Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогтой Агийн Ад холбогдох 1735001650244 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-7, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Тэс сумын 9-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:ОО92102411, Б ургийн овогтой Агийн А.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.А нь 2017 оны 9 дүгээр сард Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутаг “Их голын хөвөө” гэх газраас хохирогч Ө.Оийн 1 тооны тэмээ хулгайлж бусдад 680.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч А.Аг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Увс аймгийн Тэс сумын 9-р багийн нутаг “Их голын хөвөө” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Ө.Оийн 1 тооны тэмээг 2017 оны 9 дүгээр сард шүүгдэгч А.А хулгайлж авсан болох нь хохирогч Ө.Оийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3 тэмээгээ ачилганд хэрэглэж байгаад тавьсан. Түүнээс хойш байнга гэр дээрээ авч ирж хонуулж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш гэр дээрээ авч ирж хонуулаагүй. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тэмээгээ авах гээд 10 дугаар багийн нутаг дэвсгэр дээр эрж хайхад Рагчаа гэх айлд нэг тэмээ нь байсныг олж аваад нөгөө хоёр тэмээг нь эрж хайгаад 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэг тэмээг олж авахад цагаан аргамжаагаар ногтлоод цулбуураа чирчихсэн явж байсан. Үлдсэн 1 тэмээгээ эрэн хайсан боловч огт олдоогүй. ...Хар улаан зүстэй тэмээгээ өнөөдрийг хүртэл олж авч чадаагүй бөгөөд би тэр тэмээг 2.500.00 төгрөгөөр үнэлнэ...” /хх-ийн 31-35 тал/ гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 22-ны үед манай залуу Отгонтөгсийн тэмээ алга болсон. Тэмээгээ нэлээн хайж сар орчим болж байтал нэг тэмээ нь бүдүүн цагаан оосортой ирсэн. Манай залуу Отгонтөгс "Таван улиас" багийн төв дээр морьтой явж байтал Алагаагийн А гэдэг залуу тааралдаад, тэмээгээ асуух гээд дуудсан чинь буцаж эргээд зугтаачихсан гэсэн. Хойноос нь хөөгөөд гүйцээгүй, эргэж харсаар зугтаалаа гэж хэлсээр гэртээ ирсэн. Тэгэхээр нь би хүүтэйгээ хамт Алагаагийн намарждаг газар очлоо. Тэнд хоосон гэрийн буйр байсан Гэрийн буйрны хойд талд модон дотор тэмээ уяж байсан газар байсан, яагаад тэмээ уяж байсан газар гэж мэдэж байна вэ гэвэл тэнд тэмээний хоргол их хэмжээгээр байсан бөгөөд орчных нь бургасыг нүцгэртэл нь мөлжсөн байсан, мөн тэнд тэмээг хэвтүүлээд хүзүүн дээгүүр нь давуулан аргамжаар урд хоёр хөлийг нь холбоод /гануулдаж/ уяж байсан мөр байсан. Гануулдсан тэмээ босч чадахгүй мөлхөөд урагш хойш хайвагнаад ус гартал хөлбөрсөн, орчныхоо бүх модны мөчрийг хэмлээд шулж идсэн мөр үлдсэн байсан. Гануулдсан тэмээ байсан газрын ойролцоо Агийн хог үнсний хажуу талд тэмээ алсан газар нь тэмээний ноос, мөн цус асгарсан мөр байсан. Үүний дараа гэрийн буйрны орчмоор явж үзэж байтал гэрийн зүүн талд нөгөө тэмээг нь уяж байсан бололтой газар байсан. Тэр орчимд тэмээний баас овоорсон. Гэхдээ тэр тэмээг гануулдаагүй бургаснаас босоогоор нь уясан байсан юм болов уу гэж бодмоор бургасны орой хэсгийн навч мөчрийг нь идсэн байдалтай байсан... Алдсан тэмээгээ 2.500.000 төгрөгөөр үнэлнэ” /хх-ийн 37-40 тал/ гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Миний хулгайд алдсан тэмээг 680.000 төгрөг гэж байгаа би зөвшөөрөхгүй. Тухайн хулгайд алдсан 1 тэмээ 1.500.000 төгрөгийн үнэтэй, мөн надад маш их зардал гарч байна. Би өнөөдөр шүүх хуралдаанд ирэхдээ гэхэд л тавиас жаран мянган төгрөгийн замын зардал гаргаж ирсэн. Нийт энэ хэргийн улмаас миний бие хөдөө гэрээсээ Тэс суманд, Тэс сумаас Улаангомд гээд 4 удаа ирж, очиж байна. Иймээс би тэмээний үнэд 1.500.000 төгрөг, бусад зардалд 500.