мөнгийг нь авч бид хоёрын найз Учралын гэр лүү явж байтал Учрал бид хоёрын өөдөөс гараад ирсэн. Би Учралд хандаж мөнгийг зараад өгөөч гэхэд Учрал зөвшөөрч тэр хоёр мөнгөн аяганы мөнгийг авч зах руу орж алт мөнгөний дарханд оруулж өгсөн. Мөнгийг нь үдээс хойш ирээд ав гэж байна одоо орлого ороогүй байна гэнэ гэхээр нь бид 3 нийлж хуучин Нийгэмлэгийн зааланд тоглоод үдээс хойш 15 цагийн үед мөнгөн аяганы мөнгө зарсны мөнгөө авахаар зах руу орсон. Тэгтэл У цагдаад баригдаад гараад ирсэн” /хх-ийн 46-47 тал/,

Шүүгдэгч Г.Үгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 10 дугаар сарын 09-ний өглөө О бид хоёр 8 дугаар цэцэрлэг уруудаад явж байгаад нэг айлын хашаа руу шагайхад айлын гэр, байшин цоожтой байхад О хашаа руу нь яваад орчихсон. Би араас нь орж хашааны үүдэнд хүн хараад О байшингийн цонхоор орж тэр айлаас 2 ширхэг мөнгөн аяга, 20000 төгрөг аваад гараад ирсэн... Мөнгөн аяганы мөнгийг салгахын тулд газар савахад тагш нь хагарч мөнгө нь үлддэг. Тэгээд мөнгийг нь авчихдаг юм” /хх-ийн 53-54 тал/ гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах прокурорын зөвшөөрөл, Б.Өаас 2 ширхэг мөнгөн аяганы мөнгө хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, Увс финанс аудит ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаартай “5-ын мөнгөн аяга 135.000 төгрөг, 6-ын мөнгөн аяга 150.000 төгрөг” гэх Мөнгөн аяга үнэлсэн тухай тайлан, мөрдөгчийн хохирлын тооцоо хийсэн баримт /1-р хх-ийн 03-12, 31, 35 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ү, Г.О нар нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 12-09 тоотод оршин суух хохирогч О.Чын байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 20.000 төгрөг тус тус хулгайлан авч, хохирогчид нийт 305.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.

 

6. Шүүгдэгч Г.Ү, Г.О нар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 03-04 тоотод оршин суух хохирогч С.Сийн гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, нокиа 6300 маркийн гар утас, нокиа 2330 маркийн гар утас тус тус хулгайлан авч, хохирогчид нийт 448.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Сийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг нокиа маркийн гар утас алга болсон. Өөр эд зүйл алга болоогүй. 2 ширхэг мөнгөн аягыг 2013 онд тус бүрийг 280.000 төгрөгөөр, харин 6300 маркийн гар утсыг 2018 оны 10 дугаар сарын 04-ний үед 45.000 төгрөгөөр Талст гэх дэлгүүрээс худалдаж авсан. Нокиа 6300 маркийн гар утас нь улаан өнгийн хуванцар материалаар хийсэн батерейны таг хэсэг нь төмөр тагтай, нарийн оролттой цэнэглэгчтэй, батерей, симтэй. Сим нь мобикомын 85774448 гэсэн гар утасны дугаартай, товчлуур шинэ, нокиа 2330 загварын гар утас нь батерейгүй, таггүй, хар саарал өнгийн, товчлууртай хэвийн ажиллагаатай гар утас байсан. Тухайн гар утсыг манай хадам ээж манай хүү Б өгсөн юм... Манай төрсөн хүү Б 11 цагийн үед хичээлээс ирдэг ба би өөрийнхөө дугаар луу залгаж хүүтэйгээ ярьж дүүгээ цэцэрлэгээс авахыг нь сануулдаг байсан юм. Эд зүйл хулгайлагддаг өдөр би өөрийн гар утасны дугаар луу залгахад 2 удаа дуудаад холбогдох боломжгүй болчихсон юм. Тэгэхээр нь би өөрийн найз болох Б-г гэрт очоод миний хүүхдийн гар утсыг асаагаад өгчих гэж хэлэхэд манай гэрт оччихоод гар утас нь байхгүй байна, танай хүүхэд ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж харъя чи намайг ирээд ав гэж хэлээд Б-тэй хамт гэрт очиход хоёр ширхэг гар утас, найраар өгсөн хоёр ширхэг дунд гарын мөнгөн аяга алга болсон байсан юм... Хашааны үүдний хэсэгт дотор талд нэг гутлын мөр тод байсан. Мөн тухайн мөрнөөс гэрийн зүгт 2 алхамын зайд мөн зүүн хөлийн гутлын мөр гарсан байсан юм. Гутлын мөрийг шинжлэхэд арзгар ултай пүүзний мөр байсан юм. Би цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр 16 цаг өнгөрч байхад очоод надтай миний харсан мөр үүсгэсэн байж болзошгүй гуталтай намхан бор царайтай бөгтөр нуруутай хүүхэд зөрж цагдаагаас гараад явж байсан. Гомдолтой байна, Хохирлоо бүрэн барагдуулмаар байна” /1-р хх-ийн 215-217 тал/,

гэрч Т.М-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ Манай хашаанд манайхаас өөр айл байхгүй, манай нөхөр бид хоёр тухайн хэрэг үйлдэгдсэн өдөр тээврийн хороонд чацарганы цехед ажиллаж байсан. Өглөө 08 цагаас ажилдаа яваад ойролцоогоор 14 цагийн үед манай нөхөр С цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... 2013 онд найраар хадам талаас бэлэглэж байсан хоёр мөнгөн аяганы амсарын доод хэсгээр хоёр дүүдээ дурсгав гэсэн бичигтэй, мөнгөн материалаар хийсэн нэг аяганы амсарын хэсэгт шүдний оромтой, нөгөө аяганы ёроол хэсэг салаад цавуугаар наасан ул мөртэй аяга байсан. Манай нөхөр найз Баатархүүгийн хамтаар гэр лүү хүүхдэд гар утас олж өгнө гэж хэлээд явсаны дараагаар над руу ярьж мөнгөн аяга хаана байсныг асуугаад байхгүй байна гэхээр нь гэрээс эд зүйл хулгайлагдсан талаар мэдсэн юм” /1-р хх-ийн 218 тал/,

