Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2016/00102/И |
Дугаар | 150 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 51-р байрны 35 тоотод оршин суух, СФ55122207 регистрийн дугаартай Боржигин овогт Гомбожавын Цэцгээгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2-р багт оршин суух Мэргэн овогт Галдангийн Бямбасүрэнд холбогдох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 46 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч Г.Цэцгээ нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Г.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 07 сарын 16-ны өдөр Г.Бямбасүрэнгээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 46 тоот 32.41 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг 7000000 төгрөгөөр худалдаж авсан. Г.Бямбасүрэнгийн дансанд 2015 оны 07 сарын 16-ны өдөр 7000000 төгрөгийг хийсэн. Г.Бямбасүрэн нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийхдээ охин Ц.Даваажавын хамт ирсэн. Би энэ хүнийг залилж, хууран мэхэлж гэрээ байгуулсан зүйл байхгүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2015 оны 09 сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгсөн. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 46 тоот 32.41 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууц нь миний өмчлөлийн орон сууц мөн. Уг орон сууцыг худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл уг орон сууцыг Г.Бямбасүрэн нь чөлөөлж өгөхгүй байна. Иймээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 46 тоот орон сууцыг Г.Бямбасүрэнгээс чөлөөлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Г.Цэцгээтэй 2015 оны 07 сарын 16-ны өдөр 7000000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл Г.Цэцгээ нь зээлийн гэрээ, барьцааны гэрээг дараа нь хийнэ гэж хэлээд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 46 тоот 32.41 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг худалдах худалдан гэрээг байгуулсан. Миний хувьд 7000000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлсэн гэж бодож байсан болохоос худалдсан гэж ойлгоогүй. Гэтэл шүүхэд байрыг 7000000 төгрөгөөр худалдаж авсан гээд байр чөлөөлөх нэхэмжлэл гаргасан байна. Миний өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 46 тоот 32.41 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг 2015 онд зах зээлийн ханш нь 30 сая төгрөг байсан. Тийм байтал 7000000 төгрөгөөр зарна гэж байхгүй. Миний эрх зүйн мэдлэг байхгүйг далимдуулан зээлийн гэрээ хийлгүй, худалдах, худалдан авах гэрээг байгуулж гэрээ байгуулсанд гомдолтой байх тул 2015 оны 07 сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус тооцож өгнө үү” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Г.Цэцгээ нь хариуцагч Г.Бямбасүрэнд холбогдох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 46 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Г.Бямбасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч Г.Цэцгээ, хариуцагч Г.Бямбасүрэн нар нь 2015 оны 07 сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 46 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болох хавтаст хэргийн 4-р талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваажавын гаргасан хүсэлтийг хангаж, 2016 оны 05 сарын 31-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваажав нь 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тухай хүндэтгэн үзэх нотлох баримтыг болон хүсэлтийг тус шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Г.Цэцгээ нь шүүх хуралдаанд “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваажав нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийг түүнийг эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байх бөгөөд хариуцагч Г.Бямбасүрэн нь энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваажав нь нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлоогүй, хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүүлнэ”, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “…уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заажээ.
Дээрх улсын бүртгэлийн талаар хэн нэгэн маргаагүй, өмчлөх эрх Г.Цэцгээд шилжсэн байна.
Хавтаст хэргийн 3-р талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 46 тоот 32.41 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгч нь Г.Цэцгээ мөн болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж болох бөгөөд хариуцагч Г.Бямбасүрэн нь бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж дүгнэв.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 4.2-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, 72.3-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэсэн зүйл заалтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваажавд тайлбарлаж өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваажав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, шүүхэд энэ талаарх нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч Г.Цэцгээгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.Бямбасүрэнд эрхийн улсын бүртгэлийн Ү-1804000451 дугаарт бүртгэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 46 тоот, орон сууцны зориулалттай 32.41 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг чөлөөлөхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн
82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120-т тус тус
заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Цэцгээгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1804000451 дугаарт бүртгэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 46 тоот орон сууцны зориулалттай 32.41 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Г.Бямбасүрэнд даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Цэцгээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 126950 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Г.Бямбасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 126950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Цэцгээд олгосугай.
3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