Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/16

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн П.Рэнцэндорж,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1917000010006 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.Б /РД:............../, Увс аймгийн Наранбулаг суманд 1984 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Баянбулагийн ........... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Б нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 19 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р баг, Баянбулагийн 12-03 тоотод оршин суух гэртээ эхнэр Д.Ч- тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь сандлаар чулуудаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 19 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р баг, Баянбулагийн 12-03 тоотод оршин суух гэртээ эхнэр Д.Ч- тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь сандлаар чулуудаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулса н гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн гэмт хэрэгтэй гэмшиж байна гэх мэдүүлэг.

 

Хохирогч Д.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:” 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр Б.Б гаднаас 17 цаг 30 минутын орчим ганцаараа орж ирэхдээ нилээн архи уучихсан байдалтай байсан. Гэрт орж ирээд нилээн юм ярьж сууж байснаа босч ирээд гадуураа модон хүрээтэй шилэн зураг хийдэг монгол жаазны араас тамхи авч татах гээд хайж байснаа энд тамхи байхгүй байна гэж уурлаад нөгөө жаазыг газар авч шидтэл жаазны шил нь хагарсан юм. Тэгэхээр нь би нөхөртөө хандан болиоч чи гэж хэлээд нөхрийгөө баруун талын орлуу түлхээд суулгатал гаднаас манай гэр бүлийн найз болох Я гэдэг залуу эхнэр О-тойгоо орж ирсэн. Тэгтэл манай нөхөр миний цээж хэсэгт гараараа түлхээд газар унагаатал би нөхөртөө хандан чи зүгээр байгаач, цагдаа дуудна шүү гэж хэлтэл манай нөхөр тэр цагдаагаа дууд гэж орилж хашгирч намайг хэл амаар доромжилж байснаа хойморт байсан ширээний зүүн талд байсан хуванцар сандлыг аваад надруу шидтэл тэр сандал нь миний дух хэсэгт оносон юм. Тэгтэл миний духнаас цус гарахаар нь  би нөхрөөсөө айгаад гэрээсээ гарч гүйгээд зүүн талын хашаанд байдаг айлд ортол гэрийн эзэгтэй Н гэх эмэгтэй байхаар нь болсон зүйлээ хэлээд цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа нар ирэхээр нь би цагдаатай хамт эмнэлэг дээр очиж духаа цэвэрлүүлж боолгосон…Б-тэй сайн дураараа эвлэрсэн. Хохиролын тал дээр маргаангүй болсон. Одоо надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 4, 17-18 тал/,

 

Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2018 оны 12 дугаар сард би өдрийг нь санахгүй байна. Б манай гэрт 13 цагийн үед орж ирсэн. Тэгээд Н ах, түүний танил гэх 2 хүний хамт 0.75 литрийн Хараа архийг бид хэд хувааж уусан юм. Тэгээд Б манай гэрт байж байгаад  орой харанхуй болсон хойно манайхаас гэртээ харина гээд гарсан. Маргааш өглөө Б манай гэрт ирээд эхнэртэйгээ муудалцаад эрүүлжүүлэхэд хоночихоод явж байна гэж байсан. Эхнэртэйгээ маргалдсан гэж байсан, миний нүдэн дээр эхнэрээ цохиж зодож байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

 

          Насанд хүрээгүй гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 26-ны өглөө Улаанбаатар хотруу эмээгийн гэрт очихоор явсан. Тухайн үед сургууль амарсан байсан. Орой 18 цагийн үед манай ээж Ч утсаар яриад аавын чинь тамхи хаана байна харсан уу гэж асуусан. Би жаазны ар талд басйан доошоо унасан байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд сургуулийн амралт дуусаад гэртээ ирсэн чинь аав ээжийг зодсон гээд цагдаад шалгагдаж байсан. Аав ээжийг урд нь зодож байгаагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

 

Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Манай гэр хөдөө Аман хужир гэдэг газар байдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн төвд орж ирээд ажил хөөцөлдөж байгаад орой 19 цагийн үед санагдаж байна хөдөө хамт нэг нутагт байсан Б-ийн гэрт эхнэр О хамт очсон. Б гэртээ эхнэртэйгээ хоорондоо маргалдаад байж байсан. Б архи уусан байсан. Буянтөр тамхи асуугаад эхнэр нь чиний тамхийг би яаж мэдэхийн гээд байж байсан. Тэр 2 маргалдаад ууртай байхаар нь бид 2 гараад явсан. Буянтөр ер нь их төлөв томоотой зантай хүн байгаа юм. Хүнтэй маргалдаж зодолдож байхыг нь хараагүй, элдэв янзын ааш зан байхгүй, хүнтэй эвсэг харьцаатай. Мал маллахдаа сайн. Хөдөө байж байгаад 2018 оны хавар Чойрын төв дээр орж ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

 

Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Тухайн өдөр гэртээ 3 настай хүүхдээ хараад байж байтал манай баруун талын хашааны Д.Ч манай гэрт гүйгээд ороод ирсэн. Ч-ийн духны гол хэсгээс цус гарсан байсан. Ч цагдаа дуудаад өгөөч, Б надруу сандал шидээд духруу оносон гэж хэлсэн. Би Ч-ийн өөрийнх нь утсаар цагдаа дуудаж өгсөн. Б гадаа хашааны хаалга нүдэж байгаад яваад өгсөн. Тэгээд удаагүй цагдаа ирээд Ч дагуулаад явсан. Урд нь миний мэдэхээр Б Ч-г цохиж зодож байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

 

Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтэд:

- Д.Ч- ийн биед духанд няцарсан шарх гэмтэл учирчээ..

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно . Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох /хх-ийн 26-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Буянтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р тал/-аар тогтоогдож байна.

 

Эрүүгийн 1917000010006 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