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг А.Агаас нэхэмжилж байна. Миний хохирол, төлбөрийг бүрэн барагдуулаад өгвөл надад энэ хүүхдэд гомдол санал байхгүй, ял авахуулах шаардлага байхгүй. 680.000 төгрөг төлчихөөд хохирол барагдуулсан гэж үзэж байгааг би зөвшөөрөхгүй, гомдолтой” гэх мэдүүлэг,

гэрч Ш.Н-ы мөрдөн байцаалтанд өгсөн: “Д.Агийн намаржааны буйр орчмоос 1 тооны тэмээний сэг зэм олдсон талаар 2017 оны 11 дүгээр сарын 10-нд өвөлжөөн дээрээ нүүж ирээд сонссон. 2017 оны 9 дүгээр сард Агийнх тэмээ нядалсан талаар мэдэхгүй. Агийн яг хэзээ нүүсэн талаар мэдэхгүй байна. 2017 оны 10 дугаар сарын дундуур нүүсэн байх. 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр манай Тэс сумын харъяат Н гэдэг хүн манайд хүрэн хар зүстэй 1 тооны тэмээ хөтөлж ирсэн. Н “би энэ тэмээг Шавартын амнаас олж ирлээ. Ө.Оийн тэмээ юм шиг байна. Ганцаараа, сул гүйж явахаар нь бариад ирлээ. Та энэ тэмээг хадгалж байгаад Ө.Оийг ирэхээр нь өгчихөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. 1 хоногийн дараа Ө.О манайд ирээд тэмээгээ аваад явсан...” /хх-ийн 43-45 тал /гэх мэдүүлэг

гэрч Г.Ц-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Намайг гэрт очиход Д.А, А.А нар байсан бөгөөд нэг тэмээний мах борцолж хатаасан байсан. Би Д.Агаас “энэ ямар учиртай тэмээний мах вэ гэж асуухад Д.А “энэ тэмээг Д.А нэг хүнээс авсан гэнэ. Хүнээс авах ёстой тэмээгээ авсан гэж надад хэлсэн. Тэгээд А бид 2 энэ тэмээг алж янзалсан” гэж хэлсэн. Би Агаас “чи хэнээс ямар учиртай тэмээ авсан юм бэ” гэж асуухад А би хүнээс авах ёстой байсан авлагаа авсан гэж хэлсэн. Тэрнээс биш хэнээс ямар учиртай тэмээ авсан болохыг нь би мэдээгүй. Ямар ч байсан намайг гэрт ирэхэд тэмээний махыг борцолж хатаасан байсан бөгөөд тэр тэмээнийх нь толгой, шийр, арьс, дотор гэх мэт зүйл байгаагүй. Намайг Тэс сумын төв рүү явах үед Д.А, А.А нар нь өөрсдийнхөө эзэмшлийн бор зүстэй, зүүн талын гуяндаа мухар олом тамгатай морио бариад авчихсан, тэр морио унаж яваад малаа харж, хариулдаг байсан. Мөн өөрсдийнхөө цэрэг хар эмээл, суран хазаар, ногтыг ашиглаж морио унаж явдаг байсан. Манай эзэмшлийн бор зүстэй зүүн талын гуяндаа мухар олом тамгатай морь 2017 оны 12 дугаар сараас хойш хайгаад олдохгүй байгаа. Харин Д.А, А.А нарын морь унахдаа ашигладаг эмээл, хазаар, ногт нь одоо манай гэрт байгаа. Манай гэрт хоол, хүнс бэлдэхэд ашигладаг хөх алаг иштэй хутга 1 ширхэг, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг байдаг. ... Тэр үед манайх Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутаг Булагийн өвдөг гэх нэртэй газарт намаржааныхаа буйр дээр байсан. Манайх тэр буйр дээр намаржаад 2017 оны 10 дугаар сарын дундуур Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутаг Харуулын гарц гэх нэртэй газар луу өвөлжөөнийхөө буйр луу нүүсэн...” /хх-ийн 59-61 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Агийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын эхээр /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ миний хүү А.