Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 117/2018/0002/З |
Дугаар | 221/МА2019/0108 |
Огноо | 2019-02-26 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2019/0108
2019 оны 02 сарын 26 өдөр Дугаар 221/МА2019/0108 Улаанбаатар хот
С.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Т нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 117/ШШ2018/0015 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор С.Б-н нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 117/ШШ2018/0015 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 31 дүгээр зүйлийн 31.3-тендер заасныг баримтлан С.Б-н нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргад /Р.М/ хариуцагдах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сайнцагаан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/172 тоот “газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтын 3 дахь хэсэгт байгаа Х овогт Б-ын Ё-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх ... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр боллоо гэж үзэж байна. Учир нь:
Сайнцагаан умын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/103 дугаар захирамжаар “А”-ийн хорооны доорх 0,5 га газрыг өвөлжөөний зориулалтаар С.Б-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. С.Б- нь 2012 оны газар эзэмших эрх олгосон захирамж гарснаас хойш өнөөг хүртэл эрхийн гэрчилгээ аваагүй байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зааснаас үзэхэд хуулийн 3.1.3 дахь хэсэгт заасан газар эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.
С.Б нь газраа 2014 оны 11 дүгээр сард Ш овогтой Б-т “1 сая төгрөг 1 эр хониор зарсан” гэх баримтыг хэргийн материалд ирүүлсэн ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “газрын Ш.Б-т зарсан, одоо Ш.Б, У.Д нар эзэмшиж байгаа” гэж тус тус тайлбарладаг. Дээрх тайлбар болон баримтаас харахад С.Б-н ямар эрх ашиг хэрхэн зөрчигдсөн болох нь ойлгомжгүй, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хууль бус хэмээн үзэж байна.
Шүүх шийдвэртээ “газрын алба нь газар эзэмшигчтэй гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ олгох зэрэг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх захирамж гарснаас хойш шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэл эдэлж байсан, тухайн үед газрын албаны албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх нөхцөл байгаагүй, нэхэмжлэгч өөрөө газар эзэмших хүсэлтээ илэрхийлээгүй байхад зөвхөн газрын албаны даамлыг үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн буруутгасан нь үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалттай нийцээгүй хэмээн дүгнэжээ.
Гэтэл эзэмшлийн газрын давхцлыг харуулсан кадастрийн зураг байхгүй, түүнийг нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байхад талуудын гаргаж байгаа тайлбараар уг газар давхцалтай болох нь нотлогдож байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Б.Ё-ын хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/103 дугаар захирамжаар “А” гэх 0.5 га газрыг нэхэмжлэгч С.Б-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж байжээ.
Нэхэмжлэгч С.Б-с “миний эзэмшлийн газрыг миний зөвшөөрөлгүй надад огт мэдэгдэлгүйгээр иргэн Б.Ё-д шилжүүлсэн нь миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/172 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь хэсэгт байгаа Х овогт Б-ын Ё-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Сайнцагаан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/172 тоот захирамжаар гуравдагч этгээд Б.Ё-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үед өмнө нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр болох 2012 оны А/103 дугаар захирамж хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Түүнчлэн, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон захирамжийн үндэслэл болсон “Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар тогтоолын Б.Ё-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн байна.
Хариуцагчаас маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газрын байршил нь бусдад эзэмшүүлж болох эсэх, тус газарт бусдын эзэмшил, ашиглалт үүссэн эсэхийг шалгаж тодруулах, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцсэн эсэхийг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс газар эзэмших эрх олгосон шийдвэр гарснаас хойш газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулах талаар хариуцагчид хандаж байгаагүй[1] нь тогтоогдсон байна.
Гэвч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал ... газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаас үзвэл газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох нь газар эзэмшигч болон захиргааны байгууллагын аль алины оролцоотой хийгдэх ажил байх тул энэ нь маргаан бүхий газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд давхардуулан олгосон хариуцагчийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохооргүй байна.
Нэхэмжлэгчээс “маргаан бүхий газрыг Ш.Б-т 1 сая төгрөг, 1 эр хониор худалдсан” тухай баримт хэрэгт авагдсан боловч тус хэлцлийг үндэслэн Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй. Тухайн газрыг Ш.Б-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захиргааны шийдвэр гараагүй болох нь тогтоогдсон. Захиргааны байгууллагаас өмнөх газар эзэмшүүлэх тухай шийдвэр хэвээр үйлчилж байхад тухайн газрыг дахин өөр иргэнд /гуравдагч этгээдэд/ эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар маргасан нь үндэслэлтэй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “С.Б-н ямар эрх ашиг хэрхэн зөрчигдсөн болох нь ойлгомжгүй, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн, хариуцагчаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд хоёр тусдаа захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн дээрх газар нь хоёр өөр байршилтай талаар татгалзлын үндэслэлээ болгож маргаагүй, “нэхэмжлэгчид газрын хувийн хэрэг нээгээгүй, кадастрын зураг авагдаагүй, нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй” талаар хариуцагчаас тайлбарласан байх тул гомдлын “газрын давхцлыг харуулсан кадастрын зураг байхгүй, түүнийг нотлох баримт хэргийн материалд авагдаагүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар тухайн газар нь нэг газар болох нь тогтоогдсон байна.
Гуравдагч этгээдээс “С.Б нь ... “А” гэдэг газрыг эхэлж надад 2014 оны 8 дугаар сард 400.000 төгрөгөөр зарсан” гэх тайлбар гаргасан бөгөөд хэрэв гуравдагч этгээдээс энэ талаар хохирсон гэж үзвэл холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэв.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 117/ШШ2018/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Т-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
[1] Нэхэмжлэгчээс Дундговь аймгийн Засаг даргад хандан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан өргөдөлдөө “... миний бие шоронд ял эдэжл байсан учир гэрчилгээгээ авах боломж байгаагүй. 2014 оны 10 дугаар сард миний ялын хугацаа дуусч, шоронгоос суллагдсан” гэжээ. Хэргийн 1 дүгээр хавтас, 15-р тал.