Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2016/00995/И |
Дугаар | 00898 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 00898
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу багийн 32а-6 тоотод оршин суух, Мянгад овгийн Дэжгээгийн Энхчимэгийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-06-20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1983 оны 6 сарын 1-ээс 1991 оны 12 сарын 31-ны хооронд Завхан аймгийн Техник Туслалцааны Барилга Угсралтын конторт болон Улиастай сумын Барилга угсралтын нэгдүгээр цуваанд шавар будагчнаар тус тус ажиллаж ирсэн. Өмч хувьчлал явагдаж байгууллага хувьчлаглахдах үед ажилгүй болсон. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэр олдохгүй, архиваас зарим тушаал нь олдохгүй байгаагаас шалтгаалан өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд материалаа бүрдүүлэх шаардлагатай болсон учраас нэхэмжлэл гаргаж байна.
Иймд : 1. 1983 оны 6 сарын 1-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Техник Туслалцааны Барилга Угсралтын конторт шавар будагчнаар
2. 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ны дуусталх хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын Барилга угсралтын нэгдүгээр цуваанд шавар будагчнаар тус тус ажилласныг хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Завхан аймгийн техник туслалцааны барилгын 5 дугаар трестийн даргын 1991-01-01-ний өдрийн 07 дугаар тушаал, хавсралтын хамт, 1977-06-25-ны өдрийн 143 дугаар тушаал, хавсралтын хамт, гэрч Б.Шугарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Мянгад овгийн Дэжгээгийн Энхчимэг нь 1983 оны 6 сарын 1-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Техник Туслалцааны Барилга Угсралтын конторт шавар будагчнаар, 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ны дуусталх хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын Барилга угсралтын нэгдүгээр цуваанд шавар будагчнаар тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Завхан аймгийн техник туслалцааны барилгын 5 дугаар трестийн даргын 1991-01-01-ний өдрийн 07 дугаар тушаал, хавсралтын хамт, 1977-06-25-ны өдрийн 143 дугаар тушаал, хавсралтын хамт, гэрч Б.Шугарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мянгад овгийн Дэжгээгийн Энхчимэг нь 1983 оны 6 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Техник Туслалцааны Барилга Угсралтын конторт шавар будагчнаар, 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ны дуусталх хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын Барилга угсралтын нэгдүгээр цуваанд шавар будагчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН