Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01267

 

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01267

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/01317 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

17,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Буянтөр, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Галтаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Тус компанид Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн тул шүүхэд хандсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/01721 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улмаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь Б ХХК-д 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч нь түүнд 2022 оны 06 дугаар сарын 02-ноос 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалинг өнөөдрийг хүртэл өгөөгүй.

Нэхэмжлэгч нь сарын 3,500,000 төгрөгийн цалин авдаг байсан учраас 3 сарын цалин, хөлстэй тэнцэх олговорт 10,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид ажлаас халагдсаны тэтгэмж олгоогүй учраас 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 7,000,000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасны дагуу гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/01721 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар иргэн А-ыг тус Б ХХК-д ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан.

Уг захирамжийн хувийг гардаж авсан даруй Б ХХК нь А-тай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, гүйцэтгэх захирлын тушаалаар нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн авч, сарын цалинг 2,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Хариуцагчийн хувьд компанийнхаа санхүүгийн бичиг баримтуудыг олж авах, өмнөх жилүүдийн тайлан тэнцлүүдийг өөрөөр нь хийлгүүлж дуусгах хүсэл сонирхолтой байсан боловч А- нь эргэж ажилдаа орсноосоо хойш ямар ч ажлын үр дүнгүй, ажилдаа хойрго хандсаар байсан тул түүнд удаа дараа хугацаатай үүрэг даалгавар өгч, хийж гүйцэтгэх ёстой ажлын талаар хэлцэл хүртэл байгуулсан боловч мөн л үр дүнд хүрээгүй тул гүйцэтгэх захирлын тушаалаар арга хэмжээ авсан.

Манай компанийн зүгээс иргэн А-ад мөнгө төлөх бус, харин ч эсрэгээрээ А-ын компаниас завшсан их хэмжээний мөнгөн хохирлыг гаргуулах эрхтэй.

Түүнчлэн иргэн А- нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 128 дугаар зүйлийн 128.1, 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас ажилласан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,354,838.55 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,145,161.45 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 84,627 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Нэхэмжлэгч нь тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/Ш32023/00193 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамж гарсны дараа дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар зохицуулсны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандсан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хэтрүүлсэн, урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж үзэхгүй хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь нэхэмжлэгч А-ын хувьд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчид холбогдуулан одоо шаардаж буй 17,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/Ш32023/00193 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэх байгууллагад хандаагүй буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийж гүйцэтгээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч гэсэн шүүх хуралдаан дээр холбогдох байгууллагад хандалгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан талаараа тайлбарлаж уг үйл баримттай маргаагүй.

Гэтэл нэхэмжлэгч А- нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд дахин яг ижил агуулга, шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба ингэхдээ урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн болохоо нотлох зорилгоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3/42 тоот албан бичгийг хавсаргасан байдаг.

А-ын хувьд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Иймээс нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 90 хоногийн дотор буюу 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой аливаа асуудлаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах үүрэгтэй байсан ба уг эрх үүргээ хэрэгжүүлээгүй юм.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, А- нь ажиллаж байх хугацаандаа 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хэлцэл, ажлын байрны тодорхойлолтод заасан компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомжид зааснаар үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүй буюу ямар ч ажлын бүтээмж, үр дүн гаргаагүй, мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлгүй талаар гаргасан татгалзлыг шүүх хүлээж аваагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин хөлс 10,500,000 төгрөг, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 7,000,000 төгрөг, нийт 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. А-ын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 15,750,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг хариуцагч Б ХХК хүлээн зөвшөөрсөн тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/01721 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх 15-16/,

3.2. Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02/Б-301 дугаар тушаалаар А-ыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс нягтлан бодогчийн ажилд томилж, нэг сарын үндсэн цалинг 2,000,000 төгрөгөөр тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан /хх 4, 6-14/,

3.3. Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02/Б-306 дугаар тушаалаар А-ын санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан /хх 74/,

3.4. А- нь Б ХХК-д холбогдуулан гаргасан ажилласан хугацааны цалин хөлс 10,500,000 төгрөг, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 7,000,000 төгрөг, нийт 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2023/00193 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх 46-48/.

 

4. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар шүүхэд хандахдаа урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

4.1. Учир нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоногийн дотор 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хугацааг шинээр тоолж эхэлсэн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3/42 тоот албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүйг мэдэгджээ.

Иймд хариуцагчийн гаргасан хөөн хэлэлцэх хугацаа, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02/Б-301 дугаар тушаалаар А-ын нэг сарын үндсэн цалинг 2,000,000 төгрөгөөр тогтоосон, мөн ажил олгогч нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалинг ажилтанд олгоогүй үйл баримт тогтоогдсон.

 

5.1. Дээрх үйл баримтад үндэслэн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.2.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн ажилтанд ажилласан хугацаанд нь тохирсон цалин хөлс олгох үүрэгтэй талаарх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасан аргачлалаар тооцож хариуцагчаас 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажлын 45 хоногт ногдох цалин, хөлс 4,354,838.55 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

5.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргахад 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах цалин хөлсний талаар маргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байсан тул энэ хугацаанд хамаарах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т нийцсэн.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч тэтгэмж нэг удаа олгоно гэж заасан.

6.1. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох үндэслэлд хамаарахгүй.

Анхан шатны шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж тэтгэмж 7,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

 

7. Иймээс анхан шатны шүүх ажилласан хугацааны цалин хөлс 4,354,838.55 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,145,161.45 төгрөг /цалин 6,145,161.45 төгрөг+тэтгэмж 7,000,000 төгрөг/-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцжээ.

Шийдвэрийн тогтоох хэсэгт уг хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх хянан шийдвэрлэх үндэслэл болж буй хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг залруулж, үүнд хамааралгүй заалтыг хассан өөрчлөлтийг оруулна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/01317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 82 дугаар зүйлийн 82.1, 128 дугаар зүйлийн 128.1, 154 дүгээр зүйлийн 154.2.2, гэснийг хасч, 158.1.5 гэснийг 158.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