гэрч Н.Б-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13 цагийн орчимд намайг зах дээр явж байтал найз С над руу залгаад "манай хүүхдийн гар утас холбогдохгүй байна. Чи очоод цэнэглээд асаагаад өгөөч гэж" хэлэхээр нь би захаас шууд ганцаараа найз Сийн гэрт очиход гадна хашааны хаалга болон гэрийн хаалга онгорхой гэр лүү ортол Сийн хүүхэд ганцаараа зурагт үзсэн суухаар нь би "чиний гар утас хаана байгаа юм" гэж асуухад би мэдэхгүй байна гэж хэлэхээр нь С рүү залгаад чиний хүүхдийн гар утас хаана байгаа талаар мэдэхгүй байна, би сайн хайж үзлээ гэж хэлсэн. Тэгээд би гар утсаа цэнэглээд сууж байтал С над руу залгаад намайг ирээд ажлаас аваад гэрт хүргээд өг гэж хэлэхээр нь би ажлаас нь очиж аваад гэрт нь хүргэж өгөөд гэртээ ороод гар утсаа хайж байгаад гэнэт авдар дээр байсан мөнгөн аяга байхгүй байна гэж хэлээд хайгаад олохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн” /1-р хх-ийн 219 тал/,

гэрч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би зах дээр нүүрс зарж байсан. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ойролцоогоор 15 цагийн үед намайг нүүрс зараад зогсож байхад нэг бор царайтай, намхан хүүхэд ирээд эгчээ надад энэ мөнгийг дарханд өгөөд мөнгийг нь аваад өгөөч, би хөдөө явах гээд мөнгөний хэрэг гарчихлаа манай гэр хөдөө байдаг, одоо машин явах гээд байна. Намайг өгөхөөр авахгүй байна гэж хэлсэн юм. Би тухайн хүүхдэд энэ ямар учиртай мөнгө юм, та нар арай хулгайн эд зүйл надаар заруулах гээд байгаа юм биш биз гэхэд би хөдөөнөөс авч ирсэн манай гэрийн эд зүйл гэж хэлсэн. Тэгэхээр нь би зах руу ороод 2 давхар байшингийн 1 давхарт суудаг эмэгтэй дархан өгөхөд та арай хулгайн юм авч ирээд байгаа юм биш биз гэхэд үгүй ээ эгчийн дүү хулгайн зүйл биш миний зүйл авчих гэж хэлсэн. Тэгээд тэр дархан эмэгтэй тухайн мөнгөн аяганы мөнгийг аваад 48.000 орчим төгрөг болсон ба миний зарж байсан нүүрс дуусч байсан. Нөгөө дархан эмэгтэй надад мөнгө байхгүй манай нөхөрт мөнгө байгаа ирэхээр нь би таньд аваад өгье гэж хэлсэн. Тэгээд ойролцоогоор 2 цаг орчим болсоны дараа миний нүүрс зарсан мөнгийг тэр хүүхдүүд асуусан, та бэлэн мөнгөтэй байгаа юм чинь өгчих бид хоёр машин явах гээд яараад байна та 30.000 төгрөг өгчих илүү мөнгө гарвал та авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хоёр хүүхдэд 30.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь дараа нь ирээд аваарай гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хүүхдүүд мөнгө аваад Итгэлт барааны зах чиглээд явсан. Би тэр орой дархан эмэгтэйгээс 47.000 төгрөг авсан. Түүнээс хойш нөгөө хоёр хүүхэд надаас мөнгө авахаар ирээгүй тааралдаагүй юм... Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй, аяганы мөнгө шиг хэлбэртэй байгаагүй, жижиглээд цохиод хавтгайлаад өнгө нь хүртэл хар бараан өнгөтэй болчихсон байсан. Би мөнгө биш гэж бодсон ба дархан дэнсэлж авахаар нь мөнгө мөн гэдгийг мэдсэн юм” /1-р хх-ийн 220-222 тал/,

гэрч С.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн 12 дугаар багийн нутагт байрлах зах дээр алт мөнгөний дарханы ажил дээрээ байсан. Тухайн үед алт мөнгөний дарханы ажлаа хийж байсан юм. Ойролцоогоор 15-16 цагийн хооронд нэг эмэгтэй хүн орж ирээд 1 ширхэг бөөрөнхий хэлбэрт оруулсан мөнгөн аяганы мөнгө өгсөн. Би тэр эмэгтэйгээс хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуухад биш ээ биш, би зах дээр нүүрс зардаг гэж хэлсэн. Тэгэхээр нь мөнгийг нь одоо өгч чадахгүй мөнгийг маргааш өгье гэж хэлэхэд хөдөө явна гэж хэлсэн. Би жаахан байж байгаад ирээд авчих гэж хэлсэн юм. Тэгээд тэр эмэгтэй гараад явсан. Тухайн мөнгийг жинлэж үзэхэд 1,9 лан болох шиг болсон бөгөөд 48.000 төгрөг болсон. Тэгээд тэр орой 18 цагийн ойролцоо тухайн нүүрс зардаг эмэгтэй орж ирээд мөнгө аваад явсан юм. Би тухайн аягийг 48.000 төгрөгөөр худалдаж авсан” /3-р хх-ийн 10-11 тал/,

Шүүгдэгч Г.О-ын мөрдөн байцаалтад өгсөн “Би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 9 цаг өнгөрч байхад найз Үтэй хамт Баруун зам хүнсний дэлгүүрийн ойролцоо явж байгаад 4 баг, 3-4 тоот хашааны айлын гэрийн хаалга цоожтой харагдахаар тэдний хашаа руу ороод... гэрийн гишгүүрийг өргөж үзэхэд тэдний гэрийн түлхүүр байсан. Гэрт нь ороод 2 ширхэг мөнгөн аяга нь авдар дээр, тавилга дээр 2 ширхэг нокиа загварын товчлууртай улаан, хар өнгийн 2 утас байсныг авсан. Бид 2 зах руу ороод улаан өнгийн нокиа маркийн гар утсыг 10.000 төгрөгөөр хөдөөний эгчид зарж борлуулсан. Үлдсэн нэг утас надад байгаа. Мөнгөн аягыг хагалж мөнгийг нь авчихаад нүүрс зардаг бор царайтай, өндөр махлаг эгчээр 2 ширхэг мөнгөн аяганы мөнгийг цагаан өнгийн хаалгатай, хаалган дээр инээмсэглэл гэсэн бичиглэлтэй байранд суудаг эмэгтэй дарханд өгүүлсэн. Тэр айл руу гэрт нь үнэ хүрчихээр эд зүйл байвал түүнийг хулгайлж, мөнгө болгож хэрэглэх зорилгоор орсон” /1-р хх-ийн 247-248 тал/,

шүүгдэгч Г.Ү- гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 10 дугаар сарын 10-ны өглөө О бид хоёр Бор толгой гэх нэртэй газар уулзсан. Уулзахад О нь тавчик өмсчихсөн ирсэн. Бид нар гутал пүүзний юм олж өмсөе гээд С гэгч айлын хойд талын гудамжаар явж байхад хашааны гадна овоолсон хогны хажууд муу хар хөх өнгийн, үдээстэй пүүз байхаар нь О яадгийн үүнийг аваад өмсчихье гэж хэлээд өмссөн. Тухайн гутал нь хуучин, пүүзний дотор талын хэсэг нь урагдчихсан гутал байсан юм. О цоожтой айл байна ийшээ оръё гэхээр нь би хашааны гадна хүн харж үлдсэн. Харин О тэр айлын гэр лүү түлхүүрээр нь онгойлгож гэрт нь ороод 2 ширхэг мөнгөн аяга, мөн 2 ширхэг гар утас аваад гарч ирсэн. Тэгээд 6300 маркийн гар утсыг нэг танихгүй эгчид 10.000 төгрөгөөр зарсан. Тэр өдөр 17 цагийн үед нүүрс зардаг эгчээр дамжуулж мөнгөн аяганы мөнгийг дарханд өгүүлсэн. Тэр эгч 52300 төгрөг болсон гэж хэлсэн. Нүүрс зардаг эгчээс О бид хоёр танд бэлэн мөнгө байгаа бол өгчих, та маргааш дархан ирэхээр дарханаас мөнгөө авчих гэхэд тэр эгч бид хоёрт 30.000 төгрөг өгсөн” /2-р хх-ийн 04-07 тал/ гэх мэдүүлгүүд,  

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар Г.Оас зөөлөн арзгар ултай, 27 см урттай, adidas гэсэн бичиглэлтэй хөх өнгийн 1 хос 2 ширхэг гутал, nokia 2330 загварын хар өнгөтэй хуванцар материалаар хийсэн гадаргуутай, товчлууртай, товчлуур дээрх тоо, үсэг нь бүдгэрсэн байдалтай гар утас хураан авсан тэмдэглэл, гутланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 195-212 тал/,

Гэрэгэ Эсимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 541 дугаартай тайлангаар “...дунд гарын мөнгөн аяга 194.000 төгрөг нийт 2 ширхэг нь 388.000 төгрөг, нокиа 6300 маркийн гар утас -40.000 төгрөг, нокиа 2330 маркийн гар утас-20.000 төгрөг...” гэх зах зээлийн үнийн тодорхойлолт /1-р хх-ийн 226 тал/,

Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 18/56 тоот “хэрэг учралын газраас бэхжүүлж авсан гутлын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн мөр нь Г овогтой Оас хураан авсан гутлын улны дардастай тохирч байна. Г.Оас хураан авсан гутлын улны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 233-234 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

 

7. Хохирогч Ү.Оы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчимд гэрээсээ гарч явсан. Тэгээд ажлаа хийж байгаад 17 цаг 50 минутын үед гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой цоож нь авдар дээр түлхүүртэйгээ хамт, манай аавын зураг зүүн талын орон дээр байхаар нь гэрээс гараад ойр орчимд хүний мөр байна уу гэдгийг хайгаад байхгүй болохоор цагдаад дуудлага өгсөн. Өглөө гэрээсээ гараад ирэхэд авдар дээр байсан хуучин мөнгөн аяга, аавын зурагт хийсэн 1000 төгрөг байхгүй байсан. Өөр эд зүйл алга болоогүй. Манай аяга нь гадна амсарт нь шүдний ором орсон, дотор талын ёроол хэсэг нь жижиг хэмжээтэй цоохор, модон тагш нь бор өнгөтэй өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Би харвал танина. Би гэрийн хаалга цагаан сартай жижиг монгол цоожоор цоожилоод түлхүүрийг нь нүүрсний амбаарын хажууд дугуйн дотор нь хийсэн. Манайхыг дугуйн дотор хийдэг гэдгийг халуун ам бүл дотроо мэднэ. Өөр хүмүүс мэдэх боломжгүй. Харин намайг дугуйн дотор түлхүүр хийж байгааг хүн харсан байж магадгүй гэж бодож байна. Манай гэрээс алга болсон мөнгөн аяга нь аав Үрчхүүхэн нь 1963 онд миний эгч Энхжаргал гэдэг хүн төрж байхад уран дархан Гүнсэл гэдэг хүнд 15 лан цэвэр цул цагаан мөнгөн өгч хийлгэж байсан, хийлгэсний хөлс гэж 1 эсгий, 1 эр хонь, 200 төгрөг өгч байсан гэж манай ээж хэлж байсан. Мөн би хүүхэд байхдаа аавын хэлж байхыг сонсохдоо 15 лан мөнгөөр хийлгэж байсан гэдгийг амнаас нь сонсож байсан. Тухайн аяганы амсар нь 18 см байсан. Тухайн аяга нь том гарын аяганаас арай бага дунд гарын мөнгөн аяганаас арай жаахан том байсан. Би маш их гомдолтой байна. Тухайн мөнгөн аяга нь миний ааваас уламжилж ирсэн эцгийн аяга гэдгээр нь бид дээш нь харсан эдийг хайрлаж арчилж ирсэн. Мөн бид бүхэн бурхан шүтээн болсон аавын минь зурагны өмнө байсан 1000 төгрөгийг авсанд гомдолтой байна. Хамгийн гол нь мөнгөндөө биш миний эцгийн зургийг хөндсөнд гомдолтой” /2-р хх-ийн 86-89 тал/,

