Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01266

 

 

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01266

 

 

А ББСБ ХХК, Б- нарын

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/01004 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК, Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ган-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00779 дүгээр шүүгчийн захирамжаар А ББСБ ХХК-аас 548,318,960 төгрөгийг гаргуулж В банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч А ББСБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн Б-ын өмчлөлийн, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, Амарсанаагийн гудамж, 53 дугаар байрны *** тоот хаягт байрлах 19.84 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор үнэлгээний компани томилсон байсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б- өөрийн байрын зах зээлийн үнэлгээг 75,392,000 төгрөгөөр үнэлж бичгээр үнийн саналаа хүргүүлж байсан. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн ирүүлсэн 66,100,000 төгрөгийн үнэлгээ нь зах зээлийн ханшаас илтэд доогуур үнэлсэн буюу үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэрт заагдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б-ын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч А ББСБ ХХК, өмчлөгч Б-д хүлээлгэн өгсний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үнийн саналаа бичгээр ирүүлсэн. Төлбөр авагч В банк ХХК-аас хураагдсан барьцаа хөрөнгөнд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу хөндлөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг үнэлгээчнээр томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 66,100,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн.

Нэхэмжлэгч шүүхэд хугацааг хэтрүүлж гомдлоо гаргасан байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: Төлбөр төлөгч төлбөрөө төлөхгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлохгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилготой. Хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул шинжээчээр үнэлгээ хийлгэсэн.

Хэргийн баримтаар нэхэмжлэгчид үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн байх тул хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж гаргасан байна. Түүнчлэн шинжээчээс тогтоосон үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур гэх байдлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай А ББСБ ХХК, Б- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан үндэслэл муутай дүгнэлт болжээ. Учир нь уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 14:30 цагт товлогдсон бөгөөд тухайн өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тул шүүхэд шүүх хуралдааныг хойшлуулж өгөх талаар хүсэлт, холбогдох бичгийн нотлох баримтуудыг хавсаргаж шүүхэд өгсөн. Тодруулбал, төлөөлөгч миний эхнэр Ж.Оюунцэцэг нь жирэмсэн төрөх хугацаа нь дөхсөн байсан буюу тухайн шүүх хуралдаантай өдөр төрөлтийн өвдөлт өгч, улмаар эмнэлэг рүү яаралтай хүргэж өгөхөөр яарч сандарч хүсэлтийг гараар бичиж холбогдох баримтыг хуулбарлаж өгсөн байсан.

Гэтэл шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй хүсэлт гаргаагүй мэтээр буюу хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлгүй тайлбарыг хийж нэхэмжлэгч талын мэтгэлцэх зарчмыг алдагдуулж хэт нэг талын баримталж шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Мөн шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэг маргаанд хамааралтай ач холбогдолтой байх талаас нь үнэлэх үүргийг шүүх хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл муутай болсон.

Шүүх хуульд заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг өнгөрөөсөн гэж үндэслэсэн нь үндэслэлгүй хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч талаас Монгол шуудан ХХК-ийн шуудангийн дугтуйг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг баримтаар үнэлгээний мэдэгдлийг 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээж авсан тул уг хугацаанаас гомдол гаргах хугацааг тооцож шүүхэд шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн байхад шүүх хэрэгт хамааралтай байх талаас нь огт дүгнэлт хийгээгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд эхнэр Б.Оюунцэцэг нь 9 сартай бөгөөд төрөх өвдөлт өгөөд эмнэлэг хүргэгдэхээр болоод байна. Иймд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү гэх агуулгатай хүсэлтийг баримтын хамт ирүүлсэн. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын эхнэр мөн эсэх нь тогтоогддоггүй. Мөн хавсаргасан нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй. Иймд нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөрөнгө үнэлүүлэх, шинжээч томилуулах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч тал хуулиар олгосон эрх, үүргийг хэрэгжүүлээгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А ББСБ ХХК, Б- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00779 дүгээр захирамжаар А ББСБ ХХК 548,318,960 төгрөгийг В банк ХХК-д төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд Б-ын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 53 дугаар байр *** тоотод байрлах 19,84 мкв талбайтай хөрөнгө болон бусад нэр бүхий үл хөдлөх хөрөнгөөс хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх 45-49/,

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж,

шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Б-ын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 53 дугаар байр, *** тоотод байрлах 19,84 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хураан авсан /хх 42-55, 72-73, 90-91/,

3.3. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/404 тоот тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Ж.Уртнасанг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 66,100,000 төгрөгөөр үнэлсэн /хх 96-99, 102-104, 106-135/.

 

4. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцүүлж гүйцэтгэсэн, уг ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй.

Хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар зохигч тохиролцоогүй тул хариуцагч нь үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна.

 

5. Үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б-, А ББСБ ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар танилцуулжээ /хх 137-140/.

Ийнхүү Б- нь өмлөгчийн болон төлбөр төлөгч А ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар үнэлгээний мэдэгдэлтэй танилцсан тул Монгол шуудан ХК-ийн шуудан хүргэлтийн дугтуйнд бичигдсэн огноогоор үнэлгээтэй танилцсан огноог тооцно гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нар нь үнэлгээний талаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдсэнээс хойш 10 хоногийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

5.1. Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга, аргачлалыг баримтлаагүй талаар нэхэмжлэгч нар мэтгэлцээний тодорхой байр суурь илэрхийлээгүй, үнэлгээг зөвшөөрөхгүй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.

 

6. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас болон солилцох хуудсыг ирүүлж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргажээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2023/05809 дүгээр захирамжаар хүсэлт болон хавсаргасан баримтыг харьцуулан дүгнээд хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт нийцсэн тул мэтгэлцэх эрхийг хязгаарласан, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг олгоогүй гэх гомдол үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/01004 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