Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00864

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1992 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн баруун задгайн 3-13 тоотод оршин суух, Өөлд овгийн Ойдовын Должинсүрэнгийн нэхэмжлэлтэй /регистрийн дугаар ВЮ92070429/

Хариуцагч: 1970 онд төрсөн, 46 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-23-32 тоотод оршин суух, Дархан овгийн Даваадоржийн Болормаа /регистрийн дугаар ФМ70010526/ холбогдох 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Должинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ойдов овогтой Должинсүрэн миний бие Д.Болормаад 1 сарын хугацаатай 2,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Мөнгө зээлдүүлэхдээ бид 2 нотариатаар орж баталгаажуулсан. Д.Болормаа нь үндсэн мөнгө болох 2,000,000 сая төгрөгийг өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Болормаа би Должинсүрэнгээс 2016-03-11-ний өдөр 2,000,000 сая төгрөг зээлсэн ба 2016-04-11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хүү болох 750,000 төгрөгийг өгөөд явж байгаа болно. 1 сарын хүү 200,000 төгрөгөөр бодож надаас авч байгаа ба 2016-04-11-2016-06-11 өдөр болох 3 сарын хүүнд 750,000 төгрөгийг өгсөн байгаа болно. Үлдэгдэл мөнгийг би төлж дуусгах болно. Үнэ учраа бодит байдлаа би удаа дараа тайлбарлан учирлаж хэлсэн боловч хэд хэдэн хүмүүст намайг нэр төрийг маань гутаан доромжилсон зүйлсийг ихээр ярьсан байсан. Гэвч би талийгаач ээжийн маань 1 жил болох гэж байгаа учир тэвчээд хэрүүл уруулгүй өнгөрөөж байгаа юм аа. Үлдэгдэл мөнгийг нь би төлж дуусгана. Д.Болормаа би 2016-07-01-ний дотор үндсэн мөнгө болох 2,000,000 сая төгрөгийг төлж дуусгах болно  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Должинсүрэн нь хариуцагч Д.Болормаад холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Хариуцагч Д.Болормаад  2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч О.Должинсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгийг хариуцагч Д.Болормаа төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Болормаагаас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Должинсүрэнд олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.БЯМБАСҮРЭН