Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1382

 

Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.ОюунХХХХ даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

            2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/04161 дүгээр шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 106 568 000 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг

  

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Хгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт:

ХХ, ХХХ нар нь надаас 2014 оны 5 сарын 23-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатайгаар сарын 3.2 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрсдийн үл хөдлөх хөрөнгө болох ХХХХХХ дүүргийн ХХ хороо, ХХХХХХХХХХХХ байр 115.9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу ХХХийн ХААН банкны дансаар 2014.05.23-ны өдөр 80 000 000 төгрөг шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2014.06.23-ны өдөр дууссан бөгөөд энэ өдөр зээлдэгч тал нь дансаар 2014.05.23-аас 2014.06.23-ны өдрийн 1 сарын зээлийн хүү болох 2 560 000 төгрөгийг шилжүүлсэн. ХХХ нь нөхөр ХХ нь Америкийн Нэгдсэн Улс руу яваад ирээгүй байгаа, ирэхээр нь зээлээ дуусгана, гэрээгээ сунгая хэмээн утсаар ярьж амаар хүсэлт гаргаж байсан. ХХХ нь 2014.07.23-ны өдөр 2014.06.23-аас 2014.07.23-ны хооронд зээлийн хүү хэмээн 2 560 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2014 оны 7 сарын 30-ны өдөр ХХХ нь 5 000 000 төгрөг бэлнээр өгч, дансаар 30 000 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ нь нийлээд 35 000 000 төгрөг болсон. Энэ мөнгөө үндсэн зээлээс хасч тооцохоор болж үндсэн зээлийн үлдэгдэл 45 000 000 төгрөг болсон болно. Үүнээс хойш дансаар 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 1 440 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1 440 000 төгрөг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1 440 000 төгрөгийг шилжүүлсэн. 2014 оны 11 сарын 06-ны өдөр ХХ, ХХХ хоёр надтай уулзаад, зээлээ хугацаандаа төлөөгүй ч амаар болон утсаар хүсэлтээ гаргаж гэрээгээ дүгнээд үргэлжлүүлэн сунгая хэмээн бичгээр хүсэлт гаргасан. Энэ үед зээлийн үлдэгдэл 45 000 000 төгрөг байсан бөгөөд ХХ, ХХХ хоёр АНУ-аас машин оруулж ирээд, гаалиас авч чадахгүй хоногийн өндөр торгууль төлөөд байна туслаач, яаралтай 10 000 000 төгрөг өгөөч гэсний дагуу 10 000 000 төгрөгийг хүнээс зээлж авч өгсөн. Ингээд 2014.11.06-ны өдөр 2014.05.23-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг 2014.06.23-аас 2014.12.23-ны өдөр хүртэл 6 сараар сунгах сунгалтын гэрээ хийж, зээлийн үлдэгдэл 45 000 000 төгрөг дээр 10 000 000 төгрөгийг нэмж 55 000 000 төгрөгийн сунгалтын гэрээг хийсэн. Арван сая төгрөгийг ХХХийн ХААН банкны 575327243 тоот дансаар 2014.11.06-ны өдөр 9 500 000 төгрөг болон 500 000 төгрөгөөр 2 удаа тасалж шилжүүлсэн.