А нь "Адуугаа харчихаад ирнэ" гэж хэлээд өөрийнхөө эзэмшлийн бор /цагаан/ зүстэй, зүүн талын гуяндаа мухар олом тамгатай морьтойгоо гэрээс гараад явсан. Тухайн үед би А.Аг яг хаашаа явж адуу харах гэж байгааг мэдээгүй. А.А нь гэрээс гарч яваад орой харанхуй болсны дараа буцаж ирсэн бөгөөд ирэхдээ хүрэн улаан зүстэй, нас гүйцсэн 1 тооны тэмээ хөтөлж ирсэн. Тэр тэмээ нь зүүн талын гуяндаа буйлтай олом тамгатай тэмээ байсан ба би А.Агаас "Чи хаанаас ямар тэмээ аваад ирэв" гэж асуухад А.А "Би хүнээс 1 тэмээ авах ёстой байсан юм. Тэр тэмээгээ аваад ирлээ" гэж хэлсэн. би "Чи арай хулгай хийгээд ирсэн юм биш биз дээ. Ямар учиртай тэмээ вэ" гэж асуухад А.А "Би хүнээс авах ёстой байсан тэмээгээ авсан. Хулгай хийсэн зүйл байхгүй. Энэ тэмээг хүнсэндээ хэрэглэнэ" гэж хэлсэн. А.А өмнө нь ямар нэгэн хэрэг хийж байгаагүй болохоор би А.Аг айлын тэмээ хулгайлаад ирнэ гэж огт бодоогүй. А.Аг тэмээ авч ирэх үед манай гэрт би ганцаараа байсан. Тэр үед миний эхнэр Г.Ц нь Тэс сумын төв рүү хувийн ажлаар явсан байсан. Тэгээд тэр шөнөдөө А.А бид 2 Агийн авч ирсэн тэмээг өөрийн намаржааны буйр дээр алж, янзалсан. А.А бид 2 тэр тэмээг алж, янзлахдаа өөрийнхөө гэрийн хөх алаг иштэй хутга 1 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг ашиглаж алсан. Тэмээ алахдаа хэвтүүлж байгаад нь хутгалж алсан бөгөөд гэдэс дотрыг нь нохойд хаяж өгөөд, сэвс, цусыг нь газар ухаж байгаад булж хаясан. Тухайн үед дулааны улирал байсан учраас сэвс, цусыг нь ил хаячих юм бол ялаа шумуул, нохой шувуу эргэлдээд байна гэж бодоод газар ухаж булсан. Харин тэмээний арьс, толгой, шийрийг нь гэрийн гадна хаясан байсныг нохой, шувуу чирээд явчихсан байсан. А.А бид 2 алсан тэмээнийхээ махыг яснаас нь салгаж шулаад, борц болгож хатаагаад хүнсэндээ хэрэглэсэн. Одоо тэр тэмээний арьс, мах, яс, цус болон эд эрхтэнээс нь үлдсэн зүйл огт байхгүй. ... Би 2017 оны 12 дугаар сард Улаангом сум руу яваад ирэхэд манай бор /цагаан/ зүстэй, зүүн талын гуяндаа мухар олом тамгатай морь бэлчээрээс алга болсон байсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл би бор морио хайгаад олохгүй байгаа. Манай тэр морь яг аашаа алга болсон болохыг би мэдэхгүй байна. Харин эмээл, хазаар, ногт нь одоо манай гэрт байгаа...” /хх-ийн 62-63 тал/ гэх мэдүүлэг,

гэрч О.Ө-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ө.О нь 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр ...би тэмээгээ хайж яваад багийн төвийн ойролцоо А.Атай таарлаа. Тэмээгээ асуух гэтэл намайг харчихаад зугтаад явчихлаа. Би араас нь яваад гүйцсэнгүй” гэж хэлсэн. Мөн миний эхнэр Б.А миний хүү Ө.О нар Д.Агийн намаржааны буйр дээр очоод ирсэн байсан. Б.А хэлэхдээ “Д.Агийн мөр ул байна. Бас өөх, сэвсийг нь нүх ухаж байгаад хийчихсэн байна” гэж хэлсэн. Би өөрөө хөл муутай учраас алдагдсан тэмээний араас явж хайж чадаагүй” /хх-ийн 66-67 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч А.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2017 оны 09 дүгээр сард Увс аймгийн Тэс сумаас Ө.Оийн эзэмшлийн 1 тооны тэмээ хулгайлагдсан талаар мэднэ. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. 