гэрч Ү.О-ы “Ү.Оы гэрт байсан аавын жаазтай зурагт мянган төгрөг байсан. Ү.Оы гэрт манай аавын хэрэглэж байсан мөнгөн аяга байдаг. Уг аяга нь 7-8-ын аяга шиг санагдаж байна. Энэ аяга нэлээн хуучины аяга юм” /2-р хх-ийн 90-91 тал/,

шүүгдэгч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр О.Ч-ын гэрээс хулгайлсан 2 ширхэг мөнгөн аягыг зах дээр гаргаж зарах гэж байгаад цагдаад баригдсан. Г.Ү бид хоёр гэртээ харих юм бол хэрүүл болно гэж бодоод гадуур хонохоор шийдэж тэр орой Улаангом сум 2 багт байрлах ногооны талбайд орж хоноод маргааш өглөө нь гадуур хэсэж яваад 10 дугаар сарын 10-ны 10 цагийн үед 4 баг Баруун зам нэртэй дэлгүүрийн доод талд байрлах гудамж руу ороход нэг айлын гэр цоожтой байхаар нь явж ороод түлхүүрийг нь хайж байтал амбаарын дэргэд нэг дугуй байхаар нь очиж үзэхэд дотор нь түлхүүр байсан. Тэдний гэрээс 1 мөнгөн аяга, талийгаачийн зурагны өмнө байсан 1000 төгрөг аваад гарсан. Тэгээд наадмын талбай хойд талд очиж аягыг чулуун дээр цохиж эвдээд мөнгийг нь салгаж аваад зах руу оруулж өгөхөөр явж байгаад дахин 4 дүгээр баг руу нэг айл руу орж 2 ширхэг мөнгөн аяга болон гар утас зэрэг эд зүйл хулгайлж 2 аягыг наадмын талбайн ард талд очиж эвдээд нийт 3 ширхэг аягаа аваад зах руу орсон. Тэгээд алт мөнгөний дарханд өгөх гэхээр хулгайн эд зүйл гэдгийг мэдчих байх гэж бодоод нүүрс зараад зогсож байсан эгчээр 2 ширхэг аяганы мөнгийг өгүүлж эхлээд авсан 1 аяганы мөнгө нь хүнд байхаар нь мөнгө биш юм байна гэж бодоод зах дээр байрлах үсчины газрын дээвэр дээр шидээд гаргачихсан” /2-р хх-ийн 109-110 тал/,

шүүгдэгч Г.Ү-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бид хоёр цагдаа орох гэж явж байгаад Улаангом сумын 4 багийн нутагт нэг айлын гэр эзэнгүй цоожтой байхаар нь хашаа руу нь орж түлхүүрийг нь хайсан боловч олдоогүй. Тэгээд нилээн хайж байгаад дугуйн дотроос гэрийнхэн түлхүүрийг олж гэр лүү нь О орж би үүдэнд хүн харж зогссон. Тэгж байтал О гэрээс гарч ирээд хаалгыг нь цоожилж над дээр ирээд бурхан дээр нь байсан 1000 төгрөг, 1 ширхэг мөнгөн аяга авлаа гэж хэлсэн. Тэр мөнгөн аягыг хуучин наадмын талбай одоо хүүхдийн паркийн ард аваачиж эвдээд мөнгийг нь салгаж аваад явж байгаад... их хүнд байхаар нь мөнгө биш юм байна гэж бодоод зах дээр байрлах хуучин үсчиний газрын дээвэр дээр гаргаж шидсэн” /2-р хх-ийн 103 тал/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 79-82 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Яллагдагч Г.Ү нь Увс аймгийн Улаангом сумын 4-р багт оршин суух хохирогч Ү.Оы гэрээс мөнгөн аяга хулгайлсан тэр аяганы мөнгийг хаясан гэх тул мэдүүлгийг шалгах бүрэлдэхүүн яллагдагч Г.Үгийн хамт Увс аймаг дахь цагдаагийн газраас гарахад тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг 6-001 тоот урд зүг рүү харсан цэнхэр өнгийн хашааг зааж О бид хоёр энэ хашаанд байрлах айлаас мөнгөн аяга хулгайлсан. Энэ айлаас гарч хуучин наадмын талбай одоогоор хүүхдийн паркийн дээд талд очиж хагалсан гэх бөгөөд тэр газраас гарч баруун зүг рүү явж хүүхдийн паркийн дээд талд очиж 044 дугаартай хашааны зүүн талд паркийн төмөр торон хашааны дээд хэсэгт чулуурхаг газарт энэ газарт хагалсан гэж заасан бөгөөд тус газрын цасыг тээж үзэхэд цасан доороос болон чулуунууд доороос бор өнгийн тагшны үүрмэг 2х3, 3х5, 6х2 см-ийн хэмжээтэй олон жижиг үүрмэг гарч ирсэн тул түүнийг мөнгөн аяганы тагшны үлдэгдэл энэ гэж яллагдагч Г.Ү заав. Тус газраас хөдөлж мөнгөн аяганы мөнгийг зах дээр байрлах үсчиний газрын дээр хаясан гэх тул Улаангом сумын 12-р багт байрлах “Их нуур гом” худалдааны төв рүү ороход “Хишиг” нэртэй цайны газрыг зааж тэр цайны газарт хоол идчихээд буцаж 1 давхар баруун зүг рүү харсан “Их нуур гом” худалдааны төв, Оюу үсчин, Гоо сайн гэсэн хаягтай 1 давхар цагаан барилга байлаа. Тус барилгын орой дээр Г.Үгийн хамт гарч хаясан гэх мөнгөн аяганы мөнгийг эрж хайсан боловч олдоогүй тул мэдүүлэг шалгах ажиллагааг дуусгахаар тогтов” /2-р хх-ийн 83-84 тал/ гэх тэмдэглэл,

Увс финанс аудит ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “15 лан мөнгөөр хийсэн хуучны мөнгөн аяганы зах зээлийн үнэ цэнэ 750.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх 120 дугаар “Мөнгөн аяга үнэлсэн тухай тайлан” зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ү, Г.О нар нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 6-001 тоотод оршин суух хохирогч Ү.Оы гэрээс мөнгөн аяга 1 ширхэг, 1000 төгрөгний дэвсгэрт 1 ширхэгийг тус тус хулгайлан авч, нийт 751.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.

 

  1. Эрх зүйн дүгнэлтийн талаар:

 

Увс аймгийн Прокурорын Газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.О, Г.Ү нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Увс аймгийн Прокурорын Газрын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” 5/24, 5/25, 5/26, 5/27, 5/28 тоот тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” 5/29 тоот тогтоол /1-р хх-ийн 132-133, 190-191, 2-р хх-ийн 18-19, 74-75, 117-118, 3-р хх-ийн 17-18 тал/-оор тус тус шүүгдэгч Г.Ү, Г.О нарт холбогдох хохирогч О.Чын өмчлөлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 20.000 төгрөг хулгайлж 305.000 төгрөгний хохирол учруулсан гэх эрүүгийн 1835003550205 дугаартай хэрэгт:

Хохирогч Я.Цгийн өмчлөлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хохирогч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж 340.000 төгрөгний хохирол учруулсан гэх эрүүгийн 1835003420206, хохирогч С.Сийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, нокиа 6300 маркийн гар утас, нокиа 2330 маркийн гар утас хулгайлж 448.000 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн 1835003570209, хохирогч Д.Жын гэрээс дунд гарын мөнгөн аяга хулгайлж 210.000 төгрөгний хохирол учруулсан гэх эрүүгийн 1835002220210,  хохирогч Ү.Оы гэрээс мөнгөн аяга 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт тус тус хулгайлж 751.000 төгрөгний хохирол учруулсан гэх эрүүгийн 1835003600217, хохирогч Ү.Тгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч чулуун хөөрөг 1 ширхэг-170.000 төгрөг, даалин 1 ширхэг-15.000 төгрөг, зургаагийн мөнгөн аяга 1 ширхэг-126.000 төгрөг, тавын мөнгөн аяга 1 ширхэг-88.000 төгрөг, дөрвийн мөнгөн аяга 1 ширхэг-60.000 төгрөг, хүүхдийн хичээлийн цүнх 1 ширхэг-25.000 төгрөг, хичээлийн дэвтэр 12 хуудастай 6 ширхэг-1500, самсунг М480 загварын гар утас 1 ширхэг-20.000 төгрөг, мөнгөн 1 хос ээмэг, 1 кулонтой-90.000 төгрөг, мөнгөн 1 хос ээмэг 2 ширхэг бөгжтэй-80.000 төгрөг, хүүхдийн мөнгөн 1 хос ээмэг-18.000 төгрөг, солонгос ээмэг 1 хос, хүзүүний зүүлт-50.000 төгрөг, мөнгөн бөгж 1 ширхэг-10.000 төгрөгийн эд зүйл хулгайлж нийт 753.500 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн 1835003580219, хохирогч Г.Оийн гэрээс 1 хос пүүз хулгайлж 180.000 төгрөгний хохирол учруулсан гэх эрүүгийн 1835003480234 дүгээр хэргүүдийг тус тус нэгтгэж, нэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.О, Г.Ү нар 2018 оны 6 дугаар сарын 10-ны үеэс 2018 оны 10 дугаар сарын 10-ны хооронд буюу 4 сарын хугацаанд хохирогч Я.Ц, О.Ч, С.С, Ү.Т, Д.Ж, Ү.О, Г.О нарын 7 айлын гэрт хууль бусаар нэвтэрч, бусдын эд зүйлсийг авсан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл шууд санаатай, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой байх ба байнгын нэг аргаар хамт явж байгаад эзэнгүй, цоожтой айлын хашаанд орж, нэг нь хүн харж, нөгөө нь гэрийн түлхүүрийг хайж түлхүүрээр, түлхүүр нь олдоогүй тохиолдолд гэрийн тооно, байшингийн цонхоор гэрт нь нэвтрэн орж, хохирогч нарын эд хөрөнгийг хууль бусаар нууцаар авсан байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хулгайлах гэмт хэрэгт тооцохоор заасан тул шүүгдэгч нарын бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эд юмсыг эзэнд мэдэгдэхгүйгээр авсан шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Түүнчлэн, хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах”-д нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан.