2014.11.18-ны өдөр ХХХ, ХХ хоёр ирээд нэг машин гаалиас аваад хүнд зарахаар өгсөн, үлдэгдэл машинаа гаалиас авах гээд мөнгө дутаад байна, арван сая төгрөг олоод өгөөч гэхээр нь 10 000 000 төгрөгийг найзаасаа зээлж авч өгөөд, 2014.11.18-ны өдөр зээлийн гэрээг нэмэгдүүлж 65 000 000 төгрөг дээр нэмэлт гэрээ байгуулсан. Арван сая төгрөгийг ХХХийн ХААН банкны 575327243 тоот дансанд 2014.11.18-ны өдөр шилжүүлсэн. 2014.12.23-ны өдөр барьцаат зээлийн гэрээний хугацаа дууссан, үндсэн зээлийн үлдэгдэл 65 000 000 төгрөг байсан боловч ХХХ, ХХ хоёр зээлээ төлөөгүй. 2015.04.20-ны өдөр тэр 2 зээлээ төлөх тухай баримт бичиж өгсөн боловч мөн л төлөөгүй. 2015.06.16-нд ХХХ, ХХ нар 2014.12.23 буюу зээлийн гэрээ дууссанаас хойш шилжүүлсэн мөнгөө дүгнээд, зээлийг 2014.12.23-аас 2015.07.23-ны хүртэл 7 сараар сунгах хүсэлт бичгээр гаргаж, нотариатчаар батлуулсан. Зээлийн хүү 3.2 хувь байсныг бууруулж 3 хувь болгосон. ХХХ дансаар 2015.03.09-нд 1 000 000 төгрөг, 2015.05.06-нд 3 000 000 төгрөг, 2015.05.26-нд 4 000 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ нь нийт 8 000 000 төгрөг болсон болно. Зээлийн хугацаа 2015.07.23-ны өдөр дууссан боловч ХХХ, ХХ нар нь зээлээ төлөөгүй. 2015.11.04-нд ХХХ, ХХ 2 надтай ирж уулзаад, бидний нэр төрийн асуудал хөндөгдөх тул шүүхэд бүү хандаач, 2015.12.31-ний дотор зээлээ төлж барагдуулна хэмээн баримт бичиж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй иргэн намайг хохироож байгаа ХХ, ХХХ нараас үндсэн зээлийн үлдэгдэл 65 00 000 төгрөг, хүүний үлдэгдэл 9 068 000 төгрөг, мөн 2014.05.23-ны өдрийн зээлийн гэрээний 3-д зээлдэгч тал дээр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөөүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө гэсний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 65 000 000 төгрөгөөс 2015.07.24-ний өдрөөс 2015.10.31-нийг дуустал 100 хоногоор тооцсон алданги 32 500 000 төгрөг бүгд 106 568 000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулан авахаар нэхэмжилж байна. Мөн ХХ, ХХХ нарын барьцааны хөрөнгө болох ХХХХХХХХ, ХХ хороо, ХХХХХХХХХХХХХ тоот 4 өрөө орон сууцыг шүүхийн журмаар худалдан борлуулж өр төлбөрийг барагдуулах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Энэ хугацаанд үндсэн зээлээс 35 000 000 төгрөг, хүүнд 17 702 000 төгрөг зээлдэгчээс төлсөн байдаг гэжээ.

 

Хариуцагч ХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Хгаас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 65 000 000 төгрөгийг авсан болно. Бид 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэн ХХХХтай гэрээ байгуулан 300 000 000 төгрөг авах байснаас 165 000 000 төгрөгөнд нь 2011 онд үйлдвэрлэгдсэн Lexus 570 машиныг бодож авсан ба үлдэгдэл 120 000 000 төгрөгийг одоо болтол авч чадаагүй болно. Бид энэ гэрээний дагуу мөнгөө аваад иргэн Хд төлбөрийг өгнө гэж тооцоолж байсан боловч одоо болтол авч чадаагүй болно. Иргэн Хгаас авсан зээлийг иргэн ХХХХаас авч барагдуулах болно.

Үндсэн зээлээс 35 000 000 төгрөг төлсөн. Зээлийн хүүнд гэрээ байгуулагдсанаас хойш 18 038 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл үндсэн зээл болон хүүг төлнө гэж бодож байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь иргэн Хгаас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулж 65 000 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээс хүү төлсөн бөгөөд иргэн Хгийн нэхэмжилж буй 106 568 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид иргэн ХХХХ гэгчээс 120 000 000 төгрөгийн авлагатай, одоо шүүхээр асуудлыг шийдүүлэх гээд явж байгаа тул ХХХХаас авах мөнгийг зээлдүүлэгч Хд өгнө гэж тооцоолж байгаа болно. Зээлсэн мөнгөө үлдэгдэл хүүгийн хамт эргүүлэн төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХ, ХХХ нараас 76 783 533 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 784 467 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 690 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 541 868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х давж заалдах гомдолдоо:

Хариуцагчид өөрсдөө хүсэж зээлийн гэрээг сунгасан, нэмж зээл авснаа хүлээн зөвшөөрч үндсэн зээлийн үлдэгдэл 65 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлөх хүсэл зоригоо илэрхийлэн зээлийг хүүтэй нь төлж барагдуулахаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар болон шүүх хуралдаан дээр амаар ойлгомжтойгоор хэлж ярьсан. Ийнхүү хариуцагчид зээлийн гэрээний сунгалт, нэмэлт зээлтэй холбогдох гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэж зээлийн хүүтэй холбогдох маргаан огт гаргаагүй байтал шүүгч өөрөө сайн дураараа нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүг хасаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаагүй. Иргэний хуулийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Талууд сайн дураараа нэмэлт гэрээгээр өмнөх гэрээний хугацааг нөхөн сунгах, зээлийн үлдэгдэл дээр нэмж зээлсэн мөнгөө хамтатгах зэргээр гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон нь хуульд нийцсэн бөгөөд гэрээний чөлөөт байдлын зарчмаар шийдвэрлэх нь талуудын өөрсдийнх нь эрх хэмжээний асуудал. Эдгээр гэрээнүүд нь зохих хууль тогтоомжид харшлаагүй бөгөөд гэрээний аль нэг тал гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсээгүй тохиолдолд шүүх өөрийн санаачлагаар зээлийн гэрээг сунгагдаагүй гэж үзэх, анх зээлийн гэрээг бичгээр байгуулснаас хойш зээлдэгч сар бүр зээлдүүлэгчид төлж байсан зээлийн хүүг шүүгч дур зоргоороо буцаан нэхэмжлэлийн шаардлагаас хасах хууль зүйн зохицуулалт хаана байна вэ?. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж үндсэн зээлийг хүү, алдангийн хамтаар хариуцагчаас гаргуулах шаардлагаа тайлбарласан. Хариуцагч зээлийн хүү төлөхийг зөвшөөрч, харин алдангийн хэмжээ их байгаа учир алдангийн зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзан хэмжээг нь багасгаж өгөхийг хүссэн. Зохигчдын хоорондын маргаан бүхий асуудлыг зохих хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх ёстой шүүх дээр дурьдагдсан органик болон процессын хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглэлгүй маргаан бүхий үйл баримтаас хальсан шийдвэр гаргаж хариуцагчийн хүлээн зөвшөөрч сайн дураараа биелүүлсэн хариу үүргийн гүйцэтгэл болох төлөгдсөн хүү 10 477 645 төгрөгийг шүүгч өөрийн санаачлагаар буцаан хасч нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Зохигчид зээлийн гэрээг зохих ёсоор бичгээр байгуулсан учраас зээлдэгч хүү төлөх хариу үүрэг хүлээснээ сайн ойлгож cap бүр үүргээ гүйцэтгэж байсан. Хүний мөнгийг зээлээр авч захиран зарцуулсан болохоор хариуцагчид хариу үүрэг хүү төлөхөө бүрэн зөвшөөрч байгаа. Хуулийн энэ заалтад зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бол хүү авах эрхээ алдана гэсэн болохоос бичгээр байгуулсан гэрээгээ хугацаандаа сунгалгүй нөхөн сунгалтын гэрээг дахин бичгээр хугацаа хожимдож байгуулсан бол хүү авах эрхгүй гэж заагаагүй. Хуульд бичигдээгүй зохицуулалтыг шүүгч санаагаараа бодож олоод гэрээний хугацааг нөхөж сунгасан тул хүү авах эрхээ алдсан гэж үзэв хэмээн дүгнэх эрхгүй баймаар. Талууд 2014.11.06-нд сунгалтын гэрээ бичгээр байгуулаад 2014.05.23-ны өдөр 1 сарын хугацаатайгаар байгуулсан гэрээг 2014.12.23-ны өдрийг хүртэл сард 3,2 хувийн хүүтэйгээр 6 сараар сунган нотариатчаар гэрчлүүлсэн. Энэ гэрээ нь 2014.05.23-нд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний салшгүй нэг хэсэг гэж сунгалтын гэрээний агуулгыг нэмэлт нөхцлөөр тодорхой зааж гэрээнд тусгасан. Түүнчлэн 2015.06.16-нд талууд дахин зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээ бичгээр байгуулж гэрээний хугацааг 2011.12.23-ны өдрөөс 2015.07.23-ны өдрийг хүртэл 7 сараар сунгаж энэ хугацаанд зээлийн хүүг сарын 3,0 хувь болгон бууруулсан. Энэхүү зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээг талууд гэрээний чөлөөт байдлын зарчмаар бичгээр байгуулж мөн нотариатчаар гэрчлүүлсэн. Үүнээс хойш зээлийн гэрээний хугацааг дахин сунгаж бичгээр гэрээ байгуулаагүй учир зээлдүүлэгч 2015.07.23-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016.02.18-ны өдөр хүртэлх 6 сар 26 хоногийн хугацаанд Иргэний хуулийн 282.3-т зааснаар хүү авах эрхээ алдсанаа ухамсарлаж хариуцагчаас 2015.07.23-ны өдрөөс хойшх хугацааны хүү нэхэмжлээгүй. Ийнхүү анх 2014.05.23-ны өдөр байгуулсан ззэлийн гэрээний хүгацааг 2 удаа сунгасан гэрээг бичгээр хийсэн байтал анхан шатны шүүх Иргэний хуулийн 282.3 заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэгэнт төлөгдсөн зээлийн хүү 10 477 645 төгрөгийг эрх зүйн үндэслэлгүйгээр буцаан хассанд гомдолтой байна.

 3ээлдэгчид үндсэн зээл 80 000 000 төгрөгөөс 35 000 000 төгрөгийг төлсөн боловч дахин 10 сая төгрөг зээлж авсан. Ингээд 2014.11.06-ны өдрийн сунгалтын гэрээнд зээлийн үлдэгдлийг 55 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээний нэмэлт нөхцлөөр оруулан зээлийн хүү, алданги нь 2014.05.23-ны өдрийн гэрээгээр зохицуулагдана гэж бичсэн. Үүнийг шүүх зээлийн сунгалтын гэрээнд зээлийн үлдэгдэл дээр нэмж хэлцэл хийсэн нь 10 000 000 төгрөгийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэхгүй тул уг зээлээс хүү, алданги тооцох хуулийн үндэслэлгүй болно хэмээн дүгнэсэн байна. Зохигчид энэ 10 000 000 төгрөгийн зээлийн хүү, алдангийг бичиж гэрээ байгуулаад гэрээгээ бас нотариатчаар гэрчлүүлсэн. Зээлдүүлэгч 10 000 000 төгрөгийг зээлдэгч ХХХийн дансанд шилжүүлснийг нотлох баримт мөн хэрэгт авагдсан. Эдгээрийг хуулийн шаардлага хангасан нотлох баримт гэж үзээгүй эрх зүйн үндэслэлээ шүүгч зохих ёсоор тайлбарлаагүй.

10 000 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл дээр нэмж гэрээ байгуулах эсвэл тусад нь гэрээ байгуулах хоёрт тоо болон чанарын ямар ч ялгаа байхгүй . Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа зохигчдын хооронд 2014.05.23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3-т заасныг баримтлан хариуцагчдаас зээл төлөх хугацаа хэтрүүлсний алдангид Иргэний хуулийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу үндсэн зээлийн үлдэгдэл 65 000 000 төгрөгийн 50 хувиар бодож 32 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх хариуцагчийн төлсөн зээлийн хүүг хүүль зүйн үндэслэлгүйгээр үндсэн зээлийн үлдэгдэлд оруулан алдангийг 22 261 178 төгрөг байхаар тооцож, Иргэний хуулийн 281 болон 282-р зүйлийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймээс давж заалдах шатны шүүх энэхүү алдааг залруулан хариуцагчдаас алдангийн зөрүү 10 238 822 төгрөгийг нэмж гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгээс бусдад нь барьцааны хөрөнгийн талаар огт дурьдагдаагүй, шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэлгүй орхигдуулсанд гомдолтой байна.

Иймд хариуцагч ХХ, ХХХ нараас зээлийн төлөгдсөн боловч анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгогдсон хүү 10 477 645, төлөгдөөгүй хүү 9 068 007, зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй дутуу бодогдсон алданги 10 238 822, нийт 29 784 467 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн барьцааны хөрөнгө болох ХХХХХХХХХХ, ХХ-р хороо, ХХХХХХХХХХХ тоот 4 өрөө орон сууцыг шүүхийн журмаар худалдан борлуулж нэхэмжлэгчийн өр төлбөрийг барагдуулах тухай нэмэлт заалт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс гадна зохигчдын хооронд үүссэн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 65 000 000 төгрөг, хүү 9 068 000 төгрөг, алданги 32 500 000 төгрөг, нийт 106  568 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд анх 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХ, ХХХ нарт 80 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх / хх.9 / бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-т заасан шаардлагыг хангасан зээлийн гэрээ байна.

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч ХХХийн өмчлөлийн ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХ тоот орон сууцыг барьцаалсан гэрээ бичгээр хийгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн  улсын бүртгэлд бүртгэгдсэн байх / хх.10 / тул нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэг заасан шаардлагатай нийцсэн гэж үзнэ.

 

            Хариуцагч ХХ, ХХХ нар нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учраас зохигчид уг гэрээний хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай сунгаж, хариуцагчийн төлсөн 25 000 000 төгрөгийг үндсэн зээлийн 80 000 000 төгрөгөөс хасч, үлдэгдэл 55 000 000 төгрөгийг өмнөх гэрээний нөхцөлөөр зээлдүүлэхээр тохиролцсон байх боловч хариуцагч тал нэмж 10 000 000 төгрөгийн зээл авснаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үндсэн зээлийн дүнг 65 000 000 төгрөг болгож гэрээний бусад нөхцөлийг хэвийн үргэлжүүлэхээр зээлийн нэмэлт гэрээ байгуулсан байна. / хх.11-13 /

 

            Тэрээр 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээний хугацааг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 7 сараар сунгаж, зээлийн хүү 3.2 хувь байсныг 3.0 хувь болгон бууруулсан байх бөгөөд хариуцагч нь гэрээний хугацааг сунгах талаар нэхэмжлэгчид хүсэлт гаргаж байсан, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний хугацаа сунгагдсан, зээлийн хүүгийн хэмжээг бууруулсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй болно.  

 

         Талууд 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний хугацааг тухайн гэрээнд заасан нөхцөлийн дагуу сунгаж нэмэлт гэрээг нөхөж байгуулсан байх ба үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа нөхцөлд гэрээний хариуцлага, үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар талууд тохиролцон хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд харшлахгүй байна. 

 

          Анхан шатны шүүхээс зохигчдын зээлийн гэрээний хугацааг сунгасан үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулан хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

            Хариуцагч нь 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл үндсэн зээлийн 80 000 000 төгрөгт 13 824 000 төгрөгийн хүү, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үндсэн зээл 55 000 000 төгрөгт 704 000 төгрөгийн хүү, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 65 000 000 төгрөгт 2 426 667 төгрөгийн хүү, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 65 000 000 төгрөгт 13 650 000 төгрөгийн хүү, нийт зээлийн хүүд 30 604 667 төгрөг төлөх үндэслэлтэй байх бөгөөд үүнээс хариуцагчийн зээлийн хүүнд төлсөн 18 038 000 төгрөгийг хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 65 000 000 төгрөгийг гэрээний дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан алданги тооцож, нийт гүйцэтгэх мөнгөн төлбөрийн үүргийг 106 568 000 төгрөг гэж тодорхойлон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

          Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэх гомдол үндэслэлтэй байх тул хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй нөхцөлд зээлийн барьцаанд бариулсан ХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХ тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/04161 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХ, ХХХ нараас 106 568 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хд олгосугай” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “541 868 төгрөг” гэснийг “690 790 төгрөг” гэж,

шийдвэрийн тогтоох хэсэгт 3 дахь заалт болгон “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХ, ХХХ нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ХХХХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХХ тоот, ХХХХХХХХХХ, ХХХХХХХХХХХХХХХХХХХ гэрчилгээтэй орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангасугай” гэж нэмж, 3 дахь заалтыг 4 болгон дугаарлаж өөрчилсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Хгийн төлсөн 306 873 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНХХХХ

 

                                                  ШҮҮГЧИД                              Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 А.МӨНХЗУЛ