| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0016/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/15 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/15
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч З.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З.С-д холбогдох эрүүгийн 1817002450004 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 23-нд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 29 настай, дээд боловсролтой, даатгалын эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, З.С /РД: ............./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч З.С нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 103 дугаар байрны 04 тоот гэртээ хамтран амьдрагч Э.М толгойн тус газар нь гараараа болон шүүрээр цохих, нүүрэн тус газар нь маажих, хазах гэх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.С нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 103 дугаар байрны 04 тоот гэртээ хамтран амьдрагч Э.М толгойн тус газар нь гараараа болон шүүрээр цохих, нүүрэн тус газар нь маажих, хазах гэх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч З.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялыг хувааж төлөх саналтай байна гэх мэдүүлэг.
Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:” 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байгаад манай аавын бие тааруухан байсан болохоор С аавынд очиж биеийг нь асуугаад ирье гээд гэрээсээ 13 цагийн үед гараад аавындаа очиж байж байгаад буцаад 15 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн юм. Тэгтэл манай эхнэр С уурлаад “Танай аав чинь үхчихсэн байна уу, чи нэг мөсөн үхэхээр нь очооч, танай ээж, эгч нар чинь ч гэсэн үхчихээсэй гэх мэтээр надаас хэрүүл нэхээд байхаар нь би нэг их юм хэлээгүй юм. Тэгээд би өөрийнхөө куртикийг дэрлээд хэвтэж байтал миний толгойруу гараараа нилээн олон удаа цохиод, хөлөөрөө өшиглөөд чи босооч гээд байхаар нь би эхнэрийгээ цаашаа бай гэж хэлээд тохойгоороо гар орчимд нь нэг удаа түлхсэн чинь С “чи намайг түлхлээ” гэж хэлээд миний дээрээс шингэн зүйл асгахаар нь би босож ирээд “чи яагаад байгаа юм бэ” гэтэл С “ээж чинь үхчихгүй юм байх даа, танай ээж чинь шоронд орж байсан биздээ” гээд байхаар нь би “чам шиг янхан байснаас л дээр биздээ” гэж хэлтэл С “чи намайг янхан гэлээ” гэж уурлаад миний толгой болон нүүр хэсэгт гараараа нилээн олон удаа цохиод бас миний толгой дээр хогийн хуванцар шүүрээр 1 удаа цохиж хагалаад, мөн зүүн чих хэсэгт шүүрээр болон гараараа цохиод байсан юм. Тэгээд дүүгийнхээ 2 настай хүүхдийг “хутга аваад ир” гэж хэлээд хутга авахуулахаар нь нь би тэр хүүхдээс хутгыг нь авчихсан чинь С надаас тэр хутгыг авах гээд дайраад байхаар нь би өгөхгүй байсан чинь “наад хутгаа надад өг би чамайг ална” гээд дайраад байхаар нь би хутгыг нь гадаа гаргаад шидчихсэн юм. Тэгээд би гэрээс зугатаагаад гартал С миний араас намайг хөөж яваад орцны хаалга мөргөчихөөд намайг орцны хаалга мөргүүлсэн гэж хэлээд дахин миний толгой бие хэсэгт гараараа цохиж бас куртикны гаднаас хазаад байсан. Тэгтэл манай хүүхэд гэрээс уйлаад гараад ирэхээр нь бид 2 гэртээ ортол С гартаа таарсан гутал таавчикаар миний толгойруу цохиж, үснээс зулгаагаад байсан. Тэгээд сүүлдээ манай эхнэр гайгүй болж бид нар унтацгаасан юм. Тэгээд 2018 оны 11 сарын 25-ны өглөө болохоор нь “би гэрлүүгээ явлаа” гэж хэлтэл Сүмбэрмаа намайг явуулахгүй гээд бас л миний толгой болон биерүү гараараа цохиж хөлөөрөө өшиглөөд, урьд өдөр нь миний толгойг хагалсан байсан тэр газар дээрээ дахин цохиж цусыг нь гаргасан. Намайг гэрээс гаргахгүй байхаар нь би эхнэрийгээ хүүхдээ хөхүүлж байх хооронд нь гэрээсээ зугатааж гараад аавындаа очиж тэндээсээ эмнэлэг дээр ирж толгойгоо цэвэрлүүлсэн юм…Одоо С холбогдуулж гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 4-6, 16-18 тал/,
Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Тухайн үед манай хойд аав Б өвчний учир хэвтэрт байсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай төрсөн дүү М 14 цагийн үед аавын биеийг асуучихаад 20 орчим минут болоод гэртээ харьлаа маргааш өглөө эрт ирнэ гээд гарсан. Цаанаас нь эхнэр С нь утсаар дуудаад байгаа бололтой байсан. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр М 15 цагийн үед ээжийн гэрт хүнд зодуулсан байдалтай ирсэн. Би “наад нүүр амаа яачихаа вэ” гэсэн хүнд зодуулаад гэж хэлсэн. Урд өдөр нь гэртээ ороход нь эхнэр нь аав чинь үхчихээсэй гэснээс болж маргалдсан гэж байсан. Тэгээд эхнэр С нь хогийн шүүрээр толгойг нь хагалсан байсан. Зүүн гарын шуун дээр нь хазсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,
Гэрч З.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би тухайн өдөр ажилдаа явж байгаад 19 цагийн үед гэртээ ирсэн. Манай нөхөр Х бас гэрт хамт орж ирсэн. Би эгч С-тай хамт 3 өрөө байрны нэг нэг өрөөнд нь нөхөр хүүхдийн хамт байдаг юм. Намайг гэртээ ороход эгч С нөхөртэйгөө өрөөндөө маргалдаад байх шиг байсан. Би шууд өрөөндөө орсон. Тэр 2 удаан маргалдаагүй тэгэж байгаад чимээгүй болсон. Маргааш өглөө нь босоод ажилдаа явж байгаад 14-15 цагийн үед гэртээ ирэхэд С эгч нөхөр хүүхдүүдтэйгээ гэртээ байж байсан. Тэгээд өрөөндөө ороод байж байтал С эгч, М 2 маргалдаад эхэлсэн. Тэгтэл М ах энэ эгчийгээ аваачээ гэж хэлсэн. Мөн С эгч хүүхэд авч бай гэхээр нь би гараад очсон чинь М ахын толгойн баруун талын хэсгээс цус гарч байгаа харагдсан. М ах гараад зугатаах гээд байгаа бололтой байсан. М ах надад хандаад чи намайг дуудахаар гарч ирдэггүй юм байна лээ эгчийгээ дуудахаар гарч ирдэг юм байна, та нарыг өгдөг газар нь өгнө гээд гараад гүйгээд явсан. С эгч араас нь гарч яваад удалгүй орж ирээд надаас хүүхдээ аваад өрөөндөө орсон. М ах тэрнээс хойш ирээгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 330 дугаартай дүгнэлтэд:
- Э.М биед тархи доргилт, толгойн хуйханд шарх, зүүн хацар, зүүн хөмсөг, баруун хацар, баруун чихэнд зулгаралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно . Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Сэргэлэн /хх-ийн 25 тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч З.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч З.С нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 1817002450004 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч З.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч З.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч З.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