2017 оны намар, тухайн үед манайх Тэс сумын 9 дүгээр багийн нутагт намаржааныхаа буйр дээр байсан. Би адуугаа хайхаар өөрийнхөө бор зүстэй, нас гүйцсэн, зүүн талын гуяндаа мухар олом тамгатай морьтойгоо явсан. Би адуугаа хайгаад Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутаг “Их голын хөвөө” гэх нэртэй газарт явж байтал тэнд хүрэн улаан зүстэй 1 тооны тэмээ байсан. Би тэр тэмээг хэдэн настай тэмээ болохыг нь мэдээгүй. Бас тэр тэмээний им, тамгыг нь анзаарч хараагүй. Би тэр тэмээг хэний тэмээ гэдгийг нь мэдээгүй боловч бусдын эзэмшлийн тэмээ гэдгийг нь мэдсэн. Тэгээд би тэр тэмээг голын усны эрэг рүү шахаж байгаад барьж аваад өөрийнхөө морины ногтоор ногтолж хөтлөөд гэр лүүгээ явсан. Намайг гэрт очиход манай гэрт миний аав А ганцаараа байсан. Тухайн үед манай ээж Ц нь Тэс сумын төв рүү явчихсан байсан. Намайг тэмээ хөтлөөд очиход миний аав А нь "наадах чинь юун тэмээ вэ" гэж асуухаар нь би "Хүнээс өрөндөө авч байгаа юм. Найзаасаа авсан тэмээ байгаа юм" гэж хэлсэн. Би тэр тэмээг сул тавьчихвал алга болчих байх гэж бодоод тэр орой өөрийн аав Атай нийлж байгаад алж янзалсан. Тэмээг алж, махыг нь янзлахдаа өөрийн эзэмшлийн хөх алаг иштэй хутга, модон иштэй хутга зэргээр алж янзалсан. Аав бид 2 тэр тэмээг алаад арьс, толгой, шийрийг нь гэрээсээ холдуулж, модон дотор хаясан. Харин гэдэс дотор болон сэвс баасыг нь газар ухаж байгаад булж хаясан. Аав бид 2 алсан тэмээнийхээ махыг борц болгож хатаагаад, хүнсэндээ хэрэглэсэн. ... Тухайн үед би өөрийнхөө бор зүстэй, 6 настай, зүүн талын гуяндаа мухар олом тамгатай морьтойгоо явсан. Манай нутгийнхан цагаан зүстэй морийг бор зүстэй морь гэж зүсэлдэг юм. Тухайн үед би өөрийнхөө 2008 оноос хойш ашигласан цэрэг хар эмээл, 2015 оноос хойш ашигласан, сураар хийсэн морины хазаар, 2015 оноос хойш ашигласан, сураар хийсэн морины ногт зэрэг зүйлтэй явсан. Харин сүүлд тэмээг алж, янзлахдаа 2017 оны 8 дугаар сараас хойш ашигласан хөх алаг өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, 2016 оны 2 дугаар сараас хойш ашигласан бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг зэргийг ашигласан. Миний эмээл, хазаар, ногт олон жил хэрэглэсэн учраас их муудсан байсан. Би эмээл, хазаар, ногтоо гэрт хаячихаад хот яваад ирэхэд эмээлийн гөлөм, дөрөөний сур, олом, жирэм гэх мэт зүйл нь тасарч, хаягдсан байсан. Мөн миний ногт гээгдсэн байсан. Одоо эмээл, хазаар нь надад байгаа. Харин миний бор зүстэй морь намайг Булган аймагт явж байхад алдагсан байсан. Тэр морь одоо хаана байгааг би мэдэхгүй байна. ...Би жаахан айж, сандарсан учраас сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй худал хэлсэн юм. Би өөрийн хийсэн буруутай үйлдэлдээ их гэмшиж байна. Би Ө.О-д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хар өнгийн хуучин эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, хөх алаг өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, бор өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг эд мөрийн баримтаар хураан авах санал, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-30 тал/,

Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн УВ/01/151 дугаартай Бод малын зах зээлийн үнийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч А.А хохирогч Ө.Оийн 1 тооны хүрэн улаан зүстэй нас гүйцсэн тэмээг 2017 оны 9 сарын сүүлээр Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутагт “Их голын хөвөө” гэх газарт бэлчиж байхад нь өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр нууцаар авч, өөрийн гэртээ аваачиж нядалж, хүнсэндээ хэрэглэсэн үйлдэл тогтоогдсон байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д бусдын малыг хулгайлсан бол “Мал хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд тус зүйлийн тайлбар хэсэгт: “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж заасан тул шүүгдэгч А.Агийн хохирогч Ө.Оийн 1 тооны тэмээг хууль бусаар авсан дээрх үйлдэл нь “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “хулгайд алдсан тэмээгээ 1.500.000 төгрөгөөр, бусад зардалд 500.000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлж оролцсон болно.

