Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 20

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч: Л.О ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Ц.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нэмэгт овгийн Ц.М-ад холбогдох 1828001930162 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Готек голд менежмент” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сум, ........................ оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Нэмэгт овгийн Ц.М  /РД: .................../

Шүүгдэгч Ц.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг дэвсгэр Хуршуут гэх газарт байрлах Баянтэсийн нүүрсний уурхайн кемп дээр эхнэр Л овогтой Л.О ийн зүүн гарт нь хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.М  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр архи уучихаад гэрээсээ гарч явсан, клонк дээр очиж яаж бензин авснаа ч санахгүй байна. Нэг мэдсэн кемп дээр давхиад очсон байсан. Тэгээд эхнэрээ сурахад даргатай хамт сум явсан гэсэн эргээд гуанз ороход ажил байна та хийх үү гэхээр нь тэгье гэж хэлчихээд гараад ирэхэд эхнэр даргын машинаас буугаад алхаж байсан. Тэгээд гэрээс эхнэрийгээ гаръя уулзъя гээд аваад гарсан. Согтуугийн хар балгаар гарт нь хутгалсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хүнийг хайрлаж явах ёстой байхад хүйтэн зэвсгээр биед нь гэмтэл учруулсан.

Хохирогч Л.О  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Гомдол санал байхгүй. Гар эдгэсэн. Эмнэлэгт 7 хоног эмчлүүлсэн. Эмнэлгийн зардалд 500.000 гаруй төгрөгийн зардал гарсныг энэ хүн төлсөн. Ирэх очих зардал нийт 760 000 төгрөг авсан. Нийгмээс тусгаарлахгүй шийдвэрлэж өгнө үү.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Тухайн өдөр би сумын төвд кемпээс орж ирсэн. Ц.М  над руу залгаад байхаар нь би утсыг нь аваад ярихад согтуу байсан. Тэгэхээр нь би кемп дээр байна гэж хэлсэн. Над руу байнгын залгаад байхаар нь би утсаа аваагүй. Дэлгүүрээс хоол хүнсний зүйл аваад кемп дээр очсон. Сумын төвөөс авсан зүйлээ гэр рүүгээ оруулах гээд өөрийн байрладаг гэр рүүгээ явж байхад гуанзны үүдэнд зогсож байсан. Тэгээд гэртээ орж авсан юмаа тавихад “гадаа гарья” гэхээр нь гэрээс гарахад хашааны гадна гаръя гэсэн. Би үгүй чи намайг зодно гэж хэлэхэд чи яасан их хүн доромжилдог юм гэхээр нь чи өөрөө ч гэсэн намайг доромжилдог биз дээ гэхэд л миний зүүн гар руу хутгалчихсан. Би зүүн гараа харахад миний гараас цус гарч байхаар нь би цаашаа зугтааж гэрийн араар ороход зөрөөд миний өмнөөс гараад ирэхээр нь би аллаа гэж хэлээд хашгирахад 2-3 хүн гарч ирсэн. Тэгээд намайг гэрт оруулж миний гарыг боогоод сумын төв рүү авч явсан. Намайг утсаа авахгүй болохоор мотоциклиор Баянтэсийн уурхайн кемп дээр хүрээд ирсэн байсан. Намайг даргатайгаа хамт явж байхыг харчихаад намайг хардаж миний гар болон хөлийг хутгалсан байх. Өөрөөр намайг хутгалах шалтгаан байхгүй. Ц.М  архи уучихаад намайг 2-3 удаа зодож байсан ба нэг удаа төмөр хувингаар миний баруун нүдний хөмсгийг цохиж хагалж байсан. Тухайн үед хөдөө мал маллаж байсан болохоор цагдаад хандаагүй. Дараа нь эмнэлэгт очиж оёдол тавиулж байсан. Ц.М  архи ууж согтохоороо хэрүүл маргаан хийж намайг цохиж зоддог байсан боловч гэмтэл учруулж байгаагүй. Гэхдээ байнгын ална хядна гэж л дарамталдаг байсан. Тодорхой хүнтэй хардахгүй мөртлөө хардаад хэн яваад байна, хэнтэй яриад байна гээд л дарамталдаг. Би одоо нөхөртэйгөө хамт амьдрахгүй тусдаа байгаа. Миний эмчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогоор уулзаж яриагүй байгаа. Надад одоо гомдол санал гэх зүйл байхгүй. /хх-ийн 29-30-р хуудас/

Гэрч Н.Б   мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Манай компанийн ажилтан Л.О  гэх эмэгтэй намайг Гурвантэс сумын төв рүү явах гэж байхад миний гутлын ул салчихсан гэртээ очоод сольж ирье гэхээр нь сумын төв рүү авч явсан юм. Би хоол, хүнсний зүйл цуглуулаад Баянтэсийн уурхайн кемп дээр 19 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд хүнснүүдээ буулгачихаад гэртээ ороход нэг танихгүй хүн сууж байсан. Би өөр ажил гараад гэрээс гараад явсан ба буцаад ирэхэд Баянтэс ХХК-ийн ХХАБ А  гэх залуу намайг хашааны нөгөө талаар машинтайгаа ороод ир гэсэн. Би машинтайгаа очиход амралтын гэрээс Л.О ийн гарыг боочихсон гарч ирсэн. Тэгээд би Л.О ийг аваад сумын төвийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Л.О  надад хэлэхдээ манай нөхөр өмнө нь зодож байсан гэж хэлсэн. Би юунаас болоод таныг хутгалсан юм бэ гэж асуухад Л.О  “намайг хүнтэй хардаад ингэсэн байх” гэж хэлсэн. Намайг уг ажлаас гар гэж хэлсэн. Тэгээд л миний араас ирж намайг хутгалсан гэж ярьж байсан. Би Л.О  гэх хүнийг эмнэлэгт хүргэж өгөөд ар гэрийнх нь хүмүүст мэдэгдээд буцаад кемп рүүгээ явсан. /хх-ийн 35-р хуудас/

Гэрч М.Б    мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би тухайн үед Баянтэсийн уурхайн кемп дээр байсан юм. 2018 оны 11 сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд ажлаа хийгээд байж байхад С.Ц  гэх хүн ажлын өрөөнд орж ирээд Маниг /Ц.М / ах эхнэрийгээ хутгалчихлаа гэхээр нь би Ам-ы хамтаар гарч очиход манай байрлаж байсан гэрийн хойд талд нь үйлчлэгч нарын гэрийн гадна Л.О  хутгалуулсан гараа барьчихсан зогсож байсан. Би очоод эгчээс юу болсон талаар асуухад Л.О  эгч манай нөхөр зүгээр юм ярьж зогсож байгаад намайг хутгалчихлаа гээд зүүн гараа үзүүлсэн. Тэгээд Л.О  эгчийг аваад үйлчлэгч нарын гэрт орж Ам-ы хамтаар шархыг нь цэвэрлээд гарыг нь боосон. Өөр хутгалуулсан газар байна уу гэхэд Л.О  эгч өмдөө тайлаад зүүн хөлөө үзүүлээд энд эвгүй өвдөөд байна гэсэн. Тэрийг нь үзэхэд арьс нь шалбарсан байдалтай өнгөц зүсэгдсэн байсан. Ам  бид 2 уг гэрээс гараад Ц.М  гэх хүн дээр очсон. Хамгаалалтын албаныхан Ц.М ыг саатуулчихсан хажууд нь нэг хутга газар хэвтэж байсан ба би Ц.М аас яаж байгаа юм бэ гэхэд Ц.М  “намайг уучлаарай” гэж хэлж байсан. Би сумын цагдаагийн утсыг хайж цагдаад дуудлага өгсөн. 2018 оны 11 сарын 02-ны өдөр кемпээ нүүлгээд хашаа татсан газартаа оруулж байсан юм. Хашааны нүүрэн тал нь задгай, газар шорооны ажил хийгдэж байсан учраас Ц.М  нь ямар нэгэн хүнд шалгуулалгүй шууд үйлчлэгч нарын гэрт очсон байсан. Ц.М  ажлаасаа буугаад амарч байсан ба надтай таарахад нь би яаж яваа, юугаар ирсэн талаар нь асуухад энэ зуур явж байна мотоцикльтой ирсэн гэж хэлээд зөрөөд явсан. Тэгээд удалгүй араас нь манай үйлчлэгч орж ирээд ийм хэрэг болсон талаар надад хэлсэн. Намайг очиход Л.О ийн гараас цус нэлээд гарч газар дуссан байсан. Зүүн гараа нэвт хутгалуулсан байдалтай байсан. Л.О  эгчийг гэр рүү авч орж боолт хийхэд алганы хэсгээс цус нь тогтохгүй гарч байсан. Тэгээд би гарыг нь зузаан бинтээр дарж боогоод эмнэлэг рүү явуулсан. /хх-ийн79-80-р хуудас/

Гэрч У.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 11 сарын 02-ны өдөр Баянтэсийн уурхай дээр байсан юм. Тэр өдөр хэрэг болоход ээлжнээс буугаад амарч байсан ба эмэгтэй хүн хашгираад хутгалчихлаа гэх дуу гарахаар нь би гэрээс гарахад миний байсан гэрийн зүүн талын гэрийн араас нэг хүн гүйгээд гарч ирсэн. Тэгэхэд нь уг хүнийг хамгаалагч Т-гийн хамтаар барьж авсан. Уг хүний гарыг нь ард нь уяагаар уясан. Тэгээд удаагүй байхад Базарваань ирж уг хүнээс яагаад хүн хутгалж байгаа юм бэ гэж асууж байсан. Тэгээд цагдаа дуудаж уг хүнийг өгч явуулсан /хх-ийн  81-р хуудас/

Гэрч С.Ц  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 11 сарын 02-ны өдөр би кемп дээрээ байсан. Л.О  эгч сум орж хоол хүнс цуглуулах гээд өглөө нь сумын төв рүү явсан байсан. Намайг байрладаг гэртээ байж байхад 19 цагийн үед Ц.М  ах Л.О  эгчийг сурчихаад гарч явсан. Би Л.О  эгчийг сум руу хүнсний зүйл цуглуулах ажлаар явсан гэж хэлээд явуулсан. Л.О  эгч 20-30 минутын дараа сумаас ирсэн. Тэгээд авч ирсэн юмаа янзлаад байж байхад нөхөр Ц.М  нь араас нь гэрт орж ирсэн. Тэгээд эхнэр рүүгээ сайн уу гэж мэндэлчихээд Л.О  эгчийг гадаа гарч ярилцъя гэж хэлээд дагуулаад гараад явсан. Тэгээд 5-10 минутын дараа гэнэт намайг аллаа гэж эмэгтэй хүн хашгирсан. Тэгэхэд нь би сандраад гараад гэрээс гарч очиход Л.О  эгч гэрийн баруун талд зогсож байсан. Юу болсон бэ гэж асуухад намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Базарваань гэх инженерт очиж хэлээд буцаж Л.О  эгч дээр дагуулж ирсэн. Намайг яваад эргэж ирэхэд зүүн гараас нь нэлээд их цус газар гоожсон байсан ба гэр рүү оруулж Базарваань инженер гарыг нь цэвэрлэж боолт хийсэн. /хх-ийн 82-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 547 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.О ийн биед зүүн сарвууны 2-р хурууны 4-р шивнүүрийн хугарал, зүүн сарвуу, цавины хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 37-р хуудас/

Шүүгдэгч Ц.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 11 сарын 02-ны өдөр эхнэрийгээ хардсаны улмаас Гурвантэс сумын Хуршуут гэх газарт байх “Баянтэс” уурхайн кемп дээр очиж эхнэрийнхээ rap болон хөлийг хутгалсан. Би тэр хар иштэй хутгыг Б гэдэг охиныхоо гэрээс авсан байсан. Кемп рүү явахдаа гутлынхаа түрийнд хийгээд авч явсан. Би шалганаар нь кемп рүү орсон. Намайг кемп рүү ороход шалган дээр хүн байгаагүй. Кемп шилжиж нүүгээд хаана юу байгаа нь мэдэгдэхгүй замбараагүй байсан. Тэгээд шалган дээр нь хүн байхгүй болохоор нь би шууд орчихсон.  Надаас одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би эхнэрийгээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал мөн  замын зардалд нь 760.000 төгрөг өгсөн. Одоо би эхнэртэйгээ эвлэрсэн /хх-ийн 44-45-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /04-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-12-р хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-27-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 53-55-р хуудас/

Эвлэрлийн гэрээ /хх-ийн 74-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг Дэвсгэр Хуршуут гэх газарт байрлах Баянтэсийн нүүрсний уурхайн кемп дээр эхнэр Л овогтой Л.О ийн зүүн гарын сарвуунд хутгалж, сарвууны 2-р хурууны 4-р шивнүүрийн хугарал гэмтэл, зүүн хөлийн цавины хутгалагдсан шарх учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.О ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 547 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.О ийн биед зүүн сарвууны 2-р хурууны 4-р шивнүүрийн хугарал, зүүн сарвуу, цавины хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 37-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч Л.О ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршгийн төлбөрт шүүгдэгч 760.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эвлэрлийн гэрээ /хх-ийн 74-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлсөн байдал, хохирогчийн зүгээс “шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр хамт амьдрах боломж олгооч, суугаад 6 жил амьдрахдаа бид хоёр 3 удаа л мудалцаж байсан, архи уусан согтуу байхдаа л ийм байдалд хүрлээ, бусдаар бол эрүүл саруул бол миний хань шиг сайн хүн байхгүй, гэрийнхээ бүхий л асуудлыг өөрөө бие даагаад зохицуулаад, ажил хийж олсон орлогоо гэр бүлдээ бүрэн зарцуулаад явдаг хүн, энэ хүнгүйгээр би төсөөлж чадахгүй байна” гэх хүсэлт гаргаж байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүй байхаар шийдвэрлэв.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Ц.М  нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт ...архи уусан байсан учраас ийм үйлдэл гаргасан. ...Архи уухгүй бол зүгээр байдаг гэх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасны дагуу 3 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.М  нь шүүхээс тогтоосон 3 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчиж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.М ад холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон  хутганы ирний мөртэй өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Нэмэгт овгийн Ц.М ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар  шүүгдэгч Ц.М ад 3 /гурав/ жилийн хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М  нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М  нь шүүхээс тогтоосон 3 /гурав/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хутганы ирний мөртэй өмд 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ц.М  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА