Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00862

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, 20б дугаар гудамжны 20 тоотод оршин суух, Боржигон овгийн Элбэгсүрэнгийн Нарантуяагийн /регистийн дугаар УК88101586/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Орхон аймгийн Хот тохижуулах газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

                  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

            Нэхэмжлэгч Э.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Элбэгсүрэнгийн Нарантуяа миний бие нь 2013 оны 03 дугаар сарын 01-ээс Хот тохижуулах газрын орлогын байцаагчаар ажилд орж Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2015 оны 04 дүгээр сарын 01-нд Хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн “гэрээ эрхийн туслах байцаагч' гэсэн нэртэй ажлын байран дээр "Албан газар, аж ахуйн нэгжийн бүх орлого хариуцсан' ажилтнаар Хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Ингээд би 2015.04.01-ээс ээлжийн амралтаа авч улмаар үргэлжлүүлээд жирмсэний амралт эдэлсэн ба надад хүүхэд асрах чөлөө олгох Б/33 тоот тушаалыг мөн 2015.04.28-нд гаргасан байсан. Би хүүхдээ асарч байгаад 2015.11.01-нд ажилдаа орохоор ирэхэд "Орон тоо байхгүй, хүүхдээ харж бай, аргалаад ажилтай болгоё” гэсэн. Ингээд 2016.01.04-нд ажилдаа орохоор албан ёсоор өргөдлөө өгөхөд "Бүтэц өөрчлөгдсөн, орон тоо байхгүй, битгий өргөдөл барьж гүйгээд бай, миний оруулсан хүнтэй битгий барьцаад бай, шүүхээрээ явбал яв' гэх зэргээр миний өргөдлийг шийдвэрлээгүй.

Ийм учраас би аймгийн Нийгмийн зөвшлийн 3 талт хорооны "Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд өргөдөл гаргасан. Энэ хороо миний өргөдлийг судлаад Хот тохижуулах газрын дарга Р.Рагчаа, мөн намайг оролцуулан хэлэлцээд 2016.04.14-нд 06 тоот зөвлөмж гаргаж өгсөн. Р.Рагчаа дарга хорооны хүмүүсийн өмнө зөвлөмжийг биелүүлнэ гэж байсан боловч би одоо хүртэл ажилдаа орж чадаагүй байна.

Учир нь: Намайг 2016 оны 05 сарын 02-нд “Татвар хүраамжийн ажилтан”-ны ажилд авч ажилуулсугай гэсэн тушаал гаргасан боловч энэ нь хэрэгжээгүйгээр барахгүй дараах байдлаар хууль тогтоомжийг зөрчиж байна. Үүнд:

1.Намайг ажилд авсан дүр эсгэсэн тушаал гаргасан боловч "Хуучин хийж байсан

ажлыг хийлгэх боломжгүй, юу хий гэснийг хийгээд явж бай' гэж байгаа нь Хөдөлмөрийн

тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 "Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад

тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж

болохгүй' гэснийг зөрчиж байна.

2.Орон тоо байхгүй, бүтэц өөрчлөгдсөн гэсэн тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-д заасан "Жирэмсэний, амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдах заалтыг зөрчиж байна.

3.Өөрсдийнх нь салбар хороонд гаргаж өгсөн баримтаар миний орон тоо байгаа болох нь Хот тохижуулах газар сүүлийн 3 жил 219 орон тоотой ажиллаж байгаагаар батлагдаж байгаа ба хуулиар хадгалагдаж байгаа орон тоон дээр өөрсдийнхээ хүнийг

авчихаад намайг хууль бусаар шахаж байна гэж үзэж байна.

4.Надтай хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй атлаа дахин ажилд авсан тушаал гаргаж

байгаа нь ч хууль бус бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 01-ээс миний ажлыг хийлгэхгүй хохироож байгаа нь Хот тохижуулах газрын дарга Р.Рагчаа, хүний нөөц, одоо даргын үүрэг гүйцэтгэж байгаа Д.Халтар нарын хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Даргын үүрэг гүйцэтгэгч Д.Халтар аймгийн салбар хорооны зөвлөмжийг бид заавал биелүүлэх албагүй гэж хэлж байна. Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга салбар хороо нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр байгуулсан аймгийн хэмжээний маргаан шийдвэрлэх субъөкт учир Хөдөлмөрийн маргаан таслах комисстой адилтган үзэж зөвлөмжийг биелүүлэхгүй байгаа бол Хөдөлмөрийн хуулийн 127.1-д зааснаар асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж зөвлөсний дагуу энэ гомдлыг гаргав.  

Иймд:

1.Ажилчин миний эрхийг хохироож хууль бус үйл ажиллагаа явуулсан дарга

Р.Рагчаа, хүний нөөцийн ажилтан Д.Халтар нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.3, 141.1.13-д заасан захиргааны шийтгэл оногдуулж, миний Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхийг тэдэнд даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.

2.2015 оны 11 дүгээр сарын 01-ээс 2016 оны 06 дугаар сарын 01 хүртлэх дундаж цалинтай тэнцэх олговрыг намайг жирэмсний болон амаржсаны амралтаа эдлэхээ өмнөх бүтэн ажилласан 3 сарын дунджаар /НХХХС-ын 2005-05-05-ны 55-р тушаалаар баталсан журам бий/ тооцон /470786 + 489690 + 541290/ = 1 150 766 : 3 =500 588 х 7 = 3 504 120 төгрөгийг Хот тохижуүлах газраас гаргуулан надад олгоно уу.

Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Э.Нарантуяагийн гаргасан гомдлын хариу, тайлбарыг хавсралт нотлох баримтын хамт хүргүүлэв.

Э.Нарантуяа нь тус хот тохижуулах газарт 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар орлогын байцаагчийн үүрэгт ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулж орсон бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авч, үргэлжлүүлэн жирэмсний болон амаржсаны амралт авсан.

Э.Нарантуяа нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орох хүсэлтээ гаргасан бөгөөд тухайн үед хот тохижуулах газрын дарга Р.Рагчаа, Хүний нөөцийн мэргэжилтнээр Д.Халтар нар байсан. Бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байсан бөгөөд Засаг даргаар бүтэц орон тоогоо хянуулж, баталгаажуулахаар саналаа өгөөд байсан болохоор уг асуудлыг шийдвэрлэтэл хүлээлгэсэн болно.

2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 тоот тогтоолоор хот тохижуулах газрын ангилалыг бүрэн өөрчилж, төсвийн байгууллага болгосон бөгөөд, мөн бүтэц орон тоог баталгаажуулж, хянуулах шаардлага гарсан. Уг асуудал нь 2016 оны 03 дугаар сард бүрэн шийдэгдэж дууссан бөгөөд, газрын дарга Р.Рагчаа нь ажлаас чөлөөлөгдөж, үүрэг гүйцэтгэгчээр Д.Халтар нь томилогдон Э.Нарантуяаг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б-35 тоот тушаалаар ажилд нь эргүүлэн авч холбогдох хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажлын байраар хангасан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ажлыг одоог хүртэл гүйцэтгэж байна.

Э.Нарантуяагийн жирэмсний амралт эдлэж байх хугацаанд манай байгууллага нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан, тухайн ажилтны ажлын байр нь хадгалагдаж байсан боловч байгууллагын ангилал, бүтэц өөрчлөгдөх шалтгаанаар ажилд авах асуудлыг түр хойшлуулсан.

Иймд Э.Нарантуяагийн нэхэмжлэлийг хот тохижуулах газар буюу ажил олгогч нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт ажилд авах тухай Хот тохижуулах газрын даргын 2016-05-02-ны өдрийн Б-35 дугаар тушаал, Э.Нарантуяад хүүхэд асрах чөлөө олгох тухай 2015-04-28-ны өдрийн Б/33 дугаар тушаал, Б.Энхтуяа, Д.Толъяажав нарыг ажилд авах тухай 2015-03-31-ний өдрийн Б/23 дугаар тушаал, Э.Нарантуяагийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2016-04-14-ний өдрийн 06 дугаартай Орхон аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны зөвлөмж, Э.Нарантуяагийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хот тохижуулах газрын 2012, 2013,2015 оны бүтэц орон тоо, түүний талаарх тайлбар, Э.Нарантуяагийн цалингийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э.Нарантуяа нь Орхон аймгийн Хот тохижуулах газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх оловор 3.504.120 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

               Нэхэмжлэгч нь 2013 оны 03-р сарын 01-ний өдөр Хот тохижуулах газарт орлогын байцаагчаар анх ажил орж ажилласан байна.

             Э.Наранцэцэг нь 2015-04-01-ний өдөр ээлжийн амралтаа авч үргэлжлүүлэн жирэмсэний амралтаа эдэлж байгаад 2015-06-22-нд амаржсан байх бөгөөд  Хот тохижуулах газрын даргын 2015-04-28-ны өдрийн Б/33 тоот тушаалаар  түүнд хүүхэд асрах чөлөө олгосон байна.

            Гэвч нэхэмжлэгч нь өөрөө хүүхэд асрах чөлөө хүсээгүй, түүнийг жирэмсэний амралтаа аваагүй, амаржаагүй байхад ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгожээ.

            Энэ нь хариуцагч тал бүтэц зохион байгууллалтын өөрчлөлт хийх саналыг Засаг даргад оруулж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байсантай холбоотой байх бөгөөд түүнд хүүхэд асрах чөлөө олгож зохицуулалт хийсэн байна.

              Ийнхүү нэхэмжлэгч нь 2015-11-01-нд ажилдаа орохоор ирэхэд нь “Орон тоо байхгүй, хүүхдээ харж бай, аргалаад ажилтай болгоё” гэж хэлж байсан нь дээрх байдлыг баталж байна.

             Мөн хүүхдээ асарч байгаад 2016-01-04-ний өдөр ажилдаа орохоор албан ёсоор өргөдлөө өгөхөд “Бүтэц өөрчлөгдсөн,орон тоо байхгүй” гэдэг шалтгаан хэлж түүнийг ажилд аваагүй байна.

            Иймд нэхэмжлэгч нь Орхон аймгийн Нийгмийн зөвшлийн 3 талт хорооны “Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороо”-нд өргөдөл гаргасны дагуу дээрх хороо Хот тохижуулах газрын дарга Р.Рагчаа болон нэхэмжлэгчийг оролцуулан хэлэлцээд 2016-04-14-нд 06 тоот зөвлөмж гаргажээ.

            Нэхэмжлэгчийн эрхэлж байсан орлогын байцаагчийн ажлын байр нь байнгын ажлын байр байх тул орон тоо байхгүй бүтэц өөрчлөгдсөн гэдэг нь үндэслэлгүй, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан “Жирэмсэний, амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаал хэвээр хадгалагдах” заалтыг зөрчсөн байна.

             Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид хүүхдийг төрөхөөс өмнө “Хүүхэд асрах чөлөө” олгосон нь бодит байдалтай нийцэхгүй байгаагийн зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан “...Эх өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

             Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан хэмжээгээр сул зогсолтын нөхөн олговор буюу нэхэмжлэгчийг ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан 2015-11-01-ний өдрөөс 2016-06-01-н хүртэлх хугацааны дундаж цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгчийг жирэмсэний болон амаржсаны амралтаа эдлэхээс өмнөх бүтэн ажилласан 3 сарын дундажаар тооцон / 470786+489690+541290 /=1.150.766 : 3=500.588х7=3.504.120 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.

Э.Нарантуяагийн хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 71,016 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

          Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Монгол Улсын  Хөдөлмөрийн тухай хуулийн  35 дугаар зүйлийн 35.1.4,56 дугаар зүйлийн 56.2,106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан хариуцагч  Орхон аймгийн Хот тохижуулах газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх  сул зогсолтын олговор 3.504.120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Элбэгсүрэнгийн Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газараас 71,016 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдний хууль ёсны төлөөлөгч  буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл   гардаж авсанаас хойш 14 хоногийн   дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Б.БЯМБАСҮРЭН