 “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн УВ/01/151 дугаар “Бод малын зах зээлийн үнэлгээний тодорхойлолт” /хх-ийн 74-р тал/-оор хохирогч Ө.Оийн хулгайд алдагдан нядлагдсан 1 тооны бод мал буюу 10 настай нас гүйцсэн эр тэмээний зах зээлийн дундаж үнэ 680.000 төгрөг болохыг тодорхойлсон байна.

Шинжээчийн дээрх дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийхээ хариуцлагыг хүлээх чадвартай, мэргэжлийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд гаргасан байх тул хохирогч Ө.О-д 10 настай 1 тооны эр тэмээний буюу 680.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан болох нь 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь мал эрж хайсан болон хөдөө гэрээсээ Тэс суманд, Тэс сумаас Улаангомд гээд 4 удаа ирж, очсон замын зардал гэж 500.000 төгрөг нэхэмжилсэн боловч уг хор уршигтай холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй. 

Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.А мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж зааснаар тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Агийн хувийн амьдрал, зан байдлын талаар гэрч Д.А, Г.Ц нар мэдүүлсэн ба түүний өмчлөлд ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, тэрээр урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй байна. /хх-ийн 62-63, 61, 117, 130, 132, 133, 134 тал/

Шүүгдэгч А.Агийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах тул шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл болон түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан, гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор 400 цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч А.Ад шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл цэрэг хар эмээл, суран хазаар, 2 ширхэг хутга хураагдаж, шүүхэд ирсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд цэрэг хар эмээл, суран хазаарыг шинжлэн судлахад худалдан борлуулж улсын орлого болгох боломжгүй урагдаж муудсан байх тул эдгээрийг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Харин 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан 6 настай морь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хулгайд алдагдсан болох шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон, мөн энэ хэрэгт битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй байх тул уг морь буюу түүний үнийг хурааж улсын орлого болгох боломжгүйг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тул шүүгдэгчид өмнө авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогтой Агийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Агийн Ад 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хохиролд 680.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дахин ашиглах боломжгүй болсон цэрэг хар эмээл, суран хазаарыг шүүгдэгч А.Ад буцаан олгож, 2 ширхэг хутгыг устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад өмнө авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА