Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01304

 

 

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01304

 

 

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/01806 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-, В- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 27,793,973 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагваринчин, хариуцагч Б-, В-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б-, В- нар 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр А банк ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн автомашин худалдан авах зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай авсан боловч хариуцагч нар зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөхгүй хугацаа хэтрүүлсэн.

Иймд үндсэн зээл 16,000,162.89 төгрөг, хүү 11,298,709.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 495,101.3 төгрөг, нийт 27,793,973 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Б- нь Хүчит шонхор зах дээр ажилладаг бөгөөд манай захирал банкны зээл гаргаж өгсөн байдлаараа ажлын байрны дарамт учруулсан тул би цаашид ажиллах боломжгүй болсон. Улмаар надад олдсон ажлыг гололгүй хийж зээлээ төлдөг байсан боловч ковид-19 цар тахал гарч санхүүгийн хомсдолд орж эргэн төлөлтөө тасалдуулсан.

В- нь эрхэлсэн ажилгүй, эрүүл мэндийн байдал муу тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-, В- нараас 21,897,068.39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,896,905.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,919.87 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г-, Д- нараас улсын тэмдэгтийн хураамжид 267,436 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг үндэслэн хуулийг буруу хэрэглэн, хэт нэг талыг барьж нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон.

Учир нь хариуцагч нар ковид-19 цар тахлын үед үндсэн зээлийн төлөлт хойшлуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Зээлдэгч нар зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд зээлийн төлбөрөөс төлөх боломжтой байсан. Мөн хариуцагч зээлээр авсан авто машинаар одоог хүртэл орлого олж байгаа. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч Б-, В- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 27,793,973 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хууль буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон, мөн техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар Б-, В- нар нь А банк ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар зээлж авсан үйл баримт тогтоогдсон /хх 5-7/.

 

4.1. Зохигчийн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээг талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, гэрээний 2.3.4-т зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

 

4.2. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 16,000,162.89 төгрөг, зээлийн хүү 11,298,709.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 495,101.3 төгрөг, нийт 27,793,973.89 төгрөг байсан байх ба энэ тооцоололд хариуцагч тал нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй.

 

4.3. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг анхааралгүй Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэх зохицуулалтыг хэрэглэж хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 50%-иар бууруулж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх зохигчийн байгуулсан гэрээний харилцааг буруу тодорхойлж, шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

Хариуцагч талын ажилгүй болсон, Ковид-19 цар тахалын үе таарсан, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалгаантай гэх тайлбар нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулах үндэслэл болохгүй.

 

4.4. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 16,000,162.89 төгрөг, зээлийн хүү 11,298,709.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 495,101.3 төгрөг, нийт 27,793,973.89 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.

 

4.5. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгаатай холбогдуулан шийдвэрийн тэмдэгтийн хураамж хуваариласан заалтад өөрчлөлт оруулна. Ингэхдээ тухайн заалтад хэрэгт хамааралгүй хүмүүсийн нэрийг хариуцагчаар тодорхойлж бичснийг мөн залруулна.

 

5. Түүнчлэн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарахгүй боловч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэрийг хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгчийг нэрлэн заах шаардлагыг хангахгүй байдлаар шийдвэр гаргасан байгааг дурдвал зохино.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/01806 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг хариуцагч Б-, В- нараас 27,793,973 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,919.87 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б-, В- нараас улсын тэмдэгтийн хураамжид 296,919.87 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,919.87 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