Шүүгдэгч Г.О, Г.Ү нар нэр бүхий 7 хохирогчийн байнга амьдрах зориулалттай гэр, байшинд буюу тэдгээрийн орон байрны халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, эзэнгүй, цоожтой байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрэн орсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч нар 2018 оны 6 дугаар сарын 10-ны үед Увс аймаг, Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр 02-09 тоот хашаанд байрлах хохирогч Д.Жын гэрээс дунд гарын мөнгөн аяга хулгайлж, 210.000 төгрөгний хохирол, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 11-22 тоот хашаанд байрлах хохирогч Г.Оийн гэрээс 1 хос пүүз хулгайлж, 180.000 төгрөгний хохирол, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 07-14 тоотод оршин суух хохирогч Ү.Тгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч чулуун хөөрөг 1 ширхэг-170.000 төгрөг, даалин 1 ширхэг-15.000 төгрөг, зургаагийн мөнгөн аяга 1 ширхэг-126.000 төгрөг, тавын мөнгөн аяга 1 ширхэг-88.000 төгрөг, дөрвийн мөнгөн аяга 1 ширхэг-60.000 төгрөг, хүүхдийн хичээлийн цүнх 1 ширхэг-25.000 төгрөг, хичээлийн дэвтэр 12 хуудастай 6 ширхэг-1500, самсунг М480 загварын гар утас 1 ширхэг-20.000 төгрөг, мөнгөн 1 хос ээмэг, 1 кулонтой-90.000 төгрөг, мөнгөн 1 хос ээмэг 2 ширхэг бөгжтэй-80.000 төгрөг, хүүхдийн мөнгөн 1 хос ээмэг-18.000 төгрөг, солонгос ээмэг 1 хос, хүзүүний зүүлт -50.000 төгрөг, мөнгөн бөгж 1 ширхэг-10.000 төгрөгний эд зүйл хулгайлж нийт 753.500 төгрөгний хохирол, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаангом сумын 10 дугаар баг, 19-24 тоотод оршин суух хохирогч Я.Цгийн өмчлөлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж 340.000 төгрөгний хохирол, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 12-09 тоотод оршин суух хохирогч О.Чын өмчлөлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 20.000 /хорин мянган төгрөг/ хулгайлж 305.000 төгрөгний хохирол, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 6-001 тоот хашаанд байрлах хохирогч Ү.Оы гэрээс мөнгөн аяга 1 ширхэг, 1000 төгрөгний дэвсгэрт 1 ширхэгийг хулгайлж 751.000 төгрөгний хохирол, мөн өдрөө Улаангом сумын 4 дүгээр баг, 03-04 тоотод оршин суух хохирогч С.Сийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, нокиа 6300 маркийн гар утас, нокиа 2330 маркийн гар утас хулгайлж 448.000 төгрөгний хохирол тус тус учруулж, нийт 7 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөр судлалын шинжилгээний 18/56 дугаар дүгнэлт, хохирогч, гэрч нарын болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлс үнэлсэн тайлан зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон.

Шүүгдэгч Г.О, Г.Ү нарын дээрх 7 удаагийн үйлдлийг үйлдэл тус бүрээр салгаж зүйлчилбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тусдаа бий болгох боловч энэ нь үйлдэл тус бүрт ял оногдуулах, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болно.

Иймд прокуророос тэдгээрт холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн, нэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож чадсан байх тул шүүгдэгч Г.О, Г.Ү нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О, Г.Ү, тэдгээрийн өмгөөлөгч М.Мөнхөө нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Чт 305.000 төгрөгийн, Д.Жд 210.000 төгрөгийн, Ү.Од 751.000 төгрөгийн, Г.Од 180.000 төгрөгийн, С.Сөд 448.000 төгрөгийн, Я.Цд 340.000 төгрөгийн, хохирогч Ү.Тд 753500 төгрөгийн, нийт 2.987.500 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Гэрэгэ валюэшн ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн УВ01/468 дугаар, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн УВ01/529 дугаар, Гэрэгэ Эсимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/540 дугаар, Гэрэгэ Эсимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/541 дугаар, Гэрэгэ Эсимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/560 дугаар, Увс Финанс-Аудит ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 106 дугаар, Увс финанс аудит ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаар, Увс финанс аудит ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаартай тайлан, тодорхойлолтуудаар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Я.Цгийн өмчлөлийн 2 ширхэг 6-ын мөнгөн аягыг шүүгдэгч Г.Отгонтулгын аав Б.Гоос хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн боловч шүүхийн хэлэлцүүлэгт 1 ширхэг аяга нь дахин ашиглах боломжгүй хагарч, цуурсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар уг ашиглах боломжгүй болсон мөнгөн аяганы үнийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хохирогч Я.Цд 5-ын мөнгөн аяганы үнэ 88.000 төгрөг, 6-ын мөнгөн аяганы үнэ 126.000 төгрөг, нийт 214.000 төгрөгийг шүүгдэгч Г.О, Г.Үнэхүү нараас гаргуулж олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч С.Сийн эзэмшлийн 20.000 төгрөгийн үнэ бүхий nokia 2330 загварын гар утсыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Оас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь прокурорын эд зүйл хураан авах зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдож байх тул 428.000 төгрөг /448.000-20.000/-ийг шүүгдэгч нараас гаргуулан   хохирогч С.Сөд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ү.Тгийн эзэмшлийн 170.000 төгрөгийн үнэ бүхий чулуун хөөргийг иргэний нэхэмжлэгч Д.Бээс, 25000 төгрөгийн үнэлгээтэй хар хөх өнгийн 2 үүргэвчтэй хүүхдийн сурагч цүнх, 12 хуудастай 6 ширхэг 1500 төгрөгийн үнэтэй дэвтэр, 15000 төгрөгийн даалин зэргийг насанд хүрээгүй гэрч Ц.Ган-Эрдэнээс, 50.000 төгрөгийн үнэлгээтэй солонгос шармал шар өнгийн төмөр материалаар хийсэн ээмэг, зүүлтийг гэрч Я.Цгээс, 20.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгөтэй, самсунг М480 загварын гар утсыг шүүгдэгч Г.Оас тус тус хураан авч, хохирогчид 281.500 төгрөгийн эд зүйл хүлээлгэн өгсөн болох нь нотлогдож байх тул төлөгдөөгүй 472.000 төгрөг /3 ширхэг мөнгөн аяга-274.000, мөнгөн хос ээмэг, кулантой-90.000, мөнгөн хос ээмэг, 2 ширхэг бөгжтэй-80.000, хүүхдийн мөнгөн ээмэг-18.000, мөнгөн бөгж-10.000/-ийг хохиролд тооцож шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй.

Харин хохирогч О.Ч, Д.Ж, Ү.О, Г.О нарт учирсан хохирлоос төлөгдсөн, буцаан олгогдсон эд зүйл байхгүй байх тул хохирогч О.Чт 305.000 /135.000 төгрөгийн үнэтэй 5-ын, 150.000 төгрөгийн үнэтэй 6-ын мөнгөн аяганы үнэ, 20 төгрөг/ төгрөг, хохирогч Д.Ж-д 210.000 /1 ширхэг мөнгөн аяганы үнэ/ төгрөг, Ү.Од 751.000 /750.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг мөнгөн аяганы үнэ, 1000 төгрөг/ төгрөг, Г.Од 180.000 /37 размерын Е24 загварын пүүзний үнэ/ төгрөгийг тус тус хохиролд тооцон гаргуулах үндэслэлтэй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Д.Б нь шүүгдэгч нараас хулгайн эд зүйл болох хөөргийг 40.000 төгрөгөөр худалдан авсан байх ба мөрдөн байцаалтын шатанд тухайн хөөргийг хураан авч, эзэмшигчид буцаан олгосон учир энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Д.Бт 40.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.О, Г.Ү нараас хулгайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож нийт 2.600.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч О.Чт 305.000 төгрөг, Д.Жд 210.000 төгрөг, Ү.Од 751.000 төгрөг, Г.Од 180.000 төгрөг, С.Сөд 428.000 төгрөг, Я.Цд 214.000 төгрөг, хохирогч Ү.Тд 472.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Бт 40.000 төгрөг тус тус олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.О, Г.Ү нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Г.О, Г.Ү нар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон бөгөөд насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.О, Г.Ү нарын хувийн байдлыг авч үзвэл: Шүүгдэгч Г.О нь 19 настай, аав, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 2-43 тоотод амьдардаг, Увс аймаг, Улаангом сум 2 дугаар баг, 3-57 тоотод байнгын оршин суух хаягийн бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, нурууны гэмтлийн улмаас 79 хувиар групп тогтоогдсон, сард группын 150.000 төгрөгийн орлоготой, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, мөн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ял шийтгүүлж байсан болох нь түүний хувийн байдлыг тогтоосон гэрч П.О, Б.Г, Г.Б нарын мэдүүлэг, Увс аймаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 524 тоот албан бичиг, Увс аймгийн автотээрийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 275 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/945 тоот албан бичиг, сурагчийн хувийн хэрэг, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогттоолын хуулбар, /1-р хх-ийн 28-29, 56, 58-60, 64, 67-83, 90, 110-125, 155, 3-р хх-ийн 14-15 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүгдэгч Г.Ү нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 5 сар, 19 хоногтой байсан, одоо 19 настай, аав, ээж, 2 эгч, 3 дүү нарын хамт ам бүл-8, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 03-18 тоотод оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний хувийн байдал тогтоосон гэрч Б.Г, Г.Я, Н.Н, Х.О нарын мэдүүлэг, Увс аймаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар албан тоот, Увс аймгийн автотээврийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 275 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/945 тоот албан бичиг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, сурагчийн хувийн хэрэг, нас тоолсон тэмдэглэл, /1-р хх-ийн 24-27, 56, 58, 61-62, 65, 66, 94-109, 2-р хх-ийн 56-57, 3-р хх-ийн 12-13, 38 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Шүүгдэгч Г.О, Г.Ү нар нийт 7 удаагийн үйлдлээр бусдад 2.987.500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тэдгээрийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт хамаарч байна.

 

Мөн шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба одоо нэр бүхий 7 хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 2.600.000 төгрөгийн хохирол барагдуулаагүй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилгаагүй байгаа байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.О, Г.Ү нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

Энэ хэрэгт хуучин хос пүүз-1 ширхэг, шинэвтэр ногоон өнгийн оруулагатай хос пүүз-1 ширхэг, мөнгөн аяганы модон тагш-2 ширхэг, мөнгөн аяганы мөнгийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлжээ. /1-р хх-ийн 199-203 тал/

 

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Г.Үгээс хураан авсан 2 ширхэг бор өнгийн модон тагш, шүүгдэгч Г.Оас хураан авсан adidas гэсэн бичиглэлтэй хар хөх өнгийн 1 хос пүүз зэрэг нь дахин ашиглах боломжгүй, аяга нь эмтэрч хагарсан, пүүзний дотор тал урагдаж муудсан, айлын хог дээрээс олж өмссөн байх тул эдгээрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.  

 

Харин эд мөрийн баримтаар гэрч Б.Өаас хураан авсан 2 ширхэг мөнгөн аяганаас салгасан 63 гр мөнгө, шүүгдэгч Г.Оас хураан авсан ногоон өнгийн оруулгатай Е24 гэсэн бичиглэлтэй 1 хос пүүзийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож, хохирол нөхөн төлөхөд зарцуулах үндэслэлтэй байна. Учир нь пүүз нь шинжээчийн дүгнэлтээр 180.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдсон ба мөнгийг 1 граммлаж худалдан борлуулах боломжтой байна. /1-р хх-ийн 08-12, 22-23, 3-р хх-ийн 25-31, 50 тал/

 

Түүнчлэн, гэрч С.Нгийн “...2018 оны 6 дугаар сард нэг охин манайд орж ирээд эгчээ та энэ мөнгийг грамлаад авчихаач гэхэд тэр охиноос мөнгийг нь граммлаж авсан. Тухайн үед орц сайтай өндөр граммтай аяга байсан”, гэрч Н.Нийн “...би тэр хоёртой дагалдаад зах дотор байдаг хоёр давхар байртай 2 давхартаа цайны газартаа нэг давхартаа алт мөнгөний дархантай газар луу ороход эмэгтэй эгч зогсож байхаар нь нөгөө мөнгөн аяганы мөнгөө өгөхөд 100000 орчим мянган төгрөг болсон санагдаж байна”, шүүгдэгч нарын “...Номио гэх охин явж байхаар нь дуудаж чи бид хоёрт энэ мөнгийг зараад өгөөч манай гэрээс авсан юм байгаа юм гэж хэлээд алт мөнгөний дархан Н гэдэг эмэгтэйд өгүүлээд 96.000 төгрөг болохоор нь түүнийгээ аваад зах руу орж цамц, өмд аваад хоол идэж, зааланд тоглож мөнгөө дуусгасан” гэх мэдүүлгээр хохирогч Д.Жын гэрээс хулгайлсан 1 ширхэг мөнгөн аяганы мөнгийг зарж 96.000 төгрөгийн,

