Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 35

 

Хариуцагчийн  зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                                 Хэргийн индекс:114/2017/0016/З

       Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би нэхэмжлэгч Сэрдамбын Дэжээгийн нэхэмжлэлтэй  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад      

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч С.Дэжээгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 11 дүгээр байр 07 тоот хаягт оршин суудаг. Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байгаа байнгийн оршин суугч юм. Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/426 тоот захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололын Онгот гудамжинд байрлах Онгот 4-1 тоотод гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөхөөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт холбогдох хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлж өгснөөр 0,7 га газрыг өмчлөхөөр Засаг даргын захирамж гарсан. Дээрхи материалыг бүрдүүлэн өгснөөр Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас 4505900671 тоот нэгж хувийн хэрэг бүхий кадастрын зураг, гэр хороололын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргаж Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар материалаа 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өргөдлөө гарган өгсөн боловч дээрээс гаргаж болохгүй гэсэн хариу хэлсээр өдийг хүрч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 тоот захирамжаар уг газрыг хүчингүй болгосон нь миний эрхийг зөрчиж байна. Уг хүчингүй болгосон захирамжийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2016 оны 12 дугаар  сарын  05-ны  өдөр  мэдэгдсэн.  Миний  бие  дээрх  газар  дээр  хувийн  сууц  барьж байгуулах зориулалтаар холбогдох зураг төсөв хийж нэлээдгүй зардал гарган тус газраа зориулалтын дагуу ашиглах гэж байсан юм. Гэтэл  Дархан-Уул  аймгийн  Засаг  дарга  С.Насанбат  нь  дээрх  газар  өмчлөх  захирамжийг хүчингүй болгох захирамжийн захирамжлах хэсэгтээ: Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хүчингүйд тооцжээ. Иргэн миний бие Засаг даргын дээрхи захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь иргэн С.Дэжээ надад эзэмшүүлсэн газрыг хуулийн аль заалтанд нь хамруулж миний газар эзэмших эрхийн шууд хүчингүйд тооцож байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул доорхи гомдлын шаардлагыг гаргаж байна. Жич: Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу С.Дэжээ миний бие иргэн хүн газар эзэмшихдээ бүрдүүлдэг баримтыг бүрдүүлсэн газрын албанд өгсөн болно. Мөн миний хувийн хэрэг газрын албанд байгаа болно.Иймд Дархан-Уул аймгийн  Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нараас 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Дэжээгийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох  захиргааны хэрэг шүүхэд хянагдаж байгаа бөгөөд Аймгийн Засаг даргын А/437, А/438, А/440, А/441, А/442, А/443  дугаар захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох, мэдэгдэх, хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг явуулаагүйгээр захиргааны шийдвэр гаргасан  байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан,  хуулийн дагуу дахин  шийдвэрлэх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нар нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                           ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Дэжээгээс Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаар захирамжийн С.Дэжээд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.НАРАНТУЯА