шүүгдэгч Г.О, Г.Ү нарын шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч Я.Цгийнхээс авсан нэг жижиг аяга нь бага граммтай байсан. Ойролцоогоор 18.000-19000 төгрөг болсон” гэх мэдүүлгээр хохирогч Я.Цгийн гэрээс хулгайлж авсан 5-ын жижиг аягыг нь зарж борлуулан 18.500 төгрөгийн,

иргэний нэхэмжлэгч Д.Бийн “тухайн хоёр хүүхэд 40.000 төгрөгөөр авчих гэхээр нь би тухайн хөөргийг худалдаж авсан”, гэрч Ө.Бийн “...надад нэг залуу ээмэг, бөгж, кулон авч ирж өгсөн. Би 7000 төгрөгөөр худалдаж авсан”, гэрч Т.Дгийн “...би алт мөнгөний дарханы газар Отгонтулгын хамтаар ороод граммлахад 26.000 төгрөг болж байна гэсэн. Тэр мөнгийг О өөрөө авсан...”, шүүгдэгч нарын “...2 мөнгөн аяганы мөнгийг Д-гээр өгүүлэхэд 26.000 төгрөг болсон. Нэг аяганы мөнгийг У-аар өгүүлэхэд 20.000 төгрөг болсон. Цэцэ гэх хүнсний дэлгүүрт шар өнгөтэй ээмэг, зүүлтийг 2500 төгрөгийн барьцаанд үлдээсэн” гэсэн мэдүүлгүүдээр хохирогч Ү.Тгийн гэрээс эд зүйлс хулгайлж нийт 95.500 төгрөгийн,

гэрч Э.Уын “...Улаангом сумын 12-р багт байрлах Итгэлт зах дээр алт мөнгөний дархан хийдэг нэг ах дээр ороод та энэ хоёр мөнгөн аяганы мөнгийг авчихаач гэхэд 60.000 төгрөгөөр авна, одоохондоо мөнгө алга. Чи 15-16 цагийн хооронд ирээд мөнгөө авчих одоо байгаа нь 10.000 төгрөг байна гээд 10.000 төгрөг өгсөн. Би тэндээс гараад Ү, О хоёртой цуг явж байгаад 15 цаг 30 минутын үед мөнгийг нь авахаар очоод цагдаад баригдаж цагдаа дээр ирсэн. 10.000 төгрөгийг нь авч Үд өгсөн...”, гэрч Б.Өын “...би тэр хүүхдэд мөнгөө өгөөд явуулчихвал дахин олдохгүй байж магадгүй гэж бодоод 10.000 төгрөг өгч явуулаад үдээс хойш 15-16 цагийн үед ирээд үлдсэн мөнгөө ав гэж хэлсэн. Тэр хүүхэд гарсны дараа Ц рүү залгаж манайд мөнгөн аяганы мөнгө орж ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүдээр хохирогч О.Чын гэрээс хулгайлж авсан мөнгө аяганы мөнгийг зарж 10.000 төгрөгийн,

   шүүгдэгч Г.О, Г.Ү нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...6300 маркийн гар утсыг нэг танихгүй эгчид 10.000 төгрөгөөр зарсан. Тэр өдөр 17 цагийн үед нүүрс зардаг эгчээр дамжуулж мөнгөн аяганы мөнгийг дарханд өгүүлсэн. Тэр эгч 52300 төгрөг болсон гэж хэлсэн. Нүүрс зардаг эгчээс О бид хоёр танд бэлэн мөнгө байгаа бол өгчих, та маргааш дархан ирэхээр дарханаас мөнгөө авчих гэхэд тэр эгч бид хоёрт 30.000 төгрөг өгсөн...”, гэрч Б.Гийн “...миний нүүрс зарсан мөнгийг тэр хүүхдүүд асуусан, та бэлэн мөнгөтэй байгаа юм чинь өгчих бид хоёр машин явах гээд яараад байна та 30.000 төгрөг өгчих, илүү мөнгө гарвал та авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хоёр хүүхдэд 30.000 төгрөг бэлнээр өгсөн...”, гэрч С.Нгийн “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ойролцоогоор 15-16 цагийн хооронд нэг эмэгтэй хүн орж ирээд 1 ширхэг бөөрөнхий хэлбэрт оруулсан мөнгөн аяганы мөнгө өгсөн...” гэх мэдүүлгүүдээр хохирогч Сийн гэрээс авсан гар утас, мөнгөн аяганы мөнгийг зарж 40.000 төгрөгийн, нийт хулгайн гэмт хэрэг үйлдэж шүүгдэгч Г.О, Г.Ү нар 260.000 төгрөгийн ашиг олсон байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож дээрх 260.000 төгрөгийг гаргуулан хохирол нөхөн төлөхөд зарцуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.О, Г.Ү нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсантай холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч ургийн овогт Гийн О, Б ургийн овогт Гийн Ү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч овогт Гийн О, Б овогт Гийн Ү нарт 2 /хоёр/ жил 4 /дөрвөн/ сар хорих ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.О, Г.Ү нарт оногдуулсан 2 жил 4 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.О, Г.Ү нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү, Г.О нараас нийт 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, 214.000 төгрөгийг хохирогч Я.Цд, 428.000 төгрөгийг хохирогч С.Сөд, 472.000 төгрөгийг хохирогч Ү.Тд, 305.000 төгрөгийг хохирогч О.Чт, 210.000 төгрөгийг хохирогч Д.Жд, 751.000 төгрөгийг хохирогч Ү.Од, 180.000 төгрөгийг хохирогч Г.Од, 40.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Бт тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар хөх өнгийн adidas гэсэн бичигтэй хос пүүз 1 ширхэг, мөнгөн аяганы модон тагш 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 180.000 төгрөгний үнэлгээтэй ногоон өнгийн оруулгатай Е24 гэсэн бичиглэлтэй 1 хос пүүз, мөнгөн аяганы мөнгө, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 260.000 төгрөгийг тус тус хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү, Г.О нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА